| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/01530/И |
| Дугаар | 210/МА2025/00194 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00194
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/04965 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
*******, ******* нарын өмчлөлийн ******* аймаг, ******* сум, ******* баг, 5 дугаар хороолол, ******* байр, 76 тоотод байрлах, 38 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 22370517/12 Эд хөрөнгө хураах тогтоолоор хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Тухайн ажиллагааг явуулахдаа шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг оролцуулах үүргээ хэрэгжүүлээгүй, хууль зөрчиж хураах ажиллагаа явуулсан. Тухайн эд хөрөнгийг хураах тогтоолд , гэх хүмүүсийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан гэх боловч бодит байдал дээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө дээр эдгээр хөндлөнгийн гэрчүүд очоогүй болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байна. Ийм учраас хууль зөрчиж явуулсан эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3087 дугаар шийдвэрээр ХК, , , , , нараас 434,598,362 төгрөгийг гаргуулж ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх ажиллагааг нь *******ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй ******* аймаг, ******* сум, ******* баг, 5 дугаар хороолол, ******* байр, 76 тоотод байрлах, 38 м.кв талбай, 3 өрөө орон сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар хүргүүлж ******* аймгийн 57 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22370517/8 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22370517/12 дугаар тогтоолоор хураахад төлбөр төлөгч ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд биечлэн оролцож, тайлбар өгч, хөндлөнгийн гэрч нарыг байлцуулж эд хөрөнгийг хураасан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, *******ын татгалзсан тухайгаа бичсэн татгалзал, хөндлөнгийн гэрч нарын гарын үсэг зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь өөрийн эрх, ашгийг зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процесстой холбоотой гомдлоо хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан өдрөөс хойш долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргах ёстой боловч тухайн хугацаанд гаргаагүй нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байна гэж үзэж байна.
2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн мэргэжлийн үнэлгээчин ийг томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгосон бөгөөд *******, ******* нар тухайн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2648 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1747 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1349 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар:
нь 2023.12.22-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд оролцож, тухайн орон сууцыг 91,314,500 төгрөгөөр худалдан авсан. Дуудлага худалдааны ялагч ХК нь хуульд заасан хугацаанд төлбөрийг төлснөөр 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг авч хууль ёсны өмчлөгч болсон.
Гэтэл нэхэмжлэгч ******* нь өмчлөгч болсноос хойш 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул уг орон сууцны өмчлөгч этгээд биш, бие даасан шаардлага гаргах эрхгүй этгээд нэхэмжлэлийг гаргажээ гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.1 болон 122.3 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэлээ гаргасан гэж байгаа боловч уг орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой шүүхийн маргаан үүсээгүй байхад хуулийн дээрх заалтаас өөр шаардлага буюу шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэр, явуулсан үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй байна. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1- д Төлбөр авагч, төлбөр төлөгч нарыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж заасан тул нэхэмжлэгч ******* нь уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хамаарах этгээд биш учраас шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэр, явуулсан ажиллагааны талаар гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэж үзэж байна.
Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд уг орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж энэ асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Нэгэнт эд хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад дахин шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй юм гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.1 дэх заалтыг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22370517/12 тоот эд хөрөнгө хуваан авах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, мөн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтыг зөрчин хураах тогтоолыг үйлдсэн.
Шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн 2 гэрч оролцуулсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 41.5 дахь заалтыг хэрэгжүүлэх байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд эрх, үүрэг тайлбарласан, санал хүсэлт гаргасан нэг ч баримт үйлдээгүй байгаа нь гэрч оролцуулаагүй гэдийг давхар нотолж байна.
Гэрчүүдийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл шүүх үндэслэх хэсэгтэй гарын үсэг зурсан байх тул хууль зөрчөөгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэрэгт зөв үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Иймд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4965 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байнагэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Хөндлөнгийн гэрчийг биечлэн оролцуулалгүй хураах тогтоол гаргасан гэж марагдаг ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. Энэ эрхийг нэхэмжлэгч тал мэдсэн боловч шүүхийн шийдвэртэй холбоотой эд хөрөнгийн үнэлгээг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 4-146/1011 дугаар мэдэгдлээр мэдсэн хэр нь үнэлгээ хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаснаар анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2648 дугаар шийдвэр гарсан. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн магадлал, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хэргийг хэлэлцэхээс татгалзсан тогтоол гарсан. Эдгээр процесс ажиллагаа явагдах хооронд нэхэмжлэгч үнэлгээ тогтоолгох, хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа дээрх хураах ажиллагааны талаар мэдсэн гэж үзсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах хугацаа дарааллыг хэтрүүлсэн тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасныг өөрөөр тайлбарласан. Уг хуульд, гомдолтой холбоотой асуудал нь өмнө нь шүүхийн шийдвэрээр дүгнэсэн асуудал учраас дахин дүгнэх шаардлагагүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 02648 дугаартай шүүхийн шийдвэрт хураах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдсан гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХК нь хариуцагч талыг дэмжиж оролцсон байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01845 дугаар захирамжаар ХХК, нар зээлийн гэрээний үүрэгт 434,598,360 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөх, хэрэв тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд нэр бүхий хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдийн эвлэрийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1.х.х-ийн 42-44/
3.2. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03087 дугаар шийдвэрээр ХХК, нар тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01845 дугаар захирамжийн дагуу 434,598,362 төгрөгийг төлөөгүй учир *******, ******* нарын өмчлөлийн ******* аймаг, ******* сум, ******* баг, 5 дугаар хороолол, ******* байр, 76 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай Ү- дугаартай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний 001/ШХТ2022/00320 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /1.х.х-ийн 47-57/
3.3. ХХК, нар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир ******* нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж, тухайн орон сууцыг битүүмжилж, хураан авчээ. /1.х.х-ийн 114, 122-123, 129/
Хэрэгт авагдсан эд хөрөнгө хураах ажиллагааны тэмдэглэлийг үзвэл хөндлөнгийн гэрчээр , нар оролцож, гарын үсэг зуржээ. /1.х.х-ийн 129-130/
3.4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүйг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг *******, ******* нар эс зөвшөөрч үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болох Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/02648 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2023/01747 тоот магадлал тус тус хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. /1.х.х-ийн 175-177, 181-193/
Дээрх шүүхийн шийдвэрт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22370517/12 тоот тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтад нийцсэн... гэж дүгнэжээ.
Улмаар 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр албадан дуудлага худалдаа явуулж, ХК нь тус дуудлага худалдааны ялагчаар тодорч, орон сууцны үнэд 91,314,500 төгрөгийг төлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /1.х.х-ийн 204, 208, 40/
3.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг орон сууцыг хураах ажиллагаанд оролцсон хөндлөнгийн гэрч нараас гэрчийн мэдүүлэг авахад ...шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулсан эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцоогүй... гэж, ...ямар нэг ажиллагаанд оролцоогүй, гарын үсэг зураад өгөөч гэж хэлсэн. Эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцоогүй... гэж тус тус мэдүүлсэн байна. /2.х.х-ийн 4-9/
4. Дээрхээс дүгнэхэд эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцсон хөндлөнгийн гэрчүүд тухайн ажиллагаанд биечлэн оролцоогүй байх боловч уг шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан дээрх ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
Иймд, анхан шатны шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй учир нэхэмжлэгчийн хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг зөв үнэлж хэргийг шийдвэрлээгүй гэсэн гомдлыг хүлээн авахгүй.
5. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрээс хууль зүйн дүгнэлт болон тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Учир нь,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж, 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж тус тус заасан.
Тодруулбал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд буюу төлбөр төлөгч болон төлбөр авагч шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ болон түүний гаргасан шийдвэртэй холбоотой ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй бөгөөд харин нэхэмжлэгч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш тул нэхэмжлэгч нь эд хөрөнгө хураах тогтоолыг хууль зөрчсөн талаар 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг дээр дурдсан хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж зааснаар гомдол гаргасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тус хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлэхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/04965 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтаас 44 дүгээр зүйлийн 44.4 гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Б.МАНДАЛБАЯР