Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 155

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Бөд холбогдох эрүүгийн 1914003450241 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт                                                                                                                   

Монгол улсын иргэн 1985 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн,Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 38-04 тоотод оршин суудаг,  Ж.Б,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 6 дугаар гудамжны үзүүрт Г.Бг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Ж.Бийн мөрдөн байцаалтад өгсөн

... Бид гурав Г.Бгийнд очоод түүнийг дагуулж Эрдэнэболдынд очиход Эрдэнэболд байхгүй эхнэр нь байсан. Эхнэр нь Г.Б чи нөхөр уруу татаж архи уудаг гэж загнасан. Би Г.Бг чи яахаараа хүн уруу татаж архи ууж байдаг юм гээд гарын араар Г.Бгийн нүүр орчимд 1 удаа цохисон. Г.Б гараад явсан. Би ч суугаад үлдсэн ба Ц.М, Бат-Эрдэнэ нар Г.Бгийн араас гарсан. Би жаахан сууж байгаад гарахад Г.Б цаашаа гудамж тойроод явчихсан Ц.М гадаа зогсож байсан ба Бат-Эрдэнэ машинд суусан тул би машинд сууж шууд гэртээ харьсан. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Г.Бгийнд очиж хохиролд нь бэлнээр 500.000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 /,

Хохирогч Г.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн

… Би 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ унтаж байхад 21 цагийн орчимд Ж.Б /Паагий/, Ц.М хоёр согтуу орж ирэхэд манай эхнэр байсан. Тэр хоёр орж ирээд Эрдэнэболдыг заагаад өг гэхэд босоод гарахад тэр хоёр намайг Эрдэнэболдыг заалгах гэж машиндаа суулгасан. Машинд нь бас нэг залуу байсан. Бид нар Эрдэнэболдынд ороод машинд байсан залуу машиндаа сууж үлдсэн. Эрдэнэболдын эхнэр нь байсан ба Эрдэнэболд байхгүй байсан. Эрдэнэболдын эхнэр нь намайг нөхөр уруу татаж архи уулаа гэж загнасан. Тэгэхэд Ж.Б /Паагий/ миний урд баганын хажууд зогсож байгаад намайг чи уруу татдаг юм гээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Ц.М нь хажуугаас босож ирээд намайг бариад авах гэхээр нь би гэрээс нь гараад хашаанаас нь гарч гүйсэн чинь араас Ц.М ганцаараа гарч ирээд намайг гүйцээд миний мөрөн дээрээс барьж аваад куртик урчихсан. Миний араас дал хэсэгт чулуугаар цохисон. Баруун гарын булчин хэсэгт нэг удаа цохисон. Ц.М миний куртикийг урчихаад тонгойж чулуу авч байсан . Тэгтэл урдаас эхнэр гүйж ирсэн. Мөнгөн тэгээд үлдсэн. Би эхнэртэйгээ уулзаад гэртээ очиж цагдаа дуудаад дараа нь эмнэлэг орж бие ээ үзүүлсэн... Би 500.000 төгрөг хохиролдоо авсан ... / хх-ийн 20-22 /,

Гэрч О.Бийн мөрдөн байцаалтад өгсөн

 ... эхнэр нь Г.Бг Эрдэнэболдтой хамт архи уулаа гэж загнаад байсан. Эрдэнэболд тэгэхэд байхгүй байсан. Ж.Б /Паагий/ гараараа саваад Г.Бг 1 удаа цохисон чинь Г.Б маргалдаад гадагшаа гарсан. Ж.Б /Паагий/ гэрт үлдээд Ц.М бид 2 Г.Бгийн араас гарсан. Гадаа хашааны гадаа гараад Г.Б зугтаасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 27 /,

Гэрч Г.Огийн мөрдөн байцаалтад өгсөн

... Ж.Б Г.Бг гарынхаа араар цохичих шиг болсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 29 /,

Гэрч Д.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн

... орой нь 21 цагт Г.Б унтаж байхад гаднаас Ж.Б /Паагий / Ц.М гэдэг 2 хүн орж ирсэн согтуу байсан. Эрдэнэболд хаана байна босоод ир Г.Б гараад ир уулзаадахъя гэсэн. Г.Б тэр хоёрт айл зааж өгөх гээд гараад эргэж орж ирээгүй. Удаад байхаар нь би Амаржаргалтай утсаар яриад Ц.М гэдэг нь ирээд Г.Бг аваад явчихлаа гэхэд Амаржаргал Эрдэнэболдын эхнэр нь утсыг нь мэдэж байгаа гэсэн. Би Эрдэнэболдынх руу явж байхад гудамжинд урдаас Г.Б ганцаараа гүйж ирсэн. Цаана нь Ц.М гэдэг нь Эрдэнэболдын хашааны орчимд зогсож байсан. Г.Бгийн нүд, хамар нь хавдаж цус гоожсон, куртик нь урагдчихсан байсан ба Ж.Би/ Паагий/ нүд рүү цохиод Ц.М чулуугаар нуруу цохичихлоо гэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 34 /,

Гэрч Ц.Мий мөрдөн байцаалтад өгсөн

 ... 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр би Ж.Бтэй /Паагийтай/ уулзаад гарч дэлгүүрээс архи авч уусан,... Эрдэнэболдынд бид нар ирэхэд Эрдэнэболдын эхнэр нь Г.Бг нөхөр уруу татаж архи уудаг гэж загинасан. Ж.Б /Паагий / нэгнийгээ уруу татлаа гээд Г.Бгийн нүүр рүү нь гарынхаа араар 1 удаа цохисон. Г.Бг гарахаар нь би араас нь гараад хашаан дотор куртикнээс нь татсан чинь куртик нь урагдаж Г.Б яваад өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 42 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 246 дугаартай шинжээчийн

1. Г.Бгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи болон баруун бугалга, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, дух, чих, уруул, эрүү, хүзүү, цээж, гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 8-9 /, зэрэг нотлох баримтууд тус тус болно.

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 56/, эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 65-68/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол /хх-ийн 105/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 69-73/, шүүгдэгч Ж.Бийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р багийн Засаг даргын 2019.05.23-ны өдрийн №617 тоот тодорхойлолт / хх-ийн 88 /, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 93/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 92/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 /, депозит дасны хуулгууд /хх-ийн 96-99/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 102-103 /, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 6 дугаар гудамжны үзүүрт Г.Бг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч Ж.Бийн ... гарын араар Г.Бгийн нүүр орчимд 1 удаа цохисон ... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 /,

хохирогч Г.Бгийн    … Ж.Б /Паагий/ миний урд баганын хажууд зогсож байгаад намайг миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Ц.М нь хажуугаас босож ирээд намайг бариад авах гэхээр нь би гэрээс нь гараад хашаанаас нь гарч гүйсэн чинь араас Ц.М ганцаараа гарч ирээд намайг гүйцээд миний мөрөн дээрээс барьж аваад куртик урчихсан. Миний араас дал хэсэгт чулуугаар цохисон. Баруун гарын булчин хэсэгт нэг удаа цохисон. Ц.М миний куртикийг урчхаад тонгойж чулуу авч байсан ... / хх-ийн 20-22 /,

гэрч О.Бийн ... Ж.Б /Паагий/ гараараа саваад Г.Бг 1 удаа цохисон ... гэх мэдүүлэг /хх-ийн 27 /,

гэрч Г.Огийн ... Ж.Б /Паагий/ Г.Бг гарынхаа араар цохичих шиг болсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 29 /,

гэрч Д.Сгийн ... Г.Бгийн нүд, хамар нь хавдаж цус гоожсон, куртик нь урагдчихсан байсан ба Ж.Б /Паагий/ нүд рүү цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 34 /,

гэрч Ц.Мий ... Ж.Б /Паагий/ нэгнийгээ уруу татлаа гээд Г.Бгийн нүүр рүү нь гарынхаа араар 1 удаа цохисон. Г.Бг гарахаар нь би араас нь гараад хашаан дотор куртикнээс нь татсан чинь куртик нь урагдаж Г.Б яваад өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 42 /              

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 246 дугаартай ... Г.Бгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи болон баруун бугалга, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, дух, чих, уруул, эрүү, хүзүү, цээж, гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 8-9 / зэрэг бичгийн нотлох баримтаар хөтөлбөргүй нотлогдон тогтоодож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ж.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Бөд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.Бийн үйлдлийн улмаас хохирогч Г.Бд учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500.000 төгрөг төлсөн, хохирогч Г.Б нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Шүүгдэгч Ж.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Г.Б ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 20-22, 102-103/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн ... 1 ширхэг хар хөх өнгийн 5XL размертай дотор талдаа GUXUEYISUHANG гэх бичиглэлтэй куртик ... –ийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн Ж.Бийн эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ж.Бөд буцаан олгож, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.0000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Бөд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн ... 1 ширхэг хар хөх өнгийн 5XL размертай дотор талдаа GUXUEYISUHANG гэх бичиглэлтэй куртик ... –ийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Ж.Бийн эзэмшлийн “... гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ж.Бөд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Бөд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.