| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2019/0068/Э/ |
| Дугаар | 67 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Н.Мөнхбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Б-д холбогдох 1916001670078 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, И овгийн Э-н Б.
Шүүгдэгч Э.Б-н 2019 оны 05 сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 00-00 ГАҮ улсын дугаартай автомашин дотор иргэн Д.Ж-с өөрийн Хаан банкны дансруугаа 20.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар шилжүүлүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Э.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Согтуугаар ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм үйлдэл гарахгүй ... Хийсэн үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр маань оюутан, 2 сартай жирэмсэн. Ээж эгч нарын хамт амьдардаг. Хорих ялыг тэнсэж өгнө үү? ... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Э.Б-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...найз болох Ба, Ө нартай хамт 00-00 ГАҮ улсын дугаартай приус маркын машинтай “Ус Алтай” байрны баруун талд байх нийтийн байрны үүдэнд Ө найзтайгаа уулзах гэж очсон. Тэгээд уулзах гэж очсон хүн нь байгаагүй. Тус байрнаас 2 залуу, 2 эмэгтэй гарч ирсэн. 2 залууг нь дуудаж уулзаад мөнгө байна уу гэж асуусан. Тухайн үедээ би архи уучихсан болохоор цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй байна... Би тэр хоёр залуугийн биед нь халдаж, зодож цохисон асуудал байхгүй. Бэлэн мөнгө аваагүй. Дансруугаа 20.000 төгрөг хийлгэсэн гэж байсан... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /ХХ64-65/,
Хохирогч Д.Ж-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2019 оны 05 сарын 04-ны оррйн 18 цагийн үед Нэгдсэн эмнэлгийн урд талын оюутны хөлсний байрнаас найз Б.Ё, О, Ар нарын хамтаар "Алтай улиастай" ТӨК-ийн спорт заалруу явах гээд гараад иртэл тус хашаан дотор 00-00 ГАҮ улсын дугаартай хар өнгийн приүс 20 маркын машин зогсож байсан бөгөөд бид 2-ыг тус машинаас үл таних 1 залуу /Б/ дуудсан. Бид 2 яваад очтол тус оюутны байрнаас Г гэх эмэгтэйг дуудаад өг гэж хэлсэн. Бид 2 Г-г дуудахаар дотогш ортол Г нь байрандаа байхгүй байсан. Тэгээд Ё бид 2 байрнаас гарч ирээд машин дээр нь очоод Г байхгүй байна гэж хэлтэл машинд сууж байсан Б та 2 машинд суу гээд хэлэхээр нь ороод суутал Ба, Ө нар сууж байсан. Бид хоёрыг суумагц Ө машинаа хөдөлгөөд явсан, нөгөө Б арын суудал дээр Ё бид 2-той хамт суусан. Тэгээд машин явж байх хооронд Б бид 2-ыг мөнгө өг, гэтэл бид 2 мөнгө байхгүй гэж хэлсэн. Мөн Б бид 2-ыг архи авч өг гээд бид хоёр луу чанга дуугаар хэлсэн. Мөн Б их согтуу байсан. Тэгээд машин нь "Шагай" төвийн хажуу талд байдаг "Баясах" гэх дэлгүүрийн үүдэнд зогсоод намайг дэлгүүрт орж архи аваад ир гэж Б хэлсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад дэлгүүр рүү ортол худалдагч эгч нь архи зардаггүй өдөр гэж хэлээд архи зарахгүй байсан. Тэгэхээр нь би буцаж машинд орж ирээд ахаа архи зарахгүй байна гэж хэлтэл Б чи тэгвэл надад мөнгө өг гэж хэлсэн, бэлэн мөнгө алга гэтэл чи тэгвэл архины мөнгө данс руу хий гэж хэлээд Хаан банкны данс /одоо санахгүй байна/ өгөөд 20,000 төгрөг шилжүүлүүл гэж хэлсэн. Би тэр даруйд нь өөрийнхөө найз охин АЭ-н А-н 99999999 гэх гар утас руу би өөрийн 88888888 утаснаас залгаад тус Бгийн өгсөн дансыг найз охиндоо өгөөд 20,000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд тус 3 залуу бид 2-ыг машиндаа суулгаад аймгийн дээд тал руу авч яваад нэг хүнсний дэлгүүрийн үүдэнд зогссон. Тэр хүмүүс дэлгүүр /хаана байдагийг нь санахгүй байна. Бид 2 Баянхонгор аймгаас ирж сурч байгаа болохоор газар сайн мэдэхгүй/ рүү архи авах гээд орох хооронд нь Ё бид 2 зугтсан...Яг намайг бол зодоогүй. Жаахан өндөр дуугаар, авах ёсгүй мөнгөө нэхээд байхаар нь би айгаад мөнгө өгчихсөн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ20-26/,
Гэрч Х.Сувдаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Ж, Ё гэх 2 залуутай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг 0-0 тоотыг хамт түрээслэж амьдардаг юм. Гэтэл 2019 оны 05 сарын 04-ны орой 19 цаг болох гэж байхад Ж, Ё нар гэртээ их айж сандарсан байдалтай ирсэн бөгөөд 00-00 ГАҮ улсын дугаартай хар өнгийн приүс-20 маркын машинтай үл таних 3 залуу машиндаа суулган авч явж Ж-н мөнгийг дээрэмдсэн гэж надад хэлэхээр нь би Цагдаагийн газарт ирж мэдэгдсэн....Ж зодуулсан гэж хэлээгүй. Их айсан байдалтай амьсгаадсан гүйж орж ирсэн... ” гэсэн мэдүүлэг /ХХ27-30/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд бид 3 тэндээс гэр гэр лүүгээ явах гээд хөдлөж байтал тус хөлсний байрнаас 2 эрэгтэй, 2 эмэгтэй гараад ирсэн. Тэгсэн чинь Б тэнд явж байсан 4 хүний 2 эрэгтэйг нь дуудаад машины гадаа уулзаад юм яриад байсан. Яг юу ярьсныг нь сонсоогүй. Тэгээд тэр 2 залууг сууж яваа машиндаа суулгаад Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн зүүн талд байдаг "Баясах" хүнсний дэлгүүр рүү явсан. Замдаа тэр хоёр залуугийн туранхайвтар залуугаас нь мөнгө өг гэж нэхээд байсан. Би боль, боль хө гэж тухайн үед хэлсэн. Тэгээд "Баясах" хүнсний дэлгүүрийн үүдэнд очоод архи авч өг гэж хэлээд нөгөө хоёр залуугийн арай туранхай залууг нь дотогш оруулсан. Төд удалгүй тус залуу гарч ирээд архи зарахгүй байна гэж хэлсэн. Гэтэл Б өөрийнхөө Хаан банкны данс руу мөнгө хийлгэж аваад байх шиг байсан. Тэгээд бид 5 Баяншанд багт байдаг "Тамхи со" дэлгүүр рүү машинтайгаа явсан. Дэлгүүрийн гадаа очоод Б, Ө бид 3 дэлгүүр рүү орчихоод гараад ирэх хооронд зугтсан байсан ... Б нь тэр 2 залуугаас авсан 20,000 төгрөгнөөсөө 18,000 төгрөгөөр нь 1 шил 0.75-тай “ерөөл” архи худалдаж авсан. Тооцоогоо Бгийн мобайл банкаар хийсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ31-34/,
Гэрч А.А-н мөрдөн байцаалтад өгсөн “...Тэр орой манай найз залуу Д.Ж нь 8888888 дугаарын утаснаас миний 89893596 дугаарын утас руу залгаад мөнгө зээлээч гэж хэлээд данс өгөөд 20,000 төгрөг надаас зээлж мобайл банкаар шилжүүлүүлж авсан...тэр үедээ бол хэлээгүй бөгөөд тухайн өдрийнхөө орой 21 цагийн орчимд хүнд дээрэмдүүлсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ35-37/,
Гэрч Б.Ё-н мөрдөн байцаалтад өгсөн “...хашаан дотор 00-00 ГАҮ улсын дугаартай хар өнгийн приүс-20 маркын машин зогсож байсан. Машинаас үл таних 1 залуу Ж бид 2-ыг дуудсан. Бид 2 яваад очтол оюутны байрнаас Г гэх эмэгтэйг дуудаад өг гэж хэлсний дагуу Ж бид 2 Г-г дуудахаар дотогш ортол Г нь байрандаа байхгүй байсан. Тэгээд Ж бид 2 байрнаас гарч ирээд машин дээр нь очоод Г байхгүй байна гэж хэлтэл машинд сууж байсан туранхай өндөр ах та 2 машинд суу гээд хэлэхээр нь тус ороод суутал үл таних 3 залуу сууж байсан. Бид 2-ыг суумагц машин хөдлөөд явчихсан бөгөөд нөгөө туранхай өндөр ах арын суудал дээр бид 2-той хамт суусан. Тэгээд машин явж байх хооронд тус ах Ж-г мөнгө өг, гэтэл Ж мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэр ах согтуу байсан бид 2-ыг архи авч өг гээд нэхээд байсан. Жаахан уурлангуй янзтай нэхээд байсан. Тэгээд машин нь "Шагай" төвийн хажуу талд байдаг "Баясах" гэх дэлгүүрийн үүдэнд очоод Ж-г дэлгүүр рүү орж архи аваад ир намайг сууж бай гэж хэлсэн. Тэгээд Ж машинаас буугаад дэлгүүр рүү орчихоод удалгүй гарч ирээд худалдагч нь архи зардаггүй өдөр гээд байна гэж хэлсэн. Гэтэл нөгөө ах чи тэгвэл надад мөнгө өг гэж хэлсэн, бэлэн мөнгө алга гэтэл чи тэгвэл архины мөнгө дансруу хий гэж хэлээд Хаан банкны нэг данс өгөөд 20,000 төгрөг шилжүүлүүл гэж хэлсэн. Ж өөрийн найз охин А.А-н гар утас руу өөрийнхөө гар утсаар залгаад дансруу нь 20,000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн….3 залуу бид 2-ийг машиндаа суулгаад аймгийн дээд тал руу авч яваад нэг хүнсний дэлгүүрийн гадаа очоод дэлгүүрлүү архи авах гээд орох хооронд нь Ж бид 2 зугтсан...Яг айлгаж сүрдүүлээгүй хэрнээ мөнгө өг гээд өндөр дуугаар Ж-с нэхээд байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ43-47/,
Гэрч А.Ө-н мөрдөн байцаалтад өгсөн “...бид 3 хөдлөөд явах гэж байтал хөлсний байрнаас 2 эрэгтэй, 2 эмэгтэй гараад ирсэн. Тэгсэн чинь Б 2 эрэгтэйг нь дуудаад уулзаад юм яриад байсан. Би юу ярьсаныг нь сонсоогүй. Тэгээд тэр 2 залууг миний машинд суулгаад "Баясах" хүнсний дэлгүүр рүү явсан бөгөөд замдаа мөнгө байна уу? гээд асуухад тэр 2 залуу байхгүй гэсэн тэгвэл архи авч өг гээд өндөр дуугаар мөнгө нэхээд байх шиг байсан. Би Б-г боль гэж хэлсэн. Тэгээд Баясах дэлгүүрийн үүдэнд очоод архи авч өг гэж хэлээд арай туранхай залууг нь Б дотогш оруулсан. Удалгүй гарч ирээд архи зарахгүй байна гэж хэлтэл Б нь Хаан банкны нэг данс /яг хэний ямар данс гэдгийг нь мэдээгүй/ өгөөд мөнгө хийлгэж аваад байх шиг байсан. Тэгээд бид 5 Баяншанд багт байдаг "Тамхи со" дэлгүүрлүү машинтайгаа явсан бөгөөд дэлгүүрийн гадаа очоод Б, Ба, бид 3 дэлгүүрт орох хооронд зугтсан байсан ... Би тухайн үед Б-г наад үйлдлээ зогсоо боль гэж хэлсэн боловч тэр болихгүй байсан. Ба ч мөн адил наад хоёроо машинаас буулга гэж хэлсэн. Гэхдээ яг тэр 2 залууг зодож цохиогүй болохоор гэмт хэрэг үйлдэгдэж байна гэж би бодоогүй...” гэсэн мэдүүлэг /ХХ48-51/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ8/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ9-12/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б-н 2019 оны 05 сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 00-00 ГАҮ улсын дугаартай автомашин дотор иргэн Д.Ж-с өөрийн Хаан банкны дансруугаа 20.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар шилжүүлүүлэн авсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар өмгөөлөх болон яллах талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авахдаа харгалзаж үзсэн болно.
Шүүгдэгч Э.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд ажил, оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явах тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Э-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд ажил, оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч Э.Б-д авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Бд сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА