Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 99

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгч М.Г , М.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт М.Г , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт М.Ж  нарт холбогдох эрүүгийн 1915001110089 дугаартай 163/2019/0100/Э индекстэй эрүүгийн хэргийг  2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, О овогт М.Г  ,   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Орхон сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Булган аймгийн... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, М овогт М.Ж  ,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Г  нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт хохирогч Б.Ш ыг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан биед нь халдаж хүч хэрэглэсэн, мөн биед нь халдаж хүч хэрэглэх явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Ж  нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний Булган аймгийн Орхон сумын нутагт хохирогч М.Г ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:    

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г  өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ж  өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

1915001110089 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Шүүгдэгч М.Г  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “..2019 оны 02 дугаар 29-ний орой би найзуудтайгаа голын эрэг дээр архи ууж байгаад тэндээсээ хаашаа явж, юу хийсэн талаар сайн санахгүй байна би нилээн согтчихсон байсан. ...Сүүлд эхнэрээсээ асуусан чинь согтсон байх үед ээ намайг төрсөн эгч Л тэй маргалдаад тогооны сав, түлээний хайрцаг зэргийг өшиглөсөн чинь эгч айгаад гарч яваад цагдаад дуудлага өгсөн гэсэн. Тэгээд би нэг сэргэсэн чинь гэр дотор үүдний хажуу талд зогсож байтал манай сумын цагдаа Ш  орж ирсэн. Би орж ирэхээр нь “юу хийж явж байгаа юм бэ?” гээд шууд заамдаж аваад орон дээр түлхэж унагаагаад гараараа Ш ын нүүр хэсэгт цохьсон. Хэдэн удаа цохьсоноо санахгүй байна. Нэг мэдсэн цагдаа дээр ирчихсэн гарыг маань гавалчихсан байсан. ...Би цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Тэгэхдээ хаана нь хэдэн удаа цохьсоноо сайн санахгүй байна, нүүрэн тус газар нь цохьсон. Мөн тээврийн хэрэгслийн цонхыг хагалсан. ...” гэх мэдүүлэг /хх 58 тал/,

Шүүгдэгч М.Ж  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Ш  цагдаа бид 2 гэрт нь орсон чинь Г  гэрийнхээ зүүн талын орон дээр сууж байсан. Бид 2-ыг ороход “пиздаануудаа хаалга үүд эвдэллээ” гэж орилоод Ш  цагдаа Г ийг гавлах гэхэд “та нар миний эцгийн гал голомтонд орж ирээд намайг гавлана гэж байхгүй шүү Ш  цагдааг чинь зодоод явуулсан чамайг ч гэсэн зодож чадна шүү” гэж хэлээд орноосоо босоод надруу агсраад ирэхээр нь би орлуу нь түлхээд дээрээс нь дарах гэтэл миний баруун талын цээж хэсэг рүү хөлөөрөө жийхээр нь би хөлийг нь доош дараад Г ийг дээрээс нь дарахад миний хувцаснаас хоёр гараараа зуураад бариад намайг цохих гэхээр нь бултаад би Г ийг баруун гараараа хоёр удаа цохиод, дээрээс нь тохойгоороо дараад байж байтал Ш  цагдаа гарыг нь гавлаад Г ийг гэрээс авч гаргаад машинд суулгаад цагдаагийн хэсэг дээр авчирсан. Тэгээд аймгийн төвөөс цагдаа иртэл Ш  цагдаагийн хамт Г ийг хараад байж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 59 тал/,

Хохирогч Б.Ш ын өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 01-ний шөнө цагдаагийн хэсгийн байрандаа амарч байтал миний гар утас руу нэг танихгүй дугаар залгасан. Тэгээд би гар утсаа авахад нэг эмэгтэй хүн “би Л  байна манай дүү Г  ар гэртээ агсан согтуу тавиад байна. Би хүүхэдтэйгээ гэрээс хөөгдөөд айж сандраад гэрээсээ гараад гудамжинд явж байна хурдан ирээд туслаач” гэхээр нь би тэр эмэгтэйн гэрлүү нь явж очсон. Очиход хашааны хаалга нь онгорхой байхаар нь гэрлүү нь явж очтол гэр дотор эмэгтэй эрэгтэй хүн хоорондоо хэрүүл хийж байхаар нь гэрийхэн хаалганы бариулаас татахад дотор талаасаа цоожтой байхаар нь хаалгыг нь тогшсон чинь нэг эрэгтэй хүн “хэн бэ” гэж асуухаар нь би “цагдаа байна юу болоод байгаа юм бэ? гэрийнхээ хаалгыг онгойлго” гэж хэлтэл гэрийн хаалга онгойсон. Тэгээд гэрлүү нь ортол гэрийн хаалганы зүүн гар талд Г  нилээн согтуу байсан харин Г ийн ар талд нэг танихгүй эмэгтэй хүн байсан. Тэгээд Г  намайг “чи яах гээд гэр бүлийн асуудалд орооцолдоод байгаа юм” гэж хэлээд Г  баруун гараараа миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохихоор нь би Г ийг “чи яагаад байгаа юм бэ би дуудлагын дагуу ирж байна чи яагаад эгч дүү хоёроо шөнө харанхуйд гэрээсээ хөөж гаргаж байгаа юм” гэж хэлтэл Г  “миний гэр бүлийн асуудал чамд ямар хамаатай юм чи миний аавын гал голомтон дээр ирж намайг доромжилдог хэн бэ чамайг алчихая” гэж хэлээд намайг баруун гараараа зүүн шанааруу 2-оос 3 удаа цохьсон. Тэгтэл миний хамарнаас цус гарахаар нь “чи боль, миний хамарнаас цус гарчихлаа” гэж хэлээд орон дээр нь суутал тэр эмэгтэй саванд ус хийгээд миний гар дээр ус гойжуулах гэтэл Г  төмөр шанагаар миний толгой руу хэд хэдэн удаа цохиод хөлөөрөө өвдөглөөд, өшиглөөд байсан. Тухайн үед би хоёр гараараа нүүрээ хамгаалаад доош хараад Г ийг түлхээд гэрээс гарсан. Миний араас тэр эмэгтэй гарсан харин араас нь Г  “чамайг ална, хутга хаана байна” гэж хэлээд гарч ирж байсан. Тухайн үед намайг шанагаар цохиж зодож байх үедээ Г  “чиний цагдаа байх чинь хамаагүй би үсрээд нэг cap баривчилгаанд явна чи намайг чаддаг юм бол одоо аваад явчих” гэж хэлээд байсан. Тэгээд би хашааны гадаа гараад машин дотроо ороод машинаа асаагаад явах гэтэл тэр эмэгтэй хүрч ирээд надад “чи яв гэр бүлийн асуудал чи манай нөхрийг ууртай байхад нь яах гэж ирсэн юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Г  цаанаас гэрийн унь барьчихсан ирж явж байсан тэгээд би машинтайгаа хөдлөх гэтэл Г  хүрч ирээд миний машины арын цонхыг униараа цохиж хагалсан. Би цааш машинтайгаа явж холдоод цагдаагийн 102 дугаар луу залгаж ерөнхий жижүүрт мэдэгдсэн. Тэгээд би Г ийг гэрээсээ явж магадгүй гэж бодоод тухайн өдрийн сумын олон нийтийн эргүүлтэй байсан эмнэлэгийн нягтлан Ж гын гар утас руу залгаад Ж г дуудан цуг Г ийн гэрлүү нь очиход Г  орон дээр сууж байсан  ба Ж  ахад хандан “Г  цагдааг чинь зодчихлоо одоо чамайг зодох уу” гэхээр нь Ж  ах бид хоёр Г  дээр очоод гавлах гэхэд эсэргүүцэл үзүүлсэн ба Ж  ах бид хоёр ноцолдож байгаад гарыг нь гавалсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо барагдуулж авсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 21-22 тал/,

Хохирогч М.Г ийн өгсөн: “Би 2019 оны 02 дугаар 29-ний орой найзуудтайгаа голын эрэг дээр архи ууж байгаад тэгээд би тэндээсээ хаашаа явж юу хийсэн ээ сайн санахгүй байна би сүүлд эхнэрээсээ асуусан чинь “бид нар голын дэргэд архи ууж дуусчихаад сумынхаа Соёлын төвд очиж тэмцээн үзээд шууд харьсан гэж байсан. Би гэртээ хоол идэж байгаад сэргэсэн тэр үед цаг нилээн орой болчихсон дэлгүүр хаах дөхөж байсан би тэгээд гэрээсээ гараад бие засчихаад гэрлүүгээ орох гэж байсан чинь манай гэрийн ард талын гудамжнаас найз З  2,5 л Нийслэл нэртэй пиво барьчихсан манай гэрт ирсэн. Найз З тай манай сумын Г  цуг ирсэн. Тэгээд бид 3 тэр пивыг ууж дууссан чинь Г  дахин гарч дэлгүүрээс 2,5 л 2 ширхэг пиво авсан тэрийг бид 3 дахин хувааж ууж байх үед би эгч Л гээс авдарнаас 1 литрийн нэг шил Орос архи гаргуулан найз З ад тойруулчих гээд өгсөн тэрнээс хойш би нилээн согтсон юу болсоныг сайн санахгүй байна. Сүүлд эхнэрээсээ асуусан чинь согтсон байх үед ээ төрсөн эгч Л тэй маргалдаад намайг тогооны сав, түлээний хайрцагыг өшиглөсөн чинь эгч айгаад гарч яваад цагдаад дуудлага өгсөн гэсэн. Тэгээд би нэг сэргэсэн чинь гэр дотор үүдний хажуу талд зогсож байтал манай сумын цагдаа Ш  орж ирсэн. Би Ш  цагдааг орж ирэхээр “юу хийж яваа юм” гээд шууд заамдаж аваад орон дээр түлхэж унгаагаад гараараа Ш ын нүүр хэсэгт цохьсон хэдэн удаа цохьсоноо санахгүй байна. Тэгээд тэрнээс хойш үйл явдлаа санахгүй байна. Нэг мэдсэн цагдаа дээр ирчихсэн гарыг маань гавалчихсан байсан. Тэгтэл манай сумын цагдаа Ш  намайг” чи хэзээ ингэж архи ууж агсан тавьдаг болчихсон юм бэ? чи уг нь архи уудаггүй байсан шүү дээ” гэж хэлж байсан. ...Нилээн согтуу байсан учир зарим зүйлийг санахгүй байна. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 24-25 тал/,

Гэрч Л.Л ын өгсөн: "...2019 оны 02 дугаар сарын 28-ны орой манай найз залуу гэртээ найзуудтайгаа 3 ширхэг 2,5 л “Боргио” нэртэй пиво, 1 л орос архи уучихаад унтаж амрах гээд байж байгаад эгчтэйгээ маргалдсан. Тэр аяга таваг тавьдаг тавиураа өшиглөсөн чинь эгч гэрээсээ гарч явсан. Би тэгээд найз залуугаа унтуулах гээд орон дээр хэвтүүлчихээд байж байтал гэрийн хаалгыг нэг хүн татсан тэгээд нэг хүн “хаалгаа” гэхээр нь би хаалга онгойлгосон чинь нэг энгийн хувцастай залуу орж ирэхээр нь манай найз залуугын найз нь юм байна гэж бодоод би гэрийн өрхийг татах гээд зөрөөд гарсан. Би өрхөө татчихаад гэрт орж иртэл манай нөхөр тэр гаднаас орж ирсэн залуутай зуухны ард талд бие биенээ заамдчихсан зогсож байсан. Манай найз залуу тэр хүнийг нэг гараараа хувцаснаас заамдчихсан баруун гараараа тэр залуугын нүүр хэсэгрүү нь цохиод байхаар нь би найз залуу Г ийг “чи хүн аллаа ш дээ” гэж хэлээд салгаад би нөхрийгөө орон дээр суулгуулаад харин нөгөө залууг нөгөө талын орон дээр суулгаад шанганд ус хийгээд тэр залуугын гар нүүрийг угаалгуулж цусыг нь арилгуулж байтал манай нөхөр орноосоо босч ирээд дахин зодох гээд дайраад тавиур дээр байсан шанагийг аваад тэр залуугын толгой дээр цохьсон яг хэдэн удаа цохьсоныг нь мэдэхгүй байна. Би тэр залууг гэрээс гараад “хурдан яв” гэж хэлээд би тэр залууг сугдан машинд суулгасан нь чинь тэр залуу машиндаа суугаад хөдлөх гээд явж байтал манай найз залуу араас гарч ирээд тэр залуугын машиныхан цонхыг униар цохьсон ба машины цонх хагарах шиг болсон тас хийгээд дугарсан. ...Ойролцоогоор 20-оос 30 минутын дараа би найз залууг орон дээр даран босгохгүй гээд хэвтэж байхад гаднаас өмнө орж ирсэн гэх залуу нэг танихгүй өндөр залуугын хамт орж ирсэн чинь манай найз залуу тэр хоёрыг “яасан намайг баривчилах гэж орж ирээ юу пиздануудаа та нар намайг гал голомтоос минь авч явдаг хэн юм пиздаанууд минь та нар ингэдгүй юм” гэх мэтээр хэлээд хашгираад тэр хоёр залуугаас хэрүүл гуйгаад байсан тэгтэл тэр өндөр залуу нөхөр бид 2 дээр хүрч ирэхээр нь би орноосоо боссон чинь тэр өндөр залуу манай нөхөртэй ноцолдоод байсан ба найз залуугын нүүр хэсэгрүү цохих шиг болсон. Манай найз залуугын хацарнаас цус гарчихсан байсан. Тэгээд тэр ах “гав аваад ир” гэж хэлсэн чинь тэр өмнө нь орж ирж зодуулсан залуу гав авчирч өгсөн. Тэр хоёр манай найз залууг гавлаад авч гараад машиндаа оруулсан. Би тэр гуравтай цагдаагийн хэсгийн байранд очсон. Замдаа явж байхдаа тэр өндөр залуутай манай найз залуу “эр хүн шиг ярьчихая” гээд байсан харин тэр өмнө нь орж ирсэн залууг “пизда минь чи бариад явж байгаа юм уу? бариад яв л даа” гэж хэлээд хашгираад байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 28-29 тал/,

“...Миний харснаар Г ийг орон дээр Ж  гэх залуу дээрээс нь дарж байгаад 2-3 удаа зүүн шанаа хэсэгт нь цохиод байсан. ...” гэх мэдүүлэг /хх 30 тал/,

Гэрч М.Л гийн өгсөн  "...2019 оны 03 дугаар сарын 01-ний шөнө 02 цагийн үед би гэртээ охин Цэлмүүн, төрсөн дүү Г , дүүгийн найз эмэгтэй Л  бид нар байсан. Орой нь манай дүү Г  найз нарынхаа хамт архи уугаад согтуу байсан. Тэгээд орой дүү Г ийг “унтаж амар орой болчихлоо” гэж хэлтэл Г  согтуудаа уурлаад гэрийн хоолны шүүгээн дээр байсан эд зүйлсийг авч шидээд байхаар би охин Цэлмүүний хамт гэрээс гарч яваад өөрийн утаснаас сумынхаа цагдаа Ш ын гар утас руу залгаад “манай дүү Г  агсан согтуу тавиад байна” гээд дуудлага өгөөд би охин Цэлмүүнийхээ хамт хамаатныдаа очиж амарчихаад өглөө 08 цагийн үед гэрт ирсэн чинь дүүгийн найз хүүхэн Л  гэртээ ганцаараа байсан ба “цагдаа Ш ыг Г  зодоод машины цонхыг хагалсан” тухай ярьсан. ..." гэх мэдүүлэг /хх-н 32 тал/,

Гэрч М.Ж гийн өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 01-ний үүрийн 03 цаг 45 минутанд намайг унтаж амарч байх үед миний гар утас руу манай Орхон сумын хэв журмын цагдаа дэд ахлагч Ш  өөрийн гар утаснаас залгаад “манай сумын М.Г  намайг зодчихлоо, миний машины цонхыг хагалчихлаа, түүнийг гавлах хэрэгтэй байна. Та туслаад өгөөч? гэж хэлэхээр нь би босоод цагдаа Ш  дээр очиход цагдаа Ш ын нүүр, цамц нь цус болчихсон цамц нь урагдчихсан, машиных нь арын цонх хагараад бутарчихсан байсан. Тэгээд Ш  цагдаа бид 2 миний машинтай Г ийн гэрлүү явсан. Г ийн гэрлүү явах замд Ш  цагдаа надад хандан “Г  эсэргүйцээд дийлдэхгүй байгаа юм шууд дараад гавлах хэрэгтэй байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 34 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 89 дугаартай

1. М.Г ий биед зүүн, баруун дээд, доод зовхи, зүүн чихний гэдэс хэсэг, цээж, нуруу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун чихний дэлбэн хэсэг, хүзүү, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед болон ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 36 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай:

1. Б.Ш оос хураан авсан саарал өнгийн урт ханцуйтай цамцны баруун мөрний залгаас оёдлоороо мөрнөөс зах хүртэл 16 см урагдсан /шинэ/, зүүн мөрний залгаас оёдол захнаас зүүн тийш 7 см урагдсан /шинэ байна.

2. Дээрх урагдлууд нь шинэ.

3. Дээрх урагдлууд нь нэг удаагийн татах, чангаах үйлдлийн улмаас урагдсан байж болно гэх дүгнэлт /хх 41 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаартай

1. Б.Ш ын биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 48 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 01-05/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 12/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-17/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх 19/,шинжээчийн дүгнэлт танилцлуулсан тэмдэглэл /хх 37-38, 43-44, 47-48, 52-53/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 61-62/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 63, 68/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Г  нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт хохирогч Б.Ш ыг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан биед нь халдаж хүч хэрэглэсэн, мөн биед нь халдаж хүч хэрэглэх явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Ж  нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний Булган аймгийн Орхон сумын нутагт хохирогч М.Г ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.        

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.Ш , М.Г , гэрч Л.Л , М.Л , М.Ж  нарын мэдүүлэг, хохирогч нарын биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлт, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.       

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байх тул нотоолгооны ач холбогдолтой гэж шүүх үзлээ.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас М.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,

М.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Г ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, ийнхүү хүч хэрэглэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч М.Ж г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.     

Шүүгдэгч М.Г ий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ш ын биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь эмчилгээний зардал болон бусад холбогдох зардалд 250000 төгрөгийг төлсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Мөн шүүгдэгч М.Ж гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Г ий биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Г д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Харин шүүгдэгч М.Ж д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Г д холбогдох эрүүгийн хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж хор уршгийг арилгасан, болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн тэнсэж, шүүгдэгч М.Г д шүүхээс тэнссэн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох эрх хязгаарлаж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж, ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Г , М.Ж  нар нь энэ хэрэгт цагдан хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгөтэй, үзүүр хэсэг нь цэнхэр унины /мод/ хугархай 2 ширхэг, шанага зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл,, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч О овогт М.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М овогт М.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.Г ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялаар,

Шүүгдэгч М.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч М.Г д шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.Ж , М.Г  нарт оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 150000 /нэг зуун тавь/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, биелүүлэх хугацааг 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгөтэй, үзүүр хэсэг нь цэнхэр унины /мод/ хугархай 2 ширхэг, төмөр шанага 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шүүгдэгч М.Г, М.Ж  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ж , М.Г  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Г , М.Ж  нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНДУЛАМ