| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 995 |
| Огноо | 2019-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 995
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
Улсын яллагч Ч.Батбаяр,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.Б д холбогдох эрүүгийн 1906 00736 1003 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өсвөр насны шүүгдэгч: 2002 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 1а бүлэгт сурдаг, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн 10 байрны гадаа хохирогч П.Эрдэнэсайхантай маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Б : “...Мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч П.Эрдэнэсайханы өгсөн мэдүүлэг /хх-13-14/, насанд хүрээгүй гэрч Д.Дашнямын өгсөн мэдүүлэг /хх-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1545 дугаартай дүгнэлт /хх-25/, өсвөр насны шүүгдэгч Б.Б нас тоолсон тэмдэглэл /хх-29/, өсвөр насны шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-46/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн 10 байрны гадаа хохирогч П.Эрдэнэсайхантай маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Эрдэнэсайханы өгсөн: “...2019 оны 1 сарын 20-ны орой гэрээсэз гараад тамхи авах гээд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 10-н байрны 9 дүгээр байрны 8 тоотод найзындаа орсон чинь Анхаа, Бааска, Улаанаа, Бүжин, Анхаагийн ээж, аав нь цуг байсан. Тэгээд Бааска бид хоёр 2 шил архи аваад гэрт нь орж долуулаа уугаад 22 цагийн үед харих гээд гараад явж байтал зүс ганих 2 залуу 2 найзынхаа хамт явж байгаад таараад намайг таньдаг залуу “сайн уу ах” гээд юм асуугаад зогсож байтал нэг нь намайг нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгээд би хойшоо хоёр алхаад ухаан алдсан. Хэсэг хугацааны дараа би даараад сэргэсэн. Надад дээрэмдүүлсэн асуудал байхгүй. Манай эхнэр анх цагдаа дуудахдаа куртик дээрэмдүүлсэн гэж сандарсандаа мэдүүлсэн байсан.” /хх-13-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Д.Дашнямын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 20-ны едөр шөнийн 23 цагийн үед намайг гэртээ байхад гаднаас Бат-Эрдэнэ, Намсрай хоёр орж ирээд “гадаа хоёр согтуу хүн бид хоёрыг яг зодох гэж байна” гэж хэлсэн. Тэгээд бид гурав манай гэрээс гарахад манай байрны ах болох Эрдэнэсайхан согтуу зогсож байхаар нь би очоод “сайн уу ах” гэж хэлсэн “чи хэн бэ” гэхээр нь би “Эхээ ахын дүү нь байна” гэж хэлэхэд “өө ах нь таньж байна, сая ахыг нь хоёр хүүхэд өдөөд яг зодох гэж байна” гэж хэлсэн. Тэр үед манай найз Бат-Эрдэнэ ирээд “сайн уу ах” гээд мэндэлсэн чинь Эрдэнэсайхан ах өмнөөс нь “чи муу хаанаас ирсэн гөлөг вэ” гэсэн. Бат-Эрдэнэ надад “энэ ахыг цохьчих уу” гэхээр нь би “хэрэггүй” гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ миний үгэнд оролгүй шууд цохьсон. Эрдэнэсайхан ах хойшоо хашаа налаад зогссон. Тэгэхээр нь би “одоо болно” гэж хэлээд салгасан чинь Эрдэнэсайхан ах “одоо хүүхэдүүдтэй ч юу ярих уу дээ” гэж хэлээд 9 дүгээр байр руу яваад орсон. Хохирогчийг өөр цохьсон хүн байхгүй.” /хх-23/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн 1545 дугаартай дүгнэлтэд:
1. П.Эрдэнэсайханы биед баруун талын нүдний ухархайн дотор хананд 0.8 см
өргөн хэсэгт этмойд хөндий рүү цөмөрсөн хугаралтай, зүүн талын нүдний ухархайн
дотор хананд 0.9 см өргөн хэсэгт 0.3 см гүн этмойд хөндий рүү цөмөрсөн
хугаралтай, зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт зовхинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-25/ гэх дүгнэлт,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нас тоолсон тэмдэглэл /хх-29/,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-33-35/,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-46/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн 10 байрны гадаа хохирогч П.Эрдэнэсайхантай маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир
түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч П.Эрдэнэсайхан нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
“Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна.” гэж хуульчилжээ.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Б үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өдөрт тодорхой цагийн хязгаарлалттайгаар хийлгэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нэг зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Б д оногдуулсан нэг зуун хорин цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч Б.Б , түүний хууль ёсны төлөөлөгч нарт мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны
шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС