Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 100

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Ариунжаргал,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Ш.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б ид холбогдох эрүүгийн 1915001490083 дугаартай, 163/2019/0101/э индэкстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Булган аймгийн... оршин суух, Б овогт Ш.Б ,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.Б  нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн ... оршин суух  өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр Д.Ж тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маралдан улмаар заазуураар биед нь халдан олон удаа зүсэж, онц харгис хэрцгийгээр, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б  өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

1915001490083 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч Ш.Б ийн өгсөн: 2019.03.28-ны өдөр манайд ирсэн байсан П.У , хүргэний хамт машинтай ирсэн. Тэгээд машинтай ирэхээр нь машинтай нь нөхөр бид хоёр хамт сумын төв орж ямааны ноолуураа тушаасан. Тэгээд сумын төвөөс харихдаа 0.75 литрийн Ерөөл нэртэй архи 1-г авч харьсан ба түүнийгээ ирсэн улсууддаа задлаад өгсөн. Дээрээс нь тэр улсууд 1-2 рунк л уусан байсныг  нөхөр бид хоёр хувааж уусан. Бид 2 нэлээд их согтчихсон байсан ба нөхөр л эхнэргүй хүний нэр дуудаад л чи тэрэнтэйгээ суугаарай удахгүй суух гэж байгаа гэсэн гэх мэтээр намайг хэлээд барьж аваад баруун гар мөрлүү гараараа 4-5 удаа л болов уу цохиод авахаар нь би уурандаа хоолны шүүгээн дээр ил байсан заазуурыг аваад нөхрийгөө цохичихсон юм. Тэгсэн цус олгойдоод явчихаар нь гэнэт ухаан орж, буруу зүйл хийж байна гээд больсон. Тэгээд хөрш айл болох А  руу  залгаж эмч аваад ирээч гэж хэлж мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-66-67 тал/

Хохирогч Д.Ж ын өгсөн: 2019.03.28-ны өдөр гэртээ эхнэр бид 2 нэг шил Ерөөл нэртэй 0.75 литрийн архийг хувааж ууцгаасан. Гэрт эхнэр бид 2 л байсан. Тэгээд эхнэртэйгээ маргалдсан юм болов уу даа сумын эмнэлэгт ирсний дараа ухаан орж би гэмтсэн байснаа мэдсэн. Эхнэртэйгээ хоёулаа гэртээ байсан учир эхнэр бид 2 маргалдсан л байх. Яг юу болсон тухай бол мэдэхгүй байна. Миний биед зүүн гарын хуруунууд баруун гарын долоовор хуруу, нүүр толгойнд хэд хэд зүсэгдсэн шарх үүссэн байсан гэх мэдүүлэг /хх-16-17 тал/,  

Гэрч Д.А ын өгсөн: “...21 цагийн үед миний гар утасруу Ш.Б  залгаад Ж  намайг алах гээд байхаар нь заазуур аваад цохичихсон чинь цус нь тогтохгүй байна эмч аваад хүрээд ирээч гэхээр манай багийн эмч гэрийн хажууд байдаг тул эмчийг аваад яваад очтол Ж  толгой нь язарсан нүүр нь цус болчихсон согтуудаа ч юм уу ямар ч байсан муужирсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/

Гэрч Э.О гийн өгсөн: “уг хүний зүүн сарвууны 2 дугаар хурууны 3 дугаар шивнүүр дээд 03-ны 1 дүгээр зөрөөгүй хугарсан, бороололт үүсээгүй гэмтсэн байсан. Гэмтэл авснаас хойш тухайн хуруунд гипс болон чиг тавьж боогоогүй, хөдөлгөөнтэй байсан тохиолдолд бороололт явагдаагүй байх боломжтой ийм учраас иргэн Д.Ж ын насжилттай холбоотойгоор ясны бороололт удаан явагддаг зэрэг шалтгааны улмаас уг хугарал гэмтэл нь хохирогчийн хэлсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-33-34 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 103 дугаартай

1. Д.Ж ын биед толгойн хуйханд олон тооны, дух, зүүн хөмсөгөнд, зүүн баруун сарвуунд олон тооны шархнууд, зүүн ядам хурууны 2-р үений 3-р шивнүүр ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Баруун ядам, чигчий хурууны шарх гэмтэл нь хуучин гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 36-37 тал/,  

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 01-02 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 06 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-07-11 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /хх-12-13тал/, өвчний түүх /хх-46-47 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-48-56 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 73 тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Ш.Б  нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн ... оршин суух  өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр Д.Ж тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маралдан улмаар заазуураар биед нь халдан олон удаа зүсэж, онц харгис хэрцгийгээр, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.      

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Д.Ж , яллагдагч Ш.Б , гэрч Д.А , Э.О  нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 103 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.    

Хэрэгт хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг  тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч  гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий  байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдол гэж үнэлэв.   

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын шүүгдэгч Ш.Б ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Ш.Б ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 Шүүгдэгч Ш.Б ид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тоогдохгүй байна.

Шүүгдэгч Ш.Б ийг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ж ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч  хохирол, хор уршгийн талаар нэхэмжлээгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, иргэний бичиг баримтгүй болохыг дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт Ш.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ш.Б ийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ш.Б ид оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Тэшиг сумын Тамгын газарт эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Ш.Б  нь  цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНДУЛАМ