| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0107/Э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 21.2.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 106
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч П.Б , Г.Э, Б.Н , Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б , мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э, Б.Н , Г.Т нарт холбогдох эрүүгийн 191500067104 дугаартай, 163/2019/0107/э индэкстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, аав, ээж, хүүхдийн хамт Булган аймгийн Б... оршин суух, Ш овогт П.Б ,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерийн операторч мэргэжилтэй, Булган аймгийн Орхон сумын чиглэлийн зам барилгын Э ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн ... оршин суух, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Х овогт Г.Э ,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, Р овогт Б.Н ,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, Булган аймгийн Х ХХК-д туслах ажилтай, Ю овогт Г.Т ,
Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт иргэн Г.Э тай хувийн таарамжгүй харьцааны улмаас зодолдож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Э нь Булган аймгийн Цагдаагийн газарт 1100-0225 дугаартай зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч шалгах явцад 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болон хэрэг бүртгэлтийн шатанд хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,
Яллагдагч Б.Н нь Булган аймгийн Цагдаагийн газарт 1100-0225 дугаартай зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч шалгах явцад 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болон хэрэг бүртгэлтийн шатанд хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,
Яллагдагч Г.Т нь Булган аймгийн Цагдаагийн газарт 1100-0225 дугаартай зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч шалгах явцад хэрэг бүртгэлтийн шатанд хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 03 дугаар сарын 05-ны гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э ы өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т ийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.
1915000670104 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Яллагдагч П.Б ын өгсөн: Би өөрийн найз Г.Э тай найз Б.Н ийн гэрт архи ууж байгаад маргалдаж зодолдон түүний биед гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Энэ хэргийн талаар би ярилцсан тэмдэглэлд дэлгэрэнгүй тодорхой ярьсан байгаа. Түүнээс эргэж буцах, нэмж хэлж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа ойлгож байна. Намайг хэрэгт орчих байх гээд Г.Э бид 2 хоорондоо ярилцаж мэдүүлэг өгсөнөөс болоод гэмгүй 2 найзыгаа хэрэгт оруулчихсандаа харамсаж байна. Цаашид дахиж ийм зүйл хийхгүй гэх мэдүүлэг /хх-71 тал/
Яллагдагч Г.Э ы өгсөн: Би өөрийн найз П.Б тай найз Б.Н ийн гэрт архи ууж байгаад хоорондоо маргалдаж зодолдсоны улмаас П.Б нь миний биед гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн. Энэ хэргийн талаар би эрүүгийн хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө найзыгаа хэрэгт оруулчих байх гэсэндээ үл таних хүмүүст зодуулсан гэж худал мэдүүлэг өгсөн. Үүндээ эрүүгийн хариуцлагад татагдсан. Би үнэн зөв мэдүүлэг өгөх хуулийн заалтыг уншиж танилцаж үнэн зөв мэдүүлэг өгнө гээд гарын үсэг зарсаны дараа санаатайгаар худал мэдүүлэг өгсөнөө хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа ойлгож байгаа. Би хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хамгийн сүүлийн асуултанд болсон хэргийн талаар үнэн зөвөөр хэлж мэдүүлсэн тул нэмж засаж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-76 тал/
Яллагдагч Б.Н ийн өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө манай гэрт манай найзууд болох Г.Э, П.Б нар согтуу байхдаа харилцан зодолдож Г.Э ы биед гэмтэл авсан гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгах үед найз П.Б ыг хэрэгт орчих байх гэх шалтгааны улмаас санаатайгаар худал мэдүүлэг өгсөн. Үүнийгээ гэрчээр 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө тухайн үед болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн учир түүнд нэмж хэлж ярих зүйл байхгүй. Буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хуулийн дагуу хариуцлага хүлээх санал хүсэлт байхгүй. Хууль мэдэхгүйгээсээ болоод ийм байдалд орж байгаадаа харамсаж байна. Цаашид хуулийн байгууллагад аливаа гэмт хэрэг зөрчлийг мэдээлэх, үнэн зөвөөр мэдүүлэг өгч байх ёстой юм байна гэдгийг ухамсарлаж ойлгож байна гэх мэдүүлэг /хх-67 тал/
Яллагдагч Г.Т ийн өгсөн: 2019.01.31-ний шөнө манай гэрт манай нөхрийн найзууд болох Г.Э, П.Б нар согтуу байхдаа харилцан зодолдож Г.Э биедээ гэмтэл авсан гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгах үед найз П.Б ыг хэрэгт холбогдчих байх гэж Г.Э “Бид 2 хоорондоо учраа олчихьё та хэдийг хөлдөө чирээд яахав, танихгүй гээд хэлчихсэн шүү” гэж хэлэхээр нь гэрчээр мэдүүлэг авах үед худал мэдүүлэг өгсөн. Үүнийгээ гэрчээр 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө тухайн үед болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн учир түүнд нэмж хэлж ярих зүйл байхгүй. Буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хуулийн дагуу хариуцлага хүлээх санал хүсэлт байхгүй. Хууль мэдэхгүйгээсээ болоод ийм байдалд орж байгаадаа харамсаж байна. Гэмшиж байна, тухайн үед нь үнэн зөвийг нь хэлчихдэг байж гэж харамсаж байна гэх мэдүүлэг /хх-69 тал/
хохирогч Г.Э ы өгсөн: “...Б яриад одоо дахиад үзнэ барина гээд согтчихоод тэгээд байсан. Сүүлдээ архиа уугаад согтчихсон байсан ба гэрээс гараад хашаан дотор нь зодоон хийсэн. Би Б ыг гараараа эрүүнд нь цохисон ухаан алдаад унасан ба хэсэг харж зогссон хөдлөөд байхаар нь ухаан орж байна гэж бодоод орхичхоод гэрт нь орсон. Тэгсэн удалгүй Б араас орж ирсэн.. тэгээд би зодоон хийснээ мартчихсан байсан ба Б гал тогоонд нь орчихсон л түжигнүүлээд байсан ба том өрөө рүү орж ирээд зүүн хацар луу нь цохиод авах шиг болсон чинь цус гараад унасан ба хөмсөг, нуруу 2-луу мөн хатгачихсан. Тэгээд л цус алдаад ухаан алдсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-н 26-27/
Гэрч Б.Н ийн өгсөн: “... сүүлийн архиа ууж байхад Б , Г.Э 2 хоорондоо өмнө нь зодоон хийсэн барьсан гээд яриад байсан. Хэзээ яагаад зодоон хийсэн тухай би мэдэхгүй. Тэгээд л 20-30 орчим минут болсон юм болов уу эхнэр бид 2 маргалдаж байгаад хүүхдүүд уйлаад байж байтал Б ганцаараа түрүүлээд орж ирээд гал тогооны өрөөнд хаалганы хажуугийн сандал дээр суусан. Түүний араас Г.Э манай гэрийн хаалгыг онгойлгож чадахгүй байгаа бололтой самардаад байхад нь би хаалга онгойлгож өгсөн чинь Г.Э ы нүүрнээс цус гарчихсан, найзыг нь Б цохичихлоо гэж хэлсээр орж ирсэн ба харахад зүүн хацрыг нь дагуулаад зүсчихсэн бололтой ангайчихсан цус нь гарчихсан харагдсан. Тэгээд л би утсаараа түргэн рүү дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-. 33-35/
Гэрч Г.Т ийн өгсөн: “... нөхөр бид 2 том өрөөндөө орж маргалдаж байх үед Б , Э 2 гараад явчихсан. Сүүлийн архиа ууж байхад Б , Э 2 хоорондоо өмнө нь зодоон хийсэн барьсан гээд яриад байсан. Тэгээд л 20-30 орчим минут болсон юм болов уу нөхөр бид 2 маргалдаж байгаад хүүхдүүд уйлаад тэгээд байж байтал Б ганцаараа түрүүлээд орж ирээд гал тогооны өрөөнд хаалганы хажуугийн сандал дээр суусан. Түүний араас Г.Э манай гэрийн хаалгыг онгойлгож чадахгүй байгаа бололтой самардаад байхад нь манай нөхөр хаалга онгойлгож өгсөн. Тэгээд орж ирэхдээ л Г.Э ы нүүрнээс цус гарчихсан, найзыг нь Б цохичихлоо гэж хэлсээр орж ирсэн ба харахад зүүн хацрыг нь дагуулаад зүсчихсэн болотой ангайчихсан цус нь гарчихсан харагдсан. Тэгээд л манай нөхөр түргэн лүү дуудлага өгсөн... манай гэрээс Г.Э, П.Б 2 зүгээр гарч яваад буцаад орж ирэхдээ дээрх хэлсэн байдалтай болоод орж ирсэн. Хоорондоо зодоон хийсэн байх... Г.Э өөрөө хэлэхдээ Б ыгаа намайг цохичихлоо гэж хэлж орж ирсэн. Ямар зүйлээр тэгж зүссэн талаар мэдэхгүй байна. Манайхаас бол хутга шөвөг авч гараагүй. Маргааш өглөө нь босоод ирэхэд манай үүдний тамбарт байсан хүүхдийн хуванцар машин хагарч бутарч эвдэрсэн, шалаар нил цус болчихсон, чийдэн нь хагарчихсан байсан. Түүнийг нь би цэвэрлэсэн... Б ын биед маргааш өглөө нь харахад зүүн билүү чихний ард нь цус хатчихсан, хамарны хянган, 2 нүднийх нь аяга хөх туяа орчихсон, хавдартай байсан. Тэгэхдээ хавирга хугарчихсан юм болов уу амьсгал авч болохгүй байна гээд байсан... ” /хх-н 42/
Гэрч Б.А ын өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрийнхээ баруун талын Бүргэдэй дэлгүүр дээр Г.Э, Б 2-той таараад хамт Н ийн гэрт очсон. Тэднийд Н , эхнэр Т , манай эхнэр Б нар байсан. Бид 3 тэднийд очихдоо 0.5 литрийн Ерөөл архитай очсон ба би өөрөө өмнө нь ажлынхантайгаа жаахан юм уучихсан байсан учраас тэр архиа ууж дуусгаад тэгээд согтоод байхаар нь хүргээд өг гээд Г.Э, Н 2-оор хүргүүлж харьсан. Тэгээд тэр 2 буцаад явсан” гэх мэдүүлэг, /хх-н 42/
Гэрч У.Б ын “2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр найз Т ийн гэрт байхад манай нөхөр А , найз Г.Э, П. Б нар тэднийд ирсэн. Ирэхдээ 0.5 литрийн Ерөөл архитай ирээд тэгээд тэрийгээ хувааж ууцгаасан ба манай нөхөр согтоод байна гээд Г.Э, Н хоёроор хүргүүлж харьсан. Тэгээд манай нөхрийг хүргэж өгөөд ирэхдээ тэр 2 дахиад 0.75 литрийн Ерөөл архитай ирээд тэрийг нь бид нар хувааж ууж байгаад би унтаад өгсөн. Тэгээд өглөө нь сэрээд босч ирэхэд Н ийн гэрийн үүдний өрөө, гадаа тамбарт нь цус нөж болчихсон байсан... Маргааш орой нь Т тэй утсаар ярьсан чинь “Г.Э, Б 2 зодоон хийгээд Н эмнэлэг рүү авч яваад Г.Э эмнэлэгт хэвтсэн” гэж хэлсэн... тухайн өдөр Н ийнд Б , Г.Э, манай нөхөр, Т бид хэд байж архи уугаад тэр шөнөө Г.Э, Б 2 маргалдаж зодоон хийсэн асуудал гарсан нь бол үнэн” гэх мэдүүлэг /хх-н 43/
Гэрч Д.О ийн өгсөн: “... манай хүүг эмнэлэгт хэвтчихсэн байна гэдэг орой Б нь манайд оройхон ганцаараа портер дээр хэдэн хөрөөдчихсөн бөмбөг түлээ ачиж очсон юм... ингэж ирэхдээ Б гийн биед баруун талын хацартаа шалбарч бариагүй битүү хөхөрч хавдчихсан байсан. Тэгэхээр нь яачихсан юм бэ? хацраа яасан миний хүү чамтай зүгээр гараад л явсан чи ийм болоод манай хүү хүнд хутгалуулсан чамтай холбоотой доо гээд асуусан сандал авч суух гэж байснаа тэгж асуунгуут их сандраад суухаа болиод нэг болохоор бид 2 миний машинтай явсан гээд нэг болохоор Булгаагийн машинтай явж байгаад бид 2 хүнтэй зодоон хийгээд гээд илт сандраад нэг дор өөр өөр яриад байснаа гараад явсан. Тэр нэг хүүхэнтэй салахгүй утсаар ярихад нь Б та 2-оос гарцаагүй та 2-н хэн чинь ийм болсон, Г гээд танай тэр ахынд та нар архидаж байгаад л тийм болоо биз гэсэн Б шдээ гэж ам алдаад хэлчихсэн юм” гэх мэдүүлэг, /хх-н 40-41/
Яллагдагч П.Б ын “... намайг хэрэгт орчих байх гээд Г.Э бид 2 хоорондоо ярилцаж мэдүүлэг өгсөнөөс болоод гэмгүй 2 найзыгаа хэрэгт оруулчихсандаа харамсаж байна” гэх мэдүүлэг, /хх-н 71/
Яллагдагч Б.Н ийн өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө манай гэрт манай найзууд болох Г.Э, П. Б нар согтуу байхдаа харилцан зодолдож Г.Э биедээ гэмтэл авсан гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгах үед найз П. Б ыг хэрэгт орчих байх гэх шалтгааны улмаас санаатайгаар худлаа мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 67/
Яллагдагч Г.Т ийн өгсөн: “... найз П. Б ыг хэрэгт холбогдчих байх гэж Э “бид 2 хоорондоо учраа олчихьё та хэдийг хөлдөө чирээд яахав, танихгүй гээд хэлчихсэн шүү” гэж хэлэхээр нь гэрчийн мэдүүлэг авах үед худал мэдүүлэг өгсөн. Буруугаа хүлээн зөвшөөрч байх тул хуулийн дагуу хариуцлага хүлээхэд санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 69/
Яллагдагч Г.Э ы “би өөрийн найз П. Б тай найз Б. Н ийн гэрт архи ууж байгаад хоорондоо маргалдаж зодолдсоны улмаас П. Б нь миний биед гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн. Энэ хэргийн талаар би эрүүгийн хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө найзыгаа хэрэгт оруулчих байх гэсэндээ үл таних хүмүүст зодуулсан гэж худал мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг, /хх-н 75/
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 54 тоот дугаар
1. Магадлуулагч Г.Э ы биед зүүн хацар, зүүн хөмсөг, зүүн дал, доод уруулд шарх, зүүн дээд зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой.
2. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй”
3. Дээрхи зүүн хацар, зүүн хөмсөг, зүүн дал, доод уруулд шарх, гэмтэл нь ир ирмэгтэй, зүүн нүдний алиманд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр тус тус үүсгэгдэнэ гэх дүгнэлт /хх-н 45/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-3, 5-7, 9-11, 13-15 тал/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийн хуудас, сувилгааны тэмдэглэл, өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас /хх-48-57 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 79, 84, 89, 92 тал/, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №101 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №14 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт иргэн Г.Э тай хувийн таарамжгүй харьцааны улмаас зодолдож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Э нь Булган аймгийн Цагдаагийн газарт 1100-0225 дугаартай зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч шалгах явцад 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болон хэрэг бүртгэлтийн шатанд хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “би өөрийн найз П. Б тай найз Б. Н ийн гэрт архи ууж байгаад хоорондоо маргалдаж зодолдсоны улмаас П. Б нь миний биед гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн. Энэ хэргийн талаар би эрүүгийн хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө найзыгаа хэрэгт оруулчих байх гэсэндээ үл таних хүмүүст зодуулсан гэж худал мэдүүлэг зориуд худал өгсөн гэх мэдүүлэг
Шүүгдэгч Б.Н нь Булган аймгийн Цагдаагийн газарт 1100-0225 дугаартай зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч шалгах явцад 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болон хэрэг бүртгэлтийн шатанд хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “2019 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө манай гэрт манай найзууд болох Г.Э, П. Б нар согтуу байхдаа харилцан зодолдож Г.Э биедээ гэмтэл авсан гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгах үед найз П.Б ыг хэрэгт орчих байх гэх шалтгааны улмаас санаатайгаар худлаа мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг ,
Шүүгдэгч Г.Т нь Булган аймгийн Цагдаагийн газарт 1100-0225 дугаартай зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч шалгах явцад хэрэг бүртгэлтийн шатанд хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 03 дугаар сарын 05-ны гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “... найз П. Б ыг хэрэгт холбогдчих байх гэж Э “бид 2 хоорондоо учраа олчихьё та хэдийг хөлдөө чирээд яахав, танихгүй гээд хэлчихсэн шүү” гэж хэлэхээр нь гэрчийн мэдүүлэг авах үед худал мэдүүлэг өгсөн. Буруугаа хүлээн зөвшөөрч байх тул хуулийн дагуу хариуцлага хүлээхэд санал хүсэлт байхгүй” гэх зориуд худал мэдүүлэг өгсөн хууль зүйн факт, үйл баримт тус тус болжээ.
Энэ үйл баримтаас дүгнэлт хийхэд мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, тэлгээрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Г.Э ы өгсөн мэдүүлэг,
гэрч Б.Н , Г.Т , Б.А , У.Б нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан, гэмтлийг “хөнгөн” зэргийн гэмтэл болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 54 тоот дугаар дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байх тул нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үзлээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн шүүгдэгч П.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар, Г.Э, Б.Н , Г.Т нарт хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн гэдэгт...”болсон бодит байдлыг болоогүй гэж мушгин гуйвуулсан, болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулж өөрчлөн мэдүүлсэн үйлдлийг ойлгох төдийгүй харсан, үзсэн, сонссон, мэдсэн зүйлээ огт хэлээгүй эс үйлдэхүйг ч хамааруулан ойлгоно”
Иймд шүүгдэгч П.Б ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Г.Э, Б.Н , Г.Т нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Э, Б.Н , Г.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан эрх хасах ял хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1–т заасанаар Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэж тодорхойлсон байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар нь нийтийн албанд тодорхой ажил хийдэггүй, албан тушаал эрхлэдэггүй болох нь тогтоогдож байх тул эрх хасах ялыг хэрэглээгүй болно.
Шүүгдэгч Г.Э ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирол нэхэмжлээгүй гэснийг дурьдвал зохино.
Шүүгдэгч П.Б , Г.Э, Б.Н , Г.Т нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасанаар шүүгдэгч П.Б , Г.Э, Б.Н , Г.Т нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч П.Б , Г.Э, Б.Н , Г.Т нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Б , Г.Э, Б.Н , Г.Т нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Б , Г.Э, Б.Н , Г.Т нар нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт П.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Х овогт Г.Э, Р овогт Б.Н , Ю овогт Г.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Б ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Б.Н , Г.Т нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б , Г.Э, Б.Н , Г.Т нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурван/ сарын хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Б , Г.Э, Б.Н , Г.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Б , Г.Э, Б.Н , Г.Т нар нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б , Г.Э, Б.Н , Г.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ