| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 00000000 |
| Дугаар | 223/МА2024/00028 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 223/МА2024/00028
2024 10 03 223/МА2024/00028
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШШ2024/00603 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 01 дүгээр баг, өөрийн байранд оршин байгаа, регистрийн дугаар ........, ".........." ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........ аймаг, ........... сум 01 дүгээр баг, ............. тоотод оршин суух, НЭ.......... регистрийн дугаартай,.......... овогт ..................,
Хариуцагч: ........ аймаг, ........... сум 01 дүгээр баг, ............. тоотод оршин суух, НЭ.......... регистрийн дугаартай,.......... овогт .................., нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 66,375,142.88 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ............. дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Сонинбайгалийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Цэнгэлсүрэн, Х.Соёлмандах,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А,
Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Сонинбайгаль /цахимаар/,
Нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ......... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Л.О, хамтран зээлдэгч М.Мнар нь Төрийн банкны Төв аймаг дахь салбараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөгийг жилийн 18 хувь /сарын 1.5 хувь/-ийн хүүтэй, 40 сарын хугацаатай, ....... тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч Л.Онь Зуунмод суманд .........нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг байсан бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу төлж, 2020 оны 4 дүгээр сараас зээлээ хугацаанд нь төлөхгүй болсон. Иймд зээлдэгчтэй байнга утсаар холбогдож зээлээ төлөхийг шаардсан, мөн зээлээ төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ төлөхгүй байгаа.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зээлдэгч зээлээ төлөх сонирхолгүй, ямар нэгэн зээлийн төлөлт хийгдэхгүй байгаа тул ......-аас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зардлыг гаргуулан авах нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээг цуцалж, зээлийн хүүг зогсоолгон, зээлийг эргүүлэн татах хүсэлт гаргаж байна.
Иймд ......-ны зээлдэгч Л.О, хамтран зээлдэгч М.Мнараас 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 48,046,252.06 төгрөг, хуримтлагдсан хүү 17,765,751.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 500,138.88 төгрөг, нотариатын зардал 63,000 төгрөг, нийт 66,375,142.88 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлыг төлүүлж өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ашүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.О, хамтран зээлдэгч М.Мнар нь Төрийн банкны Төв аймаг дахь салбараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай, №....... тоот зээлийн гэрээг байгуулан авсан. 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу хугацаанд нь төлж байсан ч 2020 оны 4 дүгээр сараас эхлэн зээлээ төлөхөө больсон. Төрийн банкны зүгээс зээлдэгч нарт утсаар мэдэгдэж, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлээ төлөөгүй. Хариуцагч нар Р.Гшахалтаас болж зээлийн гэрээ байгуулж, зээлийг авсан гэж тайлбарлаж байна. Төрийн банк нь өөрөө зээлийн хороотой, тус хороо нь 7 гишүүнтэй, зээл олгохдоо зээлийн хороогоор орж, зээлийг судалж байж зээл олгоно.
Өөрөөр хэлбэл 3-4 шат дараалсан процесс ажиллагаатай. Банкны салбарт нэг хүний дарамт, шахалтаар зээл олгодог зүйл байхгүй. Хэрэв ингэж явдаг байсан бол Монгол улсад банк гэх зүйл байхгүй. Өөрсдөө тухайн үед мөнгө өгсөн, авсан дээрээ ярьж тохиролцоод зээл авчхаад одоо нэг нэгэн рүүгээ чихээд, тэр ч төлнө, энэ ч төлнө гэх асуудал үүсээд байгаа юм байна гэж харж байна. Зээлдэгч Л.О, М.Мнар анхнаасаа банканд ирж өргөдлөө бичиж, зээлийн гэрээгээ байгуулан гарын үсгээ зурсан ба хүн рүү шилжүүлсэн мөнгөний баримтад хүртэл гарын үсэг зурсан байгаа. Энэ зээлийн хохирогч нь ......, Р.Г, М.Мнар нэг ч төгрөг төлөөгүй. ...... нь энэ зээлд 100 хувь эрсдэлийн сан байгуулчихсан, хохироод явж байна. Зээлээр олгосон мөнгийг өөрөө төлөх эсэх, Р.Гад өгөх эсэх нь хувь хүний асуудал, зээл гарах процесс Төрийн банкны зээл олгох журмын дагуу явагдсан. Иймд зээлдэгч Л.О, хамтран зээлдэгч М.Мнараас 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 48,046,252 төгрөг, зээлийн хүү 17,765,751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 500,138 төгрөг, нотариатын зардал 68,000 төгрөг, нийт 66,375,143 төгрөгийг гаргуулж, ...... -д олгож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Цшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...... ХХК-ийн зээлийн үйл ажиллагааг харсаар байж зогсоогоогүй, зээлийг олгосон гэх зүйл ярьж байна. Нэгдүгээрт зээлийг авахгүйгээр зогсоох боломж хариуцагч нарт байсан. Яагаад гэхээр өөрсдөө материалаа бүрдүүлж өгөөгүй бол зээл судлагдахгүй. Тэгэхээр хариуцагч нар материалаа бүрдүүлж өгснөөр зээлийн судалгаа эхэлсэн байна. Хоёрдугаарт зээлийн хороонд Р.Г ганцаараа сууж байснаар нөлөөлж зээл гарахгүй, манай зээлийн хорооны үйл ажиллагааны журмаар 7 хүний саналаар зээл олгох шийдвэр гардаг. Гуравдугаарт зээл олгох шийдвэр гарсны дараа буюу зээлийн гэрээнд харилцагч ирж, гарын үсэг зурахгүй бол зээлийн гэрээ хүчин төгөлдөр байж чадахгүй. Мөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр Л.Онарын ээж нь буюу Н.А гарын үсэг зурж зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр ганцхан банк гэлтгүй тухайн үед зээлдэг, хамтран үүрэг гүйцэтгэгч нар Р.Гтай холбоотой гомдол гаргасан бол зээл олгогдохгүй байсан гэж харж байгаа. Мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Р.Гтай холбоотой гаргасан гомдлыг Төрийн банкны хянан шалгах хороо дүгнээд акт гаргасан тул тухайн гомдлыг банк хянан шийдвэрлэсэн гэж үзэж байгаа” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцож байна. Тусгайлан гаргах тайлбар байхгүй” гэжээ.
5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн банкны үндсэн зээлийн үлдэгдэл 48,046,252.06 төгрөгийн 39,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ...... ХХК-ийн Төв аймаг дахь салбарын тооцооны төв хариуцсан менежер Р.Г нь намайг болон миний гэр бүлийн гишүүдийг удаа дараа айлган сүрдүүлж, бидний амь насанд заналхийлж, элдвийн дарамт шахалт үзүүлж, худлаа ярьж, эгчийнхээ авсан зээлийг төл гэж шахаж шаардаж, элдвээр айлган сүрдүүлж, хэл амаар доромжилж, намайг зээл авахаас өөр сонголтгүй болтол хүчинд автуулан, тэрээр албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан, миний нэр дээр 50,000,000 төгрөгийн зээл гаргаж, түүнээс Р.Г нь өөрөө 39,000,000 төгрөгийг хувьдаа авч завшсан байдаг. Тус зээлийн гэрээг анхнаасаа хүчээр хийсэн.
Анхнаасаа зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, яагаад гэхээр ямар ч зээлийн судалгаа хийгдээгүй, баримт материал бүрдүүлээгүй, Р.Гхувьд хариуцагч нарыг зээл ав гэж айлган сүрдүүлж, дарамт үзүүлж гэрээг хүчээр байгуулсан. Би өөрийн охин Л.Оэс Р.Г яагаад зээл авахыг шаардаад байгаа талаар асуухад ... Би Р.Гаас 85,000,000 төгрөгийг өдрийн 2 хувийн хүүтэй зээлсэн юм гэж хэлж байсан. Ийнхүү Р.Г надаас анх 90,000,000 төгрөг нэхдэг байсан. Мөн үед Л.Онялх биетэй байсан ба Р.Гхувьд Л.Оюун-Эрдэнийг шөнө, орой цагаар дуудаж, дарамталж, янз бүрийн дарамт шахалт үзүүлсэн мессеж бичдэг байсан. Ингэж дарамталсаар байгаад зээл авхуулсан. Ийм хууль бус зүйл болсон талаар Төрийн банкны удирдах зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Улсын их хурлын тамгын газар зэрэг надад /өргөдөл, гомдол гаргасан/ яваагүй газар байхгүй.
Банк Р.Гбуруутай, хууль бус үйлдэл хийснийг мэдсээр байж асуудлыг шийдэж өгөөгүй, миний өргөдөлд хариу өгөөгүй. Л.Онь тухайн үед өндөр дүнтэй зээлтэй байсан, баримт материал нь бүрдээгүй, зээлийн судалгаа хийгдээгүй, бүрдэл болоогүй, банкны шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй материалаар оны эцсийн өдөр банкны дотоод гадаад гүйлгээг хаасан байхад хариуцагчийн авах сонирхолгүй зээлийг бизнесийн зээл гэх нэрээр гарган, дахин 50,000,000 төгрөгийн зээлийг нэр дээр нь нэмж, зээл, хүүгийн асар их дарамтад оруулсан бөгөөд эгчид нь олгосон 85,000,000 төгрөгийн зээлээс хаах нэрээр 39,000,000 төгрөгийг Р.Г нь миний данснаас огт таньж мэдэхгүй н.Ариунболд гэх хүн рүү өөрөө банкны ахлах теллерээр шилжүүлэг хийлгэж, дураараа авирлан, хувьдаа авч завшсан. Гэтэл тэрээр 85,000,000 төгрөгийг эгч Л.Охарилцах дансанд 2 хувийн хүүтэй, 3 хоногийн хугацаатайгаар өөрийн эрх мэдэл албан тушаалаа хувийн зорилгодоо урвуулан ашиглан, 2 хүнээс гаргуулан, Л.ОТөрийн банкны данс руу 40,000,000 төгрөгийг, Л.ОТөрийн банкны данс руу 45,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Тухайн зээл гэх 85,000,000 төгрөгийг Жаргалантын тооцооны төвөөс шилжүүлсэн нь банкны харилцагчдын авсан зээлээс, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглан гаргасан нь гэрчийн баримтаар нотлогдож байгаа. Р.Г нь эгч Л.О2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийтдээ 59,800,000 төгрөгийн зээлийг төлж барагдуулсныг тэрээр өөрийн 6 сарын албан тушаалын цалин хөлс, орлогоосоо илүү хөрөнгө орлогыг хууль ёсны дагуу олсноо банканд мэдэгдэхгүй нуун дарагдуулсан байдаг. Эдийн засагч Ц.Ннь мөн хууль бус үйлдэл гаргаж, зээлийн судалгааr оrт хийгээгүй ба зээл олгосноос хойш түүний холбогдох баримтыг бүр 1 жилийн дараа буюу 2021 оны 4 сард бүрдүүлсэн ба барааны үлдэгдлийн жагсаалтыг энэ эдийн засагч нь хий хоосон дүнгээр нэмэгдүүлж засварласан, барьцаалсан хөрөнгө болох хашаа байшингуудыг 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр газар дээр нь очиж, байрлал, байршлын зургийг нь авч баримтаа бүрдүүлсэн, дэлгүүрийн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа мэтээр ойлгуулах үүднээс, дээд газрын шалгалт ирэх гэж байгаа талаар утсаар удаа дараа ярьж, 2021 оны 4 дүгээр сард огт хамааралгүй өөр дэлгүүрийн зургийг авч баримтдаа хавсаргасан, шаардлага хангахгүй барьцаалбарыг зээлийн материалд авч албан тушаалаа урвуулан ашигласан.
Р.Г нь өөрөөсөө олгоогүй зээлийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж хувийн ашиг сонирхлоо бүрэн гүйцэлдүүлэн, банкны зээлдэгчийн эрх ашгийг хохироон өөрийн хувийн зүгээс зээл олгосон мэт төөрөгдүүлэн, хувь иргэнд зээл олгож, түүгээрээ мөнгө угааж, хувьдаа мөнгө өсгөж ашиг олдог, үүнийгээ төлүүлэхийн тулд энэ зээлийг авах сонирхолгүй жирийн ядарсан иргэн намайг болон миний өндөр настан ээжийг минь асар их дарамт шахалт, айлган сүрдүүлэлт заналхийллийг удаа дараа үзүүлэн зээл гаргасныг би одоо болтол төлж чадаагүй асар их зээл, зээлийн хүүгийн дарамтад орж, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон.
Түүний гаргасан энэ хууль бус үйлдэл нь Хувь хүний нууцын тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж, хариуцагч нарт хүчээр дарамт шахалт үзүүлэн өндөр дүнтэй зээлийг зориуд санаатай олгон мөнгө угааж, зээлийн хорооны гишүүд нь хууль, дүрэм байхад зарим нь үгсэн хуйвалддаг, ямар ч хяналтгүйгээр зээлийн судалгааг хийгээгүй байхад зээл олгохыг зөвшөөрдөг, албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын үүднээс иргэдийн банкнаас авсан зээлийг дураараа авч, хувьдаа захиран зарцуулдаг, үндэслэлгүй хөрөнгөждөг, харилцагч иргэдийг дарамталдаг, банкнаас авах сонирхолгүй зээлийг иргэнд дарамт шахалт үзүүлэн хүчээр олгож, түүнийгээ банкны өндөр албан тушаалтан нь өөрөө хувьдаа авч завшин иргэнийг хохироодог, иргэний хувийн нууцын мэдээллийг задруулдаг, албан тушаалтан нь өөрөө, харилцагчийн өмнөөс хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бүх ах дүү хамаатан садны мэдээллийг олж мэдэн тэдний хувийн нууцад халдсан бөгөөд тэд нараараа зээл авхуул гэж шахаж шаарддаг, эдгээр байж боломгүй мэргэжлийн ёс зүйгүй асуудал гаргасан Р.Гыг болон нэр дурдагдсан банкны нэр бүхий ажилтнуудыг дээрх хуулийн дагуу шалгуулахыг хүсэж, Р.Гхувьдаа авсан 39,000,000 төгрөгийг түүнээр төлүүлэх хүсэлтэй байна.
Мөн 39,000,000 төгрөгийн зээлийг, хүү алдангийн хамт, миний зээлийн дүнгээс хасаж, Р.Г руу шилжүүлж, миний өөрт ашиглаагүй зээлийн хүнд дарамтаас гаргаж өгнө үү. Зээлийн үлдэгдэл 9,000,000 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 12,546,035 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа” гэжээ.
6. Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Банк мэдээж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн харилцаа үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлийг мэдээж зориулалтын дагуу олгож, зээлдэгч нар тус зээлийг зориулалтын дагуу ашиглана гэж гэрээ байгуулсан. Гэхдээ анхнаасаа зээлийн гэрээ байгуулж буй хэлбэр, байгуулах болсон санаа, зорилго ойлгомжтой. Өөрөөр хэлбэл Р.Г гэх хүний дарамт шахалтаас болж Л.О, М.Мнар 2019 онд зээлийн гэрээ байгуулсан. Р.Гаас дарамт, шахалт ирж байсан талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалттай нотолсон гэж үзэж байгаа. Тухайн үед Төрийн банкны дотоод хяналт шалгалтын гараас нь шалгалт хийхэд Р.Гыг дарамт шахалт үзүүлсэн байна, мөн Л.О, Л.О, М.Мнарыг дарамталж зээлийн гэрээг хүчээр байгуулан мөнгийг нь зээлдэгч нарын данс руу шилжүүлж, тухайн өдөртөө бүх мөнгийг нь шилжүүлэн авсан байдаг.
Харин 9,000,000 төгрөг үлдсэн гээд байгаа нь зээлийн гэрээний барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байсан тул Сум хөгжүүлэх сангийн барьцаанд байсан хөрөнгийг чөлөөлж, Төрийн банкны зээлийн барьцаанд тавьсан. Бүх мөнгө нь Р.Г руу орсон үйл баримт харагдаж байгаа. Зээлийн гэрээний гол зорилго нь зээлдэгч тухайн зээлээ тодорхой хэмжээнд ашиглах, гэрээний зориулалтын дагуу хэрэглэх эрхтэй байдаг. Гэтэл зээлдэгчийн данс руу шилжүүлснээр та энэ мөнгийг ашигласан гэж үзэх боломжгүй. Тийм учраас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр дансанд нь 9,000,000 төгрөг үлдсэн байна. Хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдээд 12,546,035 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа.
Зээлийн гэрээг бичгээр байгуулж 50,000,000 төгрөгийг 18 хувийн хүүтэй байршуулсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк болон банкны эрхтэй харилцааг зохицуулсан байдаг. Тэгэхээр Л.О, М.Мнарын хувьд тухайн зээлийг зээлийн гэрээнд заасан хугацаанд ашиглаагүй. Тэгэхээр өнөөдрийн байдлаар 39,000,000 төгрөгийн хувьд ашиглаагүй, харин төлсөн мөнгөө хасаад 9,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөө илэрхийлж байгаа. Зээлийг ашиглах боломжийг анхнаасаа олгоогүй дарамт шахалт учруулж, Төрийн банк зээл олгосон. Тэр мөнгийг өөр хүний данс руу хийлгэсэн асуудал байна. Тэгэхээр Р.Г нь уг мөнгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг зээлийн хорооны гишүүн нь өөрөө авчихсан. Тийм учраас өөрсдийнхөө ашигласан мөнгийг төлөхөө илэрхийлж байгаа. Сөрөг нэхэмжлэл нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр болсонд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Р.Г нь хүч хэрэглэн зээлийн гэрээ байгуулсан. Н.А гэх хүмүүс гомдлоо гаргаад явж байсан. Төрийн банкны хяналт шалгалт хийгээд тэгэхээр дарамт шахалтаар зээл авсан байна. Мөн дээрээс нь дарамт шахалт үзүүлсэн гэх мэдээллийг нотлох баримтаар харагдаж байгаа. Зээлдэгч нарын ээжийг нь ажлаасаа гарах хүртэл дарамт үзүүлдэг байсан юм байна. Ингээд удаа дараагийн заналхийлсэн үйлдлээс шалтгаалан зээлийг авхуулсан. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “Хүч хэрэглэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд нь уг хэлцэл хийснээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй” гэж заасан байдаг. Тэгэхээр 1 жилийн дотор гомдлоо гаргах эрхтэй байгаа. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлдэгч талд Төрийн банканд өөрт дарамталсан байна гэдгээ өөрсдөө зөвшөөрсөн.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулсан. Тэгэхээр 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс тасалдсан байна. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнөх хугацааг тооцохгүй дахин шинээр эхэлнэ гэж үзэж байна. Тэгэхээр Авлигатай тэмцэх газарт 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Р.Гад энэ асуудлаас болж гомдол гаргасан. Тус газраас шалгаад хэргийг 2023 онд хаасан байгаа. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа зогсоно. Тэгэхээр жилийн хугацаанд гомдлоо гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар ямар үр дагавар үүсэх вэ? гэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлд авсан зүйлээ буцаан өгөх үүрэгтэй гэж заасан. Хариуцагч нар нь зээлийг ашиглаагүй, түүний хүүгийн төлбөрийг төлмөөргүй байна. Мэдээж энэ асуудлаас бол банк хохирсон. Мөн Л.О, М.Мнар нь зээлийг өөрсдийн хэрэгцээнд ашиглаж чадалгүй хохирсон. Тухайн үед Р.Г нэхэмжлэгч Төрийн банканд ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ц“... Өмнө хэлээд зээл гаргах асуудлыг зогсоохгүй яасан юм бэ?” гэх асуудлыг ярьж байна. Өмнө яагаад зогсоогоогүй вэ? гэдэг нь тодорхой шүү дээ. Р.Г нь хариуцагч нар тэдгээрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийг бүгдийг нь дарамталдаг байсан. Хэрхэн дарамталдаг байсан талаар нотлох баримтаар тогтоосон. Р.Гаас утсанд ирж байсан мессежнүүдийг дурдвал “...Та нарт хийгээгүй хэрэг тохуулна. Ял оногдуулна, Улсын дээд шүүхийн хүнтэй уулзах гэж байна. Гэмт хэрэгтэн болгоно...” гэх мэтээр удаа дараагийн дарамт учруулснаас эдгээр хүмүүс зээл авсан. Зээл авахгүй бол болохгүй нөхцөл байдлыг Р.Г бүрдүүлсэн. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аийг хүртэл ажлын байранд нь очиж, ажлаасаа өөрийн хүсэлтээр гарах болтол нь дарамт үзүүлсэн. Энэ дарамтууд үргэлжилсээр байгаад зээл олгосон. Зээл олгосны дараа Төрийн банк болон холбогдох бүх газарт гомдол гаргасан. Ингээд Төрийн банкны дотоод хянан шалгагчид ирж Р.Гүйлдлийг шалгасан. Улмаар “... уг зээл нь өр төлбөр барагдуулах зорилгоор буюу банкны ажилтны шахалтаар гарсан гэж үзэх бүрэн боломжтой байна...” гэх дүгнэлт гаргасан.
Р.Гмөнгө зээлэх үйл ажиллагаанд оролцсон бусад ажилтны нэрийг барьсан, банкийг оролцуулсан, харилцагчийн дансыг дур мэдэн битүүмжилсэн, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн үйлдэл нь Төрийн банкны ёс зүйн дүрмийн ажилтанд хориглох ёс зүйн хэм хэмжээний олон зүйл заалтыг зөрчсөн. Ингээд Р.Гад сахилгын арга хэмжээ авсан. Тэгэхээр банкны ажилтан өөрөө бусдад дарамт шахалт үзүүлсэн гэдгийг банк өөрөө тогтоосон. Нэг үгээр хэлбэл дарамт шахалтын үндсэн дээр зээл авч, авсан зээлээ ч ашиглаж чадаагүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх...” гэж заасан. Түүнчлэн өдөрт нь зээлийг нь олгочхоод Төрийн банкны ажилтан Р.Г нь өдөрт нь өөр хүмүүс рүү шилжүүлэх, өөрийн хэрэгцээнд мөнгийг нь авч байгаа нь хууль бус буу зээлдэгч нар зээлийг ашиглаагүй гэдэг үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд зээлийг ашигласан хэмжээнд төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй. Хариуцагч нарын зүгээс ...... ХК-ийн Төв аймаг салбарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь ...... ХК-ийн Төв аймаг салбар болон Л.Онарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ....... дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. ...... ХК болон Л.О, М.Мнарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөгийг 40 сарын хугацаагаар, 18 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний барьцаанд үл хөдлөх хөрөнгө, Соната 6 маркийн машин, дэлгүүрийн лангуу гэх мэт зүйлсийг барьцаалсан.
Л.Охувьд тухайн үед Төв аймгийн Зуунмод сумд Их хайрхан гэх дэлгүүрийг ажиллуулж байсан. Зээл гаргуулахаас өмнө 2018 онд Төрийн банкнаас хэрэглээний зээл авч байсан. Зээлийн хэмжээ хэтэрсэн, зээл гарах боломжгүй байсан. Тухайн үед зээл олгохоос өмнө Р.Г болон хариуцагч нарын эгч Л.О нар зээлийн гэрээний харилцаатай байсан. Ингээд энэ зээлийг төлүүлэхийн тулд тухайн үед Төрийн банканд ажиллаж байсан Р.Гхувьд Л.Охамаарал бүхий хүмүүсийг судалж, эх Н.А, дүү Л.О, нөхөр М.Мгэх мэт хүмүүстэй холбогдож, та нар зээл авах боломжтой юу, би зээл гаргаж өгнө гэх мэтээр асууж, сүүлдээ миний өмнө хэлсэнчлэн дарамт шахалт үзүүлэх болж, үүний улмаас Л.О, М.Мнарын зээлийн өр төлбөр үүсэх шалтгаан эхэлсэн ба Р.Гхувьд Л.Оэр материал бүрдүүлж, өөрөө тухайн баримт материалыг нь боловсруулж зохицуулсан. Тэгэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д мөн хуулийн 60 дугаар зүйлд заасан хүч хэрэглэж хэлцэл хийсэн. Хүч хэрэглэн хийсэн хэлцэл гэдгийг тухайн үед зээл олгосны дараа зээлдэгч нар болон зээлдэгч нарын эх Н.А нар холбогдох бүх газарт гомдлоо гаргасан. Ингээд гомдлын дагуу Төрийн банкнаас хяналт шалгалт хийсэн. Үүний дагуу Р.Гад сануулах, ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Дээрээс нь Р.ГЛ.О рүү бичиж байсан мессежнүүдэд буюу гар утсанд үзлэг хийлгэсэн. Тухайн үзлэгээр Р.Г нь Л.О рүү “... Зэвүү дургүй хүргэж байж бүгдийг нь орвонгоор нь эргүүлнэ, Энэ шүүхийн байранд бүлэглэн луйвар болгож ял хүлээлгэж чадна. Мөнгө өгч чадахгүй бол өөрсдөдөө гомд, илрээгүй хэргийг та нарт үрүүлээд нэг насаар чинь шоронд хатааж чадна шүү ...” гэх мэтээр зээл олгохоос өмнө дарамт үзүүлдэг. Тэгэхээр Р.Гдарамт шахалт үзүүлсэн гэдэг нь нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотнын бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан. Тэгэхээр Р.Гхувьд Л.О, түүний ойр дотнын хамаарал бүхий этгээдүүдэд хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл байгаа тул хүч хэрэглэн хийсэн хэлцэл гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна” гэжээ.
7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулга: ...... ХХК болон Л.О, М.Мнарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ....... дугаартай зээлийн гэрээг байгуулж, 50,000,000 төгрөгийг 18 хувийн хүүтэй 40 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээнд зааснаар зориулалт нь машин, мотоциклоос бусад барааны жижиглэн худалдаа гэх мөн зээлийн гэрээний барьцаанд Төв аймаг, Зуунмод сум, 4 дүгээр баг, Зүүндэлгэр Б14-02 тоотод байрлах Ү-1427000388 дугаартай 100 м.кв хувийн сууц, тус хаягт байрлах 781 м.кв газар, хашаа, Төв аймаг, Зуунмод сум, 03 дугаар баг, Баянхошуу, 14-9 тоотод байрлах 56 м.кв хувийн сууц, тус хаягт байрлах 600 м.кв газар, хашаа, Соната-6 маркийн 43-99 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, дэлгүүрийн лангуу, гэрийн тавилга, бараа материал гэх мэт зүйлсийг барьцаалсан. Л.Онь тухайн үед Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр багт байрлах Их хайрхан дэлгүүрийг түрээсэлж ажиллуулдаг байсан бөгөөд өмнө энэ зээлийг гаргуулахаас ...... ХХК-иас 2018 онд хэрэглээний зээл авч байсан, дахин зээл авах зээлийн лимит буюу хэмжээ хэтэрсэн нэмж зээл гаргуулах боломжгүй байсан. Мөн тухайн үед Төв аймгийн сум хөгжүүлэх сангаас зээл авсан, зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, тухайн зээлийн барьцаанд Төв аймаг, Зуунмод сум, 4 дүгээр баг, Зүүндэлгэр Б14-02 тоотод байрлах Ү-1427000368 дугаартай 100 м.кв хувийн сууц, тус хаягт байрлах 781 м.кв газар, хашаа бүртгэлтэй байсан. Тэрийг Төрийн банк ХХК-ийн ажилтан Р.Г энэ зээлийг судлаад энэ зээлээ манайхаас зээл авсны дараа чөлөөлөөд барьцаа хөрөнгөд энэ хөрөнгөө байршуул гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж зээлээ олгоод тус мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг Сум хөгжүүлэх санд төлж, барьцаа хөрөнгийг улсын бүртгэлээс чөлөөлүүлж, тухайн өдрөө барьцаа хөрөнгөд бүртгүүлэх ажлыг Р.Г өөрөө хөөцөлдөж хийсэн. Тухайн үед Р.Г нь Л.Отэй зээлийн харилцаатай байсан бөгөөд тэр зээлийг хамаарал бүхий хүмүүсээр төлүүлэхийн тулд зээл авах боломжтой бүх хүмүүсийг судалж Л.О, Л.Онарын ээж Н.Аийг хамтран зээлдэгчээр хамт ор гэж шахаж байсан бөгөөд тэтгэвэрт гарсан учраас Л.Онөхөр М.М хамт оруулна гэж, зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулсан. Дээрх нөхцөл байдал нь зээлийн гэрээний оролцогч биш ээж Н.А нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нөхцөл байдлаас харагдана.
Зээлийн гэрээ байгуулагдах үед барьцаа хөрөнгийн судалгаа хийгдээгүй, 2019 оны жилийн эцэс болж байсан учраас Р.Озээлийн гэрээгээ байгуул гэж шахаж зээлийн гэрээг хүчээр байгуулсан. Зээлийн гэрээ байгуулагдсан өдөр Р.Гхэлсэн хүний данс руу 39,000,000 төгрөг шилжүүлсэн, барьцаа хөрөнгө чөлөөлөхөөр Сум хөгжүүлэх сангийн зээл хаахад 10,000,000 төгрөг, зээлийн шимтгэлд 1,000,000 төгрөг, нийт зээлсэн 50,000,000 төгрөгийг бүгдийг зарцуулсан, зээлийн зориулалтын дагуу ашигласан зээл байхгүй. Зээлдэгч гэх Л.О, М.Мнар нь тухайн зээлийн гэрээг байгуулах хүсэл зориггүй, эрх, үүрэг үүсгэх хүсэлгүй байсан, дүр үзүүлж хийсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаснаа дараах байдлаар өөрчилж, тодруулж байна. Зээлийн гэрээ байгуулснаас хойш ...... ХХК-ийн шахалтаар нэг удаа л төлөлт хийсэн өөр төлөлт хийгээгүй.
Дээрх асуудлаар Төрийн банк ХХК болон бусад хүний эрх хамгаалах газарт удаа дараа хүсэлт гаргаж, ...... ХХК-д ажиллаж байсан Р.Г нь тухайн асуудлаас болж ажлаас халагдсан. Мөн дээрээс нь хэлцлийг хийх хүсэл зориг зээлдэгч нарт байгаагүй, тухайн үед ...... ХХК-д ажиллаж байсан Р.Гзүгээс Дээд шүүхийн шүүгч та нарын бүгдийг нь бүлэг болгон дээрээс нь илрээгүй луйврын хэргүүдийг үүрүүлээд нэг насаар чинь хатааж чадна шүү гээд байсан, зэвүү дургүй хүргэж байж бүгдийг нь орвонгоор нь эргүүлж орхьёдоо'', амийг амиар гэнэ гэсэн шүү", өөрсдөө гомд, энд хориулах тогтоол энэ тэрийн гаргуулахаар байх шиг байна", хариу энэ тэр байхгүй бол нөхрийн чинь ажлыг хүмүүстэй очиж самарлаа шүү, Мөн 31-с эвгүй буцааж болохгүй нөхцөлд оруулж чадах байх би гэх мэтээр айлган сүрдүүлж, мөнгийг төлөхгүй, зээл авхуулж өгөхгүй бол аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлж, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсээр зээл авхуулсан байна.
Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй, 60.2-д Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотнын бусад этгээдэд эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ. Аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг гэдэгт тухайн аюул учирч болзошгүй, бодит заналхийлэл байгаа нь тодорхой үйлдэл болон эс үйлдэхүйгээр илэрхийлэгдсэн байхыг хамааруулан үзнэ. Талуудын хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан хэлцэл байх тул хэлцэл хийгч тал хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Иймд ...... ХХК болон Л.О, М.Мнарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ....... дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэжээ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ахариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: "Иргэний хуулийн 43 дугаар зүйлд хэлцэл хийсэн гэж үзэх, 43 дугаар зүйлийн 43.2-т бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ", 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан", 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ....... тоот гэрээг талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд гэрээг байгуулсанд тооцох, 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар ........ миний бие нь бизнесийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор 50,000,000 төгрөгийг зээлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу гэх өргөдөл гаргасан. Л.Охүсэлтийн дагуу зээлийг судлан 50,000,000 төгрөгийг ....... тоот гэрээг байгуулж талуудын гарын үсэг нотариатаар гэрчлүүлсэн байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ", 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж, 451.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ. Зээлийн гэрээний 2.1.3-т Зээлдэгчийн Төрийн банкин дах 319900053375 тоот дансанд бүхэлд нь бэлэн бусаар шилжүүлснээр тооцно гэж заасан байдаг. Зээл олголт дансны хуулгаар баталгаажсан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасны дагуу хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг бичгээр үйлдэж, хариуцагч тус гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан тул гэрээг хуулийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж үзнэ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигч талууд шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэй. Гэвч хариуцагч нарын зүгээс гаргаж буй сөрөг нэхэмжлэлд дурдагдсан нөхцөл байдлыг нотлох аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
9. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Л.О, М.Мнараас 66,375,142.88 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...... ХХК-д олгож, ...... ХХК болон Л.О, М.Мнарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ....... дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489,825.77 төгрөг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О, М.Мнараас 489,825.77 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...... ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
10. Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Сонинбайгаль давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШШ2024/00603 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна.
Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т "... ......... ХК болон Л.О, М.Мнарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ....... дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж" шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Сөрөг нэхэмжлэлийн тухайд ... энд дурдсан хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэдэгт хүчинд автагдан дарамтлагдаж буй тал аливаа үйлдэл хийж, хүсэл зоригоо илэрхийлэх боломжгүйд хүрэхүйц хэмжээнд хүч хэрэглэн дарамталсан байхынг ойлгохоос гадна заналхийлэгч этгээд тухайн аюул, гэм хорыг учруулах боломжтой энэ нь тодорхой байхыг ойлгоно.
Мөн хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл нь хэлцэл хийгч этгээдэд чиглэсэн байх ба заналхийлэл нь гэрээ, хэлцэл хийх гол үндэслэл шалтгаан болсон байхыг ойлгох юм.
Хариуцагч Л.О, М.Мнарын хувьд "хүчинд автаж зээл авсан гэж" тайлбарлаж байх боловч ......... ХХК болон Р.Г нарын зүгээс хариуцагч нарыг дарамталж, заналхийлж зээл авхуулсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.
......... ХХК болон Төв аймгийн салбар тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Р.Гаас зээлдэгч Л.Оэгч Л.Оутас руу "Дээд шүүхийн шүүгч та нарыг бүгдийг нь бүлэг болгон дээрээс нь илрээгүй луйврын хэргүүдийг үүрүүлээд нэг насаар чинь хатааж чадна шүү гээд байсан", "зэвүү дургүй хүргэж байж бүгдийг нь орвонгоор эргүүлж орхиёдоо", "амийг амиар гэнэ гэсэн шүү", "өөрсдөө гомд", "энд хориулах тогтоол энэ тэрийн гаргуулахаар байх шиг байна", "хариу энэ тэр байхгүй бол нөхрийн чинь ажлыг хүмүүстэй очиж самарлаа шүү", "Мөн 31-с эвгүй буцааж болохгүй нөхцөлд оруулж чадах байх би... зэрэг утгатай зурвас явуулсан үйлдлийг нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч Л.О, М.Мнарт хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм".
Зээлдэгч Л.О, М.Мнар нь ......... ХК-тай зээлийн гэрээ байгуулах хүсэл, сонирхолгүй байсан нөхцөлд зээл авах хүсэл сонирхолгүй гэдгээ хэдийд ч бүрэн илэрхийлэх боломжтой байна" гэжээ.
Хариуцагч талаас шүүхэд ......... ХХК болон Л.О, М.Мнарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ....... дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.д "нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй"
60.2-д "Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ" гэж заасны дагуу гаргасан.
"Аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг" гэдэгт тухайн аюул учирж болзошгүй, бодит заналхийлэл байгаа нь тодорхой үйлдзл болон эс үйлдэхүйгээр илэрхийлэгдсэн байхыг хамааруулан үзнэ.
Шүүхээс хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл нь хэлцэл хийгч эттээдэд чиглэсэн байх ба зээлдэгч Л.О, М.Мнарт хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг ойлгоно гэжээ.
Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т "хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн ойр дотны бусад этгээдэд... аюул учруулна гэж итгүүлж үнэмшүүлснийг ойлгоно гэжээ.
Зээл олгох үед Төрийн банкны Төв аймгийн дахь тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Р.Г нь зээлдэгч нарын эгч Л.О болон түүний ээж, гэр бүлийн бусад хүмүүсийг дарамталж, хүч хэрэглэхээр заналхийлсэн нь хэлцэл хийхэд хүч хэрэглэсэн гэж үзэхээр байна,
Р.Гхүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан дараах баримтаар тогтоогдоно.
1-т ......... ХХК болон Төв аймгийн салбар тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Р.Гаас зээлдэгч Л.Оэгч Л.Оутас руу "Дээд шүүхийн шүүгч та нарыг бүгдийг нь бүлэг болгон дээрээс нь илрээгүй луйврын хэргүүдийг үүрүүлээд нэг насаар чинь хатааж чадна шүү гээд байсан"... зэрэг мессэж,
2-т Төрийн банкны Дотоод хяналт, шалгалтын газрын Төв аймаг дахь салбар, харьяа 29 тооцооны төвд хийсэн ээлжит, эрсдэлд суурилсан шалгалтын тайланд
Дүгнэлт: Харилцагчийн гаргасан гомдлын утга, тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Р.Гөгсөн тайлбар, мессежүүдийн хуулбар зэргээс харахад Л.Онэр дээр олгогдсон зээл нь өр төлбөр барагдуулах зорилгоор буюу банкны ажилтны шахалтаар гарсан зээл гэж үзэх бүрэн боломжтой байна. Тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Р.Гмөнгө зээлэх үйл ажиллагаанд оролцсон, бусад ажилтны нэрийг барьсан банкыг оролцуулсан, харилцагчийн дансыг дур мэдэн битүүмжилсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг үйлдэл нь Төрийн банкны ёс зүйн дүрмийн "Ажилтанд хориглох ёс зүйн хэм хэмжээ хэсгийн 5.1.3 "Ажилтны болон бусдын нэр хүндэд халдах, аливаа мэдээлэл тараахыг, 5.1.5 "Харилцагчаас мөнгө, эд зүйлс авах, зээлэх зэргээр хувийн харилцаа тогтоохыг" 5.1.7, ...дарамт шахалт үзүүлэх, бусдын эрхийг хязгаарлахыг, 5.2.1 "Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах... гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж дүгнэсэн.
3-т Зээлийн гэрээ байгуулагдсан өдөр Р.Гшахалтаар түүний хэлсэн 39,000,000 төгрөгийг шилжүүлсэн, дээрх зээлийн барьцаанд тавих зорилгоор Сум хөгжүүлэх сангийн барьцаанд байсан зээл хааж 10,000,000 төгрөг төлж барьцаа хөрөнгийг Төрийн банкинд барьцаалсан, зээлийн шимтгэл 1,000,000 төгрөг төлж, нийт 50,000,000 төгрөгийг бүгдийг зарцуулсан, зээлдэгч нар зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй.
......... ХХК болон Төв аймгийн салбар тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Р.Гзүгээс Л.О, М.Мнарыг өөрийн ажиллаж буй банкнаас зээл авхуулахаар тэдний гэр бүл, ойр дотны хүмүүст хүч хэрэглэхээр заналхийлсэн, аюул учирна гэж итгүүлсэн нь дээрх баримтуудаар хангалттай тогтоогдсон.
Шүүх хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоож, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь Төрийн банкны дотоод хяналт, шалгалтын газрын дүгнэлтийг үнэлээгүй, шүүхийн шийдвэртээ тусгаагүй, зөвхөн зээлдэгч нарт хүч хэрэглэснийг хүч хэрэглэсэнд үзнэ гэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Иймд Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШШ2024/00603 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
11. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Цдавж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын хариу тайлбартаа болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн өмгөөлөгч гаргасан гомдолдоо, Төрийн банк ХХК болон Р.Гзүгээс хариуцагч Л.О, М.Мнарт хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж зээл авахуулсан..." гэх бөгөөд Р.Гаас хариуцагч Л.Оэгч Л.Оутас руу илгээсэн "Дээд шүүхийн шүүгч та нарыг бүгдийг нь бүлэг болгон дээрээс нь илрээгүй луйврын хэргүүдийг үүрүүлээд нэг насаар чинь хатааж чадна шүү гээд байсан" ... зэрэг мессежүүдээр нотлогдоно хэмээн тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 -т "Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй" гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т "Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ." гэж тус тус заасан байдаг.
Энэ нь Р.Гаас хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл нь хэлцэл хийгч этгээд буюу Л.Оэсхүл М.Мнарт чиглэсэн байх, илтэд хэлцэл хийхийг шаардан хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийг ойлгоно.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.1, 2.1.3-т заасны дагуу зээлдэгч Л.Одансанд 50,000,000 төгрөгийн зээлийг шилжүүлснээр Банк гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн бөгөөд зээлийг олгосноос хойш Банк харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хязгаарлах, хянах эрхгүй.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасны дагуу Банк, эрх бүхий хуулийн этгээд нь харилцагчтай байгуулсан гэрээ, түүний даалгавар, зөвшөөрлийг үндэслэн шилжүүлгийг хийдэг ба хариуцагчийн гарын үсгээр баталгаажсан гүйлгээний баримтыг үндэслэн банкнаас олгосон зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй юм. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Стус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Цэнгэлсүрэнгийн тайлбар дээр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нарын өмгөөлөгч Б.Сонинбайгалийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан зүйлгүй боловч хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байгаа тул давж заалдах шатны шүүх шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч ...... ХХК нь “...хариуцагч Л.О, М.Мнар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөгийг жилийн 18 хувь /сарын 1.5 хувь/-ийн хүүтэй, 40 сарын хугацаатай, ....... тоот зээлийн гэрээ байгуулан авсан ба 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 48,046,252 төгрөг, зээлийн хүү 17,765,751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 500,138 төгрөг, нотариатын зардал 68,000 төгрөг болсон тул нийт 66,375,143 төгрөг гаргуулж өгнө үү.” гэж шаардсан.
Хариуцагч Л.О, М.Мнар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч маргахдаа “... ...... ХХК-ийн Төв аймаг дахь салбарын тооцооны төв хариуцсан менежер Р.Г нь бусдад зээлдүүлсэн мөнгөө төлүүлэх зорилгоор намайг болон миний гэр бүлийн гишүүдийг удаа дараа айлган сүрдүүлсэн тул ...... ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан ба 39,000,000 төгрөгийг түүнд өгсөн. Мөн Р.Г нь миний барьцаанд байсан хөрөнгийг чөлөөлж, холбогдох баримт бичгийг өдрийн дотор бүрдүүлж, Төрийн банкны барьцаанд тавьсан. Иймд нэхэмжлэлээс 12,546,036 төгрөгийг төлж барагдуулна” гэж тайлбарласан байна.
3. Мөн хариуцагч Л.О, М.Мнар сөрөг нэхэмжлэлдээ “..уг хэлцлийг хийх хүсэл зориг зээлдэгч нарт байгаагүй, хүч хэрэглэж хийсэн тул Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ...... ХХК-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэсэн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч ...... ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа “...Л.Онь бизнесийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор 50,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан. Л.Охүсэлтийн дагуу зээлийг судлан ....... тоот гэрээг байгуулан 50,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасны дагуу хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг бичгээр үйлдсэн ба зөвшөөрч гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр гэж үзнэ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигч талууд шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэй. Гэвч хариуцагч нарын зүгээс гаргаж буй сөрөг нэхэмжлэлд дурдагдсан нөхцөл байдлыг нотлох аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлан мэтгэлцсэн байна.
Харин зохигчид 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар хариуцагч талаас нэхэмжлэгч ...... ХХК-нд 2020 оны 6 дугаар сард гомдол гаргаж байсан, уг асуудалтай холбогдуулан ...... ХХК-ийн Төв аймаг дахь салбарын тооцооны төв хариуцсан менежер Р.Гад хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс сануулах, ажлаас чөлөөлөх арга хэмжээ авагдаж байсан зэрэг үйл баримтын талаар маргаагүй болно.
4. Хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл:
Нэхэмжлэгч ...... ХХК болон хариуцагч Л.О, М.Мнарын бичгээр байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ....... тоот зээлийн гэрээгээр “......... ХХК нь Л.О, М.Мнарт 50,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатай, сарын 1,50 /жилийн 18/ хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нар зээл, зээлийн хүү гэрээний хугацаанд төлөх, хэрэв гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр...” харилцан тохиролцож мөнгийг хариуцагч нарын Төрийн банкин дахь .......... тоот дансанд шилжүүлсэн. /1-р хх-ийн 18-20/
Хариуцагч Л.О2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 39,000,000 төгрөгийг Хаан банкны 5027517896 тоот дансанд шилжүүлсэн. Мөн тэрээр 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр санхүүгийн хүндрэл үүсэж зээл төлөх боломжгүй болж байгаа учир зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт /1-р хх-н 15/ гаргасны дагуу ...... ХХК 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр .......-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг дахин байгуулсан. /1-р хх-н 10/
Хариуцагч талаас ...... ХХК-ийн Төв аймаг дахь салбарын тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Р.Гад холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус банкны Дотоод хяналт, шалгалтын газарт гомдол гаргасан. /2-р хх-н 105/
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өгсөн гомдлын тодруулгад “...Р.Г нь миний ажлын байран дээр ирж, удаа дараа намайг зээл авахыг шаардаж, нэр хүндэд халдаж, айлган сүрдүүлж, сэтгэл санааны дарамт шахалтад оруулж байгаад өөрөө санаачлан миний бага охин Л.Оэр хүчээр зээл хүсэх өргөдөл бичүүлж, бизнесийн зээл гэж 50,0 сая төгрөгийн зээл олгож, 40,0 сая төгрөгийг өөрийнхөө өрөнд шууд авсан. ...Р.Ггаргасан энэ авиргүй үйлдлийг нарийн хянан шалгаж өгнө үү...” гэжээ. /1-р хх-н 154-155/
2020 онд ...... ХХК-ийн Дотоод хяналт, шалгалтын газраас Төв аймаг дахь салбар, харьяа 29 тооцооны төвд ээлжит, эрсдэлд суурилсан шалгалт хийсэн тайланд “...харилцагчийн гаргасан гомдлын утга, тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Р.Гөгсөн тайлбар, мессежнүүдийн хуулбар зэргээс харахад Л.Онэр дээр олгогдсон зээл нь өр төлбөр барагдуулах зорилгоор буюу банкны ажилтны шахалтаар гарсан зээл гэж үзэх бүрэн боломжтой байна” гэсэн дүгнэлт тусгагдсан байх ба Р.Гыг цалинг 3 сарын хугацаатай 20% бууруулах сахилгын шийтгэл ногдуулах саналыг салбарын захирлын зөвлөлд оруулсан байна. /2-р хх-н 105-112/
Мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дахин гаргасан өргөдлийг шалгаж үзсэний дагуу ...... ХХК-ийн Төв аймаг дахь салбарын захирлын 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5/42 дугаар тушаалаар тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Р.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. /2-р хх-н 103/
...... ХХК нь Р.Ггаргасан зөрчилд хоёр удаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан тул түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШШ2021/00669 дугаар шийдвэрийг үндэслэн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/45 дугаартай захирлын тушаалаар ажилд нь томилсон зэрэг үйл баримт хэрэгт авагдсан байна.
5. Хууль хэрэглээний талаар:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагч Л.О, М.Мнартай 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ....... тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатай, сарын 1,50 /жилийн 18/ хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, гэрээнд заасан мөнгийг шилжүүлсэн байгаа нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх ч гэрээний талууд болон гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцно.
Өөрөөр хэлбэл, хэлцэл хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагыг хангасан тохиолдолд талуудын байгуулсан гэрээг мөн адил хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болно.
Иймд зохигчид нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүрэгтэй.
6.Нэхэмжлэгч ...... ХХК-ийн Төв аймаг дахь салбарын тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Р.Г нь хариуцагч Л.Оэгч Л.Отэй мөнгөний талаар маргаантай байсан үйл баримтын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн байх ба 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулахаас өмнө хариуцагч Л.Оэгч Л.Огар утас руу “...Дээд шүүхийн шүүгч та нарыг бүгдийг нь бүлэг болгон дээрээс нь илрээгүй луйврын хэргүүдийг үүрүүлээд нэг насаар чинь хатааж чадна шүү гээд байсан”, “зэвүү дургүй хүргэж байж бүгдийг нь орвонгоор нь эргүүлж орхьёдоо'', “өөрсдөө гомд’’, “хариу энэ тэр байхгүй бол нөхрийн чинь ажлыг хүмүүстэй очиж самарлаа шүү”, “Мөн 31-с эвгүй буцааж болохгүй нөхцөлд оруулж чадах байх би ...” гэх зурвас илгээж байсан нь ...... ХХК-ийн Төв аймаг дахь салбарын тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Р.Г.....дугаараас Л.О99059682 дугаар руу илгээсэн зурвасыг Л.ОСамсунг А50 маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл /2-р хх-н 100-101/-ээр тогтоогдож байна.
Хариуцагч нар нь Р.Гзаналхийлэн бичсэн дээрх зурвас итгүүлж үнэмшүүлсний улмаас өөрийн хүсэл зоригийн эсрэг зээлийн гэрээ байгуулан 39,000,000 төгрөг авч Р.Гад өгсөн талаарх гомдлыг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр буюу Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасны дагуу хэлцэл хийснээс хойш нэг жилийн дотор нэхэмжлэгч ...... ХХК-нд гаргасан байх ба 2020 онд ...... ХХК-ийн Дотоод хяналт, шалгалтын газраас Төв аймаг салбар, харьяа 29 тооцооны төвд шалгалт хийгээд “...” ХХК нь Төв аймаг салбарын тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Р.Гшахалтаар олгосон болох нь ...... ХК-ийн Дотоод хяналт шалгалтын газрын 2020 онд хийгдсэн “Төв аймаг салбар, харьяа 29 тооцооны төв хийсэн ээлжит, эрсдэлд суурилсан шалгалтын тайлан”-гийн “Харилцагчийн гаргасан гомдлын утга, тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Р.Гөгсөн тайлбар, мессэжүүдийн хуулбар зэргээс харахад Л.Онэр дээр олгогдсон зээл нь өр, төлбөр барагдуулах зорилгоор буюу банкны ажилтны шахалтаар гарсан зээл гэж үзэх бүрэн боломжтой байна.
Тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Р.Гмөнгө зээлэх үйл ажиллагаанд оролцсон, бусад ажилтны нэрийг барьсан, банкийг оролцуулсан, харилцагчийн дансыг дур мэдэн битүүмжилсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг үйлдэл нь Төрийн банкны ёс зүйн дүрмийн “Ажилтанд хориглох ёс зүйн хэм хэмжээ” хэсгийн 5.1.3 “Ажилтны болон бусдын нэр хүндэд халдах, аливаа мэдээлэл тараахыг”, 5.1.5 “Харилцагчаас мөнгө, эд зүйлс авах, зээлэх зэргээр хувийн харилцаа тогтоохыг”, 5.1.7 “...дарамт шахалт үзүүлэх, бусдын эрхийг хязгаарлахыг”, 5.2.1 “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, бусдын үйл ажиллагаанд саад учруулах, хууль бус үйлдэл хийхийг шаардахыг”, 5.2.4 “...харилцагчийн мэдээлэл, дансанд хувийн зорилгоор хандах, үйлдэл хийхийг” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.” гэсэн дүгнэлт гаргаж /2-р хх-н 105-112/, Төрийн банкны Төв аймаг дахь салбарын захирлын 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5/42 дугаар тушаалаар Р.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байсан /2-р хх-н 103/ үйл баримт нь зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ....... тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заасан хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл болж байна.
Гэтэл анхан шатны шүүх “...” ХХК болон Л.О, М.Мнар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ....... тоот зээлийн гэрээг бичгээр үйлдэж, уг гэрээгээр ...... ХХК нь Л.О, М.Мнарт 50,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатай, сарын 1,50 /жилийн 18/ хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцож байгуулсан гэрээ нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний хэлбэрийн шаардлагыг хангасан бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна...Шүүх аливаа этгээдээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд ...... ХХК болон Л.О, М.Мнарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ....... дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан заалтад нийцсэн гэж үзэх боломжгүй.
7.Иймд хариуцагч Л.О, М.Мнараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрх нэхэмжлэгч ...... ХХК-нд үүсэхгүй гэж үзлээ.
Харин зохигчид Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаан өгөх үүрэгтэй.
Хариуцагч Л.О, М.Мнар “Банкны барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг Р.Г өмнөх барьцаанаас чөлөөлөхдөө уг зээлийн гэрээний дагуу авсан мөнгөнөөс төлбөрийг хийсэн” гэсэн үндэслэлээр үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 12,546,035 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ...... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нарын зөвшөөрсөн хэмжээнд хангаж, үлдэх 53,829,107,88 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Сонинбайгалийн гаргасан давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч нарт буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШШ2024/00603 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Л.О, М.Мнараас 66,375,142.88 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...... ХХК-д олгож, ...... ХХК болон Л.О, М.Мнарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ....... дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг
“...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч ...... ХХК, хариуцагч Л.О, М.Мнарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ....... тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Л.О, М.Мнараас 12,546,036 /арван хоёр сая таван зуун дөчин зургаан мянга гучин зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...... ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 53,829,107.88 /тавин гурван сая найман зуун хорин есөн мянга нэг зуун долоон төгрөг наян найман мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
2 дугаар заалтын “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489,825.77 төгрөг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О, М.Мнараас 489,825.77 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...... ХХК-д олгосугай...” гэснийг
“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489,825.77 /дөрвөн зуун наян есөн мянга найман зуун хорин таван төгрөг далан долоон мөнгө/ төгрөг, хариуцагч Л.О, М.Мнар сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 /дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Л.О, М.Мнараас 215,686.58 /хоёр зуун арван таван мянга зургаан зуун наян зургаан төгрөг тавин найман мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...... ХХК-д, нэхэмжлэгч ...... ХХК-аас 407,950 /дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан хариуцагч Л.О, М.Мнарт олгосугай...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын өмгөөлөгч Б.Сонинбайгалийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 /дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ