Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн

Улсын яллагч Н.Мөнхбат

Шүүгдэгч П.Т, Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.Т, Б.Х нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1916000970060 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О овогт П-н Т.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О овогт Б-н Х.

Шүүгдэгч П.Т, Б.Х нарын бүлэглэн 2019 оны 02 дугаар 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт байрлах БМ баарны үүдэнд иргэн Д.Б-г зодож, түүний эрүүл мэндэд нь зүүн 8, 9, 10-р авирганы хугарал, хамар ясны хугарал, хамрын нуруунд сорви гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” -д тооцогдоно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч П.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн орой бид хоёр найзыгаа хайгаад явж байхад ВМ баар хааж байсан. Гараад иртэл З эгч гээд 2 эмэгтэй зодолдоод байсан. Тэгээд тухайн хоёрыг салгачихаад явж байтал надад куртиктэй утсаа өгсөн байсан. Тэгээд миний утас хаана байгаа юм бэ? гээд орилоод асуугаад байхаар нь утас нь алга болчихвол дахиад бөөн юм болно гэж бодоод утсыг нь өгөх гээд очтод машин дотор З гэдэг эгчийн нөхрийг 3 хүн зодоод нөгөө залуу нь бүр нүүрээ дарчихсан сууж байсан. Тэгэхээр нь би та нар болилдоо гээд 2-3 удаа хэлтэл чи одоо юу вэ? гээд бүгд дайраад нэг нь цохиод авахаар нь зөрүүлээд цохиод автал цаанаас хоёулаа гүйж ирээд цамцнаас бариад авахаар нь цамцаа тайлчихаад зугтсан чинь замын урд талд  Б ах намайг барьж аваад тонгороод унагаачихсан юм. Хоёр гурван удаа өнхөрөөд тавиулаад зугтаад нарийн гудам руу ортол араас барьж авхад нь би халтираад уначихсан, намайг дээрээс дараад боогоод багалзуурдаад байхаар нь би доороос нь тавиулах гээд гар мар луу нь цохиж байгаад хамар луу нь 1 цохисон. Араас Х ирээд боль гэж байгаад өнгөрсөн чинь намайг чирээд гудамжнаас гаргаад тавьчихсан. Тэгэхээр нь салахгүй байх гэж бодоод зугтчихсан юм ... Би хамар луу нь 2 удаа цохисон... Нуруу луу нь цохиогүй ... бид хоёр буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс хэдийг төл гэж хэлнэ түүнийг төлөхөд бэлэн байгаа... Би энэ хэрэгтээ маш их гэмшиж байна. Хорих ялыг тэнсүүлж өгнө гэж шүүхээс хүсэж байна. Б ахад төлбөрийг бүрэн төлж чадна ... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Б.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөр Т-н хамт бас нэгэн найзыгаа хайгаад  ВМ баар луу орсон. Тэгээд буцаад гарч явж байтал хайж байсан найзын маань эгч гадаа зодоон хийгээд байхаар нь очихгүй явъя гэтэл нөгөө найзын маань куртик Т-т байсан бөгөөд куртикны халаасанд утас нь байна надаас асуугаад байна куртикыг нь аваачиж өгье гэж хэлээд очтол хоёр эмэгтэй хоорондоо зодолдоод, хажууд нь байсан хоёр гурван залуучууд нөхрийг нь барьчихсан байж байхаар нь бид хоёр явж очоод салцгаа больцгоо гээд салгах гэж явж байгаад ийм юм болсон. Салцгаа больцгоо гэж хэлтэл Т-г нэг нь цохиод авсан. Зөрүүлээд Т цохиход шил унасан юм шиг байна лээ.Тэгээд одоо больцгоо гээд би салгатал Т луу Б ах дайрсан. Тэгээд замын урд талд тэр хоёр зодолдоод наанаас нь хамт явж байсан залуус нь орох гэхээр нь би та нар больцгоо энэ хэдийг салгацгаа гэтэл хажууд байсан нэг залуу нь зугтаарай цагдаа ирж байна гэхэд тэнд байсан хүмүүс урагшаа нарийн гудамжруу орсон. Араас нь би яваад ортол тухайн нарийн гудамжинд Т, Б ах хоёр нь хоорондоо зодолдож байсан юм. Тэгээд сал боль гээд салгах гэтэл салахгүй Т нь доор нь орчихсон байхаар нь салгах гээд нуруу хэсэгрүү нь би нэгээс хоёр удаа Б ахыг цохисон бөгөөд салахгүй байхаар нь би орхиод яваад өгсөн. Ямар ч зодоон хийх шалтгаан зорилго байгаагүй ... Хохирогчийн нуруу хэсэгрүү гараараа нэгээс хоёр удаа цохисон олон бол цохиогүй ... Салахгүй болохоор нь тэгээд орхичихоод яваад цаашаа нарийн гудамжаар явсан ... Тыг нэлээн салгах гэж үзээд салахгүй байсан ... би хохирогч Б-д гэмтэл учруулсан гэж үзэж байна... Б ахын хохирлыг бүрэн барагдуулна. Тэнсэн харгалзах ял болгож өгнө үү?  ... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Хүмүүс нарийн гудамжруу гүйгээд орохоор нь би дагаад гүйгээд орсон. Тэгсэн Т яг миний өмнө зогсож байсан. Тэгсэн Т намайг шууд барьж аваад миний хамар луу 1 удаа хүчтэй цохисон. Тэгэж цохихоор нь би манараад байж байтал араас Х орж ирээд миний ар тал нуруу, ууцруу цохиод байсан. Удалгүй Т, Х 2 нийлж байгаад намайг тал талаас нүдсэн. Тэгээд би ухарсаар байгаад амь авраарай гэж хэлэхэд цагдаа ирсэн. Тэгсэн тэр 2 залуу цагдаа ирэхэд зугатаасан...Т, Х 2 намайг зодсон. Миний хамар луу Т гэх залуу их хүчтэй 2 удаа цохисон. Х гэх залуу нь миний ар ууц руу гараараа нүдээд цохиод байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ 18-19 /,

Гэрч Г.Ц-н мөрдөн байцаалтад  дахин өгсөн “...би нүдний шилээ хайгаад явж байхад хүмүүс цагдаа ирчихлээ гэхэд нь Б ах нарийн гудам руу орсон байсан. Тэгээд би Б ах руу очиход замын цаана сөхрөөд сууж байсан. 2 залуу намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд бид 5 цагдаагийн газар дээр ирсэн... ” гэсэн мэдүүлэг /ХХ52-54/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Т, Б ахтай зодолдсон. Тэгээд Ц-н шил алга болсон байхаар нь би Ц-н шилийг хайж байтал цагдаа ирсэн. Тэгээд Т, Х 2-ийн нэг цагдаа гэж орилсон. Тэгсэн нарийн гудманд Б-г Т урд талаас нь зодсон гэж ярьж байсан. Удалгүй цагдаа ирэхэд Т найзын хамт зугатаасан байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ28-29/,

Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 88 дугаартай “...1. Д.Б-н биед зүүн 8, 9, 10-р хавирганы хугарал, хамар ясны хугарал, хамрын нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Зүүн 8, 9, 10-р хавирганы хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.4-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /ХХ37-38/,

Шинжээч эмч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “ ... хохирогч Б-н хамарны хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 8, 9, 10-р хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хүний биед учирсан хамгийн хүнд гэмтлээр гэмтлийн зэрэг тогтооно. Тийм учраас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...8, 9, 10-р хавирга нь нэг түвшинд байдаг тул цохилтын улмаас хугарах боломжтой. Мөн унаж өнхрөлдөхдөө юманд цохигдсон бол бас үүсэх боломжтой ...”  гэсэн мэдүүлэг /ХХ42-43/

Хохирогч Д.Б, шүүгдэгч П.Т, Б.Х нарын мөрдөн байцаадтад нүүрэлдүүлэн байцаахад мэдүүлсэн: “...Яллагдагч П.Таас асуулт: Та Д.Б гэх хүний биед халдаж гэмтэл, бэртэл учруулсан уу?

Хариулт: Гэмтэл учруулсан. Би хамар руу нь 2 удаа цохисон.  

Яллагдагч Б.Х-с асуулт: Та Д.Б гэх хүний биед халдаж гэмтэл, бэртэл учруулсан уу? Д.Б-н биед учирсан 8, 9, 10-р хавирганы хугарлын гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна уу?

Хариулт: Гэмтэл учруулсан. Би нуруу ууц хавьцаа нь гараараа цохисон.  Би хүлээн зөвшөөрч байна.

Хохирогчоос асуулт: Х таныг хаана чинь хэдэн удаа юугаар цохисон бэ?  

Хариулт: Тухайн үедээ миний хамар луу Т цохисны улмаас манарсан байдалтай байсан. Миний ардаас өшиглөсөн үү? цохисон уу? ямар ч байсан нүдээд байсан.

Яллагдагч Б.Х-с асуулт:Та Б-н яг хаана нь хэдэн удаа юугаар цохисон бэ ?

Хариулт: Ууц нуруу хавьцаа нь гараараа 1-2 удаа цохисон. Би өшиглөөгүй.

Хохирогчоос асуулт: 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр П.Т, Б.Х нар таныг цохиж зодсон уу? Таны биед учирсан гэмтлийг хэн учруулсан бэ?

Хариулт:Тус өдөр би нарийн гудамжинд байхад ардаас П.Т гэх залуу ирээд миний хамар луу гараараа хоёр удаа цохисон. Удалгүй бид хоёр зууралдаад байж байхад миний ардаас Х гэх залуу ирээд ууц нуруу хэсэг рүү гар болон хөлөөрөө нүдсэн. Миний биед учирсан гэмтлийг Т, Х нар учруулсан. Миний хамранд учирсан гэмтлийг Т гэх хүн учруулсан. Миний хавирганы хугарлыг Х гэх хүн учруулсан...” гэх мэдүүлэг /ХХ135-136/,

Гэрч Т.Ж-н мөрдөн байцаалтад өгсөн “... Удалгүй нэг эрэгтэй хүн авраарай гэж хэлэхээр нь очтол Б зодуулсан байдалтай  байсан. Очоод юу болсон талаар асуутал 2 залуу нарийн гудамжинд шахаж байгаад намайг зодчихоод зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгээд би нойтон сальфиька өгөөд цусыг нь арчуулчихаад гэр лүүгээ явсан... Яг нарийн гудамжний өнцөг дээр доошоо харсан бас хувцасыг нь тайлаад толгой дээгүүр нь нөмөргөчихсөн бас хамарнаас нь цус гарсан ба хувцас нь цус болсон байсан ....” гэсэн мэдүүлэг  /ХХ137-138/,

гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг/ХХ73-74, 78-79/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Т, Б.Х нарын бүлэглэн 2019 оны 02 дугаар 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт байрлах БМ баарны үүдэнд иргэн Д.Б-г зодож, түүний эрүүл мэндэд нь зүүн 8, 9, 10-р авирганы хугарал, хамар ясны хугарал, хамрын нуруунд сорви гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүгдэгч П.Т, Б.Х нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувийн байдал, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг шүүгдэгч Б.Х-н хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хорих ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахдаа харгалзаж  үзсэн болно.

Шүүгдэгч П.Т, Б.Х нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч П.Тыг 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Х-г 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явах тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн хохирогч Д.Б нь хохирлоо нотлох баримт бүрдүүлэн нэхэмжлэл гаргаагүй боловч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан түүний эмчилэхэд зардал гарсан гэж үзэн уул гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ. Үүнийг шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 1 сарын хугацаанд хохирогч Д.Б-н өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч П.Т, Б.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт П-н Т, О овогт Б-н Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч П.Т-г 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Х-г 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд арилгах, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч П.Т, Б.Х нарт авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч П.Т, Б.Х нарт сануулсугай. 

5. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА