| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0105/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2019-05-22 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 105
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн Ж.Ариунжаргал,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Б.О , О.У ,
насанд хүрээгүй хохирогч М.О ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н ,
Иргэний нэхэмжлэгч Ч.Э ,
шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Д.Дарьбазар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б д холбогдох 163/2019/0105/Э индекстэй, 1915000660051 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн ... оршин суух, Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт жолооч ажилтай, Ч овогт Д.Б ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019.02.07-ны өдөр 22 цагийн орчимд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Шар хөндий гэх нэртэй газарт **-** ОРА улсын дугаартай “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар зорчигч М.О ийн эрүүл мэндэд хүнд хохирол, О.У ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч О.Б ий амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д. Б ын өгсөн : 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумруу Цагаан сарын баярын золголт хийхээр явсан. 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус сумаас буцаж явахдаа Хутаг-Өндөр сумын нутагт осол гаргасан. Тухайн үед “Toyota harrier” маркийн **-** гэсэн улсын дугаартай Ц ийн машинтай явж байсан. Уньт баг хүртэл Б.О уг машиныг унаж явсан.Түүнээс цааш би машинаа бариад явж байтал мэлийсэн цагаан зүйл машины урд ороод ирсэн. Тэгээд машин доторх хүмүүс орилолдож сандралдсан. Монгол гуталтай байсан болохоор хөл дээшээ гарч өгөхгүй байсан тул тормозоо гишгэж чадаагүй. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Осол болсны улмаас 1 хүүхэд өөд болсон, 2 хүн гэмтсэн. Хохирол төлбөрөө төлж өмгөөлөгчдөө тооцоогоо өгсөн байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О ын өгсөн: Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгч чадахгүй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.У ийн өгсөн: Миний бие тархиндаа няцралтай, нүүр битүү хавдартай, хүн болгон л энэ эргэж босохгүй байх гэж хардаг байсан. Өнөөдөр би сэтгэлийн тэнхээгээр л амьдарч байна. Манай нөхөр үнэхээр ярьж чадахгүй байна. Миний бие 2 сар гаруй ажлаа хийгээгүй, аргагүй эрхэнд цалингийн зээлтэй учир ажилдаа эргэн орсон. Манай нөхөр улирлын чанартай ажил хийдэг. Шүүгдэгч надтай уулздаг байсан гэж байна, намайг эмнэлэгт байхад нэг удаа л ирсэн. Харин манай нөхөртэй уулздаг байсан. Шүүгдэгч миний нулимсыг хамт баралцаагүй, уулзаагүй байж өнөөдөр хохирол, төлбөр төлсөн, уулзсан гэж ярьж байна. Үнэхээр гомдолтой байна. Тухайн осол болох үед цагаан зүйл гарч ирсэн гэж шүүгдэгч ярьдаг. Бусад хүнд тэр нь харагдаагүй. Д.Б хурд хэтрүүлсэн ба хамт явж байсан машин 120 км цагийн хурдтай яваад бидний сууж явсан машиныг гүйцэхгүй байсан тухайгаа хэлсэн. Гэтэл шүүгдэгч 60-70 км цагийн хурдтай явж байсан гэж хэлж байна. Сэтгэл санааны зовлонтой ажил хийхэд маш хүнд байдаг. Энэ хүнээс болоод эрүүл байсан бие өвддөг болсон тул төлөх ёстой төлбөрийг шүүгдэгч төлөх л ёстой. Нөхөр маань шөнө бүр ихэр татаж уйлдаг. Талийгаач хүү маань бидний хамгийн хайртай хүүхэд маань байсан. Бид гарсан бодит зардлаа нэхэмжилсэн. Миний нөхөр болон надад хүнээс илүү мөнгө авах ёс зүй байхгүй. Үүнээс цааш ямар хохирол гарахыг хэлж мэдэхгүй. Хүүхдийн оршуулгын зардал 8000000 төгрөг, 2 сарын цалин нийт 10000000 гаруй төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч Д.Б шүүх хурал завсарлуулж 5 сая төгрөг төлсөн миний хүү эргэж ирэхгүй ч хохирлыг төлсөн гомдолгүй гэж хэлж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н ийн өгсөн: Насанд хүрээгүй хохирогч М.О ийн эрүүл мэндийн хохиролд 912000 төгрөгийг Б төлсөн. Цаашид гарах эрүүл мэнд эмчилгээний зардлыг төлөхөө шүүгдэгч илэрхийлсэн. Гомдол санал байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ч.Э ын өгсөн: Д.Б эргэн төлөх хувиарын дагуу төлбөрийг төлсөн. Манай байгууллагад одоо төлөх төлбөр байхгүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
1915000660051 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч О.О ын өгсөн…2019 оны 02 дугаар сарын 07-ны 18 цагийн үед Булган аймгийн Тэшиг сумаас А эгчийн **-** ОРА улсын дугаартай “Тоуоtа Нагriег” маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн үед уг тээврийн хэрэгслийг А эгчийн нөхөр Б ах жолоодоод урд талын жолоочийн хажуу талын суудал дээр А эгч, ачтайгаа ар талын суудал дээр эхнэр У , хүү Б , хамаатны охин О мөн А эгчийн ач нь бид нар цуг сууж явсан. ...Тэгээд замдаа явж байгаад бид нар Тэшиг сумын наана буюу Булган явах замд байдаг “Буурал” аавын хажуу талд зогсоод овоогоо тойрсон тэгтэл А эгч намайг машин бариад яв гэж хэлсэн. Тэгээд би машиныг нь барьж яваад Хутаг-Өндөр сумын Уньт багийн ШТС-аас бинзен аваад цааш явж байтал А эгчийн ач нь гэнэт уйлсан чинь Б ах сэрээд хаана яваа юм бэ гэхээр нь Уньтаас дөнгөж хөдөлж явж байна гэсэн чинь яасан удаан явдаг юм бэ? гэж хэлээд бие засъя гэж хэлэхээр нь би машинаа замын хажууруу чөлөөлж зогсоогоод Б ахтай цуг гарч бие засаад байж байтал Б ах би машинаа баръя одоо зүгээр гэж хэлээд Б машинаа бариад харин би жолоочийн хажуу талын урд талын суудал дээр сууж явсан. Тэгээд цааш буюу Булган аймгийн төв талруу явж байгаад удалгүй нэг гүүр гарангуутаа замын баруун талд байсан эрээн шонг хажуугаараа мөргөөд зүүн гар тийшээ Б машиныхаа үрүүлийг дарсан тэгтэл машин дотор байсан хүмүүс хашиграад байсан. Тэгээд цааш юү болсоныг сайн мэдэхгүй нэг мэдсэн хүүхдээ хайгаарай гээд байсан би машинаас гарах гэтэл бүс тайлагдахгүй байгаад байсан. би гомдолтой байна. Талийгаачийн буяны ажил явдалд зарцуулсан зардлаа шүүх хурал дээр нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-н 29-30/
Хохирогч О.У ын өгсөн: О Б тэр хоёр гарч бие засаад эргэж машинд суухдаа Б машинаа бариад харин нөхөр О жолоочын хажуу талын урд талын суудал дээр сууж явсан. Тэгээд цааш буюу Булган аймгийн төв тал руу явж байгаад удалгүй машин 2 тийшээгээ хүчтэй дайвалзаад хүүхдүүд орилоод байсан. Юу болж байгааг мэдэхгүй тэгээд шоконд орсон байх нэг мэдсэн би машин дотор байсан” гэх мэдүүлэг /хх-н 33-34/,
Насанд хүрээгүй хохирогч М.О ийн өгсөн: “......Эхлээд Тэшиг сумаас гарахад Б ах машинаа барьж явж байгаад дараа гүүрний хажуугаас О ах барьсан. Хутаг-Өндөр сумаас наана байдаг мөнгө авдаг газрын ойролцоогоос бензин аваад цааш явж байгаад зогсоод бид нар бие зассан тэр үед Б ах машинаа бариад О ах жолоочийн хажуу талын суудал дээр суусан би О ахын харалдаа суудал дээр суусан миний өвөр дээр талийгаач суусан” гэх мэдүүлэг /хх-н 38/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Э ын өгсөн: “Би мэднэ **-** ОРА улсын дугаартай “Тоёота Хариэр” маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 11 дүгээр сарын 28-нд Орхон аймгийн Баян-өндөр сум 8 дугаар баг Бүрэн бүстийн 5-6-21 тоотод оршин суух О.Ц гэх хүн манай Х ХХК-нд гэрээний дагуу өөрийнхөө хүсэлтээр эзэмшлээ шилжүүлэн уг тээврийн хэрэгслээ барьцаалж найман сая таван зуун мянган төгрөгийн зээлийг 2020 оны 03 дугаар сарын 04-нийг хүртэл авсан. Уг тээврийн хэрэгслийг гэрээний дагуу манай Х ХХК ны нэр дээр шилжүүлсэн уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь манай Х ХХК-ны нэр дээр байдаг юм. О.Ц гэх хүн зээлийн хувиарын дагуу эргэн төлөтөө хийж бйгаа одоо үлдэгдэл 7343000 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байгаа” гэх мэдүүлэг /хх-н 40/,
Гэрч Б.Д ийн өгсөн: “Шөнийн 21 цаг 50 минутын орчим Зам дээр том том чулуунууд шидэгдсэн байсан. Тэгээд хурдаа хасаад машин доогуур чулуу орох шиг болохоор нь зогсоод буугаад гэрэл тусгаад харсан. Тэгтэл ард машин сигнаалдаад жаахан хүүхэд уйлаад эмэгтэй хүн тусламж гуйх чимээ гарсан. Тэгээд машиндаа суугаад эргээд ирсэн чинь хүүхэд тэвэрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зам дээр гарч ирсэн. Тэгээд цаашаа харсан чинь ертөнцийн зүгээр зүүн талдаа засмал замаас 30 орчим метр зайтай хар өнгийн “HARRIER” маркийн машин газарт хөрвөөгөөд дээшээ харсан байдалтай унасан байсан” гэх мэдүүлэг /хх-н 42-43/
Гэрч Т.Б ын өгсөн: “...буцаад хүүгийнхээ зогсож байсан гэх газарт яваад очсон чинь манай хүүгийн машины хажууд цус нөж нь гойжсон хүүхэд тэвэрсэн хүмүүс зогсож байсан. Тэр үед би эхнэр Ж ы хамт явж байсан учир нөгөө хүмүүсийг суулгаад ертөнцийн зүгээр засмал замын зүүн талд хэд хэд хөрвөөсөн байдалтай дээшээ харсан бараан өнгийн япон машин байсан. Уг машин дээр яваад очиход уг машины жолооч нь болов уу гэж харахаар нэг залуу машины хаалгандаа гацаад, нэг хөлийг нь машин дараад унасан байсан” гэх мэдүүлэг /хх-н 45-46/
Гэрч Г.Б ий өгсөн: “Бид нар 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгаас гарсан. Тэгээд Уньт баг орох гээд явж байсан чинь машин доогуур чулуу цохиод тэгээд зогсоод бууж харсан чинь манай хадам ах надад тэнд машин унасан байна ш дээ гэхээр нь тэр зүгт очсон чинь жаахан хүүхэд уйлах шиг болсон. Тэгээд очоод харсан чинь нэг нь аавдаа тэврүүлсэн ухаангүй байсан. Тэгээд хадам ах, хадам аавыг дуудаад тэндээсээ хадам аавыг ирэхээр нь нөгөө хүмүүүсээс 4 хүүхэд 2 том хүн машинд суулгасан. Тэгээд хадам ах бид хоёр машинд дарагдсан хүнд тусламж үзүүлсэн. Машин барьж явсан гэх дарагдсан байсан жолооч нь болов уу гэмээр ахимаг насны эрэгтэй хүнээс архи үнэртэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 48/
Гэрч М.А ийн өгсөн: “Б жолоогоо барьсан. Миний бодлоор жолоогоо бариад удаагүй явж байтал машины урдуур нэг улаан юм орж ирэх шиг болсон юу байсныг сайн мэдэхгүй байна. Машин зүүн талруу яваад орсон. ...Тэшиг суманд айлд шинэлэх үед бид нарт 1 шил 0.5 литрийн Экс нэртэй архи задалж тойруулж өгсөн тэр архинаас л уусан, өөр архи дарс уугаагүй” гэх мэдүүлэг /хх-н 51-53/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 62 тоот дүгнэлтээр: 1. М.О ийн биед баруун талын чамархай ясны заадал дайрсан шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрхи цусан хураа, духанд зулгаралт, хэвлий, баруун тохойн үе, зүүн гуяны дотор доод хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.
4. дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-59-60 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 34 тоот дүгнэлтээр: Д.Б гэж хаяглан ирүүлсэн цусанд 1.8% спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-64 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 63 тоот дүгнэлтээр: 1. О.У ын биед дух, чамархай, 2 талын сильвиевийн ховилын эргэн тойронд бага хэмжээний тархины эдийн няцралууд, тархи доргилт, толгойн орой хэсгийн хуй, дух, зүүн баруун, дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн бугалага, шуу, баруун, бугалаганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.
4. дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-70-71 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18 тоот дүгнэлтээр: 1. О.Б ий цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүрх, үнхэлцэг хальсны задрал, хурц цус алдалт, /2000мл/, зүүн уушигны дээд дэлбэнгийн няцарсан шарх, уушигны угийн цус хуралт, гавлын орой суман заадас салсан хугарал, дотор эрхтний доргилт, дух баруун хацар, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна.
3. дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 болон 3.1.2-т заасан амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Дээрхи гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн болно.
5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. талийгаач нь зүрх, үнхэлцэг хальсны задрал, хурц цус алдалт /2000мл/, гавлын орой суман заадас салсан хугарал гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 64 тоот дүгнэлтээр: 1. Б.О ын биед духанд зулгаралт, хэвлий зүүн гуя, баруун тохойд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.
4. дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-86 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот дүгнэлтээр: 1. Д.Б ын биед дух, зүүн хацар, шанаа эрүүнд шарх, зүүн чих, цээж, зүүн, баруун, бугалага, зүүн шуу, зүүн гуя, шилбэ, өвдөгөнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.
4. дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-96 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 65 тоот дүгнэлтээр: 1. М.А ийн биед баруун мөр, зүүн шуу, баруун, зүүн өвдөг, нуруу, баруун ташаа, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.
4. дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-99-100 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 67 тоот дүгнэлтээр: 1. Б.Б гийн биед тархи доргилт, духанд зулгаралт, баруун доод зовхины гадна хэсэгт зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.
4. дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-104 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 66 тоот дүгнэлтээр: Б.С гийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-111 тал/
Булган аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр: 1.Жолооч Д овогтой Б нь тээврийн хэрэгсэл жолоодох ВСД ангилалын 165073 дугаартай эрхийн үнэмлэх хүчинтэй байна.
2. Жолооч Д.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний Дүрэм зөрчсөн байна.
Жолооч Д.Б нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолооч дараах зүйлийг хориглоно.
А. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлын хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, жолооч Д.Б нь 1.8% согтолтын дунд зэрэгт хамаарна.
/жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэх шалгаж тогтоох журмын мөн заалтанд 2.5 шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль /%/ эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль /%/ илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.
ЗХД-ийн 12.2 харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
3. осол гарах болсон шалтгаан нь: Жолооч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй улмаас уг зам тээврийн осол гарсан байна гэх дүгнэлт /хх-75 тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2 тал/, гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 6 тал/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 07-15 тал/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-20 тал/ хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-23 тал/, Ял шалгах хуудас / хх-ийн 125 тал/, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 8 дугаартай А ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-90-92 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-105-107, 112-113 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч .Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019.02.07-ны өдөр 22 цагийн орчимд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Шар хөндий гэх нэртэй газарт **-** ОРА улсын дугаартай “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар зорчигч М.О ийн эрүүл мэндэд хүнд хохирол, О.У ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч О.Б ий амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар өгсөн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.О , О.У , насанд хүрээгүй хохирогч М.О нарын өгсөн мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Б.Д , Т.Б , Г.Б , М.А нарын мэдүүлэг, М.О ийн биед баруун талын чамархай ясны заадал дайрсан шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрхи цусан хураа, духанд зулгаралт, хэвлий, баруун тохойн үе, зүүн гуяны дотор доод хэсэгт цус хуралт гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 62 тоот дүгнэлт, Д.Б гэж хаяглан ирүүлсэн цусанд 1.8% спиртийн зүйл илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 34 тоот дүгнэлт, О.У ын биед дух, чамархай, 2 талын сильвиевийн ховилын эргэн тойронд бага хэмжээний тархины эдийн няцралууд, тархи доргилт, толгойн орой хэсгийн хуй, дух, зүүн баруун, дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн бугалага, шуу, баруун, бугалаганд цус хуралт гэмтлүүд нь нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх . Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 63 тоот дүгнэлт, О.Б ий цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүрх, үнхэлцэг хальсны задрал, хурц цус алдалт, /2000мл/, зүүн уушигны дээд дэлбэнгийн няцарсан шарх, уушигны угийн цус хуралт, гавлын орой суман заадас салсан хугарал, дотор эрхтний доргилт, дух баруун хацар, нуруунд зулгаралт гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18 тоот дүгнэлт, Б.О ын биед духанд зулгаралт, хэвлий зүүн гуя, баруун тохойд цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 64 тоот дүгнэлт, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 65 тоот дүгнэлт, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 67 тоот дүгнэлт, Жолооч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй улмаас уг зам тээврийн осол гарсан байна гэх дүгнэлт Булган аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтүүд, яаралтай тусламжийн хуудас болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотловол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт авто ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий техникийн шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх үнэлж хэргийг шийдвэрлэв.
Иймд хэргийн талаар нотолвол зохих байдлууд бүрэн нотлогдсон, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Д.Б ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.У ын эрүүл мэндэд хүндэвтэр, М.О ийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.О ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, О.Б ий амь нас хохирч хүнд хор уршиг учирсан ба шүүгдэгч Д.Б , хохирогч Б.О , О.У нарын нэхэмжилсэн эрүүл мэнд болон оршуулгын зардлыг нэхэмжилсэн хэмжээгээр 10826735 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.О д эмчилгээний зардалд 1012420 төгрөг, хохирогч А 395000 төгрөг төлж хохирлыг барагдуулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирол төлөгдсөн гэж шүүх үзлээ.
Харин хохирогч нар цаашид эрүүл мэндэд учирсан хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Х санхүүгийн байгууллага нэхэмжлэлдээ: **-** ОРО улсын дугаартай “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгсэлийг 2018 оны 11 дүгээр сарын 28-нд Орхон аймгийн ... оршин суух О.Ц гэх хүн манай Х санхүүгийн байгууллагаас гэрээний дагуу өөрийнхөө хүсэлтээр эзэмшлээ шилжүүлэн уг тээврийн хэрэгслээ барьцаалж найман сая таван зуун мянган төгрөгийн зээлийг 2020 оны 03 дугаар сарын 04-нийг хүртэл авсан. Уг тээврийн хэрэгслийг гэрээний дагуу манай Х санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлсэн уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь манай Х ын нэр дээр байдаг юм. О.Ц гэх хүн зээлийн хувиарын дагуу эргэн төлөтөө хийж байгаа одоо үлдэгдэл 7343000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа” гэж мэдүүлэг өгч байсан ба шүүхийн хэлэлцүүлэгт зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдсөн талаар тодорхойлолт ирүүлсэн энэ талаар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэнийг баталж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1- 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч овогт Д.Б ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Д.Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан 1 жилийн хорих ялыг эдлэж дууссаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тоолсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг, иргэний нэхэмжлэгчийн нхэмжлэлээсээ татгалзсаныг, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Х санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэнийг баталж, хохирогч нар цаашид эрүүл мэндэд учирсан хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ