Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2025/00239

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/05549 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******эд холбогдох,

 

Засварын ажлын хөлс 7,145,000 төгрөг, зогсоолын төлбөр 485,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн зардал 495,000 төгрөг, нийт 8,125,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан засварын ажлын хөлс 7,145,000 төгрөг, зогсоолын төлбөр 485,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн зардал 495,000 төгрөг, нийт 8,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийн ******* УНР улсын дугаартай Тоёотай ланд круйзер 300 маркийн тээврийн хэрэгслийг засварласан ажлын хөлс, хадгалалтын болон үнэлгээний зардалд 8,125,000 төгрөг нэхэмжилсэн бол хариуцагч нь замтээврийн осолд орсон тээврийн хэрэгслийг үнэлгээ хийлгэх зорилгоор нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болохоос анхнаасаа засварлуулах зорилго байгаагүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хадгалалтын болон үнэлгээ хийлгэсэн зардал 980,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс талуудын зарчмын хүрээнд энэ талаар нэмж дүгнэлт өгөхгүй.

 

4. Хавтаст хэргийн 10-17 дугаар талд авагдсан Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгслийг засварлахад 7,145,000 төгрөгийн зардал гарсан байна. /х.х-ийн 10-18/

 

Тодруулбал, тус үнэлгээнд тээврийн хэрэгсэл үзлэг хийх үед ямар байсан гэсэн хэсэгт ...уг автомашинд үзлэг хийхэд үндсэн рам баруун талдаа ханзарч гулзайсан, урд жааз чихэгдэж гулзайсан, урд баруун болон зүүн талын шанаа чихэгдэж гулзайсан байв ... гэж, эвдэрсэн эд ангид ... урд жааз, баруун урд шанаа, зүүн урд шанаа, урд рам... гэж, үнэлгээ тогтоосон хэсэгт нийт дүн 7,145,000 төгрөг гэж тус тус тодорхойлжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг засварласан ажлын хөлсөө хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй.

 

Харин хариуцагч нь замтээврийн осолд орсон тээврийн хэрэгслийг үнэлгээ хийлгэх зорилгоор нэхэмжлэгчид өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

5. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагч *******ийн ******* дугаарын утас руу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний зурвас бичиж мэдэгдсэн, мөн түүний шүүхэд мэдүүлсэн Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* тоот хаягаар шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлжээ. /х.х-ийн 31-36/

 

Түүнчлэн хариуцагч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд ... зам цастай байсан тул анхан шатны шүүх хуралдаанд хоцроод очсон... гэсэн тайлбар гаргаж байна.

 

Иймд, хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн байх бөгөөд шүүх хуралдаанд хоцорч очсон нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй тул зохигчийг мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх гомдлыг хүлээн авахгүй.

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Учир нь,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулна гэж, 7511 дүгээр зүйлийн 7511.1-т Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулах ба шийдвэрийг гардаж авсанаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно гэж зохицуулсан байна.

 

Тиймээс анхан шатны шүүх ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн хэргийн шүүхийн шийдвэрийг зохигчид гардуулах, давж заалдах журмаар гомдол гаргахад баримтлах хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/05549 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 7511 дүгээр зүйлийн 7511.1-т тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгмогц хүчинтэй болох бөгөөд зохигч нар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг гардан авч, ийнхүү гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 129,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

 

Б.МАНДАЛБАЯР