Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2016/00035

 

С.Аийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 348 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, Бөкен-Уул, 17 гудамж, 08 тоотод оршин суудаг, ***********регистрийн дугаартай, М овогт Сын Аийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг С ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Байгонак нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн С ХХК-ийн машинистийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие аймгийн С ХХК нь Ус сувгийн товчоо нэртэй байхад 1992 оны 7 дугаар сараас эхлэн шугамын слесарийн ажилд орсон. Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний С ХХК-ийн захирлын 2003 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тушаалаар машинистийн ажилд томилогдсон. С.А би ажиллаж байх хугацаанд хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, Нийтийн аж ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж, байгууллагын аваргаар хэд хэдэн удаа шалгарч өргөмжлөл хүртэж байсан. Гэтэл ажил олгогч С ХХК-ийн захирал С.Ш нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн миний 11 жил тасралтгүй хийж ирсэн машинистийн ажлыг өгөлгүй, танд өөр хөнгөн ажил өгнө гэж хэлээд ажиллуулаагүй, өөр ажил олж өгнө гээд 2 жил намайг хуурч мэхэлж байгаад гомдолтой байна. Би хуучин ажилдаа эргэн орох, эсвэл өөр ажил олж өгөхийг хүсэж олон удаа С.Ш даргатай уулзсан. Ажил олгогчоос өнөөдрийг хүртэл машинистийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг албан ёсоор өгөөгүй учраас ямар утгатай тушаал гарсныг огт мэдэхгүй байна. Намайг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэх тушаал гарсан талаар байгууллагын ажилчдаас сонссон. Иймд С.А намайг С ХХК-ийн машинистийн ажилд эгүүлэн томилж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: С.А нь манай байгууллагад олон жил ажиллаж байсан нь үнэн. Ажлын байранд удаа дараа архи ууж согтуурсан. Иймд бид холбогдох хууль болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.1-д заасны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 8 тоот тушаалаар бохир усны слесарийн үүрэгт ажлаас халсан. С.А урьд нь олон удаа хөдөлмөрийн сахилга алдаж арга хэмжээ авагдаж байсан. Хамгийн сүүлд 2013 оны 9 дүгээр сарын 04-ийн өдөр үүнээс хойш ажлын байранд архи уух юм бол гомдолгүй гэж амлалт өгч байсан боловч түүний дараа хэд хэдэн удаа ажлын байранд архи уусан тул бид түүнийг ажлаас халахаас аргагүй болсон. С.Аийг 2 жилийн өмнө буюу 2014 оны 01 дүгээр сард ажлаас халж өөрт нь мэдэгдэж тушаалыг гардуулсан, 8 тоот тушаалыг нуух үндэслэл байхгүй. Харин С.А нь тушаалыг авч явсны дараа өөр ажил байвал авч ажиллуулах боломж байгаа талаар амаар хүсэлт гаргаж байсан танд тохирох ажлын орон тоо гарах юм бол тухайн үед хамт олон, удирдлагын хэмжээнд ярьж байж шийдэх болно гэж хариу өгсөн. Захирлын 08 тоот тушаалыг одоо хүртэл аваагүй, ажлаас халагдсаныг одоо хүртэл мэдээгүй гэж байгаа нь үнэнд нийцэхгүй. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 348 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:***********М овогт Сын Аийн Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний С ХХК-ийн машинистийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.А нь нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг ноцтой зөрчсөн. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүргээ биелүүлээгүйд нэхэмжлэгч С.А буруугүй. С ХХК-ийн захиргаа ажлаас халсан тушаалыг түүнд албан ёсоор гардуулсан эсэхийг нотолж чадаагүй. Харин ажил олгогчийн 2014 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 8 дугаар тушаалын бичилт нэхэмжлэгч С.Аийн нийгмийн даатгалын дэвтэрт хийгдээгүй байгаа нь маргаан бүхий тушаал тухайн үед гарсан эсэхэд эргэлзээ түрүүлж байна. Уг тушаалыг бид хуурамч тушаал гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч С.А ажлаас халагдсан тушаалыг авч, ажилгүйдлийн тэтгэмж авч цаашид шүүхээр заргалдъя гэж байгууллагын захиргаанд 2014 оны 02 дугаар сард очиход ажлаас халсан тушаал гараагүй, чамайг төслийн ажилд оруулна гэж С.Ш хэлсэн. Энэхүү асуудлын үнэн зөвийг С ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ө.Нуртуганаас тодруулахад 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 12 дугаартай тушаал төлөвлөн энэхүү тушаалыг С.Аийн А-**********дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт тушаалын он, сар, өдөр дугаарыг бичиж, С.Ш захиралд танилцуулахад Би ийм тушаал гаргахгүй, наад тушаалыг би зөвшөөрөхгүй гэж урж хаясан. Энэ нь уг ажлаас халсан 2014 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 8 тоот ажлаас халах тухай тушаал нь хуурамч, сүүлд нөхөж гаргасан гэдэг нь нотлогдож байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 348 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: 2014 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 8 дугаартай ажлаас халах тухай тушаалыг бид тухайн үед нь өөрт нь гардуулж тооцоо дуусгасан. Тушаалаа гардаж авах үед урьд нь сайн ажиллаж байсан талаар хэлээд, цаашид ажлын байр гарвал, архи уухгүй байж чадвал тухайн үедээ хэлэлцэж байгаад шийднэ гэж хэлсэн. Үүнийг манай хамт олон бүгд мэдэж байгаа. Түүнд уг тушаалыг гардуулж өгсөний дараа түүний өмгөөлөгч Алтанцэцэг манай байгууллагын захиралтай уулзаж, 8 дугаартай тушаалын нэг хувийг дахин авч явсан. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо дурдсан ажлаас халагдсан тушаалыг авч, ажилгүйдлийн тэтгэмж авч цаашид шүүхээр заргалдъя гэж байгууллагын захиргаанд 2014 оны 02 дугаар сард очиход ажлаас халсан тушаал гараагүй, чамайг төслийн ажилд оруулна, Би ийм тушаал гаргахгүй, наад тушаалыг би зөвшөөрөхгүй гэсэн нь ор үндэсгүй. 2014 оны 01 дүгээр сард ажил дээр архи ууж, согтуу байсан учир нэг жилийн дотор ийнхүү дахин давтан хөдөлмөрийн ноцтой алдаа гаргаж байсан тул Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дотоод журмын 13.1.3, Хөдөлмөрийн гэрээний заалтуудыг тус тус удирдлага болгон үндсэн ажлаас нь чөлөөлсөн. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

С.А нь С ХХК-ийн машинистийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ. Баян-Өлгий аймгийн Нийтийн Аж Ахуй, Үйлчилгээний С ХХК-ийн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т зааснаар, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн үндэслэлээр С.Аийг бохир усны слесарийн ажлаас чөлөөлжээ.

 

Хариуцагч тал ажилтны гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, С.Аийг үндсэн ажил нь болох бохир усны слесарийн ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар ажилтан С.А нь ажил олгогчийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар тушаалыг хүлээж авсан талаар үйл баримт тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан ажилтан ... шийдвэрийг хүлээн авсан гэдгийг мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-т заасан ажил олгогчийн үүрэгтэй холбон тайлбарлах бөгөөд ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэрийг ажлаас халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй ба хариуцагч энэхүү үүргээ биелүүлсэн тухайгаа шүүхэд нотлох баримтаар нотлоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүхэд хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, баримтыг хэрэгт хавсаргажээ.

 

Иймээс ажилтанд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрийг ажил олгогчоос гардуулсан, ажилтан хүлээж авсан эсэх нь тогтоогдоогүй тул гомдол гаргагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан, маргааны үйл баримтад хамааралгүй бичмэл баримтуудыг үндэслэн ...ажлын байранд архи уусан учир захиргааны эцсийн арга хэмжээ авахуулсан, үүнээс хойш ажлын байранд архи уусан бол гомдолгүй гэж амлалт үүрэг авч бичсэн гарын баримтаар нотлогдож байна. ...ажлаас халагдсан гэдгийг мэдэж байсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан, дотоод журам, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үндэслэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг хэрэглэсэн боловч уг үндэслэлээ шүүхэд баримтаар нотлоогүй учраас ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хариуцагч нь ажилтныг үндсэн ажил нь болох бохир усны слесарийн ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч С.Аийн тайлбарыг хөдөлмөрийн гэрээ, ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн тэмдэглэгээ, С ХХК-ийн захирлын 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 54 дүгээр тушаал зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудтай харьцуулан судлахад, тэрээр тус компанид машинистаар ажиллаж байсан нь тогтоогджээ.

 

Иймд дээрх үндэслэлээр ажилтан С.Аийг С ХХК-д урьд эрхэлж байсан машинистийн ажилд эгүүлэн тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. С.А болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 348 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан М овогт Сын Аийг Баян-Өлгий аймгийн Нийтийн Аж Ахуй, Үйлчилгээний С ХХК-ийн машинистийн ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...дурдсугай. гэснийг ...дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан хариуцагч С ХХК-ийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай. гэж тус тус өөрчилж, С.А болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар С.А болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

С.ӨМИРБЕК