| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0187/Э |
| Дугаар | 194 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б ургийн овогтой Нгийн Эд холбогдох 1835003590224 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 1-р багт оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, РД:......................., Б ургийн овогтой Н-ийн Э.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 07 дугаар сард Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Бачаа” гэх газраас хохирогч Б.Э-ийн 2 тооны алдуул малыг завшиж 1.210.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч Н.Э-г алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
2018 оны 07 дугаар сард Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Бачаа” гэх газраас хохирогч Б.Эийн 2 тооны үхэр бэлчээрээс алга болсон, улмаар Н.Эын үхэртэй нийлж, сар гаруй хугацаанд тэдний малын хотонд, бэлчээрт үхэртэй нь хамт түүний эзэмшилд байсан нь хохирогч Б.Эийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би Улаангом сумын 1-р багт амьдардаг ба миний аав Б Түргэн сумын 1-р багт мал маллаж амьдардаг малчин хүн юм. Миний өмчийн мал аав Б-ын маллагаанд байдаг ба би хавар, намар, өвлийн улиралд аавындаа очиж малаа малладаг юм. 2018 оны 07 дугаар сарын сүүлээр миний аав Б-ынх Түргэн сумын 1-р багийн нутаг Бачаа гэх газарт зусаж байсан ба үхрүүд дотроос миний 2 тооны үхэр алдагдсан байсан. Нэг үхэр нь 2018 оны 05 сард Улаангом сумын 1-р багийн иргэн Төгсөө гэх хүнээс 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан, 4 настай, улаан галзан зүсмийн эвэртэй /имийн анзаарч хараагүй/бух, нөгөө нь 3 настай, хүрэн зүсмийн эвэртэй, баруун эвэртэй цэнхэр өнгийн будагтай, зүүн чих цуулбар имтэй эм үхэр алдагдсан. Аав тухайн 2 үхрийг гэрийн гадна ирэхгүй байна, эргэн тойрондоо хайгаад олохгүй байна гэж хэлсэн тул би 2018 оны 08 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн тухайн 2 үхрийг хайж Улаангом сумын 2 дугаар багийн нутаг Мөст, Чигээчин, Баянзул, Зурагт болон Түргэн сумын Голын өмнөх овоо, Овоон ус, Арсаа, Бэл зэрэг газруудаар хадам дүү Мын хамт, түүний Мустанг маркийн мотоцикильтой 3-5 өдөр явж хайгаад олоогүй. Тэгээд Улаангом суманд ирээд хүмүүсээс 2 үхрийг асууж сураад явж байтал Хөндлөнгийн Дүгээ гэх зүс таних залуу надад “ чиний асууж байгаа 2 үхрийн нэг, бух нь Түргэн сумын 1-р багийн иргэн Нгийн Э гэх залуугийн малд харагдсан шүү, чи өөрөө очиж үз” гэж хэлсэн тул аав Б руу утсаар яриад энэ талаар хэлж, та очоод Нгийн Эын малыг үзчихээрэй” гэж хэлсэн. Тэгээд аав Б Н.Эынх Түргэн сумын Хар ус гэх нэртэй газарт намаржиж байхад нь 2018 оны 08 дугаар сарын 20-ний үед очиж Н.Эаас “ миний хайж байгаа улаан галзан зүсмийн бух танай үхэрт байх сурагтай гэж асуусан чинь энэ хавийн айлуудын үхрээр явж байгаа байх гэж хэлэхээр нь тэр бухтай хамт нэг хүрэн зүсмийн гунжин үхэр явж байна уу гэж асуухад тийм үхэр үзэгдээгүй гэж хэлсэн” гэж хэлсэн байсан. Тэгээд аав Б тэдний гэрээс гараад үхрүүдийг нь харахад миний хүрэн зүсмийн 3 настай, баруун эврэндээ цэнхэр өнгийн будагтай хүрэн гунжин үхэр байсан гэсэн. Миний үхрийн хоёр эвэрт улаан шар өнгийн будаг түрхсэн байсан байсныг аав хараад Э-с “чи яагаад энэ үхэрт өөрийнхөө малын тэмдэг /будаг/ түрхсэн байгаа юм” гэж асуухад тэр “ ёстой муухай юм боллоо” гэж хэлсэн байсан. Мөн Э бухыг авч ирж аавд өгсөн гэсэн. Одоо улаан хүрэн зүсмийн гунжин үхэр миний аав Бынд байгаа, харин улаан галзан зүсмийн бухыг 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр Завхан аймаг руу хүнд зарсан. Аав бид нар 2 үхрээ хайгаад олоогүй ба Эын дүү О /Ч/ гэх залуугаас тухайн 2 үхрийг хайж байхдаа танай үхэрт манай 2 үхэр нийлсэн үү гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Хүрэн зүсмийн гунжин үхэр бол ижил үхрээсээ салж байсан удаа байхгүй. Миний аав Б үхэр алдсан газрын эргэн тойронд мориор явж хайсан. Би мотоцикиль болон өөрийнхөө машинтай явсан ба 200.000-300.000 орчим төгрөгийн бензиний зардал гарсан, өөр надад нэг их хохирол гараагүй. Аавын байсан Бачаа гэх газраас Н.Эын байсан Түргэн сумын 1- р багийн нутаг Баруун салааны тохой гэх газар хоорондоо 15 орчим км зайтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6х/,
Хохирогч Б.Эийн хэрэг бүртгэлтийн шатанд дахин өгсөн “2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр намайг аймагт байж байтал Э надтай уулзаад би цагдаа дээр нөгөө хоёр үхрийн хэргээр дуудагдаад ирлээ. Чи гомдолгүй гээд хэлээд өг, үхрээ хайсны зардал гэж хэдэн төгрөг авах юм бэ гэхээр нь би 300.000 төгрөг авна гэж хэлсэн чинь тэр надад 300.000 төгрөг өгсөн юм. Э нь надад учирсан хохирлыг төлж барагдуулсан тул надад Эаас нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 7х/,
гэрч Г.Бын хэрэг бүртгэлтэд өгсөн “2018 оны 07 дугаар сарын сүүлч, 20-ны үед манайх Түргэн сумын 1-р багийн нутаг Бачаа гэх газарт зусаж байхад манай үхрүүд дотроос миний хүү Эийн 2 тооны үхэр салж алга болсон юм. Эын галзан зүсмийн эвэртэй 5 настай бух, эвэртай хүрэн зүсмийн 3 настай эм үхэр байсан. Тухайн 2 үхэр бэлчээрээс алдагдаад сар гаруй болж байна. Би тухайн 2 үхрийг Түргэн сумын 1-р багийн нутаг болох Бачаа, Өмнө мөст, Чингээг, Өмнө түргэн, болон Түргэн сумын 2-р багийн нутаг, Улаангом сумын 2-р багийн нутаг болох Хархираа уул, даваа, ойгоор эрэн хайсан. Би 2 үхрээ олоогүй болохоор 2018 оны 8 дугаар сарын эхэн үеэр Эд тухайн 2 үхэр алга болсон тухай хэлсэн. Хүү 2018 оны 8 дугаар сарын дундуур Улаангом сумаас ирж мотоцикль, машин, мориор хадам дүү Мын хамт хайгаад байсан. Би тухайн 2 үхрийг мотоцикль болон мориор хайсан. Би тухайн 2 үхрийг сар гаруй хайгаад олоогүй ба нэг өдөр гэрт байж байтал хүү Б.Э миний гар утас руу яриад “миний галзан бух Түргэн сумын 2-р багийн нутаг Хар ус гэх нэртэй газар манай багийн Э-ын малын ойролцоо байх шиг байна” гэж хэлэхээр нь би Хар усанд Э-ын гэрт явж очиход тэдний гэрийн гадна байсан үхрүүдтэй миний хүү Б.Э-ийн хүрэн улаан зүсмийн эвэртэй 3 настай үхэр зогсож байсан. Би Эын гэрт орж мэнд ус болоод цай унд уусны дараа “танай энэ хавиар болон танай малд улаан галзан зүсмийн эвэртэй 5 настай бух байна уу гэж асуухад тэр бух байгаа” гэж хэлсэн, би бас нэг 3 настай /гунжин/ хүрэн улаан зүсмийн эм үхэр байна уу гэж асуухад “ тийм үхэр байхгүй” гэж хэлсэн. Би тэр үхрийг буруу харсан байж магадгүй гэж бодоод гэрээс гарч үзэхэд Э-ын 9-10 настай хүүхэд гэрийн үүдэнд байсан миний хүү Эийн үхэртэй хамт байсан үхрүүдийг гэрээсээ туугаад холдуулсан байсан. Би Эаас “бух хаана байна” гэж дахин асуухад худгийн сэтэрхий харганы тус айлын үхрүүдтэй байж мэднэ” гэж хэлэхээр нь би гэрийн гадна байсан хүрэн улаан зүсмийн эвэртэй үхрийг хажууд нь байсан үхрүүдтэй хамт туугаад гэрийнх нь үүдэнд авч ирээд “энэ хүрэн улаан гунжинг танай үхэрт байгаа үгүйг би чамаас асууж байхад, чи яагаад байхгүй гэж хэлдэг юм” гэж хэлэхэд Э таг дуугүй хэсэг зогсож байгаад “миний буруу боллоо, Б ах намайг уучилтан” гэж хэлсэн. Эын гэрийн гадна үхрүүдтэй байсан хүрэн улаан гунжин үхрийн 2 эврийг улаан шар өнгийн будгаар будсан байсан ба би хавар үхрээ тэмдэглэхдээ цэнхэр өнгийн будгаар тэр хүрэн улаан гунжин үхрийн нэг эврийг будсан байсан ба тэр цэнхэр будаг үхэрт будсан улаан шар өнгийн будагны цаанаас харагдаж байсан. Би Эыг бухыг олж ир гэж хэлсэн чинь Э урагш яваад их удалгүй Худгийн сэтэрхий харгана гэх газраас тууж авчирсан. Түргэн сумын Бачаа гэх газраас 2 үхэр алдагдах үед Эын гэр Түргэн сумын 1-р багийн нутаг “Яасын тохой” гэх газар зусаж байсан. Манай хоёр гэр хоорондоо 15 км зайтай байсан. Би Бачаа гэх газар үхрээ алдаад хайж байх үедээ Эын малд очиж үзэж чадаагүй ба түүний дүү Ч гэх залуугаас утсаар 2 үхрээ асууж сураглахад байхгүй гэж хэлсэн . Э, Ч хоёрын гэр айл хамт зусаж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10х/,
гэрч Я.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Манайх энэ зун Түргэн сумын 1-р багийн нутаг Бачаа гэх газар зуссан ба 2018 оны 07-р сарын сүүлээр хүү Б.Эийн үхэрнээс 2 тооны үхэр хулгайд алдагдсан юм. Тэр 2 үхэр бэлчээрт яваад нэг орой хурааж авахад алга байсан ба тэр хоёр үхрийг нөхөр Б хэд хоног морь, мотоциклоор хайгаад олоогүй, үхэр олдохгүй байх талаар хүү Б.Эд хэлсэн юм. Хүү Э 2018 оны 08-р сард тэр хоёр үхрийг хадам дүү М-той /М / хамт морь, машин мотоциклоор эрж хайгаад байсан.Тэр хоёр үхрийн талаар сураг гарахгүй байсан ба 2018 оны 08-р сарын сүүлээр Э ярьж, манай нөхөр Б “ би Хар-ус явж үхэр хараад ирье гэж хэлээд явсан ба тэр шөнө тухайн 2 үхрийг олоод туугаад ирсэн. Би юу болсон талаар асуухад тэр хоёр үхрийг манай сумын манай багийн Э гэх залуу авсан байсан ба алдагдсан 3 настай улаан хүрэн зүсмийн эм /гунжин/ үхрийн 2 эвэрт нь улаан шар өнгийн будаг түрхэж будсан байсан. Уул нь тэр үхрийн нэг эвэр цэнхэр өнгийн будагтай байсан юм. Тэр 2 үхэр сүргээсээ салж байгаагүй ба манайх орой бүр үхрээ хурааж ирж гэрийнхээ гадна хонуулдаг ба алдагдахын урд шөнө тэр хоёр үхэр гэрийн гадна хоноод маргааш өглөө нь бэлчээрт яваад ирээгүй”гэх мэдүүлэг/хх-ийн 12-13х/,
гэрч Н.Дын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 08 дугаар сарын 18-ны үеэр Улаангом суманд мах маркет дээр байж байтал зүс таних залуу Э ирж уулзаад “5 настай улаан галзан зүсмийн эр үхэр буюу бух, 3 настай, хүрэн зүсмийн эм үхэр харсан уу?, танай тэндүүр байна уу” гэж асуусан ба би “бух нь Түргэн сумын Нгийн Э гэгчийн малд харагдсан” гэж хэлсэн юм. Манайх тухайн үед “Шар гэсэн” гэх газарт намаржиж байсан бөгөөд би Эийн асуусан хоёр үхрийн бухыг нь тэнд намаржиж байсан Эын малд байхыг нь харсан байсан юм. Эынх Түргэн сумын 1-р багт малчин бөгөөд намартаа манай ойролцоо “Шар гэсэн” гэх газарт намаржаад байдаг юм. Э нь 2018 оны 08-р сарын 16-ны үеэр тэр газарт буусан бөгөөд яг хэзээ тэр бухыг харсныгаа би сайн санахгүй байна. Ямарч байсан Эийн асуусан үхэртэй адилхан зүстэй үхэр байсан тул би Эын малд байх шиг байна лээ гэж Эд хэлж явуулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 14х/,
гэрч А.Мын хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 07 дугаар сарын сүүлээр манай хүргэн ах Б.Эийн 2 тооны үхэр нь алдагдсан юм. Тэгээд Э ах бид хоёр миний Мустанг маркийн хятад мотоциклээр 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд 5 хоног Э ахын хоёр үхрийг хайж Мөст, Чигээчин, Баянзуух, Зурагт, Түргэний голын өмнөх хөвөө, Овоон ус, Арсаа, Бэл зэрэг газруудаар хайсан боловч сураг гаргаж чадаагүй юм. Э ах сүүлд буюу 2018 оны 09-р сард Хөндлөнд байх Дүгээ гэх хүнтэй уулзаж үхрийнхээ сураг гаргасан гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,
Н.Эын яллагдагчаар өгсөн: “ Би 2018 оны 08-р сарын 02-ны үеэр би өөрийн 400 гаруй бог мал, 19 тооны сарлагийг Бачаа гэх газарт бэлчээрт тууж гаргасан юм. Тэгээд тэр орой манай сарлагууд бэлчээрээс буцаж гэртээ ирэхэд манай сарлаг дотор улаан халзан зүстэй 4-5 орчим насны үхэр /бух/ 1 тооны, мөн хүрэн зүсмийн 3 настай баруун эвэртээ цэнхэр өнгийн будагтай, ямар нэгэн имгүй үхэр-1, нийт 2 тооны үхэр манай малуудтай хамт ирсэн юм. Уг 2 тооны үхрийг өөрийн үхэрт нийлүүлсэн бөгөөд 3 настай үхрийнх нь баруун эвэрт цэнхэр будгийг нь дараад шар өнгийн будгаар будаж малдаа нийлүүлсэн. Тэр хоёр үхэр манайд 20 орчим хоног байсан бөгөөд манайх 2018 оны 08-р сарын дундуур Бачаа гэх газраас Түргэн сумын нутаг “Шар гэс” гэх газарт нүүж очсон юм. Тэгээд байж байтал 2018 оны 08-р сарын 27-ны үеэр /өдрийг нь сайн санахгүй байна/ би гэртээ эхнэр хүүхдүүдийн хамтаар байж байтал манайд Б гэх нутгийн хүн 2 үхрээ хайж ирсэн. Би Б ахад “уучлаарай, муухай юм боллоо" гэж хэлээд 2 тооны үхрийг туулцаж Чандманьд гэрийнх нь хажууд хүргэж өгсөн. Би уг 2 үхрийг манай малд нийлээд ирчихээр нь, бас эзэн нь хайж ирэхгүй байхаар өөрөө будаг түрхэж өөрийн малд нийлүүлсэн юм. Би тухайн үед хоёр үхрийг өөртөө ашиглана гэж бодоод хэсгийн төлөөлөгчид мэдэгдээгүй юм. Би тухайн малыг өөрийн малд байгааг мэдэгдүүлэхгүй гэж бодоод цэнхэр будаг дээр нь шар өнгийн будгаар будсан юм. Би Б.Э, Б нараас уучлалт гуйж алдсан 2 тооны үхрийг туулцаж гэрт нь хүргэж өгсөн. Мөн үхэр хайсан зардалд нь 300.000 төгрөг төлж барагдуулсан юм” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Хохирогчийн 2 тооны үхэр хэн нэг этгээдийн оролцоотойгоор ижил сүргээсээ тасарсан, хулгайлагдсан гэх үндэслэл, нотолгоо хэрэгт авагдаагүй байх тул эдгээрийг алдуул мал гэж үзнэ.
Хохирогч Б.Э болон түүний эцэг Б нар алга болсон 2 тооны үхрээ малынхаа бэлчээрийн ойр орчимд болон зэргэлдээх газар нутгаар явж эрж хайсан, нутгийн хүмүүсээс асууж сурагласан боловч олдоогүй талаар мэдүүлсэн байх бөгөөд Н.Э нь өөрийн үхэрт бусдын 2 тооны үхэр нийлсэн байгаа талаар нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагад мэдээлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн хохирогч Б.Эийн 2 тооны үхрийн нэг хүрэн зүсмийн гунжин үхэр эврэндээ цэнхэр өнгийн будган тэмдэглэгээтэй байсныг шүүгдэгч Н.Э шар өнгийн будгаар дарж будсан /өөрчилсөн/ нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх ба шүүгдэгч Н.Эын энэхүү үйлдэл нь алдуул малыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг өөртөө олж авах гэсэн шууд санаатай үйлдэл гэж үзнэ.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.Э нь өөрийн малд нийлсэн 2 тооны үхрийг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэхгүйгээр, өөрөө дур мэдэн эзэмшилдээ авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Эийн алдагдсан 3 настай эм үхэр 430.000 /дөрвөн зуун гучин мянган/ төгрөг, 5 настай эр үхэр /Бух/ 780.000 /долоон зуун наян мянган/ төгрөгөөр тус тус үнэлэгдсэн нь хэрэгт авагдсан "Гэрэгэ эстимэйт" ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УВ/01/539 дугаартай, малын зах зээлийн үнэлгээ тогтоосон дүгнэлтээр нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “ бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан ба Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол алдуул мал завших гэмт хэрэгт тооцох”-оор хуульчилсан ба шүүгдэгч Н.Эын үйлдлийн улмаас хохирогчид нийт 1.210.000 төгрөгийн хохирол учирсан байх тул дээрх гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Н.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.Э-ын хувийн зан байдал, амьдралын нөхцөл байдлын талаар гэрч Б.С-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би Б.Э-тай 2006 онд гэр бүл болсон бөгөөд 12 дахь жилдээ хамт амьдарч байна. Бид хоёр одоогоор Түргэн сумын 1-р багийн нутагт 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Б.Э нь зан аашийн хувьд ааш зан сайтай, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, хүний эв дүй олохдоо сайн, үг дуу цөөнтэй, хүний үгэнд оромтгой зантай юм. Э нь ах дүү нартаа нэр хүндтэй, ажилсаг хөдөлмөрч зантай, аливаа ажилд сэтгэлээсээ ханддаг, мал маллах, морь уях сонирхолтой хүн юм. Б.Э бид хоёр хувьдаа 420 гаруй бог малтай, 19 тооны сарлагтай, 8 тооны адуутай юм. Мөн хувьдаа хятад мотоцикльтэй, 8 ханатай монгол гэртэй юм. Урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй бөгөөд ер нь даруу төлөв дөлгөөн зантай хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,
гэрч Б.Дгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Н.Э нь Түргэн сумын 1-р багийн нутагт эхнэр 4 хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг, зан аашийн хувьд ер нь даруухан хүн. Бага насны 4 хүүхэдтэй, архи дарс хэрэглээд байдаггүй, элдэв муу зуршилгүй ба ажилд сайн, хөдөлмөрч зантай. Э нь элдэв гэмт хэрэг, зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,
гэрч Д.Сгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “ Н.Э нь Түргэн сумын 1-р багийн нутагт эхнэр 4 хүүдийн хамт мал маллаж амьдардаг, зан аашийн хувьд даруу төлөв, хүнд тусархуу, хар буруу санаад байдаггүй, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй. Э нь айлын том залуу бөгөөд багаасаа мал маллаж хөдөө амьдарч байгаа. Ах дүү нартай тустай, дэмтэй явдаг учраас гэр бүлийхэндээ нэр хүнд сайнтай байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгч Н.Э өмнө нь гэмт үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р тал/ -аар нотлогдсон.
Хохирогч Б.Э 2 тооны үхрээ буцаан авсан нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх тул гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Н.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 4 хүүхэдтэй зэрэг хувийн байдал, амьдралын нөхцөл байдал, улсын яллагч торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг тус тус харгалзан түүнд найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Б ургийн овогтой Нгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдуул мал завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АЛТАН