Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/210

 

 

  

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сд холбогдох эрүүгийн 1938000440207 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Б.С нь 2018 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хорго зочид буудлын өрөөнөөс иргэн Х.Бын гар утсыг хулгайлж 734.120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Б.С нь 2018 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хорго зочид буудлын өрөөнөөс иргэн Х.Бын гар утсыг хулгайлж 734.120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938000440207 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Маргааш өглөө нь босоод цүнхээ уудалсан чинь миний цүнхнээс гар утас гараад ирсэн. Утсыг аваад хорго буудалд очиход утсаа алдсан залуугийн эхнэр нь ирчихсэн бөөн асуудал болж байсан. Би тухайн үед айсандаа болоод утсыг нь гаргаж өгч чадаагүй.Надад утсаа өгч яриулсан ахын самсунг-А6 маркийн утас байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Хохирогч Х.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өнгөрсөн 2018 оны 10 дугаар сард Хөвсгөл аймаг дахь Мобикомын салбараас лизингээр Самсунг А6 маркийн гар утас худалдаж авсан. Тэр утсаа 1 сар гаран барьж байгаад найз Лхагважавт авсан үнээрээ худалдсан юм. Гэтэл манай найз Лхагважав надаас аваад нэг сар шахуу барьж байгаад 2018 оны 12 дугаар сарын 30-ны орой Мөрөн сумын 8-р багт байрлах Хорго буудалд өөрөөсөө гадна 3 хүнтэй хонож байгаад өрөөн дотроосоо гар утсаа алдсан байсан... Би өөрөө Хөвсгөл аймаг дахь Мобикомын салбартай гэрээ хийж анх энэ гар утсыг худалдаж авсан бөгөөд лизинг нь гардан төлж байгаа болохоор би өөрөө энэ хэрэгт хохирогчоор орох саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 20-22 дугаар хуудас/,

Гэрч Б.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын дундуур өөрийн найз Х.Баас Самсунг А6 маркийн шаргал өнгийн гар утсыг худалдаж авсан юм. Би тэр гар утсыг хоёр сар орчим барьж байгаад шинэ оны өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 30-ны орой хөдөөнөөс ирсэн найз Мөнх-Эрдэнэ, Зулаа нартай уулзаж захын урд байдаг Буманз нийтийн бүжгийн газар очсон. Тэнд Зулаагийн таньдаг нэг хүүхэн байсан. Тэр хүүхнийг аваад дөрвүүлээ 8-р багт байх Хорго буудалд орж нэг шил архи уугаад би тасраад унтчихсан байсан. Тэр хооронд буудлын ширээн дээр байсан гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны үед байх би үйлчлэгчээр ажиллаж байхад шөнө гаднаас 2 эрэгтэй, 2 эмэгтэй 4 хүн буудлын өрөө авахаар орж ирсэн. Тэгж байтал шөнө дунд тэр хэд хоорондоо маргалдаад байхаар нь би орж очсон чинь Лхагважав гэдэг залуу нь Туяа эгчээ миний гар утас алга болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би өө яанаа та хэдээс гарцаагүй ш дээ наанаа сайн үзээч гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Архиа ууж байх хооронд Цагаанаа гарч буудлын эгчээс пиво авах гээд гарсан. Би доторх 00 руу бие засахаар орсон. Өрөөнд Лхагважав, Б.С 2 үлдсэн. Би 00-оос гараад бид 3-ыг сууж байхад Цагаанаа 4 ширхэг пиво бариад орж ирсэн. Тэгтэл Лхагважав миний гар утас хаана байна гээд хайхад утас нь олдохгүй байсан ба залгаж үзсэн чинь холбогдохгүй болсон байсан. Бид хэд буудлын өрөөнд байж болох бүх газраар хайгаад олоогүй. Тэгээд буудлын эгчийг дуудаад бас хайсан. Тэгж байтал Б.С би ерөөсөө гэрлүүгээ явахгүй бол болохоо байлаа ээж намайг дуудаад байна. Би очиж бууз хийнэ гээд байсан. Би энэ гар утас нь олдохоос нааш би чамайг явуулахгүй цагдаа дууд гээд уурласан. Тэгтэл Б.С Лхагважавын чи өөрөө утсаа цонхоор гаргаж шидсэн юм байгаа биз гээд бүүр сүүлдээ явах гээд уйлаад байсан. Би энэ өрөөнд ерөөсөө 4 хүн л байсан. Бид хэдээс гарцаагүй ямар хөл ургаад гараад явчих биш гаднаас өөр хүн орж ирээгүй байхад гэсэн чинь Б.С би явмаар байна, намайг тэгвэл нэгжээд гарга гээд байсан. Цагаанаа ах хувцсанд нь үзээд байх шиг байсан. Тэгээд Б.С уйлаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 32 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-46, 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938000440207 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хорго зочид буудлын өрөөнөөс иргэн Х.Бын гар утсыг хулгайлж 734.120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Х.Бын /хх-ийн 12-13, 20-22-р хуудас/, гэрч Б.Л-ын  /хх-ийн 15-16-р хуудас/, гэрч Б.М-гийн  /хх-ийн 23-24-р хуудас/,  гэрч Ц.О-ын /хх-ийн 25-27-р хуудас/  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 32-р хуудас/,

Хохирогч Х.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчийн зүгээс өөрийн эд хөрөнгийг ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Б.С нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.С нь хохирогч Х.Бын гар утсыг хулгайлж 734.120 төгрөгний хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой  эвлэрлийн гэрээ хийсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Сгоос 734.120 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

        Шүүгдэгч Б.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

 Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 6, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1938000440207 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Сг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Сд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Сгоос 734.120 /долоон зуун гучин дөрвөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б-д олгосугай.

      6. Эрүүгийн 1938000440207 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР