| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2023/01000/И |
| Дугаар | 213/МА2025/00001 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 213/МА2025/00001
*******ын нэхэмжлэлтэй *******,
******* нарт холбогдох
иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 131/ШШ2024/00856 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* , ******* нарт холбогдох
Гэм хорын хохирол учруулсны төлбөрт 14,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******а, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2020 оны 10 дугаар сард *******оос хэдэн үхрээ гайгүй айлд тавих гэсэн юм тийм айл байна уу гэхэд та манайд үхрээ тавьчих гэхдээ би ааваас асуугаад хариу хэлье гэсэн. Түүнээс хойш удалгүй ******* залгаад аав зөвшөөрсөн та малаа авчраад өгөөрэй гэж хэлсэн. *******оо, ******* нарт малаа өгөхөөр болж 2020 оны 10 дугаар сарын 23-нд дүү ээр морьтой үхрээ туулгахаар болж би нөхөртэйгөө *******ынд очиж хоноод маргааш нь явсан. Орой нь *******той утсаар ярихад 24 тооны үхэр хүлээлгэж өглөө гэж ярьсан.
1.2. Би *******оогийнд очсон үед сарын хөлс хэд вэ гэхэд тэр яах вэ болох байх гэж хэлсэн тул хавар малаа авахаар нэг мөсөн хөлс авах юм байх даа гэж бодсон. Түүнээс хойш 2020 оны 12 дугаар сарын сүүлээр *******ынд очиж идэшний нэг үхэр авсан, цагаан сарын дараа ******* “...танай нэлээн хэдэн үхэр үхсэн гэж хэлэхээр нь чи юу яриад байна үхэр үхлээ гэж хэлэхгүй яасан юм бэ тэгвэл өвс явуулах байсан юм, хэрэв үхэр үхсэн байх юм бол зургаар дарж аваарай үхсэн үхрийн зургийг харж л баталгаажуулна шүү..” гэж хэлсэн. Тэр үед ******* юу ч дуугарахгүй чимээгүй суугаад байсан. Түүнээс хойш 4 дүгээр сард ******* Өргөөтөөс наашаа нүүж орж ирээд танайхаас 4-5 үхэр үлдсэн гэхээр нь зургийг нь харъя гэсэн чинь хоёр үхрийн зураг үзүүлсэн түүнээс хойш үхрээ авъя гэхээр үхсэн гэж маргаад явдаг байсан.
1.3. Тус сумын иргэн гэх хүн 2021 оны 10 дугаар сард манай нөхөртэй таараад “...*******, ******* нарыг Архангай аймаг руу үхэр тууж гаргасан үхрүүд дотор танай үхэр байсан...” утгатай юм ярьсан байсан тул 2021 оны 12 дугаар сард Цагдаагийн байгууллагад гомдол гаргахад миний хэргийг хоёр жил шахам шалгаад “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай“ Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай тогтоолыг надад хүргүүлсэн.
1.4. Иймд *******, Баяртогтох нарт хүлээлгэн өгсөн 24 тооны үхрээс 1 үхрийг идшинд хэрэглэсэн, 2 үхрийг буцааж надад өгч нийт 3 тооны үхэр хасаад үлдэгдэл 21 тооны үхрийг хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн шинжээчийн 2020 оны 10, 11 дүгээр сарын байдлаарх үнэлсэн 14,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би 3 жил хэдэн үхрийн араас хөөцөлдөж Цагдаагийн байгууллагаар явж цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирч явна гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
2.1. *******ын нэхэмжлэлийг хүлээн авах ямар ч боломжгүй, үндэслэлгүй болохыг тайлбарлах нь: Би малаа авчирч тавь гэсэн зүйл байхгүй. Манай бага хүү *******той , *******а сум дээр тааралдаад “...үхрээ тавимаар байна гэхэд нь ааваас асууя, тэгээд хэлье” гэж хүү надад хэлэхэд нь би “... доод голын мал туранхай хэцүү дээ. Хангайд цастай байгаа” талаар утсаар хэлсэн.
2.2. Үнэхээр тэдний үхэр маш туранхай, голд шахагдсан үхрүүд байсан. Яг өөрсдийнх нь биш, талийгаач хөгшнийх нь хэдэн хөгшин үнээ байсан юм билээ. Би “...авах боломжгүй гэтэл манай голд мал хэцүү байна, өвс л бараадуулмаар байна. Та найдвартай, яаж ийгээд борогтой залгуулаад учраа олъё гэхээр нь үхэж үрэгдвэл хэцүү шүү гэхэд үхсэн ч дүүрчээ, өвс боргийг нь бараадуулъя...” гэж манайд нөхөртэйгөө ирээд гуйгаад хоносон. Үхэр нь ирж байгаа гэсэн тэр өдрөө ирээгүй, явах болохоор нь бага хүү *******ыг өмнөөс нь явуулж авахуулсан, өөрсдөө байгаагүй. Үнэхээр туранхай эцэнхий 8 бяруу, 6 гунж, 8 бүдүүн хөгшин үнээ байсан.
2.3. 2020 оны 10 дугаар сард отор дээр байхад нөхөр нь ирж хүнсэндээ 1 үнээ авсан, ямар ч өөхгүй, тас хар мах байсан. Хүнс авахдаа нөхөр нь үхрээ хараад ”... овоо гэдэс оржээ...” гэж хэлж байсан юм. Өвөл отроор гайгүй явж даваад 2021 оны цагаан сарын өмнө нутагтаа ирээд үхрээ ав гэж олон удаа хэлсэн. Одоо очно, 2 хоноод очно гэж хэлээд ирээгүй байсаар 2021 оны 3 сард цас нэмж ороод зудыг дээд цэгт нь хүргэсэн. Энэ үед манай болон тавиул мал их үхсэн.
2.4. Үлдсэн 2 үнээгээ ав гээд байхад авахгүй байсаар хавар тугаллуулаад 6 сарын сүүлээр авсан. Тэр жилийн зудад малгүй болсон өрх ч байгаа. Манай сум багт зуд ямар болдог, ямар хэцүүг нь ******* мэргэжлийн хүн мэднэ. Өөрсдөө мэдсээр сонссоор байж харсаар байж малдаа анхаарал тавиагүй тул худал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас гэм хорын хохирол 14,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж, шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч *******а давж заалдах гомдолдоо:
4.1. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт” Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/ эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх/ адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгөөр, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр / буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэжээ.
Хуулийн дээрх хэсгээс үзэхэд эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эд хөрөнгөнд халдсан гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, уг гэм буруутай үйлдэл, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлсон.
Энэ шаардлагыг нэхэмжлэгч хангаж чадаагүй байна гэж дүгнэж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт : Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэжээ.
Энэ утгаараа миний бие нь хариуцагч нарт 24 тооны үхрээ 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн, 2022 оны 06 дугаар сарын 15-д 2 үхэр буцааж авсан, 24 тооны үхрээс 1 үхэр идшэндээ авсан үйл баримт тогтоогддог.
Анхан шатны шүүхээс мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон нэг үндэслэл нь Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 221400125 дугаартай хэргийг хаасан байна энэ тогтоолд миний үхрийг завшсан болох нь тогтоогдоогүй байна гэж мен үзсэн.
Энэ нь зөвхөн прокурорын тогтоол болохоос биш ямар нэг шүүхийн шийдвэр биш юм. Мөн хариуцагч нарын зүгээс татгалзлын үндэслэлээ нотлохоор Баянхонгор аймгийн Галуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 62 дугаартай албан бичигт тус сум нь 2020,2021 онуудад газрын гарц муу, өвлийн улиралд байгалийн гамшигт үзэгдэл зуд болж мал ихээр хорогдсон баримт байсан.
Түүнээс хариуцагч нарын малд байсан миний үхэр хорогдсон баримт байгаагүй буюу манай үхрийг зуднаар хорогдсон, үхсэн гэдгийг нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Шүүх мөн дүгнэхдээ зуданд хорогдсон нь нотлогдоогүй гэж дүгнэсэн хэрнээ би буцааж аваагүй байхад миний үхрүүдийг хариуцагч нарт үлдээж шийдвэрлэж байгааг би ойлгохгүй байна.
Бид хоорондоо хөлс мөнгө өгөх талаар ярилцсан бөгөөд хариуцагч нь за яахав тэгж байгаад болъё болох байхаа гэснээс биш ерөөсөө надаас хөлс авахгүй гэж хэлээгүй шдээ.
Надаас авах хөлсөө тодорхой хэлээгүй нь сүүлдээ ийм л учиртай байсан юм байна. Адаг сүүлд нь малаа авахаар ирэхэд нь үхсэн гэж хэлэх юм чинь хөлс нь дараа болъё гэж санаатай хэлсэн юм байна.
Би тоо ёсоор нь хүлээлгээд өгсөн нь үнэн бөгөөд хариуцагч тоон дээр маргадаггүй, зуданд хорогдоогүй нь үнэн байна, буцаагаад 2 үхэр авсан нь үнэн байхад үлдсэн үхрийг шүүх яасан гэж үзэж байгааг би ойлгохгүй гомдолтой байна.
Үхсэн үрэгдсэн нь нотлогдохгүй байхад хариуцагч нар идэж уусан нь тодорхой байхад хүнийг ингэж хохироож байгаад гомдолтой байна.
Тиймээс Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.31-ний өдрийн 856 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож , нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгч *******а шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг өөрийнхөө үүргийг биелүүлээгүй гэж дүгнэсэн. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******* манайд ирэхээр нь үхэр тавих айл байна уу гэж асуухад манайх авъя гэсэн учраас 24 тооны үхрээ хүлээлгэн өгсөнд хэн ч маргадаггүй. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үхрээ өгчихөөд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр идэш авах гээд очихдоо үхрүүд хашаанаасаа гарч байхад нь өөрийнхөө үхрийг харсан. Гэтэл миний өгсөн үхрээс нэг нь ч харагдаагүй, түрүүлээд хашаанаасаа гарсан байх гээд итгэсэн. Тухайн үед манай суманд өвс буулгаж заруулж байсан, би үхрээ онд оруулах гэж өвс зараагүй. Үхэр тавьснаас хойш манай гэрт , *******, ******* нар ирээд морь тэжээх гэж байгаа гээд өвс аваад 460,000 төгрөгийг хавар нь өгсөн. Өвсний үнийг хөлсөндөө суутгах байх гэж бодсон ч надад мөнгийг нь өгсөн. Хэрэв үхэр чинь үхээд байна гэж хэлсэн бол би ямар нэгэн арга хэмжээ авах байсан. Гэтэл 2021 оны 4 дүгээр сар хүртэл үхэр үхсэн талаар огт хэлээгүй. ******* над руу утсаар яриад Өргөөт рүү нүүх гээд байна, ирж байна уу гэж олон удаа ярьж байсан. Би ажил ихтэй байсан тул олон хоноод асуудал хүндэрсэн. Миний хувьд хөлс, үнээ яах вэ гэхэд болох байх гэсэн. Монгол хүн айлд малаа тавьж л байдаг, үхэж л байдаг гэж боддог. Гэтэл он дамжсаны дараа гэх хүн танай үхэр үхээгүй гэж хэлсэн учраас одоо гомдол гаргаад явж байна.
манай гэрт 4-5 удаа ирж моринд өвс авахдаа манай үхэр үхсэн талаар огт хэлээгүй, Жимобайлын сүлжээгээр утсаар ярьдаг байсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, малын сэг, зэм устгалын шийдвэрийг өгчихөөд зуд болсон гээд байдаг. Тухайн үед манай суманд зуд болоогүй, хавар 4 сард л цас орсон. 2 бяруу үлдсэн байсан. Бяруу үлдсэн байхад сувай үнээ үхсэнд нь гайхаж байна гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нарын зүгээс зөрүүтэй тайлбар гаргадаг. *******ын мал үхсэн гэдгийг хэлэх гэхээр хөдөө сүлжээ барьдаггүй байсан тул хэлж чадаагүй гэж анхан шатны шүүхэд тайлбар гаргадаг байсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд үхэр үхсэн талаар байнга мэдэгдэж байсан гэж зөрүүтэй мэдүүлэг өгч байна.
Нэг хариуцагч нь зуд болсныг нотолж чадахгүй байна гэдэг бол нөгөө хариуцагч нь зуд болсон гэж зөрүүтэй байдлаар ярьдаг. Галуут сумын захиргааны байгууллагаас ирсэн малын сэг, зэм устгасан талаарх баримт хэрэгт авагдсан байдаг. Хариуцагч нар *******ын мал зуднаар үхсэн гэж тайлбарлаад байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар *******, ******* нарын малаас ямар, ямар мал үхсэн эсэх, айлын тавьсан байсан малаас ямар, ямар мал үхсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нь 24 тооны мал хүргэж өгчихөөд 2 тооны мал буцаан авч хохирсон гэх үйл баримт тогтоогдсон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд санаатай, болгоомжгүй хэлбэрийг тусгасан.. Галуут сумын захиргааны байгууллагаас ирсэн баримтаар *******ын үхрүүд үхсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа бол эдгээр үхэр хаана байгаа вэ гэх асуудал гарч ирж байна. Иймд нэхэмжлэгч өөртөө хохирол учирсан гэж үзээд гомдол гаргасан.
Хариуцагч талаас зуданд мал үхсэн гэж үзэж байгаа бол болгоомжгүй үйлдэл гаргасан гэж үзэхээр нөхцөл байдал үүсэж байна. Бусдын малыг маллая, онд оруулж өгье гэж хэлж авчхаад зуданд үрэгдсэн бол ямар нэгэн арга хэмжээ авч *******ад хэлэх ёстой. Хариуцагчийн зүгээс ямар нэгэн урьдчилсан арга хэмжээ аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул бусдын малыг болгоомгүйгээр үрэгдүүлсэн нөхцөл байдал харагдаж байна.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
7. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2020 оны 12 дугаар сард *******ыг ирж идшээ авахад нь үхэр үхээгүй байсан. 2021 оны 1 дүгээр сар гарсны дараа хүчтэй шуурга болж мал үхэж эхэлсэн. Би уулан дээр сүлжээ хайж очоод *******ад үхэр үхсэн талаар хэлэхэд хөгшин мал байгаа, яах вэ амралтын өдрөөр очъё гэж хэлдэг байсан ч ирэхгүй байсаар жил дамнасны дараа 2022 онд ирж 2 үнээгээ тугалсны дараа ирээд аваад явсан. Зуднаас маш их цас орж мал бэлчих бэлчээргүй болж онцгой байдлын газраас том машинаар зам гаргаж өвс хүргэж өгч байсан. *******ад хандаж 7-8 үхэр үлдлээ, машинаараа ирээд ачаад аваад яв гэхэд очно гэж хэлчихээд ирдэггүй байсан. Манай сумаас онцгой комисс гарч сэг, зэмийг нь цэвэрлэсэн. Зуд болоогүй бол олон мал цэвэрлэхгүй. Маш олон мал үхсэн тул хэний, ямар мал үхсэнийг мэдэх боломжгүй байсан. Дулаарч өвчин гарахаас сэргийлж онцгой байдлын комисс сэг, зэмийг устгаж байсан. Манайхаас ч маш олон мал үхсэн гэв.
8. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Тус хууль зүйн үндэслэлийг гаргахад нь анхан шатны шүүх бүрэлдэхүүн хэд хэдэн удаа гэрээгээр шаардах эрхээ хэрэгжүүлж байна уу, хуулиар шаардах эрхээ хэрэгжүүлж байна уу гэж тодруулж асуухад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу шаардаж байна гэж хэлсэн. Анхан шатны шүүх буруу хууль хэрэглээгүй, зөв хууль хэрэглэсэн. Тус шаардах эрхтэй холбоотойгоор гэм хор учирсан гэж үзээгүй. Гэм хорын нэхэмжлэлийг гаргахдаа гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, гэм буруутай үйлдлийн шалтгаант холбоо байхаар тодорхойлсон. Гэм хор учирсан гэж үзэж байгаа бол гэм хорыг нотлох баримт байх ёстой. Гомдолд дурдагдсанаар прокурорын эрх бүхий албан тушаалтны ..тоот.. хэргийг хаасан тухай тогтоолыг нэхэмжлэгч талаас хэргийн материалд хавсаргаж өгсөн. Давж заалдах гомдолдоо “..зөвхөн прокурорын тогтоол болохоос шүүхийн шийдвэр биш..” гэсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад завшсан гэх үйлдэл тогтоогдоогүй. Үүнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэртэй нэгэн адил прокурор тогтоол гаргах эрх бүхий албан тушаалтан мөн. Үүнтэй адил анхан шатны шүүх прокурорын тогтоолыг үндэслэж хууль зүйн дүгнэлтээ гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дугаар хуудаст “..хариуцагч ******* нарыг зуданд үхсэн нэрийдлээр завшсан гэх үйлдэлд нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэлийн ажиллагаа, уг хэрэг бүртгэлийн ажиллагаанд хяналт тавьсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын шийдвэрээр нотлогдоогүй байхад нь иргэний хэргийн шүүхээс уг үйл баримтыг тогтоогдсон гэж таамаглах боломжгүй..” гэж үндэслэлдээ дурдсан байдаг.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, шаардах эрх үндэслэлгүй байна гэж гаргасан шийдвэрээ тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Гэм хорын нэхэмжлэл учраас 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч оролцуулан тус хэргийг шийдвэрлэсэн. Гомдол гаргагч нь хариуцагчийг “..зуд болсон гэдгийг нотолж чадаагүй..” гэж ярьдаг. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийн зүгээс 2020, 2021 оны Галуут сумын нутаг дэвсгэрийн иргэдийн нийтийн хурлын ажиллагаа болон тамгын газраас хийгдэж байсан ажиллагаа, зуднаар хийгдэж байсан арга хэмжээ, устгалын тайланг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал зуд болсон талаар маргадаггүй. Хариуцагчийн зүгээс үхрээ ав гэж удаа дараа хэлсэн байдаг. Нэхэмжлэгч “..надаас хөлс авахаа тодорхой хэлээгүй, тэгж байгаад болох байлгүй дээ, хөлсгүй маллуулаагүй..” гэх ерөнхий утгатай зүйл ярьдаг. Нэхэмжлэгч *******а нь шүүхэд гаргасан тайлбартаа “..ын мал..” гэж ярьж байна. Анхан шатны шүүх хуралдааны үеэр малын тооллогын баримтаар ын мал гэж тодорхойлоход нэхэмжлэгч маргаагүй. Хариуцагч ******* нь малын шинж чанарыг тодорхойлж муу мал байна, онд орохгүй байх гэж урьдчилан хэлсэн байдаг. *******а өөрөө маллаж чадах байсан бол өөрөө л маллах байсан.
Гэтэл заавал *******оор маллуулсан байдаг. Тухайн жил зуд болох нь тодорхой байсан тул малчид арга хэмжээ авч малаа айлд тавихыг нь тавиад зарахыг нь зарж байсан. Хариуцагчийн зүгээс зудтай холбоотой олдсон баримтыг шүүхэд гаргасан өгсөн. Зуд болсон эсэхийг нотлох үүргийг хариуцагч нар хүлээгээгүй. Бид нараас үүрэг шаардах эрх *******ад байхгүй, хуулиар ч, гэрээгээр ч үүрэг үүсээгүй. *******а болон түүний нөхөр ын нэр дээр мал тоологддоггүй, малын асуудлыг дүүтэй нь л ярина гэдгийг нутгийн хүмүүс нь хэлдэг.
Нэхэмжлэгчийн зүгээс өөрийнхөө хийх ёстой ажлыг хийгээгүйнхээ төлөө хариуцагч нараас үүрэг шаардаж байгаа нь шүүхийг төөрөгдүүлсэн гомдол гаргасан гэж үзэж байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 131/ШШ2024/00856 дугаартай шийдвэр нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү..гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******а нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд Хөрөнгийн үнэлгээний үнэлгээчний 2020 оны 11 дүгээр сарын байдлаар үнэлсэн 21 тооны үхрийн үнэ 14,100,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлд “... манайх 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *******, ******* нарт хавар болтол 24 тооны үхрийг маллуулж онд оруулахаар тохиролцсоноор дүү Х.Самданбилэгээр туулган гэрт хүргэж хүлээлгэн өгсөн. Манайх 2020 оны 12 дугаар сард 1 үхрийг идшинд хэрэглэсэн, хавар 2 үхрийг буцаан авсан, зудад 21 тооны үхрийг зудад үхсэн гээд буцааж өгөөгүйгээр надад хохирол учруулсан. *******, ******* нар 2021 оны 10 дугаар сард Архангай аймаг руу үхэр гаргасан үхрүүд дотор манай үхрүүд байсан гэх асуудлыг Цагдаагийн байгууллагаар шалгуулаад хэрэгсэхгүй болсон. Хариуцагч нарт үхрүүдийг хүлээлгэн өгөхдөө мал малласан үнэ хөлсөө хэрхэн тохирох вэ гэхэд дараа нь болох байлгүй дээ гээд тоймтой зүйл хэлээгүй. Хариуцагч нараас надад учирсан хохиролд 21 тооны үхрийн үнэ 14,100,000 гаргуулна...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
2.1. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...би малаа авчирч тавь гэсэн зүйл байхгүй. Авах боломжгүй гэтэл манай голд мал хэцүү байна, өвс л бараадуулмаар байна, үхсэн ч дүүрчээ, өвс боргийг нь бараадуулъя гээд тууж ирсэн. Үнэхээр туранхай эцэнхий 8 бяруу, 6 гунж, 8 бүдүүн хөгшин үнээ байсан. Манайх Архангай аймаг руу үхэр зарж борлуулсан зүйл байхгүй. Үхрээ өөрөө авч тэжээх талаар удаа дараа хэлж байсан. Хавар цас их орж хүний өөрийн олон мал үхсэн тул хүлээн зөвшөөрөхгүй...”,
2.2. Хариуцагч ******* “...тухайн жилд цас зуд ихтэй байснаас манай мал бас үхсэн. *******а руу мал чинь зудад үхээд байна, ирж ав гэж утсаар удаа дараа ярьж хэлсэн, тэрээр амралтаараа очно гээд ирээгүй. Цас их орсноос сумаар дүүрэн үхсэн малын сэг зэмийг цэвэрлэсэн талаар баримтаа гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тус тус маргасан.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч *******а нь 24 тооны үхрээ хариуцагч *******, ******* нарт хариулуулахаар сайн дураараа хүлээлгэн өгч, хариу төлбөр тохиролцоогүй, энэ үйлдэл нь гэрээнээс үүдэлтэй харилцаа биш, гэрээний бус үүрэг хэдий ч гэм хорын шинжгүй, итгэлцлээр нөхцөлдсөн туслалцааны харилцаа байх бөгөөд талууд 24 тооны үхрийг хэзээг хүртэл хариулуулах, хэдий хэмжээний хөлс өгөх, өвс тэжээлээр хангах эсэх, эрсдэл үүсвэл хэрхэх зэргээр аливаа тохиролцоо хийсэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул зохигчийн хооронд аливаа гэрээнээс үүдэлтэй болон гэрээний бус үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж дүгнэжээ.
4. Зохигч нь мал хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар маргаагүй, харин дутагдуулсан/үхсэн/ малын үнийг төлөх эсэх тухайд маргасан байна.
4.1. Нэхэмжлэгч *******а хэлэлцэн тохиролцсон ажил буюу мал маллуулах, ажлын тохирсон хөлсийг хэрхэн төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн, ажиллагч Болд, ******* нар нь мал маллаж, онд оруулахаар, хөлсийг хожим болно гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
5. Хэрэгт:
5.1. Баянхонгор аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн 221400125 прокурорын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, /хх 9-10/хуудасны дугаар засвартай,
5.2. -Нахиа хөрөнгийн үнэлгээний №50/2023 дугаар “Эд хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан”/хх 14-15 /хуудасны дугаар засвартай,
5.3. Баянхонгор аймгийн Галуут сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар “Галуут сумын нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон малын сэг, зэм устгалын ажлын тайлан”/хх35-36/
5.4. Гэрч , нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг/хх 72-73 , 115-118/
5.5. Баянхонгор аймгийн Галуут сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №11 дүгээр албан тоот/хх 81-82/
5.6. Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/32 дугаар Зүй бусаар хорогдсон малын сэг, зэм устгах ажлыг зохион байгуулах тухай захирамж /хх 52-53/ зэрэг баримтууд авагджээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд “...нэхэмжлэгч *******а нь 24 тооны үхрээ хариуцагч *******, ******* нарт хариулуулахаар сайн дураараа хүлээлгэн өгч, хариу төлбөр тохиролцоогүй тул энэ үйлдэл нь гэрээнээс үүдэлтэй харилцаа биш, гэрээний бус үүрэг хэдий ч гэм хорын шинжгүй, итгэлцлээр нөхцөлдсөн туслалцааны харилцаа байх бөгөөд талууд 24 тооны үхрийг хэзээг хүртэл хариулуулах, хэдий хэмжээний хөлс өгөх, өвс тэжээлээр хангах эсэх, эрсдэл үүсвэл хэрхэх зэргээр аливаа тохиролцоо хийсэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул зохигчийн хооронд аливаа гэрээнээс үүдэлтэй болон гэрээний бус үүргийн харилцаа үүсээгүй...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...”, энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “... Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө...” гэж заажээ.
8. Хэргийн үйл баримтаас үзэхэд *******а нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны хавар хүртэл 24 тооны үхрийг маллуулахаар, *******, ******* нарт хүлээлгэн өгсөн хариуцагч нар дээрх үхрүүдийг маллан онд оруулах үүргийг хүлээжээ.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт хүлээлгэн өгсөн үхрээс ...2 тооны үхрийг зудад үхсэн гэрэл зургийг үзүүлсэн, 1 тооны үхрийг идшинд хэрэглэсэн, 2 тооны үхрийг буцаан авсан, талууд ажлын хөлсийг тухайн үед нь тохиролцоогүй болох нь зохигчдын шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” байна.
8.1. Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах, хэрэв боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх зарчмыг баримталдаг.
8.2. Гэм хорын хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан тохиолдолд зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэж, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарах ба, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хорын эрх зүйн маргааны явцад хариуцагч гэм буруугүйгээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв нотолж чадаагүй бол гэм буруутайд тооцох зарчим үйлчилдэг.
8.3. Хариуцагч нар нэхэмжлэгчээс 24 тооны үхрийг маллахаар хүлээн авсан нь талаар маргаагүй, харин мал маллах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь Иргэний хуульд заасан гэм хор учруулсны төлбөрийг төлөх үндэслэл болох тул хариуцагч нарын гэм хор учруулсан эс үйлдэхүй, хохирол хооронд шалтгаант холбоотой гэж үзнэ.
8.4. Талууд шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтуудаар зудад хорогдсон малд *******ын үхэр байсан эсэх нь тодорхойгүй, цас, зудын нөлөөгөөр нэхэмжлэгчийн 19 тооны үхрийг үхсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй.
8.5. Нөгөө талаар хариуцагч *******, ******* нар нь “ ...нэхэмжлэгчээс хүлээн авсан 24 тооны үхрүүд нь их туранхай, голд шахагдсан тарга хүчгүй, онд орохооргүй байсан, дээрээс нь цас зудтай байснаас бүгд үхэж хорогдсон нь миний мал маллагаанаас болоогүй...” гэх татгалзал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, 19 тооны үхрийг үхсэн гэх шалтгаанаа хариуцагч нар өөрсдийн буруугаас болоогүй гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
8.6. Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 11 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 сарын 01 -ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчдын эрх, үүргийг танилцуулсан /хх 27-30/, шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалсан, хэргийг 2024 оны 10 сарын 31-ны өдөр шийдвэрлэсэн байна. Дээрх хугацаанд хариуцагч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон хөрөнгийн үнэлгээний -Нахиа ХХК-ийн үнэлгээчний үнэлсэн үнэлгээний тайлантай маргаагүй байна.
8.7. Иймд нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлага 21 тооны үхрийн үнэ 14,100,000 төгрөг гаргуулах шаардлагаас цас, зудаас шалтгаалж үхсэн гэх 2 үхрийн үнэ 1,800,000 төгрөгийг хасаж, үлдэх 19 тооны үхрийн үнийг ХХК ийн №50/2023 дугаар эд хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайланд үндэслэн үнээ 7 буюу 6,300,000, гунжин үнээ 6 буюу 3,600,000, бяруу 6 буюу 2,400,000 нийт 12,300,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
8.8. Дээрх үндэслэлээр Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******ын “..анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэх агуулгаар бичсэн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
8.9. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж гэснийг ...*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оо, ******* нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 211,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 228,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгов.
8.10. Хавтаст хэргийн 1-85 дугаар хуудас хүртэл хуудасны дугаарлалт засвартай , зөрүүтэй дугаарласан, 179 гэсэн дугаарлалт давхардсан , хэргийн хуудсыг дугаарлахдаа хар өнгийн бэх бүхий үзгээр гараар , улаан өнгийн бэх бүхий тусгай дугаарлагчаар тус тус 2 өөр хэлбэрээр дугаарласан зэргээр албан хэрэг хөтлөлтийн стандарт зөрчсөн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байгааг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 131/ШШ2024/00856 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 12,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оо , ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 211,750 төгрөг гаргуулж , нэхэмжлэгч *******ад олгосугай.. гэж тус тус өөрчилж , шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Т.ГАНЧИМЭГ