| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 133/2024/00237/И |
| Дугаар | 215/МА2024/00003 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 215/МА2024/00003
2025 01 24 215/МА2025/00003
Б.О-ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 133/ШШ2024/00482 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн *********** сумын ********* багт оршин суух, Б.О-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ********** сумын ******** багийн *** -*** тоотод оршин суух, Г овгийн Э.Д,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******** сумын ******* багийн *** - *** тоотод оршин суух Э.А нарт холбогдох,
Үхрийн үнэ 11,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б (цахимаар), хариуцагч Э.Д (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Үхрийн үнэ 13,000,000 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Э.Д 16 тооны үхэр зарсны үлдэгдэл үнэ 5,000,000 төгрөг дээр Э.Д 2022 оны 12 дугаар сарын 10-ны үед төрсөн ах Э.А-аар авхуулсан 4 үнээ болон 2 гунан үхрийг тус бүрийг нь 700,000 төгрөгөөр үнэлж 4,200,000 төгрөг, 2 бүдүүн шарыг нэг бүрийг нь 1,400,000 төгрөгөөр үнэлж 2,800,000 төгрөг, бухыг 1,000,000 төгрөгөөр үнэлж нийт 13,000,000 төгрөг авахаас хариуцагч Э.Д өгсөн 1,500,000 төгрөгийг хасч 11,500,000 төгрөгийг гаргуулна.
Э.Д ах Э.А сумын төвд хашсан үхрийнхээ ихэнхийг нь гаргаж алдаад үлдсэн 17 үхэрнээс шилж 9 үхэр алаад махыг нь машинд дайчихаад үлдсэн үхрийг нь ачих машин олдохгүй байна гээд буцааж, тэжээгээд онд оруулчих гээд 1,000,000 төгрөг өгсөн. Тэр 1 сая төгрөгийг бол худалдаж авсан малын үнэнд оруулахгүй.
2023 оны 10 дугаар сарын 18-нд Э.Д өмнөх 5 сая төгрөгийг хүүтэй бодож би өөрөөсөө өгнө гэж нотариатаар баталгаа хийлгэж өгсөн.
Үлдсэн 8 сая төгрөгөө яах юм бэ гэхэд Э.А-тай тооцоо хий гэсэн. Үлдсэн 8,000,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг өгсөн. Би мөнгөө авахаар Ховд аймгаас Говь-Алтай аймагт 2, 3 удаа ирсэн болохоор ирсэн зардал, буудалд хоносон мөнгөө хасмааргүй байна гэдгээ Э.Д хэлсэн. Гэхдээ тооцоогоо хийгээд дуусгачихвал 1,500,000 төгрөгийг нь хасаад 11,500,000 төгрөг нэхэмжилж байгаа юм гэжээ.
3. Хариуцагч Э.Д татгалзал: Ах Э.А нь үхэр авч байх явцдаа 2022 оны 12 дугаар сард 1 сая төгрөгийг бэлнээр өгсөн, нэхэмжлэгч О-ы эхнэр Г-ын 58************ дансанд 1 сая төгрөгийг эхнэр Д данснаас, 500,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлж өгсөн, мөн нэхэмжлэгчийн эхнэр Г 3,500,000 төгрөгийг бэлнээр, 2022.12.10 Г 5 сая төгрөгийг дансаар, 2023.07.04 өдөр 50,000 төгрөг, 2023.10.09-нд 200,000, 2023.12.09-нд 2,200,000 төгрөгийг Г дансаар өгсөн. Иймд 13,450,000 төгрөгийг өгсөн тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хариуцагч Э.А-ын татгалзал: Б.О, Э.Д хоёр л хоорондоо наймаа хийсэн. Э.Д нь Ланд-80 гэдэг машиныг хүргэж өгөөд үхэр аваад ир гэж намайг явуулсан. Сумын төв дээр үлдсэн үхэрнээс 9 үхэр нядлаад Э.Д руу явуулсан. Би өөрөө 10 гаруй хоног мөсөнд суусан Ланд-80 машинтайгаа ноцолдож байгаад наашаа эргэж ирсэн. Тэр үхэр нь хэдэн төгрөг болсныг би мэдэхгүй. Тэр мөнгөнөөс нь би 100 төгрөг ч аваагүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Д-оос үхрийн үнийн үлдэгдэл 11,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д 11,500,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 198,950 төгрөгийг, улсын орлогоос 24,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгохоор шийдвэрлэжээ.
6. Хариуцагч Э.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 133/ШШ2024/00482 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Э.Д би нэхэмжлэгч Б.О-д нийт 13,450,000 төгрөгийг өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
8. Нэхэмжлэгч Б.О нь Э.Д, Э.А нарт холбогдуулан худалдсан үхрийнхээ үнэ 13,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн хариуцагч Э.Д худалдах худалдан авах гэрээний үүргийн дагуу үхрийн үнэ 11,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, өөрчилжээ.
9. Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Э.Д нар нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны үед 16 тооны сувай эм үхрийг нийт 16,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, Э.Д нь уг гэрээний үүргийн дагуу төлөх мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг төлөөгүй байсны дээр 2022 оны 12 дугаар сарын 10-ны үед Э.Д нь дахин 9 үхрийг 8,000,000 төгрөгөөр Б.О-аас худалдан авч ах Э.А-аар төхөөрүүлж, Говь-Алтай аймаг руу ачуулж авсан байна.
10. Э.Д нь Б.О-аас 2022 оны 11 дүгээр сарын 05-ны үед 16 тооны үхрийг 16,000,000 төгрөгөөр, 2022 оны 12 дугаар сарын 10-ны орчимд 9 тооны үхрийг 8,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
11. Хариуцагч Э.Д нь нэхэмжлэгч Б.О-д 13,450,000 төгрөгийг төлсөн, өмнөх үхрийн үнийг тухайн үед нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
12. Талуудын хооронд амаар байгуулагдсан үхэр худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон үхрийн үнийг хариуцагч Э.Д нэхэмжлэгч Б.О-д бүрэн төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.
13. Өөрөөр хэлбэл хариуцагч Э.Д нь дээрх гэрээнүүдийн үүргээ бүрэн биелүүлсэн, гэрээний дагуу худалдан авсан үхрийн үнийг бүрэн төлсөн гэж, харин нэхэмжлэгч нь хариуцагчийг үхэр худалдах худалдан авах гэрээний үүргээс 11,500,000 төгрөг биелүүлээгүй, 16 тооны үхэр худалдах худалдан авах гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн мөнгийг өмнөх худалдаж авсан үхрийн үнийн үлдэгдэл болон дараагийн 9 үхрийн үнэ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж тус тус тайлбарлаж маргажээ.
14. Хариуцагч Э.Д нь худалдаж авсан үхрийнхээ үнэнд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3,600,000 төгрөг, 2022.12.09-ний өдөр 2,200,000 төгрөг, 2022.12.10-ны өдөр 5,000,000 төгрөг 2023.07.04-ний өдөр 50,000 төгрөг, 2023.10.09-ний өдөр 200,000 төгрөг, 2024.01.16-ны өдөр 500,000 төгрөг, 2024.01.18-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус 58********** дугаар дансаар нэхэмжлэгч Б.О-д шилжүүлсэн болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх 32, 50, 58, 60, 61, 66, 87/
15. Хариуцагч Э.Д нэхэмжлэгчид дансаар шилжүүлсэн мөнгөний хэмжээний талаар зохигч талууд маргаагүй, харин уг мөнгөний зориулалт буюу хэзээ худалдаж авсан үхрийн үнэ болох талаар харилцан зөрүүтэй тайлбар хийж мэтгэлцсэн байна.
16. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2022 оны 11 дүгээр сарын сүүл, 12 дугаар сарын эхээр худалдан авсан 16 үхрийн үнэнээс 5,000,000 төгрөгийг дутуу төлсөн, 2022 оны 12 дугаар сарын 10-ны үед худалдаж авсан үхрийн үнэ 8,000,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан доорх нотлох баримтаар нотлогдож байна.
17. Тухайлбал хариуцагч Э.Д нэхэмжлэгч Б.О-д 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бичгээр гаргаж нотариатаар баталгаажуулсан “2022 оны 11 дүгээр сарын 20-ны үед Б.О-аас авсан 5 тооны үхрийн үнэ 5,000,000 төгрөгийг төлөх” тухай баталгаа, гэрч И.З, Д.С, Д.С нарын “2022 оны 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр Э.Д нь үхэр худалдаж аваад бүхээгтэй машинаар ачиж явсан тухай” мэдүүлэг, гэрч Д.Г “Э.Д нь 12 дугаар сарын эхээр худалдаж авсан үхрээ ачиж явсан уг үхрийн мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг дутуу өгсөн, сүүлд худалдаж авсан үхрийн үнийг өгөөгүй, эдгээр мөнгийг хамт шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй, Э.Д бэлнээр мөнгө өгөөгүй бөгөөд дансаар шилжүүлсэн бүх мөнгө нь өмнө худалдаж авсан үхрийнх нь үнэ юм.” гэсэн мэдүүлэг, хариуцагч Э.Д нь 2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* сумын шатахуун түгээх станцаас худалдан авалт хийсэн, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үхэр ачуулахаар түлшний мөнгө шилжүүлсэн болохыг тусгасан Э.Д Хаан банкны дансны хуулга зэргээр нотлогдож байна. /хх 143-152, 58-59/
18. Нэхэмжлэгчийн болон түүний өмгөөлөгчийн зүгээс Э.Д нь өмнө худалдаж авсан 16 тооны үхрийн үнийг тухайн үед нь бүрэн төлсөн байсан бол 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “2022 оны 11 дүгээр сарын 20-ны үед худалдаж авсан 5 тооны үхрийн үнэ 5,000,000 төгрөгийг төлнө” гэж баталгаа гаргаж өгөхгүй байх байсан гэж тайлбарлаж байгааг хариуцагчийн зүгээс няцаагаагүй байна.
19. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлож чадаагүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
20. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд нэхэмжлэгч Б.О гэрээгээр тохирсон ёсоор биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, буюу 16 тооны сувай эм үхрийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 9 тооны үхрийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус хариуцагч Э.Д хүлээлгэн өгсөн тул гэрээгээр тохирсон тооны малын үнийг гаргуулахаар шаардах эрхтэй, харин хариуцагч Э.Д нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
21. Түүнчлэн анхан шатны шүүх Э.А нь үхэр худалдах худалдан авах талаар нэхэмжлэгч Б.О-тай тохиролцоогүй, Э.А-ын Б.О-д бэлнээр өгсөн 1,000,000 төгрөгийг үхрийн үнэд тооцох үндэслэлгүй, хариуцагч Э.Д нэхэмжлэгч Б.О-ы эхнэрт өгсөн гэх 250.000 төгрөгийг 5,000,000 төгрөгийн алдангид тооцох үндэслэлтэй талаар тус тус дүгнэж хариуцагч Э.Д 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн 500,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул 11,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
22. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 133/ШШ2023/00482 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Д давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
Ч.ЭНХТӨР