| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0102/Э |
| Дугаар | 103 |
| Огноо | 2019-05-16 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 103
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Б.Т , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Т д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18250008210050 дугаартай, 163/2019/0102/Э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Т ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг “Баянцагааны булгийн эх” гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Т ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
1825008210050 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Шүүгдэгч Б.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө хамтран амьдрагч Э тэй маргалдаад өглөө 11 цаг болж байхад Э ийн эзэмшлийн **-** БУЛ улсын дугаартай ачааны машинтай гэрээс нь гарч явсан. Э ээс би машиныг нь авахдаа “хүний юманд явна” гэж хэлээд машиныг нь аваад гарсан. Тэгээд би Э ийн гэрээс гараад 17-р сургуулийн хажуугийн дэлгүүр орж 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи аваад Зостын даваа руу гарч авсан архиныхаа талыг овоон дээр гарч уугаад цаашаа мод руу 15 цагийн үед явсан. Тэгээд мод руу машинтайгаа гарах гэсэн машины дугуй хий эргээд гарахгүй байхаар нь дээшээ явган гарч мод унагаачихаад ам цангаад байхаар нь унагаасан модоо орхиод машинаа асаагаад буцаад явсан. Тэгээд намайг уруудаад явж байхад Орхон аймгийн ойн байцаагч нар бололтой хоёр машинтай хүмүүс ирсэн. Тэгээд намайг зогсоогоод намайг мод бэлтгэсэн талаар асуухаар нь би “дээрээс орж ирж байна” гэж хэлээд, машины тэвшээ харуулаад, “маргааш ирж уулзаарай” гэж хэлэхээр нь “за” гэж хэлээд явсан. ...Би мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой талаар мэдэхгүй. Урьд нь мод бэлтгэж байгаагүй болохоор мэдэхгүй байна. ...Би нийт хоёр ширхэг босоо мод унагаасан. …” гэх мэдүүлэг /хх 60 тал/,
Хохирогч Ч.Б ий өгсөн: “...Бугат сумын 1 дүгээр багийн “Баянцагааны булгийн эх” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж Орхон аймгаас харъяаллаар Булган аймагт ирсэн тухай мэдсэн. Уг мод бэлтгэсэн Баянцагааны аманд тусгаарлалт хийгдээгүй. Уртын аманд хийсэн байсан. ...Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Өөр гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг /хх 27 тал/
Гэрч Г.З гийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Булган аймгийн Бугат сумын нутагт харъяалагдах “Баянцагааны булаг” гэх газрын булгийн эхэнд мод унагаж байна гэсэн мэдээллийн дагуу шалгах ажиллагааг явуулсан. ...Ингээд хэрэг болсон газарт очиход өөдөөс **-** БУЛ гэсэн улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго маркийн машин гарч ирсэн юм. Зогсоогоод шалгахад нэг хүн явж байсан ба машины бичиг баримт болон биеийн байцаалт байхгүй байсан. ...Тэгээд тухайн хүнээс тэр хавьд мод бэлтгэж байгаа хүн байна уу? гэхэд араас 2 машин ирж байгаа гэж худлаа хэлсэн. Тэгээд түүний машинд байсан эд зүйлийн зургийг дарж баримтжуулаад, хураан авч түүнийг явуулсан. Тэгээд түүний араас ямар нэг машин ирээгүй. ...Ингээд анх мэдээлэл өгсөн хүнтэй очиж уулзаж мод бэлтгэсэн гэх газарт очиход нийт 18 ширхэг босоо хуурай мод тайрч унагасан байсан. Анх мэдээлэл өгсөн хүн тухайн Бонго машинтай залууг мод хөрөөдөж байхад ирж уулзсан юм билээ. Ямар ч байсан босоо мод хөрөөдөж байсан гэсэн. Тэгээд тэр мэдээлэл өгсөн хүндээ нөгөө шалгасан Бонго маркийн машинтай залуугийн зургийг харуулахад “яг мөн байна” гэж байсан. ...” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх 29 тал/
Гэрч П.Ж ы өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн үед манай гэрийн зүүн урд хэсэгт мотортой хөрөө дугараад байсан юм. Тэгээд яваад очсон 25-30 орчим насны нэг залуу хөрөөгөө асаачихсан, газарт тайраад унагачихсан 2-3 шинэ моднуудаа дундуур нь хөрөөдөж байсан. Миний харснаар шинээр 4-5 мод газарт унагаачихсан байсан. Одоо бол 2 мод нь уртаараа нөгөө газартаа байна лээ. Би очоод “яагаад хориотой газарт мод бэлтгээд байгаа юм бэ?” гэхэд тэрээр “би өөрөө энд байдаг” гэж манай амралтын ойр байдаг одоогоор хүн амьдрахгүй байгаа хүрэн өнгийн байшинг зааж байсан. Би түүнийг худлаа ярьж байгааг мэдээд “юу яриад байгаа юм бэ? би наад байшингуудыг чинь хардаг” гэх хэлсэн. Мөн тэрээр “намайг машинтай хүмүүс үлдээгээд явсан, тэр хүмүүс өөрсдөө ирж модоо ачна надад хамаагүй” гэж хэлж байсан. Тэгээд явахгүй болохоор нь би Орхон аймгийн Байгаль орчны газрын дарга Ж руу залгаж “манай амралтан дээр хүн мод хөрөөдөж унагаад байна” гэж хэлсэн юм. Тэгсэн чинь тэр залуу миний яриаг сонсоод хөрөөгөө үүрээд “би угаасаа явлаа” гээд доошоо алхаад явсан. Би араас нь “байж бай” гэсэн чинь “юу яриад байгаа юм бэ?” гээд уурлаад яваад байсан. Би сүх хөрөө барьсан хүнтэй маргалдаад яахав гэж бодсон юм. Тэгээд тэр залуу доошоо уруудаад явсан. Би нөгөө мод хийсэн газарт нь байж байсан чинь нөгөө залуу эргэж хүрч ирээд надтай уулзалгүй миний доохон талаас амралтын газрын байшингуудын дэргэдээс өөрийнхөө цэнхэр өнгөтэй портер машиныг асаагаад гэрлээ унтраагаад гэрэлгүй явсан. ...Тэгээд надруу байгаль орчны хүн залгаад “энэ залуу мод бэлтгээгүй гэж байна” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “яах аргагүй наад залуу чинь мөн, би эндээс хөдлөөд явахаар нь арааас нь харсаар байгаад наад залуу чинь та нарт баригдаж байна” гэж хэлсэн. Миний зогсож байгаа газраас тэр залуу машинтайгаа хаагуур явж байгаа нь ил тод харагдаж байсан. Тэгээд би “наад залуу чинь хөх маниултай хүрэн мотортой хөрөөтэй байгаа биз дээ?” гэхэд “тийм байна” гэж байсан. “Мөн наад залуу чинь хувцасныхаа мөрөн дээр 996 билүү, 976 билүү тоотой логотой куртиктэй байгаа биз дээ” гэхэд “мөн тийм байна” гэж байсан. Тэр хавиар өөр ямар нэг хүн машин техник яваагүй. Би араас нь тэр залууг хөдлөөд явахаар нь өндөрлөг газарт байсан учир хараад л зогсож байсан. ...” гэх мэдүүлэг /хх 33 тал/
Гэрч Г.Б ийн өгсөн: “...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн баруун хойд хэсэгт байх, Баянцагаан уулын баруун энгэр Булгийн баруун талд байх ой модтой уул нь “Зосын давааны зүүн урд үзүүр бөгөөд 1994 оны нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тогтоосон УИХ-н тогтоолоор Булган аймгийн Бугат сумын нутагт ордог юм. ...” гэх мэдүүлэг /хх 35 тал/
2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр эзэлхүүн нь 5.12м3 шинэс төрлийн модны үнэлгээ 1273906 төгрөг болохыг тогтоосон №01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-40 тал/,
2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б.Т ий зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 5.12м3 модонд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Э ын тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 1273906 төгрөг болсон байна. Тус үнэлгээг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 3821718 төгрөг болж байна гэх хохиролын үнэлгээ тооцсон баримт /хх-44 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 18-19/, эд мөрийн баримт хураан авах тухай санал, тэмдэглэл /хх 20-22/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх 41-42, 45-46, 51-52/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай /хх-56-57/, А ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 519/032 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-49-50/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 65/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх 84-85/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг “Баянцагааны булгийн эх” гэх газраас зөвшөөрөлгүй 5.12 м3 мод буюу 1273906 төгрөгийн мод бэлтгэсэн үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтаар түүний гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хохирогч Ч.Б , гэрч Г.З , П.Ж нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-19 тал/, А ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 519/032 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгэлт /хх-49-50/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Т ий дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1273906 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 3821718 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Б.Т ий хууль бусаар мод бэлтгэж 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 19 ширхэг буюу 5.12 м3 модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор өнгийн моторт цахилгаан хөрөө, сүх тус бүр 1 ширхэгийг тус тус албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө орлогогүй байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын тохижилт үйлчилгээний ангийн харъяанд хийлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Т ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Т д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын тохижилт үйлчилгээний ангийн харъяанд хийлгэж, ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй..
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Т ээс 3821718 /гурван сая найман зуун хорин нэгэн мянга долоон зуун арван найм/ төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Бугат сумын Байгаль хамгаалах санд оруулсугай.
5.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан гэмт хэргийн хохиролд тооцуулахаар 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн шинэс төрлийн 19 ширхэг буюу 5.12м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн цахилгаан /моторт/ хөрөө, сүх тус бүр нэг ширхэгийг шүүгдэгч Б.Т ээс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Т д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ