Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 226/МА2025/00003

 

 

 

 

 

 

 2025        01           22                                           226/МА2025/00003

 

 

 

 

Б-”-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М  нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 156/ШШ2024/00488 дугаар шийдвэртэй, Б-ын “үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох“ тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-н гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ...байрыг 2003 онд Хэнтий аймгийн Цахилгаан түгээх сүлжээ салбар нь нутгийн нэг иргэнээс худалдаж авсан гэдэг. Хэрэгт Ц.О-н өгсөн мэдүүлэг авагдсан. Тэрээр уг 03 тоот орон сууцыг Хэнтий аймгийн Цахилгаан түгээх сүлжээ салбарт худалдсан талаараа мэдүүлдэг. Тухайн цаг хугацаанаас өнөөдрийг хүртэл компанийн үйл ажиллагаа явуулах буюу хэрэглэгчдэд үйлчлэх төв болгон ажиллаж байгаа. Тус байрыг 2003 онд худалдаж аваад өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтийг Улсын бүртгэлд гаргасан боловч байгууллага дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл тухайн байрыг өмчилж авах эрх нь үүсээгүй гээд эзэмшиж ашиглаад явж байгаа. Иймд шүүхэд Бэрх тосгоны 67-р байрны 3 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан...” гэжээ.

 

  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч -ХК-ийн хүсэлттэй ...........орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Ш.Б , Б.Ө  нарын нэр дэр бүртгэгдсэн гэх ямар ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Харин Ш.Б нь 1998 онд .......... орон сууцыг эзэмшиж, ашиглаж, 2000 онд тус байранд оршин сууж, 2000 оны 9-р сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн орон сууц хувьчлах товчоонд "Бэрх уул” ТӨҮГ-аас олгосон 1998 оны 2-р сарын 18-ны өдрийн 287 дугаартай эрхийн бичгээр гурван өрөө 36 мкв орон сууц байрыг хувьчилж өгнө үү гэх өргөдөл гаргаж үйлчилгээний хураамж 6.900 төгрөг төлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог боловч улсын бүртгэлийн хэлтсээс түүний тус байрыг хувьчилж авах өргөдлийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн баримт байхгүй. Бэрх уул ХК-аас 2024 оны 9-р сарын 19-ний өдөр 68\2024 дугаартай албан тоот /хх-125 тал/,  иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн бөгөөд тус албан тоотонд ............. орон сууцтай холбоотой мэдээллийг байгууллагын архивд хайсан хэдий ч холбогдох мэдээлэл олдсонгүй гэсэн хариу өгсөн байдаг. Эдгээр баримтуудад дүгнэлт хийхэд өнөөдрийг хүртэл тус байрны өмчлөлтэй холбоотой бүртгэл улсын бүртгэлийн газарт хийгдээгүй болох нь тодорхой харагддаг. 

......................... орон сууцыг иргэн Ц.О  гэх хүнээс 2003 онд худалдан авч өнөөдрийг хүртэл компанийн үйл ажиллагаа явуулах буюу хэрэглэгчдэд үйлчлэх төв болгон ашиглаж эзэмшиж байгаа болох нь орон сууц хэрэглээний цэвэр ус болон халаалтын төлбөрийг 2008 оноос эхлэн төлж, харин 2003 оноос одоог хүртэл үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлсөн талаарх баримт, Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний Хэнтий ус ХХК-ийн 2024 оны 3-р сарын 28-ны өдрийн 93 дугаартай тодорхойлолт болон төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, Хэнтий аймгийн Татварын газрын 2024 оны 10-р сарын 23-ны өдрийн тодорхойлолт, гэрч Б , Н.Ц , Р.С , Ж.Ө , Ц.О  нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд иргэний хэргийн анхан шатны шүүх ч гэсэн мөн 2003 оноос өнөөдрийг хүртэл ...ХК-нь тус орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж дүгнэдэг. Б...ХК-нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус байрны хууль ёсны эзэмшигч мөн.

Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байхаар хуульчилсан. Мөн Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ....ХК-нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэх боломжтой. Б....ХК нь 2003 онд ...Ц.О  гэх хүнээс худалдаж авсан бөгөөд тус байрны өмчлөгч Ц.О гэж хүн байдаг бид худалдах худалдан авах гэрээ байгуулж байсан гэж мэдүүлдэг өгдөг бөгөөд, тус мэдүүлэгт нь үндэслэн нэхэмжлэгч байгууллагын зүгээс Ц.О  гэх хүнийг гэрчээр асуулгах явцдаа тус байрыг Ц.О  нь Ш.Б  гэх хүнээс худалдаж авсан гэдгийг мэдсэн. Энэ үйл явдлаас өмнө тус байрыг Ц.О-н өмчлөлийн байр гэж ойлгож худалдан авсан байдаг. Ш.Б  гэх хүнийг улсын бүртгэлийн байгууллагад тус орон сууцыг өмчлөх эрхээ баталгаажуулах өргөдөл болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргаж байсан гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтуудтай танилцах үедээ мэдсэн. ....ХК-нь тус байрыг 2003 оноос өнөөдрийг хүртэл буюу 21 жил эзэмшиж ашиглаж байхад өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн маргаан огт гарч байгаагүй юм. Тиймээс иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс  ..... байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг  хүлээн авч хянан хэлэлцээд улсын бүртгэлийн газраас ирсэн 4 төрлийн баримтыг үндэслээд хууль ёсны өмчлөгч нь Ш.Б гэдэг хүн байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Үүнд:

1. Ш.Б  нь тус орон сууцыг эзэмшдэг. 1998 оны 02 сарын 13-ны өдөр орон сууц ашиглалтын гэрээг байгуулж байсан.

2. 2000 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус байранд оршин суудаг  байсан талаарх тодорхойлолт,

3. Хэнтий аймгийн орон сууц өмчлөлийн хоршоонд дээрх байрыг хувьчилж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргаж байсан,

4. Үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн мэдүүлэг зэрэг баримтуудыг тус тус гаргаж байсан байна. Дээрх 4 баримт дээр тулгуурлан Б  гэдэг хүн өмчлөх нь үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарласан гэж гомдлыг гаргасан. ...Улсын бүртгэлд тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарснаар хууль ёсны өмчлөгч  болно. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ш.Б болон түүний хүү Ө  нар нь тус байрны хууль ёсны өмчлөгч гэдийг батлах ямар нэгэн баримт байдаггүй. Өмчлөх эрхийн гэрчилгээ Б-н нэр дээр гараагүй. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 д “үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг өмчлөгчид заавал олгоно” гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Үүнээс харахад Б нь өмчлөгч гэх талаар баримт огт байдаггүй. Харин тухайн байрыг эзэмшиж байсан, оршин сууж байсан, хувьчилж өгнө үү гэдэг хүсэлтүүдийг гаргаж байсан нь тогтоогддог. Тэгэхээр хууль ёсны өмчлөгч гэдгийг буруу тайлбарласан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх өмчлөх эрх дараагийн өмчлөгчид үүсэх буюу Ш.Б хүү Ө-т үүснэ гэж дүгнэсэн байгаа. Өнөөдрийг хүртэл Б.......... тоот байранд хэн нэгний нэр дээр өмчлөх эрх олгогдоогүй. Тийм учраас Ө-т өмчлөх эрх үүснэ гэж үзэх үндэслэлгүй. 21 жилийн хугацаанд эрчим хүчний газар ашиглаад, үйл ажиллагаагаа явуулаад иргэдэд үйлчлэх төв болгон ажиллаж ирсэн. Энэ хугацаанд ямар нэг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан огт гарч байгаагүй. Б  гэдэг хүн 2022 оны 01 дүгээр сард нас барсан байдаг. Түүнээс хойш хууль ёсны өмчлөгч гэж  үзэж байгаа хүн бол түүний төрсөн хүү Ө өв хүлээн авах тухай хүсэлтийг Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар гаргах байсан. Гэтэл ийм хүсэлтийг гаргаагүй. Ө  гэдэг хүн одоо хаана байдаг нь тодорхойгүй, бага байхад ээж аав нь салаад явчихсан, Солонгост байдаг талаар мэдүүлсэн байдаг. Тэгэхээр энэ байр өмчлөх эрхийн ямар нэгэн маргаангүй байгаа гэж үзэж байна.

Тус байрыг эрчим хүчний салбар 21 жил эзэмшиж ашиглаж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. ...Тэгэхлээр нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны эзэмшигч мөн байна гэж үзнэ. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэсэн зохицуулалт байдаг. Тиймээс Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэх боломжтой учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж .............. тоот байрны хууль  ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү...“ гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-н гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б нь хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.  

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгч Б  нь: “..............орон сууцыг 2003 онд ... Ц.О гэх хүнээс худалдаж авч байсан. Тухайн байрыг худалдаж авах үедээ байрны гэрчилгээг өөрийн болгож аваагүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар .......... орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгө нь .............салбарын нэр дээр бүртгэгдсэн талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл өмчлөх эрх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчид шилжээгүй, худалдан авсан гэх орон сууц нь эрхийн доголдолтой байгаа тул нэхэмжлэгчийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж тогтоох үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н гомдолдоо “...Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэсэн зохицуулалт байдаг. Тиймээс Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэх боломжтой учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  өгнө үү...” гэж тайлбарлажээ.

 Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал уг орон сууцыг анх худалдаж авах үедээ улсын бүртгэлд Ц.О-н нэр дээр бүртгэлтэй эсэхийг мэдэх боломжтой байсан байх тул -г орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.

Мөн Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигчийн өмчлөх эрхийг олж авах давуу эрхийн талаар тусгасан бөгөөд Б нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийг үндэслэн олж авсан талаараа шүүхэд нотолж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул өмгөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч үйл баримтад дүгнэлт хийхдээ эрх бүхий этгээдээс үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, хувьчлах талаар ямар нэгэн шийдвэр, холбогдох баримт лавлагаа хэрэгт хавсаргагдаагүй байхад дээрх орон сууцыг Ш.Б , Б.Ө  нар өмч хувьчлалаар хувьчилж аваад, улсын бүртгэлд бүртгүүлсэн мэтээр дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. Харин ............. орон сууцны өмчлөгч хэн болох нь хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 156/ШШ2024/00488 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

              

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       О.БААТАРСҮХ

                                ШҮҮГЧИД                                       Г.БОЛОРМАА

                                                                                        Д.ГАНЗОРИГ