Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                    Н.С-т холбогдох эрүүгийн

                                                                               хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, хохирогчийн өмгөөлөгч О.Мөнхболд, Б.Эрдэнэмөнх, шүүгдэгч Н.С-, түүний өмгөөлөгч А.Очбадрал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 737 дугаар магадлалтай, Н.С-т холбогдох эрүүгийн 2011014180279 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч О.А-ын гаргасан гомдлыг тус тус үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 44/1 дүгээр байрны 13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй Н.С /РД:******/.  

 

Н.С-нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн байранд хохирогч О.А-ыг албадан эрүүлжүүлэх үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг албадан эрүүлжүүлэх чиглэл, тушаалыг Н.А, Ш.Ө нарт өгч улмаар Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэж, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 14:31 цагаас 18 цагийн орчимд хохирогч Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэж улмаар уг Эрүүлжүүлэх, саатуулах төвөөс хохирогч О.А-ыг суллагдах хүртэлх хугацаанд хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2, 12.8, 12.9, 12.10 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Н.С-т холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгажээ.

 

Хяналтын шатны шүүхэд прокурор О.Нандинцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-т заасан үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч О.А-нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, биеэ авч яваа байдал нь хэвийн байсан талаар хангалттай нотлогдсон бөгөөд хохирогчийг Эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэгдэж улмаар уг эрүүлжүүлэх, саатуулах төвөөс хохирогч О.А-ыг суллагдах хүртэл хугацаанд хүний эрх чөлөөнд халдсан болох нь бүрэн тогтоогдсон.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн талаарх гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг болон бусад нотлох баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэсэн талаараа тайлбар огт хийгээгүй. Гэрч Ш.Ө-ын мэдүүлэгт Н.С-ын шийдвэрээр эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэсэн талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд “IMG_3937” гэж хадгалсан бичлэг 4-т үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсанаар Н.С-нь хохирогчийг согтуурсан, мансуурсан эсэхийг тогтоогоогүй байж заавал эрүүлжүүлнэ шүү гэж бусад алба хаагчдад заавар чиглэл өгсөн болох нь тогтоогдож байна. Гэрч Т.У, Ө.М, Г.О, Э.Т, Н.А, Э.У, Н.Г нарын мэдүүлэг болон согтуурлын зэрэг тогтоох багажинд тодорхойлогдсон согтуурлын зэрэг 00.0 хувь байсан зэрэг нь хохирогчийг эрүүлжүүлэх, саатуулах эрх чөлөөг хязгаарлах үндэслэл тогтоогдоогүй байсан байна. Мөн бичлэгт хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болохоо удаа дараа тайлбарлаж байх бөгөөд түүний биеэ авч яваа байдал, үйл хөдлөл зэрэг нь согтуурч, мансуураагүй байсан гэдгийг гэрчүүд мэдүүлсэн.

Энэ гэмт хэргийн субьект нь эрх бүхий албан тушаалтан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч нь хуульд заасны дагуу мөрдөн шалгах, хэрэг бүртгэх, зөрчил шалган шийдвэрлэх, гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тогтоогдох бөгөөд түүнийг заавал эрүүлжүүл хэмээн тушаал заавар өгч, дараа нь гаргаад явуул гэж утсаар хэлж байгаа зэрэг нь гэм буруугийн шууд санаатай, албан тушаалын давуу байдлаа ашиглаж үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Хүнийг эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах нь хууль, журамд заасан үндэслэлээр хүний эрх, эрх чөлөөг тодорхой хугацаанд, тодорхой эрх үүргийг хязгаарлахаар буюу хүний чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байгаа зохицуулалт юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Мөн хохирогч О.А хяналтын шатны шүүхэд: “Магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хоёр шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэж, өөр өөр шийдвэр гаргасан. Гэмт этгээдийн үйлдсэн гэмт үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулалгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг биш, үйлдсэн гэмт хэргийг өршөөн хэлтрүүлж болох эсэхэд эргэлзэж байна. Өршөөл нь тухайн гэмт этгээдийн Эрүүгийн хуульд заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэлд оногдуулсан ял шийтгэлийг шүүхээс өршөөдөг болохоос гэмт хэргийг зөвтгөн сайшааж буй мэт гэмт хэргийг өршөөнө гэдэг байж болохгүй зүйл юм. Иймд анхан шатны шүүхийн ял оногдуулалгүйгээр өршөөсөн шүүхийн шийдвэр болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг дээр дурдсан шиг эрүүгийн хариуцлага оногдуулалгүй, улсын яллагчийн гаргасан ялын саналыг хэрхэн талаар шийтгэх тогтоолдоо огт дурдалгүйгээр өршөөж болдог эсэхэд хууль хэрэглээний тайлбар гаргахыг хүсье.

Мөн давж заалдах шатны шүүх Н.С-ын хэргийг Цагдаагийн албаны тухай хуулийн 23.6, 23.7-т заасныг үндэслэн цагаатган хэрэгсэхгүй болгожээ. Гэтэл мөн хуулийн 23.1-т “ Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заасан байна. Ажлын цагаар өмгөөлөгч хүн урьд бичгээр гаргасан хүсэлтээ мөрдөгчөөс нэхсэн үйл баримт нь гэмт хэрэг болж байна уу, эсхүл зөрчил болж байна уу. Өмгөөлөгч намайг зөрчил үйлдээгүй талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тогтоосон бөгөөд энэ тухай шийдвэр хэрэгт авагдсан байдаг. Шүүгдэгч нь гэмт хэрэг, зөрчлийг сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулахын тулд шаардлага тавьсан гэхээрээ ажлын цагаар, ажлаа хийж яваа өмгөөлөгчийн халдашгүй байх үндсэн эрх чөлөөнд халдаж, үзэмжээрээ саатуулж болох уу. Давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгож буй Цагдаагийн албаны тухай хуулийн дээрх заалтууд нь 23.1 дэх заалтаас эхтэй бөгөөд цагдаагийн алба хаагчийн шаардлага зөвхөн 23.1-т заасан нөхцөл байдал үүссэн үед тавигдах ёстой. Хэрэгт авагдсан баримтуудаар би гэмт хэрэг, зөрчил үйлдээгүй болох нь тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж, шүүгдэгчийг үндэслэлгүйгээр цагаатгах, ял завшуулсан. Ийм байдлаар Эрүүгийн хуулийн 13.9-д заасан гэмт хэргийг аль нэг байгууллагын материаллаг хуулиас иш татан үгүйсгэж бусдыг цагаатгаж буйд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэсэн гомдлыг гаргажээ.    

 

Хохирогчийн өмгөөлөгч О.Мөнхболд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх “гэмт хэрэг үйлдсэнийг эргэлзээгүйгээр нотлоогүй” гэх байдлаар дүгнэлт хийсэн. Гэтэл магадлалын 16 дугаар талд “нотолбол зохих асуудыг шалгаж тодруулсан” гэх зөрүүтэй дүгнэлт хийсэн. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журам №629-ийн 7.3 дахь заалтыг үндэслэл болгож шүүгдэгчийг цагаатгасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-т заасан шаардлага нь хууль ёсны байх ёстой бөгөөд хууль бус шаардлагыг биелүүлэхгүй байх эрх ямар ч субъектэд байгаа. Миний үйлчлүүлэгч О.А-ын хувьд өмгөөлөгч учир мөрдөн байцаагч, прокуроруудтай маш олон удаа уулздаг, улмаар санал зөрөлдөх, муудалцах асуудал зөндөө гардаг. Тэр болгонд эрүүлжүүлэхэд хийж болох эсэх, “драгер үлээ” гэх шаардлага нь хууль ёсны шаардлага мөн эсэх асуудлууд бий. Мөн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд драгер үлээхээс татгалзсан этгээдийн шинж байдлыг харгалзан эрүүлжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр заасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс ямар ч шаардлагыг биелүүлэх үүрэгтэй мэтээр тайлбарласан нь хуулийг явцууруулсан гэж үзэж байна. 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг орчимд тухайн хэрэг учрал болсон бөгөөд зөрчлийг нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай, илэрмэгц шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал огт байгаагүй. Хохирогч, шүүгдэгч нарын хооронд маргаан болох үед Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэд хэдэн албан хаагч маргааныг зохицуулахаар орж ирсэн ба зөрчил шалгах шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл шүүгдэгчийн зүгээс “архи үнэртэж байна, аваад яв” гэсэн байдлаар хандсан нь хууль зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Мөн хохирогчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх “О.А драгер үлээхээс хэд хэдэн удаа татгалзсан. Тэгэхээр согтууруулах ундаа хэрэглэсэн” гэх итгэл үнэмшлээр магадлал гаргасан гэж харж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “энэ хуулийн 32.1-д заасны дагуу шалгуулахаас татгалзсан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл тухайн хүнээс шинжилгээнд зориулж дээж авч болно” гэж зааснаас харахад О.А драгер үлээхээс татгалзах эрхтэй. Тэгэхээр Н.С-нь Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна. О.А-ын хувьд тухайн өдөр Улсын Дээд шүүхэд хуралд суусан, миний бие үдийн цайнд хамт орсон, ямар ч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Иймд хохирогчийн гомдлыг хангаж өгнө үү” гэв.

 

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:Хохирогч О.А, шүүгдэгч Н.С нарын хооронд эрүүгийн хэрэгт гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй гэдгээс шалтгаалан маргаан үүссэн. Улмаар О.А-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүлжүүлэх байранд хүргүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журам №629-ийн 7.3-т согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай, илэрмэгц шийдвэрлэх боломжгүй тохиолдолд согтолтын хэмжээг харгалзахгүй эрүүлжүүлэх байранд хүлээн авна гэж заасан ба Н.С зөрчил шалгах шийдвэрлэх эрх бүхий этгээд биш. Харин зөрчлийн талаар гомдол гаргасан хохирогч бөгөөд зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн тогтоол хэрэгт авагдсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө” гэж заасан ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээр хохирогч О.А өөрийгөө удирдах чадвартай байсан нь нотлогдсон буюу эрүүлжүүлэх үндэслэл тогтоогдоогүй байсан байна. Хохирогч О.А нь бусдын эрх ашгийг хамгаалж цагдаагийн албан хаагчид шаардлага тавьсны төлөө хууль бус шаардлага тавьж, эрх чөлөөнд нь халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.С өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, хохирогчийг зөрчил үйлдсэн хэмээн дүгнэж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүлжүүлэх байранд хүргэх, гаргах бүхий л үйл ажиллагааг удирдан явуулсан нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдаагүй гэмт хэргээр гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Баривчлах, саатуулах хууль тогтоомж зөрчсөнөөс хүний эрх чөлөөнд халдсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангах болохоос эрүүлжүүлэх хууль тогтоомж зөрчсөн гэж хуульчлаагүй. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар мөн хуулийн тусгай ангид заагдаагүй гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн гарчиг, зүйл, хэсэгт эрүүлжүүлэх хууль тогтоомж зөрчсөн гэж байхгүй байтал “эрх чөлөөнд халдсан” гэх хэсгийг таслан авч Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Хохирогчийн өмгөөлөгч нар болон прокурорын зүгээс Н.С-идэвхтэй үйлдлээр О.А-ыг эрүүлжүүлэхэд хийсэн мэтээр тайлбарлаж байна. Гэтэл хэрүүл үүссэний дараа хэв журам сахиулагч цагдаа ирээд О.А-аас архи үнэртэж байгаа талаар хэлсэн бөгөөд О.А-ыг авч явахад Н.С өрөөндөө үлдсэн. О.А-ыг машинд суухаас өмнө, эрүүлжүүлэхэд очсоны дараа, эмчид үзүүлэх үед драгер үлээхийг хүссэн боловч үлээгээгүй. Эмч үзлэг хийх үед архи үнэртэж байсан талаарх мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэтэл анхан шатны шүүх харилцан зөрүүтэй хоёр баримтын нэгийг авахдаа нөгөөг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй учир шийтгэх тогтоолд заасан хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй учир давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Эрүүлжүүлэх байрны эмч Г.Оюунжаргал О.А-аас “эрүүл байсан юм бол тэндээ үлээчихээд явж болоогүй юм уу” гэж асуухад “мөрдөгчөө унагахын тулд үлээгээгүй” гэх зүйлийг ярьсан гэж мэдүүлсэн байдаг. Мөн эрүүлжүүлэх байранд байсан хөдлөнгийн гэрчүүд дээрх байдлаар мэдүүлсэн. Үнэхээр эрүүл байсан бол цагдаагийн байгууллагын гадаа драгер үлээгээд л явчих боломж байсан. Гэтэл энэхүү процессыг бүхэлд нь хохирогч бүрдүүлсэн буюу 6 цагийн дараа драгер үлээсэн үйл баримт хэрэгт авагдсан. Н.С идэвхтэй үйлдлээр О.А-ыг эрүүлжүүлэхэд хийсэн зүйл байхгүй. Цагдаагийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-т зааснаар цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх эрхтэй. Хохирогчийг үйлдлийг зөвтгөх үндэслэл тогтоогдоогүй. Шүүгдэгч Н.С эрүүлжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй үйлдлээр оролцоогүй, дараагийн байгууллагад шилжүүлээд үлдсэн нөхцөл байдал тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах үндэслэлгүй. Прокурор болон хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс болсон үйл явдлын талаар ярихаас биш магадлалыг үгүйсгэх тайлбар хэлэхгүй байгаа учир хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хяналтын прокурор О.Нандинцэцэгийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч О.А-ын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.С-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

 

Н.С нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн байранд хохирогч О.А-ыг албадан саатуулах болон эрүүлжүүлэх үндэслэл тогтоогдоогүй байхад чиглэл, тушаал өгч Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэж, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 14:31 цагаас 18 цаг орчим хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвд албадан хүргэж, эрх чөлөөг нь хууль бусаар хязгаарласан үйл баримтыг анхан шатны шүүх тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн жинхэнэ байдалд эргэлзэхэд хүргэхээр процессын алдаа гаргасан, оролцогчийн эрхийг хязгаарласан явдал гаргаагүй байна.

 

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагджээ.

 

Тогтоогдсон үйл баримтыг анхан шатны шүүх эрх зүйн талаас дүгнэхдээ шүүгдэгч Н.С нь хууль бус тушаал, чиглэл өгч хохирогч О.А-ын эрх чөлөөг эрүүлжүүлэх байранд хязгаарласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар баривчлах, саатуулах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй нотлогдож чадаагүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн түүнийг цагаатгасан байна.

 

Тухайлбал, О.А согтуурлын зэргээ шалгуулахаас зайлсхийсэн тул Н.С нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 629-ийн 7.3 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай, илэрмэгц газар дээр нь шийдвэрлэх боломжгүй тохиолдолд согтолтын хэмжээ хамаарахгүй эрүүлжүүлэх байранд хүлээн авна” гэснийг хэрэгжүүлсэн, мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан учир албадан гүйцэтгэж гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх ажиллагаа явуулсан гэж дүгнэжээ.

 

Давж заалдах шатны шүүх цагдаагийн байгууллагын зүгээс О.А-ын тухайд албадан эрүүлжүүлэх болон саатуулах ажиллагааны алийг явуулсан, хууль зүйн үндэслэл байсан эсэх талаар бодитой дүгнэлт өгч чадаагүй, Н.С-ыг хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулсан гэсэн атлаа хэргийн байдал нотлогдоогүй талаар зөрчилтэй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь эрх зүйн алдаатай шийдвэр болсон гэж хяналтын шатны шүүх үзэв.

 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсон нь эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөх шалтгаан болохоор заасан тул О.А-т холбогдуулан албадан эрүүлжүүлэх ажиллагааг дангаар явуулах хууль зүйн үндэслэлгүй байсан болох нь хэргийн үйл баримтаас тодорхой байна.

 

Харин О.А нь гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, холбогдож болзошгүй бол Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах зорилгоор цагдаагийн албан хаагч шаардлага тавьж болох ба шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол мөн зүйлийн 23.7-д зааснаар албадан гүйцэтгэж хариуцлага хүлээлгэхээс гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан бол Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 629-ын 7.3-т зааснаар зөрчлийг нотлох баримт бүрдүүлэх зорилгоор согтолт харгалзахгүй эрүүлжүүлэх байранд хүргэж болохоор зохицуулсан.

 

Согтууруулах ундаа хэрэглэсэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон этгээдийг нотлох баримт бүрдүүлэх, холбогдсон хэрэг, зөрчлийн талаар тайлбар авах зорилгоор эрүүлжүүлж буй нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх үйл ажиллагаанаас ялгаатай тул согтолтын зэрэг харгалзахгүй эрүүлжүүлэх байранд хүлээн авах ба ингэснээр хэрэг, зөрчилд холбогдсон этгээдийг саатуулах ажиллагаа эхэлсэн гэж үзнэ. Тухайн тохиолдолд О.А-ын гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байдал нь цагдаагийн албан хаагчийн зүгээс дээрх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэл болох ёстой байсан.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар энэ хэргийн шүүгдэгч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр хохирогч О.А нь ажиллаж байсан бөгөөд нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргах асуудлаар санал зөрж ажил хэргийн шинжтэй маргаан үүсгэснийг шаардлага эсэргүүцсэн гэж мөрдөгч Н.С үзэж, албан тушаалын давуу байдлаа ашиглан О.А-ыг албадан эрүүлжүүлэх чиглэл, тушаалыг өгч эрх чөлөөнд нь халдан саатуулсан байна.

 

Хэргийн сэдэлт, зорилгыг гэмт хэрэг үйлдэгчийн үг, биеийн хэлэмжээс гадна үйлдлийн дараалал, шинж чанарыг үр дагаварт хүргэсэн байдал, цаг хугацаанд харьцуулан дүгнэх замаар тогтоож болох тул прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд дурдсанаар Н.С нь О.А-ыг “бусдын эрх ашгийг хамгаалж цагдаагийн албан хаагчид шаардлага тавьсны төлөө ... зөрчил үйлдсэн хэмээн дүгнэж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүлжүүлэх байранд хүргэх, (хожим) гаргах бүхий л үйл ажиллагааг удирдан явуулсан” гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг баталгаажуулан хамгаалсан тул хууль бусаар баривчлах, саатуулах зэргээр хүний эрх чөлөөг орон зай, цаг хугацаанд хязгаарласан аливаа үйлдлүүд нь  эрүүгийн эрх зүйн энэхүү хоригт хамаарна гэж үзнэ. Иймд хамгаалагдсан эрхийг эрх бүхий этгээд зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар хязгаарлах учиртай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур, тухайлбал хувийн болон албаны таарамжгүй харьцааны улмаас үзэмжээр, дур зоргоор хэнийг ч баривчилж саатуулж хорьж болохгүй.

 

Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуулийг үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэв.

 

Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн гаргасан гомдлыг тус тус хүлээн авч шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэв.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 737 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

 

                                                ДАРГАЛАГЧ                                             Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧИД                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН