Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00193

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/04666 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-нд холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 118,635,727 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөр *******, охин ******* нартай хамтран ******* ХК-иас зээл авч, ******* дүүрэг, ******* *******, ******* гудамж, 202 байр, тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авсан. Тухайн үед нөхөр маань зээлийн гэрээнд 70 хувийг хариуцахаар үүрэг хүлээсэн. Үүний дараа нөхөр бид хоёр ******* ХХК-тай ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. Тус даатгалын гэрээгээр зээлдэгчийн амь насанд учирсан гэнэтийн осол болон нэмэлтээр өвчин буюу зүрх гэнэт зогсох, цус харвах эрсдэлийг нэмж хураамж төлж даатгуулсан. 

Гэтэл миний нөхөр ******* нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэнэт бие нь муудаж 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Улсын гуравдугаар төв эмнэлгийн уушги судлалын энгийн тасагт эмнэлгийн бусад нөхцөлд үүссэн уушгины хатгаа гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад 10-ны өдөр амьсгал, зүрх судасны дутагдлын улмаас зүрхний хэм алдагдан зүрх гэнэт зогсон гэнэтийн байдлаар нас барсан. Миний нөхрийн нас барсан шалтгааныг нас барсны гэрчилгээ, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, нас барагчийн эмнэлзүйн хэлэлцүүлэг хийсэн хурлын протокол зэрэгт уушгины хатгаа үхэлд хүргэхүйц хүнд биш байсан, нас барсан шалтгаан нь зүрх гэнэт зогсож гэнэтийн байдлаар нас барсан болохыг тогтоосон байдаг.

Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг эмч бичиж өгсөн. Нөхрийг маань өнгөрдөг өдөр нь амралтын өдөр таарсан учир тухайн үед жижүүр эмч байсан хийж байсан эмч нас барсан тухай гэрчилгээг гараар бичсэн. Тэгээд ажлын өдөр Д.Мөнх-Эрдэнэ эмч үүнийг програмд шивсэн болох нь түүний мэдүүлгээр тогтоогддог. Тиймээс нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ хоёр үйлдэгдээгүй, нэг л үйлдэгдсэн болох нь тогтоогдоно.

Нас барсны гэрчилгээ дээр J18 гэсэн олон улсын код бичигдсэн байгаа. Үүнийг тухайн үед мэдээд буруу байна гэж эмчлэгч эмч хандсан байдаг. Тэгээд тус эмчийн гаргаж өгсөн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг хавсарган Улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргаж, улсын байцаагч дүгнэлтээр нас барсны бүртгэлд өөрчлөлт оруулсан.

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 9/4077 тоот шийдвэр болон ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний 7.8-д Хамтран зээлдэгчтэй зээлийн хувьд даатгуулагч нас барсан тохиолдолд нас барсан зээлдэгчийн зээлийн төлбөрт эзлэх хувиар нөхөн төлбөр олгоно гэжмөн Даатгалын тухай хуулийн 8.1-д Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг ундэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно гэж, Иргэний хуулийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус зааснаар даатгалын нөхөн төлбөрт зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 169,479,610 төгрөгийн 70 хувь болох 118,635,727 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. 

  

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч *******ь нь хамтран зээлдэгч *******ад зүрх гэнэт зогссоны улмаас нөхөн төлбөр авах хүсэлт гаргаж, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээг хавсарган өгсөн. Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээнд үндсэн оношийг хоёр талын уушгины хатгаа, J15.8 гэсэн байсан. Харин нас барсан тухай улсын бүртгэлийн гэрчилгээнд нас барсан шалтгааныг I46 гэж тавьсан байдаг. Энэ хоёр баримт хоорондоо зөрүүтэй байсан учраас бид Улсын гуравдугаар төв эмнэлгээс энэ талаар тодруулсан. Улсын гуравдугаар төв эмнэлгээс ирүүлсэн хариунд талийгаач *******ын үндсэн оношийг эмнэлэгийн бус нөхцөлд J15.8, хүндрэлийн онош нь J96, нойрсох үед амьсгал тасалдах хам шинж гэсэн хариу ирүүлсэн байгаа. Тийм учраас манай байгууллага талийгаач *******ыг уушгины хатгааны улмаас нас барсан гэж үзэж, гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлд хамаарна гэж, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан байгаа.

Улмаар шүүхийн ажиллагааны явцад талийгаач *******ын нас барсан тухай , Мөнх-Эрдэнэ гэсэн хоёр эмчийн үйлдсэн хоёр гэрчилгээ байгааг мэдлээ. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтээс харвал *******ь гомдол гаргасан, оношийг буруу бичсэн, жижүүр эмч гээс залруулсан байна, засаж өгөөч гэхэд өмнөх гэрчилгээ яасан нь тодорхойгүй үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл улсын байцаагч өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх боломжтой байна. Нэхэмжлэгч *******ь нь талийгаач *******ын нас барсан оношны талаар гомдол гаргаж, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээг залруулсан талаараа бидэнд үнэн зөв тайлбар өгөөгүй. Энэ бүхэн цор ганц, анх удаа юм шиг материал бүрдүүлж, баримтаар бүрэн хангаагүй, бодит байдлыг нуун далдлах үүднээс нөхөн төлбөр авахаар оролдож байна гэж хардахаар байна. Иймд, талийгаач ******* нь зүрх гэнэт зогсох эрдсдэлээр бус харин уушгины хатгаа гэсэн үндсэн оношоор нас барсан гэж бид үзэж байгаа учраас нэхэмжлэл үндэслэлгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1‑д зааснаар хариуцагч ******* ХХК‑иас 118,635,727 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ьт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Н.ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 751,130 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 751,130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ьт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Шүүхийн журмаар хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4369 дүгээр дүгнэлтээс үзвэл *******ь нь Нас барсан шалтгааныг I18 гэж буруу бичсэн, Улсын гуравдугаар төв эмнэлгээс нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг залруулсан, Нас барсан шалтгааныг I46 буюу Зүрх зогсох болгож өөрчилсөн гэх худал мэдээллийг Улсын бүртгэлийн газарт өгчээ.

Даатгуулагч *******ийг худал мэдээлэл өгсөн гэж үзэж байгаа шалтгаан нь Улсын гуравдугаар төв эмнэлгээс нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг буруу олгосон, өмнөх гэрчилгээг залруулж гаргасан тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр, албан тоот огт байхгүй бөгөөд ийм үйл явдал болоогүй гэдэг нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар болох , Д.Мөнх-Эрдэнэ, Б.Тэмүүлэн нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.

Мөн залруулсан гэх нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээнд даатгуулагч *******ын нас барсан шалтгааны 1 дүгээрт Klebsiella pneumoniae-аар сэдээгдсэн пневмони-J15 гэж бичсэн бөгөөд үндсэн онош нь мөн Klebsiella pneumoniae-аар сэдээгдсэн пневмони-J15 гэж байхад нас барсан шалтгааны 3 дугаарт бичсэн Зүрх зогсох-I46 гэдэг шалтгааны улмаас нас барсан гэж нас барсны гэрчилгээ олгож байгаа улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд нас барсны гэрчилгээг дахин олгосон үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан зарчимд нийцэхгүй байна.

Дээрх үйл баримтаар даатгуулагч *******ь нь даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.2-т заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон бөгөөд даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах дахин 1 үндэслэл бүрдсэн байхад анхан шатны шүүх энэ үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

...Хэрэгт авагдсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч Д.Мөнх-Эрдэнийн гаргаж өгсөн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, онош болон нас барсан шалтгааныг тодруулж ирүүлсэн Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2/1231 дүгээр албан тоот зэрэг бичгийн баримтуудаар даатгуулагч ******* нь уушгины хатгаа өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдсоор байхад нас барсны Улсын бүртгэлийн гэрчилгээнд Зүрх зогсох буюу I46 гэж нас барсан шалтгааныг тогтоосон байна гэх шүүгчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэх хуулийн заалтад нийцэхгүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах хүсэлтүүдийг хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн боловч, шүүгч тус хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хангахгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Үүнд:

1. Шүүгчийн захирамжаар Улсын гуравдугаар төв эмнэлгээс шаардсан баримтууд шүүх хуралдаан болох өдрийн өглөө ирсэн байх бөгөөд тус баримтуудтай шүүх хурлаас өмнө танилцах боломжгүй байсан тул тус баримтуудтай танилцах буюу хэргийн материалтай танилцах,

2. Даатгуулагч *******ын нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээг ямар шийдвэр, үйл баримт дээр үндэслэн дахин олгосон буюу нас барсан тухай эмнэлгийн 2 гэрчилгээг хүчинтэй хүчингүй, дараагийнх нь залруулж гаргасан гэрчилгээ гэдгийг хэрхэн тогтоосон зэрэг үйл баримттай холбоотойгоор дүгнэлт гаргасан Улсын байцаагчийг гэрчээр оролцуулах,

3. Нэхэмжлэгч *******ийн Улсын бүртгэлийн газарт гаргасан гомдол, түүнд хавсаргасан баримтуудыг гаргуулах тухай хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байсан бөгөөд тус захирамжийн биелэлтийг хангуулах,

4. Нэхэмжлэгч тал Улсын бүртгэлийн газарт гаргасан гомдол, түүнд хавсаргасан баримтуудыг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтээсээ шүүх хуралдааны явцад татгалзсантай холбоотойгоор тус хүсэлтийг дахин гаргасан боловч шүүгч хүсэлтүүдийг хангахгүй орхисон болно.

Шүүгчийн дээрх захирамжийн улмаас хариуцагч ******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3-т заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бөгөөд шүүхээс хариуцагчийн хуульд заасан эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэж байна.

Шүүгчийн хариуцагч талаас гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэсэн байдал, хүсэлт гаргасантай холбоотойгоор талуудаас асууж байгаа асуулт, тодруулга зэргээс үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т ...уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал гэх заалтыг үндэслэн шүүгчээс татгалзсан боловч татгалзал хүлээн авах үндэслэлгүй гэх шалтгаанаар хүсэлтийг мөн хангахгүй орхисон болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой, хариуцагч талын хуульд заасан эрхийг үндэслэлгүйгээр эдлүүлээгүй, хязгаарласан шүүгчийн үйлдлийг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******ь нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 118,635,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

3.1. *******ь *******, ******* нар 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ******* ХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, ******* дүүрэг, 18 дугаар хороо, ******* //, гудамж, 202 дугаар байр, тоот хаягт байрлах 117,67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг худалдан авах зориулалтаар 250,000,000 төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай зээлсэн. /х.х-ийн 5-6/

 

3.2. Улмаар ******* ХХК, ******* ХК нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ипотекийн даатгалын зуучлал үзүүлэх гэрээг үндэслэн *******ь *******, ******* нар дээр дурдсан орон сууцны зээлийн эрсдэлийг даатгуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* ХХК-тай ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулж, даатгалын хураамжид 325,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаангүй. /х.х-ийн 4, 11/

 

Тодруулбал, даатгалын гэрээний талууд даатгалын үнэлгээг 250,000,000 төгрөгөөр тогтоож, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг *******ь 30 хувь, ******* 70 хувиар, даатгалын хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 00:00 цагаас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 00:00 цаг хүртэл гэж тодорхойлж, даатгагч нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид нөхөн төлбөр төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ /х.х-ийн 4/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Зохигч нарын байгуулсан даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2.1-д тус тус зааснаар даатгалын тохиолдол буюу амь насны үндсэн эрсдэлд даатгуулагч нь гэнэтийн ослын улмаас нас барах, мөн гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах тохиолдлыг хамруулсан бол нэмэлт эрсдэлд даатгуулагчийн зүрх гэнэт зогсох, цус харвасны улмаас нас барсан тохиолдолд даатгалын тохиолдол бий болсонд тооцож, даатгалын нөхөн төлбөрийг төлөгдөөгүй зээлийн үлдэгдлээс тооцож олгохоор тохирсон байна.

 

5. Хэрэгт цугларсан баримтаар даатгуулагч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бие нь гэнэт муудсан гэсэн шалтгаанаар Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлага өгч, улмаар П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн уушгины хатгаа гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас баржээ. /х.х-ийн 48-56/

 

5.1 Хэрэгт П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлгийн эмч, тус өдөр жижүүр эмч хийж байсан гийн гарын үсэгтэй нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээнд *******ын үхэлд шууд хүргэсэн өвчин ба эмгэгийг амьсгал зүрх судас зогсох, амьсгалын дутмагшил гэж, нас баралтын шалтгааныг амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсох гэсэн бол үндсэн оношийг эмнэлгийн бус нөхцөлд үүссэн хоёр талын уушгины хатгаа, төвийн шалтгаант нойрсох үед амьсгал тасалдах хам шинж гэж тодорхойлж, Өвчний олон улсын ангилал 10-д зааснаар J18 буюу үүсгэгч нь тодорхойгүй пневмони гэж тэмдэглэжээ. /х.х-ийн 137/

 

Харин *******ыг эмчлэгч эмч Д.Мөнх-Эрдэнийн гарын үсэгтэй нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээнд түүний нас барсан шалтгааныг А/ klebsiella pneumonie-аар сэдээгдсэн пневмони /ӨОУА 10 - J15.0/ гэж, В/ амьсгалын цочмог дутмагшил /ӨОУА 10 -J 96.0/ гэж, С/ зүрх зогсох /ӨОУА 10 - J46/ гэж, үндсэн оношийг klebsiella pneumonie-аар сэдээгдсэн пневмони гэж тус тус тэмдэглэсэн байна. /х.х-ийн 56/

 

5.2 Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4369 тоот дугаартай иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах дүгнэлтэд *******ын нас барсан шалтгааныг үүсгэгч нь тодорхойгүй пневмони /ӨОУА 10 - J18/ гэж бүртгэснийг зүрх зогсох /ӨОУА 10- J46/ гэж өөрчилж, нас барсны гэрчилгээг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр олгожээ. /х.х-ийн 15, 180, 181/

 

6. Нэхэмжлэгч *******ь нь *******ын нас барсан шалтгааныг зүрх зогсох гэж тодорхойлсныг хариуцагч ******* ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч уушгины хатгаа-ны улмаас нас барсан гэж маргаж, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна. /х.х-ийн 28/

 

6.1. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 9/4077 тоот албан бичигт ...Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2/1231 тоот албан бичигт даатгуулагчийн зүрх гэнэт зогссон шалтгааныг Эмнэлэгт хэвтэн эмчлэх үед өвчтөний биеийн байдал хүнд, уушигны хатгаатай, зүрхний хүнд эмгэг, дутагдал үгүй, тархинд голомтод байдлаар органик өөрчлөлт илрээгүй атал амьсгал тасалдах хам шинжийн улмаас зүрх зогсож, гэнэтийн байдлаар нас барсан гэж үзэхээр байна гэж тайлбарласан байна. Дээрхээс дүгнэхэд даатгуулагч даатгалын гэрээнд заасан зүрх гэнэт зогсох нэмэлт эрсдэлийн улмаас нас барсан болох нь талуудын ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзэв... гэжээ. /х.х-ийн 17/

6.2. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

 

Талуудын байгуулсан даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т даатгалын нэмэлт эрсдэлд зүрх гэнэт зогсох гэж заасан бөгөөд зохигч нар даатгуулагчийн бусад өвчнөөс хамаарч амьсгалын дутмагшил үүссэний улмаас зүрх зогсох тохиолдлыг даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж тохиролцоогүй.

 

6.3. Зүрх гэнэт зогсох нь даатгуулагчийн зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох бусад өвчинтэй шууд шалтгаант холбоогүй бие даасан өвчин байх ёстой гэсэн хариуцагчийн татгалзал нь гэрээгээр тохирсон даатгалын нэмэлт эрсдэлийн тохиолдлыг хэт хумьж байгаагаас гадна амьсгалын дутмагшил үүссэнээс зүрхний үйл ажиллагаа зогсохыг бусад өвчинтэй огт хамааралгүй гэсэн нь даатгуулагчийн эрх ашигт нийцэхгүй байх тул үүнийг Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж зааснаар даатгуулагчид ашигтайгаар тайлбарлах нь зүйтэй.

 

6.4. Хэрэгт цугларсан П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлгийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас барагчийн эмнэл зүйн хэлэлцүүлэг хийсэн хурлын протоколын дүгнэлтэд ...өвчтөний биеийн байдал ирэх үед хүнд байсан хэдий ч уушгины хатгааны байдал хүнд биш, зүрхний хүнд эмгэг дутагдал үгүй, тархинд голомтот байдлаар органик өөрчлөлт илрээгүй тал амьсгал тасалдах хам шинжийн улмаас зүрх судас зогсож, гэнэтийн байдлаар нас барсан гэж үзэхээр байна... гэсэн байна. /х.х-ийн 83-84/

 

6.5. Гэрч Д.Мөнх-Эрдэнэ нь ...Зүрхний үйл ажиллагааг үнэлэх зүрхний бичлэг, зүрхний эхо шинжилгээнд ноцтой амь насанд эрсдэл өндөр өөрчлөлт байгаагүй. Тэгэхээр энэ нөхцөл маань амьсгалын дутгадлаас шалтгаалаад хүчилтөрөгчийн дутагдлын улмаас зүрх зогсох, хэм алдуулах шалтгаан болсон. Нас барсан оношийг эмнэлгийн статистик бүртгэлд бүртгэхдээ үндсэн оношоо бүртгэнэ, нас барсан шалтгаануудаар биш, одоо журам өөрчлөгдсөн байгаа. Гэхдээ 2023 онд мөрдөж байсан журмаар А, Б, В, Г гэх мэтчилэн дараалж тавигддаг. Төгсгөлийн оношны хэсэг үндсэн онош, түүний хүндрэл, дагалдах онош гэсэн байдлаар гаргаж ирж болно. Зүрх зогсох гэдгийн өмнө амьсгалын дутагдал гэж байгаа. Тэгээд түүнээс хамаарсан хүчилтөрөгчийн дутагдлын улмаас энгийн үгээр тайлбарлавал зүрх зогссон гэж ойлгоно. Хатгаа оношоор нас барахад хүргэсэн бусад нөхцөл шалтгаан байна гэж дүгнээд нас баралтын шалтгаан нь мөн адил амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсох нөхцөл... гэж, гэрч нь ...Үхэлд шууд хүргэсэн өвчин гэхээр амьсгал зүрх судас зогсож байгаа юм. Тухайн үед зүрхний эхо хийлгэчихээд хүчилтөрөгчийн маск зүүж байхдаа 95 хувьтай хүчилтөрөгчийг уушгаар авч байсан. Мөн харьцангуй тогтвортой байсан..., хатгааны шинжилгээнүүдтэй танилцахад маш хүнд байгаагүй... гэж тус тус мэдүүлжээ. /х.х-ийн 156-163, 211-215/

 

Үүнээс дүгнэвэл талийгаач ******* нь уушгины хатгаа гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байсан боловч тэрээр амьсгалын дутагдлын улмаас унтаж байхдаа зүрх нь зогссоны улмаас нас барсан нь даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарч байгаа талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

7. Анхан шатны шүүх даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 7 дугаар зүйлийн 7.8-д тус тус зааснаар даатгалын нөхөн төлбөрийн хувь хэмжээг үндэслэн тухайн үед төлөгдөөгүй байсан орон сууцны зээлийн үлдэгдлээс 70 хувьд ногдох 118,635,727 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт олгосон шүүхийн шийдвэрлэсэн Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хэргийн материалтай танилцаж, гарын үсэг зурсан байх тул шүүх түүний хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн уг маргаан нь улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хэрэг маргаан биш учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын байцаагч Ч.Батсүхийг гэрчээр оролцуулж, түүнээс ямар эрхийн акт, баримтыг үндэслэн иргэний улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан талаар тодруулах нь хүсэлтийг хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчийг нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсаныг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Тодруулбал, шүүгчийг зохигчийн хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйн төлөө татгалзах нь үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлыг хүлээн авахгүй.

 

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/04666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 751,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

 

Б.МАНДАЛБАЯР