| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2023/05249/И |
| Дугаар | 210/МА2025/00130 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00130
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/04202 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон 2023 оны 05 сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 09 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/00720 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 1106 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 001/ХТ2021/01555 дугаар тогтоолоор ******* ХХК-аас 9,663,881,330 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн. *******-ын 2023 оны 10 сарын 02-ны өдрийн 4-184/16621 тоот төлбөр төлөгч хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх албан бичгээр төлбөр төлөгч ******* ХХК-ийн захирал ******* өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоолгоход Хан-Уул дүүргийн *******-р хороо, ******* хотхон, ******* гудамжны *******-р байрны ******* тоотод байрлах 190 м.кв талбайтай, ******* өрөө орон сууц, зоорийн давхрын *******, ******* тоотод байрлах авто зогсоолуудыг 602,138,866 төгрөгөөр үнэлснийг мэдэгдсэн. Дээрх орон сууц, авто зогсоолуудыг 602,138,866 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд unegui.mn, osmo.mn, zarmedee.mn, shuurhai.mn сайтуудаас үзэхэд манай орон сууцны 1 м.кв-ын үнэ дунджаар 4,300,000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Тиймээс 190 м.кв-ыг тооцоход 817,000,000 төгрөг болно. Дээрээс нь 15 м.кв талбай бүхий 2 ширхэг авто зогсоолын нэг нь 40,000,000 төгрөг буюу 2 авто зогсоол 80,000,000 төгрөг, нийт 897,000,000 төгрөгийн үнэтэй байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс харьцангуй доогуур, хэтэрхий нэг талыг баримталсан, зах зээлд энэ төрлийн газар нь хэдэн төгрөгийн үнэ ханшаар худалдан борлогдож байгааг үндэслээгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг баримтлаагүй үндэслэлгүй үнэлгээ гаргасан.
*******-ын 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 22390708/0******* тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 09 сарын 05-ны өдрийн 22390708/14 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК-ийн эд хөрөнгө бус БНХАУ-ын иргэн ******* өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэн хураасан. Гэтэл ******* ХХК нь барилгын болон зам засварын ажил хийж гүйцэтгэдэг бөгөөд 19 ширхэг хүнд даацын зам болон барилгын техник, тээврийн хэрэгсэл байгаа ба гэрээт ажил үйлчилгээ явагдаж байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93-98 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгүй БНХАУ-ын иргэн ******* өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд шууд халдаж битүүмжлэн, хурааж үнэлгээ хийсэн нь хууль зөрчсөн.
Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, *******-ын 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 22390708/09 дугаар эд хөрөнгө битүүмжлэх, 2023 оны 09 сарын 05-ны өдрийн 22390708/14 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 05 сарын 13-ны өдөр үүссэн. ******* ХХК-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх талаар удаа дараа мэдэгдлүүдийг гардуулж өгсөн боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа тул холбогдох байгууллагуудаас лавлагаа авахад компанийн эзэмшилд 16 ширхэг тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. Төлбөр төлөгч компанийн захирал *******г биечлэн дуудан ирүүлж, тээврийн хэрэгслүүдийг биет байдлаар хаана байгаа талаар тодорхой мэдээлэл өгөх талаар асуусан боловч тодруулж өгөөгүй. Тиймээс ******* өмчлөлийн Хан-Уул дүүргийн *******-р хороо, *******, *******ын гудамж, *******-р байрны ******* тоотод байрлах, 190 м.кв талбайтай, ******* өрөө орон сууц, мөн хаягт байрлах зоорины давхрын эрхийн улсын бүртгэлийн *******, ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу хураасан хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож ирүүлэхийг талуудад мэдэгдсэн боловч талууд үнийн санал ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч талаас үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоолгохоор хүсэлт ирүүлсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу шинжээч томилж, үнэлгээг тогтоосон. Үнэлгээг 2023 оны 10 сарын 02-ны өдрийн албан бичгээр талуудад тус тусад нь биечлэн мэдэгдсэн байдаг.
Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК-ийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Төлбөр авагч ******* ХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамжийг үндэслэн төлбөрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг *******-т хүргүүлснийг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч ******* ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн *******-р хороо, ******* ******* гудамж, *******-р байр ******* тоот хаягт байршилтай 190 м.кв талбайтай ******* өрөө орон сууц, нийт 30 м.кв талбайтай авто зогсоолын зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хуульд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-аар үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгосон. Гэтэл төлбөр төлөгч ******* ХХК-аас хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, *******-ыг хариуцагчаар тодорхойлж, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хууль бус, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус зааснаар *******-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 22390708/09 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 09 сарын 05-ны өдрийн 22390708/14 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгох тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг баримталсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93-98 дугаар зүйлд заасан ажиллагааг хийлгүй буюу хуулийн этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг огт хийлгүйгээр БНХАУ-ын иргэн ******* өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд шууд халдаж битүүмжлэн, хурааж, үнэлгээ хийж байгаа нь хууль зөрчсөн, БНХАУ-ын иргэн ******* хууль ёсны эрх ашгийн ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******-т холбогдуулан Хан-Уул дүүргийн *******-р хороо, ******* хотхон, ******* гудамж, *******-р байрны ******* тоот хаягт байршилтай, ******* өрөө орон сууц, *******, ******* тоот авто зогсоолуудыг нийт 602,138,866 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн 2023 оны 09 сарын 29-ний өдрийн үнэлгээг, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн тогтоол, хураасан 2025 оны 09 сарын 05-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 88-89/
Төлбөр авагч буюу гуравдагч этгээд ******* ХК нь хариуцагчийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. /1хх 83/
3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/00720 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 01106 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 001/ХТ2021/01555 дугаар тогтоолоор ******* ХХК-аас гэм хорын хохиролд 9,663,881,330 төгрөг гаргуулж ******* ХК-д олгож шийдвэрлэжээ. /1хх 14-23, 24-34, 35-44/
4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 05 сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 05 сарын 30-ны өдөр битүүмжилж, 2023 оны 09 сарын 05-ны өдөр хурааж, улмаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч үнийг харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2023 оны 09 сарын 18-ны өдөр ******* ХХК-ийн үнэлгээчин *******-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд тус тус нийцжээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. /1хх 111, 137, 139, 145, 147, 148, 150, 151, 152, 153, 154/
5. ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба ******* өмчлөлийн Хан-Уул дүүргийн *******-р хороо, ******* хотхон, ******* гудамж, *******-р байрны ******* тоот хаягт байршилтай ******* өрөө орон сууц, *******, ******* тоот авто зогсоолуудын зах зээлийн үнэ цэнийг нийт 602,138,866 төгрөгөөр тогтоожээ. /1хх 158-177/
6. Шинжээч ******* нь үнэлгээний тайландаа үнэлгээ хийсэн арга, аргачлал, үнэлгээний зүйлийн шинж, чанар (хэмжээ, байршил, насжилт, бүтээц, хийц г.м)-ыг тодорхой тусгасан байх тул ...хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг баримтлаагүй үндэслэлгүй гарсан... гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. /1хх 158-177/
Түүнчлэн, шинжээч ******* нь орон сууц, авто зогсоолуудыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
7. Шийдвэр гүйцэтгэх байгууллага хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан хугацаанд буюу 2023 оны 09 сарын 12-ны өдөр төлбөр төлөгч ******* ХХК, захирал *******-д мэдэгдсэн болох нь *******-ын 2023 оны 10 сарын 02-ны өдрийн Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай 4-184/18621 тоот мэдэгдэл, холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон. /1хх 179, 180/
Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгджээ.
8. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчид төлбөрийн сайн дураар төлөх талаар удаа дараа утсаар болон биечлэн мэдэгдэх, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг лавлах, шаардах эрхээс суутгал хийх зэрэг ажиллагааг хийсэн боловч төлбөр төлөгч нь ...мөнгөгүй, ойрын хугацаанд боломжгүй, төлбөрт тооцож өгөх хөрөнгө байхгүй... г.м тайлбарыг өгч байсан байна. /1хх 112-113, 114-116, 120-121, 122, 125, 127, 130-131, 132, 134-135, 136/
Иймд, нэхэмжлэгч талын гаргасан ...шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулийн этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг огт хийлгүйгээр шууд ******* өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд халдаж байгаа нь хууль бус... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/04202 дугаар шийдвэрийг үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР