Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/01278

 

С.Д-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 248 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00070 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч С.Д-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаах шийдвэр гаргуулах, эд хөрөнгийн хохирлын үнэ 10 843 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Жижиг дунд үйлдвэрийн сангаас аймгийн хэрэгцээний гурил тэжээлийг дотооддоо үйлдвэрлэх гурилын үйлдвэрийг барьж байгуулахаар ХААН банкаар дамжуулан төслийн зээл авч, уг зээлийг үйлдвэрийн агуулах барилга барих, тоног төхөөрөмж худалдан авахад бүрэн зарцуулж, тухайн үед ОХУ-аас буудайн экспортод хориг тавьж, мөн түүхий эд худалдан авах эргэлтийн хөрөнгө дутагдсаны улмаас үйлдвэр зогсож 2012 оны 02 дугаар сард аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба уг үйлдвэрийг битүүмжилсэн. Нэхэмжлэгч С.Д- би ХААН банкнаас авсан 440 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан гурилын үйлдвэрийн барилга агуулах тоног төхөөрөмжөөс бусад амины 2 орон сууц, дэлгүүрийн байр бүгд 3 объектыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба албадан дуудлага худалдаагаар худалдаж дээрх зээлийн 150 сая төгрөгийг төлүүлсэн ба одоо төлбөр төлөгч би ХААН банканд 294,4 сая төгрөгийн төлбөртэй. Одоогийн байдлаар уг 294,4 сая төгрөгийн өрийн барьцаанд мэргэжлийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 206,9 сая төгрөгийн тоног төхөөрөмж, 216 кв.м талбайтай 111,9 сая төгрөгийн үйлдвэрийн барилга, 1944 кв.м талбайтай, 973,3 сая төгрөгийн үнэлгээтэй агуулах нийт 1 тэрбум 289,3 сая төгрөгийн хөрөнгө барьцаалагдаж байна.

Тус хөрөнгийг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан авах этгээд байхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдааны комиссын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр ХААН банкны үлдэгдэл төлбөр 297 578 152 төгрөгийн өрөнд уг хөрөнгүүдийг тооцон өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасныг тус тус зөрчсөн тул уг шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй.

2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн барьцаанд байгаа хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд үнэлгээний 50 хувиар бууруулсан үнээр 644 679 900 төгрөгөөр зарахаар санал болгосон ч сонирхсон этгээд байхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д зааснаар 644 679 900 төгрөгөөр төлбөртөө тооцож авахыг ХААН банканд санал болгоход төлбөр авагч татгалзсан тул мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3, 17 дугаар зүйлийн 17.1.2, 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар С.Д- надад тус хөрөнгийг буцаах асуудлыг шийдвэрлэх ёстой байтал албадан дуудлага худалдааны доод үнийг үндэслэлгүйгээр 347.1 сая төгрөгөөр бууруулж төлбөр авагчид санал болгож хууль зөрчсөн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, 36 дугаар зүйлийн 36.2, 15 дугаар зүйлийн 15.2.3, 17 дугаар зүйлийн 17.1.2, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1, 171 дүгээр зүйлийн 171.1, 171.3, 177 дугаар зүйлийн 177.4, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус үндэслэн өмчлөгч миний өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа 42 сар үргэлжилсэн хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу төлбөр төлөгч надад буцаах, өмчлөгч миний зөрчигдсөн эрхийг хамгаалах шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаартай шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч С.Д-аас 44 436 900 224 төгрөг гаргуулан ХААН банканд олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрөөс 150 400 000 төгрөг төлөгдөж, 294 478 152 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө болох Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 2592 м.кв талбай бүхий гурилын үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, 7128 м.кв газрын хамт хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчин 1 289 359 100 төгрөгөөр хураан авч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зарлахад сонирхогч хүн ирээгүй тул дахин дуудлага худалдаа явагдаагүй. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр талуудад санал болгох тухай хурал хийсэн бөгөөд талууд үнийн талаар харилцан тохиролцож чадаагүй. Хэдийгээр тус алба 4 удаагийн шүүхийн шийдвэрээр албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон боловч хуулийг ноцтой зөрчөөгүй, зөвхөн хариуцаж байгаа шийдвэр гүйцэтгэгчийн хайнга хандсанаас болж баримт бичгийн бүрдүүлэлт дутуу зэргээс хүчингүй болж байсан.

Иймд тус байгууллагаас явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 248 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар нэхэмжлэгч С.Д-ы битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаах шийдвэр гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба биелүүлсэн болохыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.1.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 4 403 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Д-д олгож, түүний илүү нэхэмжилсэн 6 440 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар С.Д-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны санхүүгээс 85 401 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00070 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 248 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ители овогт Сейтханы Даутханы хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан 10 843 200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, 3 дахь заалтын “...хэвээр үлдээж,” гэснийг “...хэвээр үлдээсүгэй.” гэж, мөн заалтын “хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны санхүүгээс 85 401 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Д-д олгосугай.” гэснийг хасаж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээж авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 990 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Үнэн хэрэг дээрээ хариуцагч Баян-Өлгий аймаг дахь ШШГА нь С.Д- миний өмчлөлийн 2010 онд шинээр барьж байгуулж ашиглалтанд оруулсан гурилын үйлдвэрийн хөрөнгийг 2012 оны 03 дугаар сард шинэхэн будаг шохойтой, бүрэн бүтэн байдалтай, гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж хэвийн ажиллагаатай байхад шийдвэр гүйцэтгэгчийн 2 ширхэг актаар хураан авч битүүмжилж ,төлбөр төлөгч С.Д- миний уг хөрөнгийг чөлөөтэй ашиглах, өмчлөх эрхийг 4 жил 6 cap хууль зүйн үндэслэлгүй, хууль бусаар хязгаарлаж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ШШГА-ны 5 удаа хууль зөрчсөн хууль бус ажиллагаагаараа саад учруулж миний өмчлөлийн гурилын үйлдвэрийн дээрхи обьектийг ШШГА-ны мэдэлд 2016 оны 11-р сарын 16-ны өдөр хүртэл 4 жил 6 сарын хугацаанд хууль бусаар байлгаж уг битүүмжилсэн обьектийн бүрэн бүтэн байдлыг хангах хадгалах үүргээ зөрчиж зохих ёсоор нь биелүүлээгүйн улмаас битүүмжилсэн обьектийн барилгын 25 ширхэг цонх хагарч, 40 метр хашаа нурж, битүүмжилсэн мөртлөө ямар ч цонхгүй болсон  байрнаас 6 ширхэг цахилгаан хөдөлгүүр алдагдаж уг битүүмжилсэн обьектэд нийт 10 843 200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэргийн газарт анхан шатны шүүхээс 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр хийсэн үзлэг, төлбөр төлөгч С.Д- миний 2016 оны 08 дугаар сард ХЗДХ-ийн Сайд С.Бямбацогтод гаргасан гомдлын дагуу ШШГЕГ-аас хийсэн албаны шалгалтын дүнгийн талаар ХЗДХЯ-ны Сайдын нэр дээр ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяраас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01\3728 албан тоотоор ирүүлсэн гомдлын хариу, аймгийн ШШГА 2012 оны 03 дугаар сард хураан авч битүүмжилсэн гурилын үйлдвэрийн хөрөнгийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн ШШГА-наас С.Д- надад буцааж шилжүүлж өгсөн “Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай” 10 тоот акт, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн үед авсан фото зураг зэрэг хэрэгт авагдсан 12 төрлийн нотлох баримтаар тус тус нотлогдож тогтоогдсон.

...Анхан шатны шүүх нь ШШГА-ны гурилыг үйлдвэрийн хөрөнгийг хураан авч битүүмжилсэн дээрхи 2 актыг нотлох баримтаар зөв үнэлж, ШШГА-ны эрх бүхий албан тушаалтан, шийдвэр гүйцэтгэгчийн хууль зөрчсөн ажиллагааны талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэлтэй дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх санаатай үгүйсгэж, анхан шатны шүүх “...шийдвэр гүйцэтгэгчийн хууль зөрчсөн ажиллагаа төлбөр төлөгчид учирсан хохирлын шалтгаант холбоо зэрэгт дүгнэлт хийгээгүй” гэсэн зохиомол утга агуулгатай албаны үүргээ зөрчиж зохих ёсоор нь биелүүлээгүй этгээд хариуцагч ШШГА-ны эрх ашгийг илтэд хамгаалж нэг талыг барьсан, хэрэгт авагдсан нотлох баримтад огт үндэслэгдээгүй буруу дүгнэлт үйлдсэнийг нэхэмжлэгч С.Д- би зөвшөөрөхгүй байна.

...Хэрэгт авагдан уг 3 нотлох баримтыг давж заалдах шүүх огт үнэлэхгүй орхигдуулж, битүүмжилсэн обьектэд учирсан хохирлыг ШШГА хариуцах ёсгүй мэтээр хууль зүйн үндэслэлгүй буруу тайлбар дүгнэлт үйлдсэнийг мөн зөвшөөрөхгүй байна. Иймд аймгийн ШШГА-наас төлбөр төлөгч С.Д- миний өмчлөлийн хөрөнгийг 2012 оны 03, 04 дүгээр сард хураан авч битүүмжилсэн 2 ширхэг акт, уг хураан авч битүүмжилсэн хөрөнгийг 4 жил 6 сарын дараа төлбөр төлөгч С.Д- надад шилжүүлсэнийг нотлох 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай” 10 тоот акт зэрэг хэрэгт авагдсан 3 төрлийн баримтыг нотлох баримтаар зөв үнэлж, шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болгохыг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна. Хэрэв хариуцагч ШШГА өөрийн актаар хураан авч битүүмжилсэн обьектийн бүрэн бүтэн байдлыг хангаж С.Д- надад бүрэн бүтэн байдалтай буцааж өгсөн бол С.Д- би ШШГА-наас эд хөрөнгийн хохирол нэхэмжлэх шаардлагагүй байсан. ШШГА нь өөрийн хураан авч битүүмжилсэн обьектийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ аваагүй, битүүмжилсэн обьектээ хадгалах албан үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй учраас уг битүүмжилсэн обьектэд 4 жил 6 сарын хугацаанд учирсан эд хөрөнгийн хохирол 40 метр нурсан хашааны үнэ 2 140 000 төгрөг, 25 ширхэг вакуум цонхны үнэ 4 320 000 төгрөг, битүүмжилсэн байрнаас алдагдсан 6 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үнэ 4 300 000 төгрөг, нийт 10 843 200 төгрөгийн хохирлыг уг хөрөнгийн эзэн С.Д- би уг обьектийг актаар хураан авч битүүмжилсэн өөрийн хураан авч актаар битүүмжилсэн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах үүрэгтэй аймгийн ШШГА-наас нэхэмжилж байна.

...Иргэн М.Төлебай гэгч этгээд төлбөр төлөгч С.Д- миний хөрөнгийг хураан авч битүүмжилсэн 2 ширхэг актыг үйлдээгүй, түүнд гарын үсэг зурж байгаагүй хуулиар тийм эрх мэдэл өөрт нь олгогдоогүй энгийн иргэн бөгөөд төлбөр төлөгч миний өмчлөлийн гурилын үйлдвэрийн обьектийг төлбөр төлөгч С.Д- надаас барьцаа хөрөнгө хураах битүүмжлэх эрх бүхий хуулийн этгээд хариуцагч аймгийн ШШГА л хураан авч битүүмжилсэн учраас уг хураан авч битүүмжилсэн гурилын үйлдвэрийн обьектийн бүрэн бүтэн байдал, харуул хамгаалалт, хадгалалтыг үүрэг бүхий этгээд аймгийн ШШГА л хуульд заасны дагуу хариуцах үүрэгтэй.

...Давж заалдах шүүх нь 2014 оны 10 сараас хойш бүтэн 2 жилийн хугацаанд ямарч цонхгүй болж харуул хамгаалалтгүй байсан гурилын үйлдвэрийн битүүмжлэгдсэн обьект дотроосоо алдагдсан 6 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үнэ 4 300 000 төгрөг, гурилын үйлдвэрийн харуул хамгаалалтгүй хашаанд хөндлөнгийн явган хүмүүс хог ачсан машин байнга орж гарч үйлдвэрийн эзэмшлийн газарт их хэмжээний хог асгаж үйлдвэрийн эзэмшлийн газар талбайг бохирдуулсаны улмаас нурж сүйрсэн 40 метр хашааг сэргээн засварлахад шаардлагатай 800 ширхэг хөндий блок, 2 машин элс, 20 уут цемент зэрэг барилгын материалын орон нутгийн үнэ, ажлын хөлсийг тооцсон 2 140 000 төгрөгийн бодит хохирлын тооцоог  нарийвчлан шалгахгүй орхигдуулж, уг 6 440 000 төгрөгийн бодит хохирлын тооцоог үндэслэлтэй хянаж үзээгүй мөртлөө зөвхөн анхан шатны шүүхийг “хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж үндэслэлгүй буруутгаж, үндэслэх нотлох баримтгүй буруу дүгнэлт магадлал үйлдэж нэхэмжлэгч С.Д- миний нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байна.

...Мөн давж заалдах шүүх нь шүүх хурлын товын талаар нэхэмжлэгч С.Д- надад хуулиар тогтоосон зохих журмын дагуу огт мэдэгдэж байгаагүй мөртлөө нэхэмжлэгч С.Д- намайг шүүх хуралд оролцуулахгүйгээр давж заалдах шатны шүүх хурал явуулж хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөнийг анхааралд авч хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад харгалзан үзэхийг хүсч байна. ...Аймгийн шүүхийн байгууллага нэхэмжлэгч С.Д- намайг 1 жил 5 cap буюу 510 хоног чирэгдүүлж үнэн хэрэг дээрээ шүүхийн байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх эрх мэдлээрээ доромжлон дарамтлаж, хүнд суртал учруулж ирснийг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнээс анхааралд авч Баян-Өлгий аймгийн иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах шүүхийн дээрхи нөлөөлөлд автагдсан ашиг сонирхлын зөрчил бүхий ажиллагааг хохирол арилгуулах шийдвэр гаргахад харгалзан үзэхийг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна.

...Иймд Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 212\МА2017\00070 дугаартай үндэслэлгүй магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 248 дугаар шийдвэрийн 2 дахь хэсгийн “түүний илүү нэхэмжилсэн 6 440 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалтыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээс “илүү нэхэмжилсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон 6 440 000 төгрөгийн бодит хохирлыг битүүмжилсэн обьектийн бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах үүрэгтэй хариуцагч этгээд аймгийн ШШГА-наас нэмж гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж төлбөр төлөгч С.Д- миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь ШШГА-наас битүүмжилсэн обьектэд учирсан эд хөрөнгийн хохирлын үнэ 10 843 200 төгрөг гаргуулах хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Нэхэмжлэгч С.Д- нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлүүлэх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагчаас 10 952 840 төгрөгийн эд хөрөнгийн хохирол гаргуулахыг шаарджээ. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол гаргуулах дээрх шаардлагынхаа хэмжээг багасгаж 10 843 200 төгрөг болгожээ.

Нэхэмжлэлийн эхний шаардлагыг буюу битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлөх, эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаан олгох шаардлагыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул хоёр шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасан журамд нийцжээ.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх ба бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн уг дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх хохирлын талаарх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол давж заалдах шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36, 38 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн, төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах тухай Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т заасан зохицуулалт нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болохгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба болон уг байгууллагын албан хаагчдын хууль зөрчсөн буруутай ажиллагаа тогтоогдоогүй тохиолдолд гэм хор арилгуулахыг шаардах эрх үүсэхгүй юм.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00070 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН