| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0066/э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И овгийн Н-н Бт холбогдох 1916001540076 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Б: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн .... сумын харьяат, ... өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, И овогт Н-ийн Б, *** гэв.
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд Нэгдсэн эмнэлэгийн хойд талд байрлах П.Аын түрээсэлж суудаг байрны гадаа С.Б, Б.Н нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Н.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд Нэгдсэн эмнэлэгийн хойд талд байрлах П.Аын түрээсэлж суудаг байрны гадаа С.Болд-Эрдэнийг зодож түүний биед нь зүүн шанааны дээд хэсэнт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл, Б.Ныг зодож түүний биед нь баруун гарын алга, баруун гарын 2 дугаар хурууны угт шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.Б гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би 04 дүгээр сарын 10-ны өдөр С.Б, Б.Н хоёрыг зодож гэмтэл учруулсан. 04 дүгээр сарын 21-ний орой Б.Н намайг эмнэлгийн хойно хүрээд ир гэж дуудсан. Эмнэлгийн хойно очтол түрээсийн байранд А гэдэг хүнийг дуудсан. 2 литртэй 5 том пиво уусан. Би нэлээд согтсон байсан. Пиво уугаад би гарч ороод байсан болохоор согтсон байсан. Эхлээд Хтой маргалдаж байсан. Тэгээд гадаа зодолдож байгаад С.Б гарч ирсэн. Энэ хоёртой зодолдож байгаад байшин руу буцаад орсон. Тэгээд хутга авч Х руу дайрсан. Тэгтэл Б.Н орж ирээд боль гээд хутгыг дээш татахад гарыг нь зүссэн. Надад гэм буруу байгаа. Хүн рүү хутга барьж дайрч хүний аминд хүрэх шахсан. Хохирогч нартай уулзсан. Уучлалт гуйсан.” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Нын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Б орж ирэхдээ баруун гартаа шар иштэй хутга барьж орж ирээд Х руу хутга дайлайгаад дайрсан. Тэгэхээр нь би урдуур нь ороод хутганы үзүүрээс бариад авахад Б намайг тавь гээд дээш нь татахдаа баруун гарын эрхий хуруугаа зүссэн ба миний баруун гарын алга зүсэгдсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх21-рт/,
Хохирогч С.Б-ний мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Н, Б нар хоорондоо маргалдаад гэрээс гарсан. Тэгэхээр нь би араас нь дагаад гартал Б гэх залуу миний толгойруу чулуугаар цохисон..” гэсэн мэдүүлэг /хх27-рт/,
Гэрч Э.Х-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Б, Б нар хоорондоо зодолдоод байсан. Тэгэхээр нь би салгах гээд 2 тийшээ болгоод салгатал, Б газраас чулуу аваад Б-ний толгой хэсэгрүү цохисон. Тэгээд бид 3 буцаад гэрлүүгээ ороод байж байтал Б нилээн согтсон байдалтай намайг ална гээд хутга бариад надруу дайрахад булангийн өрөөнд ороод дотроосоо цоожилчихоод сууж байгаад Б чимээгүй болчихоор нь гараад ирсэн чинь манай найз Н-ын баруун талын гарны алга орчмыг зүссэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх30-31-рт/,
Гэрч П.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Б манай гэрээс бор шаргал өнгийн балиус хутга аваад гарсан. Тэгээд коридорт Х руу дайрсан. Тэр үед урдуур нь Н очиж салгах гэж байгаад гараа зүссүлсэн. Б бас гараа зүссэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх36-рт/ болон эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 112, 115 дугаартай актууд зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.Б нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Н-ийн Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс сар бүр 200.000 төгрөгөөр гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг танилцуулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА