Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2019/0089/З |
Дугаар | 221/МА2020/0090 |
Огноо | 2020-02-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2020/0090
С.Д-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 843 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Д-ын нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Архангай Авто зам засвар арчлалт” ТӨХК, “Өвөрхангай Авто зам засвар арчлалт” ТӨХК, “Хархорин Авто зам засвар арчлалт” ТӨХК-иудад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 843 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 335 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, томилохыг хариуцагчид даалгаж,
Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, 2 дугаар зүйлийн 27.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговрын үндсэн цалингийн хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 15-наас мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 870,767 төгрөгөөр, 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс мөн оны 4 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал 1,015,663 төгрөгөөр, төрийн алба хаасны нэмэгдлийг 15 хувиар, албан тушаалын зэрэглэлийн нэмэгдлийг 25 хувиар тус тус тооцон олгохыг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгаж, нэхэмжлэгчийн хоол унааны зардал 1,080,000 төгрөг, Өвөрхангай АЗЗА, ТӨХК, Архангай АЗЗА ТӨХК, Хархорин АЗЗА ТӨХК-иудын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын цалин 3,580,725.8 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “...С.Д нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ зөрчиж, өөрийн ажлын байрны тодорхойлолт, бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар шийдвэр гаргаж, мэргэжилтэн Ц.Б-ыг томилолтоор ажиллуулсан нь дээрх хуулиас гадна Хөдөлмөрийн дотоод журмын 14.7-д заасныг зөрчсөн байна. Мэргэжилтэн Ц.Б нь өөрийн эрхэлдэг ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэг үүрэг, мэргэшлийн дагуу Дорноговь аймагт баригдаж буй автозамын ажилтай танилцаж, зөвлөгөө, чиглэл өгч ажилласан байгаагаас дүгнэхэд тус мэргэжилтэн чөлөө авсан гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн болохынхоо хувьд Ц.Б Дорноговь аймагт ажилласан байна. Шүүх нэхэмжлэгч С.Д-ыг зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч “зөрчлийн шинж байдалд тохироогүй” буюу хатуудсан шийтгэл ногдуулжээ гэж дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан зөрчил давтан үйлдсэнийг харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэсэн байна. С.Д нь хэд хэдэн зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдсон тул цалин хасах сахилгын шийтгэл ногдуулж байсан, сахилгын шийтгэлтэй байхдаа дахин зөрчил гаргаж, ажлаас халагдсан. Хариуцагч байгууллага хэд хэдэн удаагийн зөрчилд цалин хасах шийтгэл ногдуулсан боловч төрийн албан хаагч дахин зөрчил гаргасан тул давтан үйлдсэн байдлыг харгалзан төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан шийдвэр нь хуульд нийцнэ. Сахилгын шийтгэлийг сонгож, хэрэглэх хариуцагчийн бүрэн эрхэд шүүх халдаж, дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл зөрүүтэй байгаа талаар шүүх хуралдаанд удаа дараа хэлсээр байхад шүүх нэхэмжлэлийг зөвтгүүлсэнгүй. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 335 дугаар тушаалаар “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” хэмээн нэхэмжлэгч С.Д-ыг буруутган төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ “...сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ахлах мэргэжилтэн Ц.Б- чөлөө олгож, хяналт шалгалтын удирдамжгүйгээр ажиллуулсан” гэж тайлбарласан байна.
“Зам тээврийн хөгжлийн яамны хөдөлмөрийн дотоод журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.2-т “Ажлын 1 өдрийн цалинтай чөлөөг шууд харьяалах нэгжийн дарга, ажлын 5 хүртэлх өдрийн чөлөөг Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан нэгжийн дарга, ажлын 5 өдрөөс дээшхи хугацааны чөлөөг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар олгоно” гэж зохицуулжээ.
Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтуудаас үзэхэд Зам тээврийн хөгжлийн яамны нэгж нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар байх ба нэхэмжлэгч С.Д 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Зам тээврийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Б-д 1 өдрийн чөлөө олгох үед Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалыг орлон гүйцэтгэж байсан, үүнтэй хариуцагчаас маргаагүй байх тул нэхэмжлэгчийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын харьяалах ажилтнуудад чөлөө олгох эрхтэй байсан гэж үзнэ.
Хариуцагчаас “...улсын байцаагчийг хяналт шалгалтын удирдамжгүйгээр ажиллуулахаар чөлөө олгосон” гэх боловч гэрчүүдийн мэдүүлгээр хяналт, шалгалт хийгээгүй болох нь тогтоогдсон төдийгүй тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9.1-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тохиолдолд Төрийн нарийн бичгийн дарга ажлын 5 өдрөөс дээш хугацааны чөлөөг тушаалаар олгодог, харин бусад тохиолдолд буюу ажлын 1 өдрийн чөлөө олгоход ямар нэг шаардлага тавьдаггүй байх тул нэхэмжлэгчийг дээрх үндэслэлээр буруутгах боломжгүй.
Гэтэл анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг буруу дүгнэж, нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзээд “...нэхэмжлэгчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр албан тушаалаас нь халах хэмжээний зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн нь буруу, нэхэмжлэгч С.Д нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ үндэслэлээр Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 335 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл зөрүүтэй гэх гомдлын тухайд, нэхэмжлэгч шүүхээр зөрчигдсөн гэж үзсэн эрхээ хэрхэн сэргээлгэх, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй.
Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг утга найруулгын алдаатай, мөн баримталсан хуулийн зүйлийг “...2 дугаар зүйлийн 27.1.3...” гэх зэргээр алдаатай бичсэн байх байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 843 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 335 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгасугай” гэж,
2 дахь заалтыг “2. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговрыг үндсэн цалингийн хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 870 767 төгрөгөөр, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 1 015 663 төгрөгөөр, төрийн алба хаасны нэмэгдлийг 15 хувиар, албан тушаалын зэрэглэлийн нэмэгдлийг 25 хувиар тус тус тооцон олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “нэхэмжлэгчийн хоол унааны зардал 1 080 000 төгрөг, “Өвөрхангай АЗЗА”, ТӨХК, “Архангай АЗЗА” ТӨХК, “Хархорин АЗЗА” ТӨХК-иудын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын цалин 3 580 725.8 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН