| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2024/00867/И |
| Дугаар | 213/МА2025/00003 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 213/МА2025/00003
Баянхонгор аймгийн Нэгдсэн
эмнэлгийн нэхэмжлэлтэй *******д
холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 131/ШШ2024/00876 дугаар шийдвэртэй,
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдуулан хариуцагч *******гийн бусдад гэм хор учруулсны 53,472,108 төгрөгийг нэхэмжлэгч Нэгдсэн эмнэлэг төлсөн, төлсөн 53,472,108 төгрөгөө буцаан гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, прокурор *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийг төлөөлж Баянхонгор аймгийн Прокурорын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. ... Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар баг, 11-7 тоотод оршин суух, ******* нь тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн их эмчээр ажиллаж байсан ******* нь 2019 оны 05 дугаар сарын 10- ны өдөр бага насны 7 настай, *******ыг мухар олгой авах мэс заслын хагалгаанд оролцохдоо хавсарсан мэдээгүйжүүлэг хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
1.2. Тус шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан ...Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасны дагуу иргэний хариуцагч Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс 53,472,108 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн.
1.3. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар иргэний хариуцагч Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болохыг мөн дурдсан байна.
1.4. Иймд иргэн *******гаас иргэний хариуцагчаас гаргуулсан 53,472,108 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй байх тул Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ гэж үзэхээр байна.
1.5. Дээрх хохирогчид гаргасан зардал нь улсын төсвөөс олгогддог ба энэ нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн үйлдэл гэж дүгнэхээр байна. Иймд *******гаас 53,472,108 төгрөгийг гаргуулж Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрийн сангийн тоот дансанд оруулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно . гэсний дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно...гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байна. Иргэний хариуцагч Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулж, хохирогч Б.Мөнхтогоод олгосон 53,472,108 төгрөгийг *******гаас гаргуулж, тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрийн сангийн тоот дансанд оруулж өгнө үү.
… Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан ******* гэх хүн даргаар ажиллаж байх хугацаандаа Нэгдсэн эмнэлгийн эмчээр ажиллаж байсан *******гаас хохирогч *******т гаргуулсан 53,472,000 төгрөгийг гаргуулж, байгууллагыг хохиролгүй болгох талаарх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Тус Нэгдсэн эмнэлгийн дарга шинээр солигдож ******* гэх эмч даргаар томилогдон ажиллаж байна. *******г буцаан эмчээр ажиллуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж буцаан ажилд авсан. Ингээд удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж *******гаас төрд учруулсан хохирлыг гаргуулахдаа хөдөлмөрийн гэрээнд тусгасны дагуу түүнд олгогдох цалингаас суутгах талаар шийдвэр гарсан. Уг тайлбарыг шүүхэд шинээр гаргаж өгсөн гэжээ.
2. Хариуцагч ******* анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Миний бие Баянхонгор аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний холбогдсон хэрэгт Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийг хариуцагчаар татсан гол шалтгаан нь Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд бүтэц зохион байгуулалтын хувьд алдаа гэсэн шалтгаанаар иргэний хариуцагчаар татсан бөгөөд нэгдсэн эмнэлэг нь өөрсдийн буруутай үйл ажиллагаа байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд Нэгдсэн эмнэлэг нь өөрсдөө хариуцах ёстой гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
2.2. *******т холбогдох эрүүгийн хэрэг 2019 онд болсон. Шинжээчийн дүгнэлтээр Нэгдсэн эмнэлгийг бүтэц зохион байгуулалтын алдаатай байна гэж үзэж, иргэний хариуцагчаар татсан байдаг. Тухайн эрүүгийн хэрэгт холбоотой нотлох баримтуудыг шүүхэд шинээр бүрдүүлж өгсөн. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь тухайн үед Монгол улсад мөрдөгдөж байсан мэдээгүйжүүлэлтийн стандартад заасны дагуу нугасны мэдээгүйжүүлэлтийг хийсэн. Иймд стандарт болоод хууль, дүрэм, тун хэмжээг зөрчсөн үйлдэл гаргаагүй. Тухайн хүүхдэд мэдээгүйжүүлэлт хийсэн боловч мэдээгүйжүүлэлтийн хүндрэл гарсан байдаг. Түүнээс болж хүүхдийн биеийн байдал муудаж, ийм нөхцөл байдалд хүрсэн. Миний хувьд өөрт ноогдсон ажил үүргээ гүйцэтгэж, тусламж үзүүлсэн. Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа даргатай ярилцаж боловсон хүчний дутагдалтай байгаа учраас ажилдаа орж ажиллах саналыг надад тавьсан. Учир миний бие ажилдаа орсон байгаа. Дарга хэлэхдээ тухайн хохирлын мөнгийг өөрөөр чинь төлүүлье гэж бодохгүй байгаа. Шүүхийнхээ нэхэмжлэлээс татгалзаж, харин эвлэрлийн журмаар буюу 5 жил ажиллаад нэг удаа 6 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж олгогддог. Мөн 3 сар тутамд үр дүнгийн урамшуулал олгогдох тул тухайн мөнгөн дүнгээс тодорхой хувийг гаргуулж эвлэрлийн журмаар эвлэрлийн гэрээ байгуулах боломжтой талаар надад тайлбарласан гэв.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт:
3.1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийг төлөөлсөн Баянхонгор аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч *******гаас гэм хорын хохирол 53,472,108 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрийн сан дахь тоот дансанд оруулж,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 425,310 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулан төсвийн орлогод оруулж, шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
... Миний хувьд 2019 онд гэмт хэрэгт холбогдсон. Ингэхдээ 7 настай Эрхэмбаярт толгойн хагалгааг хийхээр мэс заслын эмч Эрчулуун төлөвлөсөн байсан бөгөөд тус хагалгаанд мэдээгүйжүүлгийн эмчээр орж хууль, дүрэм, журам стандартад заасан мэдээгүйжүүлгийг хийсэн.
Өөрөөр хэлбэл тус мэдээгүйжүүлэг нь стандартаар хориглоогүй бөгөөд урьд өмнө болон хүүхдэд энэ аргаар мэдээгүйжүүлэг хийж байсан. Хүндрэл гарч байгаагүй. Гэтэл хагалгааны үед хүүхдийн зүрх зогсох хүүхдэд сэхээн амьдруулалт хийсний үндсэн дээр хүүхдийн амь насыг аварсан боловч хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан юм.
Хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлтээр намайг стандарт зөрчөөгүй бөгөөд хүүхдийн биед анх үзлэг хийсэн эмч болон зөвлөх эмч, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа нь бүтэц зохион байгуулалтын алдаатай нөхцөл байдлаас үүдэн гэм хор учирсан бөгөөд MNS5095:2017 стандартын 12.1.5, 12.1.9 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн
Улмаар хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан боловч зөрүүтэй байсан бөгөөд намайг гэм буруутайд тооцсон үндэслэл нь мэдээгүйжүүлгийн үед зүрх зогссон үндэслэл байсан.
Миний хувьд тус алдааг санаатай гаргаагүй, илтэд болгоомжгүй үйлдэл гаргаагүй бөгөөд дүрэм, журмаар хориглоогүй мэдээгүйжүүлгийг хийсэн байтал дээрх шийдвэрээр намайг санаатай үйлдэл гаргасан мэтээр дүгнэж шийдвэрлэсэн. Тариагаа андуураад хийчихсэн болон буруу эмчилгээ хийчихсэн бол би энэ асуудал дээр маргахгүй.
Түүнчлэн тус дүгнэлтүүдээр нэхэмжлэгч болох Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн буруутай үйл ажиллагаа нь хохирогчид хохирол учрахад нөлөөлсөн гэсэн байхад буруутай үйл ажиллагаа гаргасан байгууллагын нэхэмжлэлийг 100 хувь хангаж байгаа нь шударга бус байна гэж үзэж байна.
Нэгдсэн эмнэлгийг надад холбогдох хэрэгт иргэний хариуцагчаар тогтоохдоо дээр дурдсан шинжээчийн дүгнэлтийн дагуу хохирлыг хариуцах ёстой гэж үзэж иргэний хариуцагчаар тогтоосон. Төрийн нэр барьсан болгон хууль бус үйлдлээс чөлөөлөгдөж байх ёсгүй гэж үзэж байна.
Гэтэл анхан шатны шүүхээс энэ байдлыг харгалзан үзээгүй бөгөөд эдгээр байдлыг харгалзан үзсэн бол надаас гаргуулж байгаа мөнгөнөөс бага ч гэсэн хасах боломжтой байсан гэж боддог. Ийм хуулийн заалт ч байдаг юм байна лээ.
Мөн шүүх намайг ямар илтэд болгоомжгүй болон санаатай үйлдэл гаргасныг дүгнэж чадаагүй, зүгээр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзсэн. Би шүүхийн үндэслэлтэй дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна. Шүүх ямар нэгэн байдлаар цуглуулсан нотлох баримтуудад тулгуурлан бодит дүгнэлт хийж чадаагүй.
Иймд анхан шатны шүүхийн Баянхонгор аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 876 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна. гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нар тус шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нар нь 53,472,108 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрэв.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэгдсэн эмнэлгийн удирдлагын зөвлөлийн 9 гишүүний гарын үсэг бүхий шийдвэрийг үндэслэн хариуцагчаас нэхэмжилсэн 53,472,108 төгрөгөөс 10, 694, 421 төгрөгийг 36 сарын хугацаанд сар бүр 297,067 төгрөгийг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрийн сангийн 10003002002 тоот данс руу тогтмол цалингаасаа төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас 42,777,686 төгрөгийг /Дөчин хоёр сая долоон зуун далан долоон мянга зургаан зуун наян зургаан/ төгрөгөөс татгалзав.
Тус эвлэрлийн гэрээг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2025 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2028 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд тогтмол сар бүр төлнө гэдгээ илэрхийлж, харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэ эвлэрлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 53,472,108 төгрөг бол төрөөс гарсан мөнгө. Нэхэмжлэгч байгууллагаас гаргаж хохирогчид олгосон байдаг. Нэгдсэн эмнэлэг 42,777,687 төгрөгийг төлж байгаа нь хууль бус байна. Нэгдсэн эмнэлгийн удирдлагад буруу шийдвэр гаргаж байна гэдгийг анхааруулж хэлсэн. Төрд хохирол учруулсныг авахгүй гэж орж ирж байгаа нь буруу байна. Прокурорын гаргасан нэхэмжлэл дээр ******* орж ирсэн байдаг. Энэ нэхэмжлэлийг прокурор гаргасан. Нэхэмжлэл гаргасан этгээдийг оруулахгүйгээр эвлэрч байгаа нь үндэслэлгүй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд хянаад:
Баянхонгор аймгийн Прокурор нь хариуцагч *******гийн бусдад гэм хор учруулсны 53,472,108 төгрөгийг нэгдсэн эмнэлэг төлснийг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргасан, анхан шатны шүүх Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийг нэхэмжлэгчээр тодорхойлж иргэний хэрэг үүсгэн, зөвтгөжээ.
Нийтийн эрх зүйн этгээд болох Прокурорын байгууллага нь нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд болох Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг нь гэм буруутай этгээдээс гэм хорын хохирлоо буцаан гаргуулахаас зайлсхийсэн, шаардсаар байхад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, ашиг сонирхлын зөрчил байгаа нь тогтоогдсон, тухайн байгууллага нь татан буугдсан зэрэг хүндэтгэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд төрийн ашиг сонирхлын үүднээс нэхэмжлэл гаргана.
Өөрөөр хэлбэл эрх ашиг хөндөгдсөн шаардах эрх бүхий этгээд буюу Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь оршин байж, үйл ажиллагаагаа явуулж байхад талуудын зарчим үйлчлэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, эрүүгийн хэргийг мөрдөн шалгах тусгайлсан чиг үүрэгтэй прокурор нэхэмжлэгчээр оролцохгүй юм.
Харин Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын 53,472,108 төгрөгөөс 42,777,686 төгрөгийг татгалзсан, хариуцагч ******* нь 10,694,421 төгрөгийг 36 сарын хугацаанд буюу 2025 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2028 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр 297,067 төгрөгийг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрийн сангийн 10003002002 тоот дансанд төлөхөөр эвлэрэн хэлэлцэж байх тул зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигч талуудын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасны дагуу давж заалдах гомдол гаргасны дараа зохигч талууд эвлэрсэн бол хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425310 төгрөгийг буцаан олгохгүй тул төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын 53,472,108 төгрөгөөс 42,777,686 төгрөгийг татгалзсан, хариуцагч ******* нь 10,694,421 төгрөгийг 36 сарын хугацаанд буюу 2025 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2028 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр 297,067 төгрөгийг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрийн сангийн 10003002002 тоот дансанд төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425310 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ
Т.ГАНЧИМЭГ