| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/06329/И |
| Дугаар | 210/МА2025/00205 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/00205
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/04498 дугаар шийдвэртэй,
Траснкапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,277,384 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Л.Батхүү, ******* нар 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдөр манай компанитай зээлийн гэрээ байгуулж, 4,500,000 төгрөгийг сарын 3.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Chevrolet Cruze маркийн ******* УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч мөнгийг хүлээн авсан.
Гэтэл зээлдэгч Л.Батхүү, ******* нараас үүрэг гүйцэтгэх хугацааг 1,527 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн байна. Зээлдэгч нар 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төлөлт хийснээс хойш дахин төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон.
Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.2.3, 3.2.4-т тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд зээлдэгч нар тээврийн хэрэгслийг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэх боломж үлдээд байна.
Иймд, хариуцагч Л.Батхүүгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,814,285 төгрөг, хүү 5,372,166 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,074,433 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 16,500 төгрөг буюу нийт 10,277,384 төгрөгийг гаргуулж өгнө үү, хамтран хариуцагч *******өөс татгалзаж байна гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байхад нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. Өөрөөр хэлбэл, уг зээлийн үйл явц 4 жилийн өмнө 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулаад үүргийн гүйцэтгэл хангуулахаар Chevrolet Cruze маркийн ******* УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн Нийслэлийн засаг даргын захирамжтай 0.7 га газар барьцаалсан. Уг тээврийн хэрэгслийг зарлан дуудах хуудас, эсхүл цагдаад мэдэгдээд түргэн шуурхай арга хэмжээ авч ав. Нэг зээлдэгч нас барчихсан бол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дор хаяж тавин хувь хангагдах үндэслэл гарч байна. Зээлдэгч *******гийн хувьд үндсэн төлбөрөө төлье гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******гээс 5,507,770 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагад үлдэх 4,769,614 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 103,074 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Хариуцагч ******* нь төлбөр төлөөгүй шалтгааныг өөрийн төрсөн хүү нас барсан болон ажил орлогогүй байсан тул зээлийн эргэн төлөлтийг төлж чадаагүй, хугацаа хэтрүүлсээр байсан гэж тайлбарладаг боловч энэ нөхцөл байдал нь баримтаар тогтоогдоогүй.
Мөн барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн Chevrolet Cruze маркийн ******* УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэн өгсөн, хаана байгааг нь мэдэж байгаа ******* ХХК-д мэдэгдсэн боловч барьцаа тээврийн хэрэгслийг хураан авч үүргийн гүйцэтгэл хангуулаагүй гэж хариуцагч талаас тайлбарладаг боловч энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй, худал зүйл шүүхийн шатанд ярьсан.
Фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч нар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч нь хугацаа хэтрүүлснээс үүссэн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.
Мөн талуудын хооронд фидуцын гэрээ байгуулагдсан нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүхийн журмаар шаардах нэхэмжлэгчийн эрхэд нөлөөлөх учиргүй. Өөрөөр хэлбэл, фидуцын зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй буюу боломжгүй нөхцөлд зээлдүүлэгч нь үндсэн харилцаа болох зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг буцаан шаардах эрхтэй юм.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зээлийн гэрээний дагуу хариуцагч *******гээс үндсэн зээл 3,814,285 төгрөг, хүү 5,372,166 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,074,433 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 16,500 төгрөг, нийт 10,277,384 төгрөгийг гаргаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,277,384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* нь үндсэн зээлийн үлдэгдэл 3,814,285 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК нь хамтран хариуцагч *******өөс татгалзсан байна. /х.х-ийн 30/
Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
3. Хэрэгт цугларсан баримтаар ******* ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр *******, ******* нартай зээлийн гэрээ байгуулж, 4,500,000 төгрөгийг сарын 3.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар зээлдүүлэхээр тохирчээ. /х.х-ийн 6-8/
Мөн талууд тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар ******* УБҮ улсын дугаартай Chevrolet cruze 0 маркийн тээврийн хэрэгслийг 950,000 төгрөгөөр үнэлж эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан байна. /х.х-ийн 9-10/
Зохигч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаангүй.
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.
4. Энэхүү зээлийн гэрээгээр зээлдэгч *******, ******* нар 4,500,000 төгрөгийг 24 сарын хугацаанд сар бүрийн 01-ний өдөр үндсэн зээл болон хүүгийн хамт тогтмол 280,000 төгрөгийг төлсөөр 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нийт 6,486,363 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ.
Хэрэгт цугларсан баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлдэгч *******, ******* нар өнгөрсөн хугацаанд үндсэн зээлээс 685,715 төгрөг, зээлийн хүүнд 726,111 төгрөгийг төлсөн байх тул хариуцагч нарыг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ. /х.х-ийн 15/
5. Зохигчид үндсэн зээл болон зээлийн хүү төлсөн тооцооллын талаар маргаагүй ч хариуцагчийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ёсгүй гэж маргажээ.
5.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.
Мөн талууд зээлийн гэрээний 3.5.4-т Талууд зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол ...зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг үндсэн зээл дээр нэмж төлнө гэж тохиролцсон байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний ерөнхий хугацаа дууссан болон хуваарьт хугацааг зөрчсөн тохиолдолд зээлийн үлдэгдлээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоход мөн адил хамаарна.
5.2 Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч ******* ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, мөн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч *******д зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан мэдэгдэл өгснийг тэрээр няцаагаагүй байна. /х.х-ийн 11-13/
Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд гагцхүү зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг хугацаанд нь төлөх ёстой бөгөөд зээлдүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь түүний эрх болохоос үүрэг биш ба хэргийн баримтаар нэхэмжлэгч нь зээлийг буцаан шаардах эрхээ Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар шударга бусаар хэрэгжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.
Иймд, хариуцагч нь зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч нь хуульд зааснаар зээлийг эргэж төлөх хүртэл хугацаагаар буюу нэхэмжлэгчийн зээлийн хүүг зогсоосон 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөр тооцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй учир энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй.
5.3 Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, зээлдэгч *******, ******* нар зээлдүүлэгч ******* ХХК-ийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэгч нар бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас *******гээс нэхэмжлэх эрхтэй.
Тиймээс хамтран зээлдэгч нас барсан гэсэн үндэслэлээр хариуцагч *******г зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөхгүй.
6. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийн зөрчлөөс гарсан зардал буюу нотариатын зардалд 16,500 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. /х.х-ийн 14/
Тиймээс хариуцагч *******гээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,814,285 төгрөг, зээлийн хүүнд 5,372,166 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,074,433 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 10,277,384 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/04498 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******гээс 10,277,384 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж,
2 дахь заалтад ...103,074 гэснийг 179,390 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.МАНДАЛБАЯР