Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 213/МА2025/00004

 

 

 

******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баянхонгор аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт  365,752,350 гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгч *******ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв..

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 22/29 дүгээр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, ******* ******* ******* ХХК нь 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 451,675,580 төгрөгийн 147.362 тонн арматурыг ******* ******* ХХК-иас худалдан авч, үнэд 207,840,680 төгрөгийг төлж, үлдэх 243,834,900 төгрөгийг төлөөгүй.

Хамгийн сүүлд арматур авсан 2022 оны 10 дугаар 28-ны өдрөөс хугацаанаас гэрээний 2.2.1 дэх заалтаар 1 сарын дотор буюу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны дотор арматурын үнийг бүрэн төлөх байсан. Гэрээний 2.2.2 дахь заалтын дагуу алданги хоног тутамд 0.3 хувиар тооцон 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш хэтрүүлсэн 675 хоногийн алданги 497,815,200 төгрөг болсон.

Алдангийн дүн үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй тул 243,834,900 төгрөгийн тал хувь 121,917,450 төгрөгийн алдангийг арматурын үнэ 243,834,900 төгрөгийн хамт нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан.

******* ******* ******* ХХК-ийн өмнөөс итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс гүйцэтгэх захирал ******* байна.Талуудын хооронд байгуулагдсан гэх зээлээр худалдах, худалдан авах гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй, хуулийн этгээдийн өмнөөс итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байгуулаагүй, ууль зөрчиж хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж болохоор байна.Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд мөн хуулийн 232.3-т зааснаар өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ .Талуудын хооронд 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байх тул талуудын хооронд анзын гэрээг бичгээр байгуулаагүй гэж үзэж болохоор байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг хангаж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас арматурын үнэ 243,834,900 төгрөг, алданги 121,917,450 төгрөг, нийт 365,752,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,986,712 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-и 1,986,712 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн байгууллагын төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан гомдлын агуулга:Шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 3 дахь хэсэгт: “Иймд худалдах, худалдах авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад дурдсан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх хариуцагчийн татгалзлыг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь: хуулийн дээрх заалтад заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно. Зохигчийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хувьд тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах шаардлага хуулиар тавигдаагүй гэжээ.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэрээ байгуулсанд тооцогддог. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд нь удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцохоос гадна хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх шаардлага хангасан байхыг мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан байна. Гэтэл талуудын хооронд 2022 оны 7 дугаар сарын 23-ний өдөр байгуулагдсан гэх Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд “******* ******* *******” ХХК-ийг төлөөлж ******* гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан байх боловч тэрээр тус компанийг төлөөлж “******* *******” ХХК-тай гэрээ байгуулах бүрэн эрх олгогдоогүй.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд мөн хуулийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.

Талуудын хооронд 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байх тул талуудын хооронд анзын гэрээ бичгээр байгуулагдаагүй гэж үзэж болохоор байна. Анхан шатны шүүх талуудын хооронд 2022 оны 7 дугаар сарын 23-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж буюу 121,917,450 төгрөгийн алданги төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын давж заалдах гомдлын агуулга: Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа боловч хариуцагчийн зүгээс зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэж үзэж байна. Учир нь: хариуцагч компанийн гүйцэтгэх захирал ******* гэх хүн гарын үсэг зураагүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д “энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэж заасан байдаг. Бичгээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэхэд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” байхыг шаардана. Тус хэлцэл нь аж ахуйн нэгж буюу хуулийн этгээдийн хооронд хийгдсэн хэлцэл бөгөөд Иргэний хуульд заасан тусгай шаардлагыг хангах ёстой. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д “төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ”, 62.4-д “төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй”, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д “төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж тус тус заасан байхад хуульд заасан шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус болно. Хариуцагчийн зүгээс алданги 121,917,450 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 243,834,900 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх хуулийн зохицуулалтаар бичгийн хэлцэл хийх, хуулийн этгээдийг төлөөлөх, төлөөлөгч, төлөөлүүлэгчийн хууль эрх зүйн хүрээ, итгэмжлэлд тавигдах шаардлагыг тодорхойлж талуудын хооронд хийгдсэн гэрээ хэлцэл хүчин төгөлдөр байдлыг хангахад чиглэсэн байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлага болох 243,834,900 төгрөг гаргуулахыг хэвээр үлдээж, үндэслэлгүй нэхэмжилсэн 121,917,450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* гаргасан тайлбарын агуулга: Тухайн үед тамга, тэмдгээ дараад гэрээгээ байгуулсан. “******* ******* *******” ХХК-ийн Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт барьж байгаа цэцэрлэгийн барилгад тухайн арматур төмрүүдийг хүлээн авч хэрэглэсэн. Хэрэв гарын үсэг зурах эрхгүй этгээд байсан бол олон удаагийн арматур нийлүүлэх үед хүлээн авч хэрэглэж болохгүй байсан. Анхан шатны шүүх хуралдааны анхан шатны шүүх хуралдааны үеэр “тухайн арматур төмрийг юунд хэрэглэсэн бэ” гэж асуухад хариуцагчийн зүгээс “цэцэрлэгийн барилгад ашигласан” гэж хариулсан байдаг. Анхан шатны шүүх хууль хэрэглээний болон процессын ямар нэгэн зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа тул Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 131/ШШ2024/00907 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* *******” ХХК нь хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан арматурын үнэ 243,834,900 төгрөг, алданги 121,917,450 төгрөг, нийт 365,752,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “...талуудын хооронд байгуулсан гэрээ нь  хүчин төгөлдөр бус хэлцэл тул алданги 121,917,450 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

3. Нэхэмжлэгч “******* *******” ХХК хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн хооронд 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 22/29 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулжээ./хх8-12/

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн гэж үйл баримтыг зөв тогтоосон байна.

5. Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар 170 тонн арматурыг бичиг баримтын хамт худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч гэрээний төлбөрт 243,834,900 төгрөгийг төлөөгүй талаар зохигч маргаагүй, харин талуудын хооронд байгуулсан  гэрээнд  худалдан авагч талыг ******* ******* ******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан захирал ******* гарын үсэг зураагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл тул  алданги 121,917,450 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

6. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас арматурын үнэ  243,834,900 төгрөг төлөхийг шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд:

6.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2.1-д “...худалдагч тал болох ******* ******* ХХК нь 170 тонн биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй,  хэрэглээний төмөр болон арматур төмөр, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан  авагч  “******* ******* *******” ХХК  гэрээний зүйл  болох 85 тонн арматурын  60 хувийг бэлнээр, 40 хувийн төлбөрийг зээлийн нөхцөлөөр, дараагийн 85 тонн арматурыг хүлээн авахад өмнөх 40 хувийн  төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх, 2 дахь  татан авалтын 40 хувийн зээлийн төлбөрийг нэг сарын дотор төлж барагдуулна...”;

6.2. гэрээний 2.2.2-т  “...худалдан авагч тал гэрээний 2.2.1-д заасан хугацаанд  төлбөрийг бүтэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн нэг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн  үнийн дүнгээс 0.3 хувиар тооцож алданги төлөхөөр  хоёр тал харилцан тохиролцов...”;

6.3. гэрээний 2.3-д  “…гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хугацаа хэтэрсэн тохиолдолд 9 хувийн /есөн хувиар/-иар тооцож хүү төлнө...” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй. /хх-9/

7. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2.2-т заасан алдангийн тохиролцоог үндэслэн хариуцагчаас алдангид 121,917,450 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Учир нь: талуудын байгуулсан гэрээнд заасан хугацаанд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул дээр дурдсан хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн байна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрт 243,834,900 төгрөг төгрөг, алданги 121,917,450 төгрөг, нийт     365,752,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн  гэж үзэв.

9. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч  зохигчдын хооронд байгуулсан гэрээнд “******* ******* *******” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан захирал ******* гарын үсэг зураагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргах боловч анхан  шатны шүүх дэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй атал энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 131/ШШ2024/00907 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******ы гаргасан давж заалдах заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 767,538 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ГАНЧИМЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                 Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

                                                                                   Ч.БАЯРЦЭНГЭЛ