Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 101

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч М.Д сүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Б д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915001300091 дугаартай, 163/2019/0104/Э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн ... оршин суух хаягтай боловч одоо Орхон аймгийн ... оршин суух, урьд Булган аймгийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 74 дугаартай  шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 10 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт Д.Б  ,

Холбогдсон хэргийн талаар:  

     Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Хавчирын ханх” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Д.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

1915001300091 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч Д.Б  өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн үед би өөрийн эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Хавчирын ханх” гэх газар луу модонд явсан. Би тухайн үед салхинд унасан болон хуурай унанги модыг газар уначихсан байхаар нь тээврийн хэрэгслийнхээ тэвшинд тааруулан бэлдэж тайрч хөрөөдөж орой 21 цагийн үед тээврийн хэрэгсэл дээрээ ачаад Орхон аймгийн ... байрлах гэртээ буулгасан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ байж байтал гаднаас Орхон аймгийн Байгаль орчны байцаагч Ч  “дуудлагаар ирлээ” гэж хэлээд урд өдөр хийсэн модыг хураагаад Орхон аймгийн Байгаль орчны хашаанд буулгасан. Би 40 орчим ширхэг 1,50 метрийн урттай, хуурай унанги мод бэлтгэсэн юм. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 53 тал/,

Хохирогч Б.Г гийн өгсөн: “...Би Орхон сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 01/187 дугаартай албан бичгийн дагуу тус хэрэгт хохирогчоор оролцож байна. Булган аймгийн Орхон сумын Халиун бригадын “Хавчирын ханх” гэх газраас иргэн Д.Б  нь **-** ОРО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр 6,3 метр куб модыг хууль бусаар бэлтгэсэн гэх энэ үйлдэл нь мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээгүй нь өөрөө Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийг зөрчсөн байх тул миний бие байгаль экологид учирсан хохирлыг 3 дахин төлүүлж авах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /хх 30 тал/

Гэрч Д.Ц гийн өгсөн: “...Нөхөр бид 2 түлэх түлээгүй болчихоод мод худалдаж авах гэхээр үнэтэй байхаар нь манай хүн “модонд явлаа” гээд явсан. Тэгээд удалгүй мод ачиж ирээд модоо буулгачихаад байж байтал маргааш нь байгаль орчны байцаагч ирээд аваад явсан. Бид 2 анх удаа л мод хууль бусаар бэлтгэж байна. ...” гэх мэдүүлэг   гэх мэдүүлэг /хх 31 тал/

Гэрч Д.Д гийн өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 26-ны өглөө гэртээ байж байтал миний гар утас дугарахаар нь утсаа автал Б  ах “модонд хамт яваад өгөөч манай гэр түлэх модгүй болчихлоо” гэхээр нь би “гэртээ байна хүрээд ирэхгүй юу” гэж хэлсэн. Удалгүй Б  ах өөрийн портер маркийн **-** ОРО улсын дугаартай машинтай манай гэрт ирсэн. Тэгээд Б  ахын хамтаар Орхон сумын Халиун баригадын “Хавчирын ханх” гэх газар луу модонд явсан. Б  ах унасан хуурай унанги модыг хөрөөдөж би модыг хамт ачсан. Тэгээд тэндээсээ яваад орой харанхуй болсон үед ахын гэрт ирээд хашаан дотор модыг нь буулгачихаад би гэртээ харьсан. ...” гэх мэдүүлэг /хх 32 тал/

2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр  эзэлхүүн нь 6.3 м3 шинэс төрлийн модны үнэлгээ 378000 төгрөг болохыг тогтоосон №07 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх 37 тал/,

 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Д.Б ын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 6.3м3 модонд Булган суман дахь Сум дундын Ойн ангийн техникч Б.М гийн тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 378000 төгрөг болсон байна. Тус үнэлгээг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 1134000 төгрөг болж байна гэх хохиролын үнэлгээ тооцсон баримт  /хх-39 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай /хх 01-02/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-7/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 08-10/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/, хохирол, төлбөр төлсөн талаарх баримт /хх 13-14/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 15-20/, эд мөрийн баримт хураан авах тухай санал /хх 22/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх 40-41, 49-50/ А  ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ОРА1000096 дугаартай эд зүйлийн болон автомашин, техникийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-43-48/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 73/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 58-65/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.  

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Хавчирын ханх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 6.3 м3 мод бэлтгэн тээвэрлэж, 378000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.        

Энэ үйл баримтаар түүний гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон  хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  хохирогч Б.Г , гэрч Д.Ц , Д.Д  нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-7/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 08-10/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/, хохирол, төлбөр төлсөн талаарх баримт /хх 13-14/, А  ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ОРА1000096 дугаартай эд зүйлийн болон автомашин, техникийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-43-48/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 Дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. 

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Б ын дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 378000 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 1134000 төгрөгийг нэхэмжилсэн байх шүүгдэгч Д.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн байна.

Шүүгдэгч  Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болохыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон түүний хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б ын ойд хууль бусаар бэлтгэж 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 39 ширхэг буюу 6.3м3  түлээний модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн /моторт/ цахилгаан хөрөөний хамт албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохирлыг нөхөн төлсөн, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан түүний амжиргааны эх үүсвэр болох **-** ОРО улсын дугаартай “Porter” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, түүний өмчлөлд үлдээхээр шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Б ыг 450000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан гэмт хэргийн хохиролд тооцуулахаар 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож битүүмжлэгдсэн шинэс төрлийн 39 ширхэг буюу 6.3м3 мод болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн  цахилгаан /моторт/ хөрөөг шүүгдэгч Д.Б аас тус тус албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлж, **-** ОРО улсын дугаартай “Porter” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, түүнийг өмчлөгч  Д.Б д буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б д урьд авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНДУЛАМ