Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 104

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,  

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Ш.Т , Л.Ө  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Т , Л.Ө  нарт холбогдох эрүүгийн 1915000500103 дугаартай, 163/2019/0106/э индэкстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 30000 төгрөгөөр торгох ялаар, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгсөн, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр №79 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн Г овогт Ш.Т  ,

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн ... оршин суух, Ц овогт Л.Ө   

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Ш.Т  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Л.Ө тай хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож Л.Ө ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 

Яллагдагч Л.Ө  нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ш.Т тай хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож Ш.Т ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:  

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Т  өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 26-нд айлд мод хөрөөдөөд явж байхад Ө  ахын машины дугуй салсан байхаар нь би хажууд нь очсон. Хажууд мотоцикльтэй хүн ирсэн. Тэр хүний түлхүүрийг Ө  ах аваад машины доогуур хийсэн. Тэр хүн надаас түлхүүрээ нэхсэн. Би Ө  ахыг түлхүүрийг нь өвөртөө хийсэн байх гэж бодоод ноцолдсон. Тэгж ноцолдож байхдаа түүнийг цохисон гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ө ын өгсөн: Машины 5 бул эвдэрсэн байсан. Тэгээд задлаад сууж байхад Ш.Т  болон Д нар ирсэн. Би Д гийн мотоциклийн түлхүүрийг нь авсан. Тэгвэл миний машиныг засалцаад өгөх байх гэж бодсон. Т  надаас түлхүүрийг нь нэхээд би өгөхгүй гэж ноцолдсон. Ингэж ноцолдож байхдаа түүнийг цохисон нь миний буруу. Нэг нэгнийгээ цохисон. Т  ах чинь намайг зодоод байна гэж хүүдээ хэлэхэд хүү цагдаа дуудсан байсан. Тэгээд шууд цагдаа дээр авч очсон. 2019 оны 02 дугаар сарын 01-нд цагдаагаас дуудахаар нь мэдүүлэг өгсөн. Тэрнээс хойш дуудахгүй байхаар нь гайгүй болсон байна гэж бодсон чинь сая дуудсан гэв.   

 1915000500103 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч, хохирогч  Ш.Т ын өгсөн: “...Д  намайг явья гэхээр нь Д д мотоциклийн түлхүүрийг чинь Ө аваад хармаалчихсан гэж хэлээд би Ө  ахаас мотоциклийн түлхүүрээ авья гэсэн босож ирээд намайг түлхэж бариад мотоциклийн түлхүүр өгөхгүй байсан... Ө бид 2 л хоорондоо зууралдаж аваад түүнийг нүүрэнд нь баруун шанааны орчимд нь гараараа 1 удаа цохиод, цээж рүү нь 1 удаа өшиглөсөн. Түүнээс Ө тай надаас өөр хэн нэгэн зодоон цохион хийгээгүй... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-17-18 тал/

Яллагдагч, хохирогч  Л.Ө ын өгсөн: “...Т  нь ахыгаа хашгираад ирэхийг хараад намайг барьж аваад нүүр лүү амны тус газарт гараараа 1 удаа цохиод, бөгсрүү 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд Н , О  2 салгаж авсан. Тэгээд би хүүрүүгээ залгаад намайг Т  зодоод байна гэж хэлсэн удаагүй хүү ганцаараа Бонго машинтай ирсэн ба ирэхдээ цагдаад дуудлага өгчихсөн байсан. Цагдаа манай хүүгийн ардхан ирсэн ба Т г морин тэрэгтэй зугатаах гэхэд нь машинаараа хашаад шахаж зогсоож барьж аваад байж байхад цагдаа ирсэн... тухайн үед намайг Т зодсон ба найз нь дайрахад нь Н барьж авч надад хүргээгүй...2 шүд булгарчихсан байсан ба одоо бол уг 2 шүд маань уначихсан. Ш.Т  цохиж гэмтэл учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-22-24 тал/,

Гэрч Ө.С гийн өгсөн: “...аавын дээл хувцас, Т ын дээл хувцас нь шороо болчихсон зодоон хийсэн бололтой байж байсан. Н , О эгч 2 эрүүл, нөгөө хэд нь Монгол стандарт нэртэй 0.5 литрийн архи уугаад сууж байсан. Тэгсэн намайг очиход Н  ах, О эгч 2 надад энд сая бөөн зодоон болоод саллаа, Т  аавыг чинь зодоод гэж хэлсэн... намайг очсоноос хойш ямар нэгэн зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх-26 тал/

Гэрч Б.О чимэгийн өгсөн: “...Ө  ах мотоциклийнх нь түлхүүрийг аваад машины доогуур нь шидчихсэн. Тэгсэн Ө  ах, Т  ах хоёр мотоциклийн түлхүүр дээрээс болж маргалдсан. Тэр хоёр хоёулаа адилхан халамцуу байсан... П  ах Т гийн гэрээс алхаад бид нар дээр хүрээд ирсэн. Тэгээд Ө  ахыг Т , П  2 хоёр талаас нь хамжиж зодоод эхлэхээр нь нөхөр Н  бид хоёр салгаж авсан. Тэгж салгахад Ө  ахын амнаас цус гарчихсан байсан....Ө  ах Ш.Т  2 барьцалдаж ноцолдож байхад л ах нь гээд байгаа П ирсэн. Тэгээд тэр 2 дээр нэмж зууралдаж барьцалдаад байсан юм...Ө.С  тухайн үед Ш.Т ыг зодож цохисон эсэхийг бол мэдэхгүй зодож цохиогүй байх гэж бодож байна зогсоогоод л байж байхад нь араас нь цагдаа хүрээд ирсэн учраас зодож цохих боломж ч гараагүй байх...” гэх мэдүүлэг /хх-28-30 тал/

Гэрч С.Н гийн өгсөн: “...Мотоцикльтой ирсэн залууг ирээд зогсонгуут Ө  ах мотоциклийн хянах дээрээс нь түлхүүрийг нь шүүрч аваад машин доогуураа шидчихсэн байснаас болоод Т , Ө  ах 2 маргалдаж муудалцаад хоорондоо барьцалдаж аваад Ө  ахын толгой архи руу цохиж зодоон хийсэн. Тэр хоёр харилцан барьцалдаж авчихсан бие биенийгээ цохиж зодоон хийсэн. Газар унаад ноцолдож бариад байсан. Тэгээд эхнэр бид 2 салгасан... Ө  ахтай Т  л зодоон хийсэн ба ах нь ирээд бол цохиж зодоогүй барьцалдаж зууралдаад л тэгээд салсан. Зодоон цохион хийхэд бол оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх-31 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 36 дугаартай

1. Ш.Т ын биед тархи доргилт, зүүн даланд цус хуралт, дагз хэсгийн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.

2. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нөлөөлөхгүй.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 33 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай

  1. Л.Ө ын биед зүүн дээд 2.3, баруун доод 1.2.6-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 15% алдагдуулна гэх дүгнэлт /хх 36 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47-48, 56 тал/, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр №79 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.     

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Яллагдагч Ш.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Л.Ө тай хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож Л.Ө ын эрүү мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Л.Ө  нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ш.Т тай хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож Ш.Т ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.   

Энэ үйл баримтаас дүгнэлт хийхэд  мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, тэлгээрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ш.Т , Л.Ө  нарын өгсөн мэдүүлэг,

гэрч Ө.С, Б.О чимэг, С.Н нарын өгсөн мэдүүлэг, хохирогч нарын биед учирсан, гэмтлийг “хөнгөн” зэргийн гэмтэл болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дугаар сарын 30-ны өдрийн 36, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.      

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байх тул нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үзлээ.    

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн шүүгдэгч Ш.Т , Л.Ө  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ш.Т, Л.Ө нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Т , Л.Ө  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирол нэхэмжлээгүй гэснийг дурьдвал зохино.

Шүүгдэгч Л.Ө ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасанаар шүүгдэгч Ш.Т , Л.Ө  нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүгдэгч Ш.Т, Л.Ө нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж  шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш. Т , Л.Ө ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 Шүүгдэгч Ш.Т  Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр №79 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаас 228 цаг үлдэж байгаа болох нь Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоот, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдийн цагийн бүртгэл зэргээр тогтоогдож байх тул ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Т, Л.Ө  нар нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Г овогт Ш.Т , Ц овогт Л.Ө  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Т , Л.Ө  нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ш.Т ыг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 228 цагийн ялыг  тусад нь эдлүүсүгэй.      

4. Шүүгдэгч Ш.Т  оногдуулсан 228 /хоёр зуун хорин найман/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн тохижилт үйлчилгээний ангийн харъяанд эдлүүлсүгэй.   

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т , Л.Ө  нарт оногдуулсан  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурван/ сарын хугацаагаар тус тус тогтоосугай.   

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ш.Т , Л.Ө  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Ш.Т , Л.Ө  нар нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.  

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Т , Л.Ө  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНДУЛАМ