Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 215/МА2022/00028

 

2022 оны 09 сарын 23 өдөр                                            Дугаар 215/МА2022/00028


********* хадгаламж зээлийн
хоршооны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Ш.Баттогтох, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 133/ШШ2022/00333 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ********* ХЗХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ********* сумын ****** баг, ** - ** тоотод оршин суух, Ж овогт Т.Ц,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******** сумын ****** багийн ** - ** тоотод оршин суух, Б овогт Д.Б нарт холбогдох,
Үндсэн зээлийн төлбөр 4.904.202 төгрөг, зээлийн хүү 7.503.428 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт 12.437.630 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Т.Ц, түүний өмгөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.


1. Нэхэмжлэгч ****** хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******** хадгаламж зээлийн хоршоо нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн Т овогтой Ц-тэй №0** тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж, 5.000.000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай нотариатаар гэрээг батлуулан олгосон. Т.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 223.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 40.500 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 223.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 223.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 471.473 төгрөг, нийт 1.180.973 төгрөг төлсөн. Зээлийн хугацаа хэтэрсэн өдрөөс хойш удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 4.904.202 төгрөг, зээлийн хүү 7.503.428 төгрөг, тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт төлбөр 12.437.630 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 213.952 төгрөг байгаа тул Т.Ц, Д.Б нарын зээлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгө болон бусад орлого, бусад хөрөнгийн эх үүсвэрээс гаргуулах хүсэлтэй байна. Иймд бүрдүүлсэн материалыг үндэслэн иргэн Т.Ц-ээс зээлийн үндсэн төлбөр 4.904.202 төгрөг, зээлийн хүү 7.503.428 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт төлбөр 12.437.630 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 213.952 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас 2019 оны 02 дугаар сарын 25-нд 5.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, жилийн 60 хувийн хүүтэй авсан. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 28-нд 223.000 төгрөг хүүгээс нь төлөгдсөн. 2019 оны 03 дугаар сарын 29-нд үндсэн зээлээс 40.500 төгрөг төлөгдсөн. 2019 оны 04 дүгээр сарын 25-нд 223,000 төгрөг төлсөн, 2019 оны 5 дугаар сарын 30-нд 223.000 төгрөгийг төлсөн, 2019 оны 06 дугаар сарын 27-нд 471,473 төгрөгийг төлсөн. Энэ 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ямар ч зээл төлөгдөөгүй бараг 4 жил болж байна. 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хүүг нэхэмжилсэн. 2022 оны хүү огт ороогүй. Гэрээний дагуу зээлээ төлсөн бол хүү үндсэн зээлээрээ төлөгдөх байсан. Гэрээний дагуу төлж яваагүй хугацаа хэтрэлттэй явж байсан учраас хүү өдөр тутам бодогдоод явж байгаа гэжээ.

3. Хариуцагч Т.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т овогтой Ц нь 2019 оны 02 дугаар сарын 25-нд ********* ХЗХ-оос 5.000.000 төгрөгийг гэрээ хийн авсан. Гэвч 2019 оны 12 дугаар сард зээлээ төлж дуусган хаахаар очтол нийт төлөх төлбөр 10,200,000 төгрөгөөр хаагдахаар байна гэхээр нь тэгж төлөх боломжгүй гээд өдий хүрсэн. Иргэн Д.Б 500,000 төгрөг, үндсэн зээлдэгч миний бие 4.500.000 төгрөгийг тус тус авсан. Иймд үндсэн зээлээс давсан хүүг төлөх боломжгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Ж овогт Т.Ц, Б овогт Д.Б нараас үндсэн зээлийн төлбөрт 4.904.201.80 төгрөг, хүүгийн төлбөрт 1.898.906.9 төгрөг, эвлэрүүлэн зуучлах төвийн өргөдлийн хураамж 30.000 төгрөг, нийт 6.833.108.7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********* ХЗХ-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зээлийн хүүд 5.604.521.3 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213.952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 6.833.108.7 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 124.280 төгрөгийг хариуцагч Ж овогт Т.Ц, Б овогт Д.Б нараас гаргуулан нэхэмжлэгч ********* ХЗХ-нд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 133/ШШ2022/00333 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Тус шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтаар буюу хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, зээлийн хэтэрсэн хугацааны хүүг буруу бодож, тус нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 85/ЗГ дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн огноотой 85/БГ дугаартай Барьцааны гэрээг тус тус хариуцагч Т.Ц, Д.Б нартай байгуулан, 5.000.000 төгрөгийг, сарын үндсэн болон хэтэрсэн хугацааны 5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Гэвч зээлдэгч Т.Ц, хамтран зээлдэгч Д.Б нар нь уг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй учраас Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зээлдэгч нарт холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 4.904.202 төгрөг, зээлийн хүүнд 7.503.428 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал 30.000 төгрөг, нийт 12,437,630 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Анхан шатны шүүх тус хэргийг хянан хэлэлцээд үндсэн зээлийн төлбөрт 4.904.202 төгрөг, зээлийн хүүнд 1,898,906.9 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамж 30.000 төгрөг, нийт 6,833,108.7 төгрөгийг хариуцагч Т.Ц-ээс гаргуулж, зээлийн хүүний төлбөрөөс 5.604.521.3 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Уг зээлийн хүүгийн төлбөрийн зарим хэсэг буюу 5.604.521.3 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж хэлсээр байхад зээлийн хүүгийн үнийн дүнг буруу тодорхойлж зээлдэгч нарын хугацаа хэтэрсэн хүүг огт тооцохгүйгээр зээлийн эргэн төлөлтийг хэвийн журмаар, хуваарийн дагуу хийсэн тохиолдолд төлөгдөх ёстой байсан хүүгийн дүнгээр тооцож шийдвэрлэсэн нь бодит үнэнтэй нийцэхгүй байна. Мөн зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр гаргуулах шаардлагын тухайд: 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №85/БГ дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан ба уг барьцааны гэрээний барьцааны зүйл нь ***** гэрчилгээний дугаартай *** *** УНХ улсын бүртгэлийн дугаартай ***** маркийн автомашин нь барьцааны гэрээнд тусгагдсан байгаа мөн 52****** гэрчилгээний дугаартай, 06******** улсын бүртгэлийн дугаартай Говь-Алтай аймгийн ********* сумын *** дүгээр баг ******* багийн нутагт орших орон сууцны газар байгаа бөгөөд уг газар үндсэн зээлдэгч Т.Ц-ийн эзэмшлийн гэх гэрчилгээгээр нотлогдох тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Зээлдэгч нар нь авсан зээл болоод зээлийн хүүгийн төлбөрөө эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааны дагуу төлөөгүйн улмаас зээлийн үндсэн төлбөрөөс огт хасагдаагүй бөгөөд зээлийн хүү нь эхний сард төлөгдөх ёстой байсан төлбөр дараагийн сард мөн адил дүнтэй нэмэгдэн хуримтлагдаж байгааг, мөн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 85/ЗГ дугаартай Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд Зээлийн ерөнхий нөхцөлийн талаар тодорхой заасан бөгөөд тус зүйлийн 3.1.2-т Зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү сарын 5 хувь, жилийн 60 хувь гэж тодорхой тусгасан учир зээлийн үндсэн болоод хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нэмж нэгтгэн бодож нэхэмжлээгүй буюу зээлдэгч нарын зээлийн төлөлт хийгдсэн 2019 оны 06 сарын 27-ны өдрөөс хойших 2021 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хүүг нэхэмжилсэн. 2022 оны хүү огт ороогүй талаар анхан шатны шүүхэд тайлбарласан боловч огт анхаарч үзээгүй байна.

Зээлдэгч Т.Ц, Д.Б нараас зээлийн хүүгийн төлбөрийг дараах байдлаар нэхэмжилсэн. Үүнд:
2019.02.25-ны өдөр 5.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар 5 хувийн
хүүтэйгээр авсан.
Үндсэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь:
2019.03.25-нд зээлийн хүүнд 233.333.3 төгрөг, нийт 5.000.000 төгрөг,
2019.04.25-нд зээлийн хүүнд 258.333.3 төгрөг нийт 5.000.000 төгрөг,
2019.05.25-нд үндсэн төлбөр 1.250.000 төгрөг, хүүнд 250.000 төгрөг нийт 3.750.000 төгрөг,
2019.06.25-нд үндсэн төлбөр төгрөг, хүүнд 193.750 төгрөг нийт 3.750.000 төгрөг,
2019.07.25-нд үндсэн төлбөр төгрөг, хүүнд 187.500 төгрөг нийт 3.750.000 төгрөг
2019.08.25-нд үндсэн төлбөр 1.250.000 төгрөг, хүүнд 193.750 төгрөг нийт 2.500.000 төгрөг
2019.09.25-нд үндсэн төлбөр төгрөг, хүүнд 129.166.7 төгрөг нийт 2.500.000 төгрөг
2019.10.25-нд үндсэн төлбөр төгрөг, хүүнд 125.000 төгрөг нийт 2.500.000 төгрөг
2019.11.25-нд үндсэн төлбөр 1.250.000 төгрөг, хүүнд 129.166.7 төгрөг нийт 1.250.000 төгрөг
2019.12.25-нд үндсэн төлбөр төгрөг, хүүнд 62.500 төгрөг нийт 1.250.000 төгрөг
2020.01.25-нд үндсэн төлбөр төгрөг, хүүнд 64.583.3 төгрөг нийт 1.250.000 төгрөг
2020.02.25-нд үндсэн төлбөр 1.250.000 төгрөг, хүүнд 64.583.3 төгрөг нийт 0 төгрөг
Нийт үндсэн төлбөр 5.000.000 төгрөг, хүүнд 1.891.666.7 төгрөг нийт 6.891.666.7 төгрөг төлөөд гэрээ дуусгавар болох байсан.

Гэвч Ковид-19 цар тахлын улмаас зээлдэгч нарт хүндрэл учруулахгүйн улмаас зээлийн нэмэгдүүлсэн хүүг огт аваагүй. Манай байгууллагаас зээл хугацаа хэтэрсэн өдрөөс хойш зээлээ төлөх шаардлага тавьж ярьж Т.Ц-ийн ажил дээр удаа дараа очиж байсан боловч төлнө гэж явсаар өдийг хүрсэн. Хамтран зээлдэгч Д.Б-ийн утас холбогдохгүй, хаяг тодорхойгүй болоод манай байгууллага нь эрэн сурвалжлуулах ажиллагаа явуулаад хугацаа алдсаар байсан байгаа. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болоод үндсэн хүүгийн төлбөрийг төлөөгүй учраас хүү хуримтлагдсан бөгөөд зээлийн үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү нь сарын 5 хувийн хүүтэй байхаар гэрээнд заагдсан учир нэмж нэгтгэн дараах байдлаар тооцон нэхэмжилсэн.
2019.03.28-нд зээл авснаас хойш 56 хоногийн дараа 223.000 төгрөгийг Т.Ц нь төлсөн.
Уг 223.000 төгрөгөөс үндсэн зээлээс 0 төгрөг, хүүнд 223.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг төлөгдсөн
Үндсэн зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг үлдсэн.
2019 оны 03 сарын 29-ний өдөр 40.500 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 40.500.000 төгрөгөөс үндсэн зээлээс 486 төгрөг, хүүнд 40.014 төгрөг төлөгдсөн.
Үндсэн зээлийн үлдэгдэл 4.999.514 төгрөг үлдсэн.
2019 оны 04 сарын 25-ны өдөр 223,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс үндсэн зээлээс 1.104 төгрөг, хүүнд 221.896 төгрөг төлөгдсөн.
Үндсэн зээлийн үлдэгдэл 4,998,409.71 төгрөг үлдсэн.
2019 оны 05 сарын 30-ны өдөр 223,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс үндсэн зээлээс 0 төгрөг, хүүнд 210.482 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 12.518 төгрөг төлөгдсөн.
Үндсэн зээлийн үлдэгдэл 4.998.409.71 төгрөг үлдсэн.
2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 471.473 төгрөг төлсөн бөгөөд үүнээс үндсэн зээлээс 94.208 төгрөг, хүүнд 307.162 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70.103 төгрөг төлөгдсөн.
Үндсэн зээлийн үлдэгдэл 4.904.201.80 төгрөг үлдсэн.
2019.06.27-ноос хойш ямар ч төлбөр төлөгдөөгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 2019.06.27-2021.12.31-ний өдөр хүртэл нийт 918 хоногийн хугацаа хэтэрсэн зээлийн үндсэн болоод хүүгийн төлбөр огт төлөгдөөгүй.
2020 оны 04 сарын 01-нээс хойш цар тахалтай холбогдуулан хугацаа хэтэрсэн зээлд нэмэгдүүлсэн хүү огт тооцоогүй болно.
Гэвч анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг буруу тодорхойлон дүгнэсэн буюу зээлийн эргэн төлөлт хэвийн журмаар, хуваарийн дагуу төлөгдөөгүй байхад хэвийн төлөгдсөн хуваарийн дагуу төлөгдөх ёстой байсан дүнгээр тооцон нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн төлбөрийн 5.604.521.3 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 133/ШШ2022/00333 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч ********* хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Т.Ц, Д.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 4.904.202 төгрөг, зээлийн хүү 7.503.428 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт 12.437.630 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Ц нь уг зээлийн гэрээний дагуу 5.000.000 төгрөгийг зээлээр авсан дээр маргаагүй бөгөөд харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талууд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 085/ЗГ дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ********* хадгаламж зээлийн хоршоо нь 5.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар олгох, Т.Ц нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцлийг тус тус тохиролцсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болохыг зөв дүгнэсэн хэдий ч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлдэгчийн сүүлийн төлөлт хийсэн өдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тооцож, хариуцагч Т.Ц, Д.Б нараас үндсэн зээл 4.904.202 төгрөг, хүү 1.898.907 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын хураамж 30.000 төгрөг, нийт 6.833.109 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 5.604.521 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хариуцагч Т.Ц нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээгээр тохирсон хуваарийг зөрчсөн, ********* хадгаламж зээлийн хоршооны зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг зээлийн гэрээний хугацаа дууссанаас шаардаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны баримтаар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч ********* хадгаламж зээлийн хоршоо нь 3 сарын дараа зээлийг төлүүлэхээр эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан байна.

Хариуцагч нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл зээлээ төлж байгаад түүнээс хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй явсаар 2019 оны 12 дугаар сард зээлээ төлж дуусган хаахаар очиход нийт төлөх төлбөр 10.200.000 төгрөгөөр хаагдахаар байна гэхэд нь тэгэж төлөх боломжгүй гээд түүнээс хойш төлөлт хийгээгүй гэж мэтгэлцэж байгаа бөгөөд хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлоогүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ********* хадгаламж зээлийн хоршоо, хариуцагч Т.Ц, Д.Б нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3.1.2 дахь хэсэгт зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү нь сарын 5 хувь, жилийн 60.0 хувь байхаар, 4.4 дэх хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй, 4.9 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд зээлийн өрийн үлдэгдлээс үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр заасан байна.

Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл өр, зээлийг ашигласан хугацааны хүүг шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 4.904.202 төгрөг, зээлийн хүү 7.503.428 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт 12.437.630 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч ********* хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч сайн дураараа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй байна.

Үүнтэй холбоотой нэхэмжлэгч ********* хадгаламж зээлийн хоршооны гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний 2.1 дэх хэсэгт зээлдэгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлдүүлэгчийн шаардлагыг хангуулахаар гэрээнд заасан Говь-Алтай аймаг ********* сум *** дүгээр баг ******** байрлах 5****** гэрчилгээний дугаартай орон сууцны газар, 2******* гэрчилгээний дугаартай, ** ** УНХ улсын дугаартай, ******** маркийн тээврийн хэрэгсэл зэргийг барьцаалсан байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хангах, мөнгөн төлбөрийн шаардлагыг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны зүйлийг худалдах, борлуулах замаар шаардлагаа хангуулах эрхтэй байна.

Хариуцагч Т.Ц нь үндсэн зээл, хүүгийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд дээр дурдсан барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч ********* ХЗХ-ны давж заалдах гомдлыг хүлээн авч, үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 133/ШШ2022/00333 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дор дурдсан өөрчлөлт оруулсугай.

Үүнд: а. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 гэсний дараа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 гэж нэмж, үндсэн зээлийн төлбөрт 4.904.201.80 төгрөг, хүүгийн төлбөрт 1.898.906.9 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт 6.833.108.7 төгрөгийг гэснийг ...үндсэн зээлийн төлбөрт 4.904.202 төгрөг, хүүгийн төлбөрт 7.503.428 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт төлбөр 12.437.630 төгрөг... гэж,

б. 2 дахь заалтын ...улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1... гэж, ...нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 6.833.108.7 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 124.280 төгрөгийг... гэснийг, ...нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 12.437.630 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 213.952 төгрөгийг хариуцагч Т.Ц, Д.Б нараас гаргуулж нэхэмжлэгч ********* ХЗХ-д олгосугай... гэж,

в. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.3 дахь хэсэгт зааснаар харицагч нар нь төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Говь-Алтай аймаг ********* сум *** дүгээр баг ********** байрлах 5******** гэрчилгээний дугаартай орон сууцны газар, ** - ** УНХ улсын дугаартай, 2******* гэрчилгээний дугаартай, ********** маркийн тээврийн хэрэгсэл зэргийг журмын дагуу албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэсэн нэмэлт заалт оруулж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124.280 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.ЭНХТӨР

                        ШҮҮГЧИД                        Ш.БАТТОГТОХ

                                                                         Т.ЖАРГАЛСАЙХАН