Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 159/2023/0053/з |
Дугаар | 001/ХТ2024/0062 |
Огноо | 2024-05-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2024/0062
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын
Засаг даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2024/0204 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч С.Б-Э, түүний өмгөөлөгч А.О, хариуцагч Э.С, гуравдагч этгээд Д.Б нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 001/ШХТ2024/0178 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч С.Б-Э нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “С-ын Б-Э-ийг Б..... ..... дугаар багийн Засаг даргаас огцруулах тухай” Б/18 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/19 дүгээр “Д овогтой Б-ыг Б..... ..... дугаар багийн Засаг даргаар түр томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.“Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Б..... ..... дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор багийн Засаг даргад нэр дэвшиж олонхын санал авсан С.Б-Э-ийг томилуулахаар сумын Засаг даргад уламжилдаг боловч сумын Засаг дарга томилохоос татгалзсан.
2.2.Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаар захирамжаар Д.Б-ыг Б..... .... дугаар багийн Засаг даргаар томилсон тухай захирамж гаргасан. Иймд С.Б-Э Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад холбогдуулан “... Б..... .... дугаар багийн Засаг даргаар С.Б-Э-ийг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, багийн Засаг даргын албан тушаалд томилсон тухай захирамж гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаар захирамжаар Д.Б-ыг тус багийн Засаг даргаар томилсон тухай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.3.Дээрх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад хариуцагч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргаас маргаан бүхий акт болох 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Б-Э-ийг “... 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 29-ний хооронд шалтгаангүй 9 өдрийн ажил тасалсан ..., сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй буюу биелүүлээгүй, удаа дараа ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Б... ... дугаар багийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан. Мөн маргаан бүхий акт болох 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар Д.Б-ыг Б..... ... дугаар багийн Засаг даргаар түр томилж шийдвэрлэсэн.
2.4.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
3.1.“... Миний бие ажлаа хийж байгаад 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс өвчилж 22 хоног эмчилгээтэй байсан хөдөлмөрийн чадвар түр алдсан тэтгэмжийн хуудсыг авч өвчтэй байснаа нотолж холбогдох албан тушаалтанд мэдэгдсэн. Акт дуусаж 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа ирэхэд таныг ажлаас огцруулсан гэж хэлсэн ...
3.2.Хууль бус захирамж гаргасан талаар аймгийн Засаг даргад гомдол гаргасны дагуу хянаж 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/1115 дугаар “Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.С-т хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, үүрэг даалгавар хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлсэн боловч уг захирамжаа хүчингүй болгохгүй Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон ажил хөдөлмөр эрхлэх эрхийг ноцтой зөрчиж байна. Намайг өвчтэй байгааг мэдсээр байж багийн Засаг даргаас огцруулах захирамж гаргасан, уг Б/18 дугаар захирамжийг надад огтоос танилцуулаагүй, гардуулж өгөөгүй, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мэдэж хуулбарлан авсан. Ямар шалтгааны улмаас Засаг даргаас огцруулж байгаа үндэслэл шалтгааны талаар хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй миний эрхийг зөрчсөн. Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/19 дүгээр захирамж нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн захирамж ... ” гэж маргасан.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
4.1.“... С.Б-Э нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авах талаар амаар хүсэлт гаргахад нь миний зүгээс уг цаг хугацааны хувьд иргэд багийн Засаг дарга нараас үйлчилгээ авах нь ихэсдэг учир өгөх боломжгүй талаар хэлсэн ... Сумын Эрүүл мэндийн төвд үзүүлэхэд нь ажил үүргээ гүйцэтгэх боломжтой талаар хэлсэн байтал 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 16-ны өдөр буюу ажлын 5 хоногийн акт авчирч өгсөн. Ажлын 9 хоног ажлаа тасалсан учир уг захирамж гарсан. Дээрх хугацаанд С.Б-Э нь холбогдох албан тушаалтанд ямар шалтгааны улмаас ажилдаа ирэхгүй байгаа талаар мэдэгдээгүй. 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр лист ирсэн байдаг. Сумын Засаг даргын зүгээс хамтран ажиллах гэрээг төр, төсвийн байгууллагын удирдлага, багийн Засаг дарга нартай байгуулахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, гэрээг байгуулаагүй...
4.2.Засаг даргын 2023 оны Б/18 дугаар захирамжийг гардуулан өгсөн. ... Харин Архив, бичиг хэргийн эрхлэгчээр 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр захирамжийн хуулбар дээр Хуулбар үнэн тэмдэг даруулсан байсан. Хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулахаар сумын Засаг даргын 2023 оны 01/163 дугаар албан бичгийг хүргүүлсэн боловч гарын үсэг зурж аваагүй. Мөн утсаар мэдэгдэхэд “сонсох ажиллагаа явуул, би очихгүй, ямар шийдвэр гарсан тэрийгээ надад өгчхөөрэй гэсэн байдаг” гэжээ.
5.Гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Миний бие 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б...... .... дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд багийн Засаг даргад С.Б-Э-ийн хамт нэр дэвшин өрсөлдсөн. Уг өдөр С.Б-Э нь Б....... .... дугаар багийн Засаг даргын сонгуулийн бүртгэлд өөрийн хамаарал бүхий хүнийг суулгаж ирээгүй иргэдийг ирсэн мэтээр бүртгэх, өөр багийн харьяалалтай иргэдийг санал хураалтад оруулж сонгуулийг будилуулсан. Сумын Засаг даргад өргөдөл гаргасны дагуу сумын Засаг даргын зүгээс багийн иргэдийн Нийтийн Хуралд багийн Засаг дарга сонгох санал хураалтыг дахин явуулах талаар албан бичгийг удаа дараа хүргүүлсэн боловч багийн иргэдийн Нийтийн Хурлаас санал хураалт будилаангүй болсон гэсэн хариуг өгсөн ... Иймд миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн ...” гэсэн тайлбар өгчээ.
6.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/18 дугаар “С-ын Б-Э-ийг Б..... ..... дугаар багийн Засаг даргаас огцруулах тухай”, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/19 дүгээр “Д овогтой Б-ыг Б...... ..... дугаар багийн Засаг даргаар түр томилох тухай” захирамжуудыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 9,397,249 (есөн сая гурван зуун ерэн долоон мянга хоёр зуун дөчин ес) төгрөгийг Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч С.Б-Э-д олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
6.1.“... Нэхэмжлэгчийг огцруулах нэг үндэслэлдээ өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл болох дээд шатны Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн буюу биелүүлээгүй гэх зөрчилд сахилгын шийтгэл болон багийн Засаг даргаас огцруулах хуульд заасан хариуцлагыг давхардуулан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хөндсөн.
6.2.Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд өндөр эрсдэлтэй (даралт ихсэх) өвчний учир эмийн эмчилгээ хийлгэж, эмнэлгийн хуудас олгогдсон байх бөгөөд гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийг дээрх хугацаанд ажил тасалсан гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул огцруулах үндэслэл болгосон нь үндэслэлгүй. 2023 оны Б/18 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг огцруулахдаа “удаа дараа ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэл дурдсан байх бөгөөд хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаанд уг үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, уг үндэслэлийн талаар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох талаар ямар нэг ажиллагаа хийгээгүй, хэзээ, хэдэн удаа, ямар зөрчлийг, хэрхэн гаргасан талаар шалгаж тогтоогоогүй, нотлох баримт цуглуулаагүй байх тул огцруулах үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэх зэргээр дүгнэжээ.
7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2024/0204 дүгээр магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:
7.1.“... Хариуцагч сумын Засаг дарга тус сумын Б...... ..... дугаар багийн Засаг даргаар С.Б-Э-ийг томилохгүй байгаа нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 65 дугаар тогтоолын 16, 17-д “...үндэслэлгүй буюу хууль бусаар татгалзсан гэж буруутгах боломжгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасан зохих шатны Хурал энэ хуулийн 56.5-д заасан журмаар дахин нэр дэвшүүлэх үр дагавар үүснэ. Харин хариуцагч хуулийн дагуу нэр дэвшүүлсэн хүнийг томилохоос дахин татгалзах эрхгүй ...” талаар дурдаж, нэхэмжлэгч С.Б-Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, маргааныг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Д.Б-ыг тус багийн Засаг даргаар томилсон шийдвэр хүчинтэй байна.
7.2.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, Засаг даргаар дахин нэр дэвшүүлээгүй, Д.Б-ыг томилсон шийдвэр хүчинтэй байхад маргаан бүхий актыг хүчингүй болгож, С.Б-Э-ийг Б..... ..... дугаар багийн Засаг даргаар эгүүлэн томилох боломжгүй ...” гэжээ.
8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.
8.1.Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид цалин хөлс олгож, үүрэг даалгавар өгч, үүрэг даалгаврын биелэлтийг шаардаж, 2023 оны Б/13 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Б-Э-ийг “удирдлагаас өгсөн багийн нутаг дэвсгэр дээрх хог цэвэрлэгээний ажил зохион байгуулаагүй, сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулах өдөр ирээгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул 3 сарын хугацаагаар үндсэн цалингийн 20 хувиар суутган тооцож сахилгын шийтгэл ногдуулсан” нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сумын Засаг дарга хүлээн зөвшөөрснийг нотолж байна. Энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв үнэлж дүгнэлт өгсөн учраас ... “огцруулах шийдвэрийг гаргахаас 1 сар, 2 хоногийн өмнө буюу нэхэмжлэгчийг огцруулах нэг үндэслэлдээ өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээр дахин огцруулах үндэслэл болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хөндсөн” гэж дүгнэсэн. Мөн маргаан бүхий актын үндэслэл болсон 9 өдрийг ажил тасалсан гэх үндэслэлийг анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг үндэслэн тогтоогдохгүй байгааг дүгнэсэн. С.Б-Э-ийг ажил тасалсан гэж үзэж байгаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хэвийн үргэлжилж бүрэн эрх дуусгавар болоогүйг илтгэнэ. Хэрвээ ажилласан гэж үзэх үндэслэлгүй байсан бол ажил тасалсан гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь огцруулах үр дагавар үүсэхгүй нь мэдээж юм.
8.2.Сумын Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д зааснаар татгалзах эрхтэй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлж байсныг хариуцагч болон анхан шатны шүүх хүлээн зөвшөөрч байсан учраас маргаан бүхий багийн Засаг даргыг огцруулах тухай Б/18 дугаар захирамжид дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхэд маргаангүй буюу ажилласан гэж үзэхгүй тухай хариуцагч тал маргаагүй бөгөөд шүүх ч хэргийн үйл баримт, нотлох баримтыг үнэлэхдээ ажилласан гэж зөв дүгнэсэн.
8.3.Давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүх “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон” гэх агуулгаар ажилласан гэж үзэх үндэслэлгүй, сумын Засаг дарга багийн Засаг даргыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д зааснаар томилохоос татгалзсан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, бүрэн эрх нь дуусгавар болсон мэтээр дүгнэсэн. Гэвч өмнөх гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн маргааны агуулга нь С.Б-Э-ийг сумын Засаг дарга томилохоос татгалзсантай холбоотой маргаан байсан бол одоогийн маргааны хувьд С.Б-Э-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар багийн Засаг даргын бүрэн эрхээ хэвээр хадгалах үед хууль бусаар буюу үндэслэлгүйгээр огцруулсантай холбоотой маргаан юм. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 65 дугаар тогтоолоор сумын Засаг дарга нь багийн Засаг даргыг томилохоос татгалзах эрхтэйг дүгнэсэн болохоос биш С.Б-Э-ийн бүрэн эрх дуусгавар болсон тухай дүгнээгүй байтал давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж бүрэн эрх дуусгавар болсон мэтээр Улсын дээд шүүхийн тогтоолыг хэрэгт хамааруулан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй.
8.4.Мөн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг огт хэрэглээгүй. Шүүхийн тогтоолоор ажилласан гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарласан, гэвч дээрх хуульд дараагийн багийн Засаг даргыг дахин нэр дэвшүүлж томилтол хуучин багийн Засаг дарга буюу нэхэмжлэгч С.Б-Э-ийн бүрэн эрхээ хэвээр хадгалах эрхийг огт хэлэлцэхгүй орхигдуулж шийдсэн болно. Түүнчлэн Д.Б-ыг томилсон шийдвэрийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, Засаг даргаар дахин нэр дэвшүүлээгүй Д.Б-ыг томилсон байтал иргэдийн Нийтийн Хурал хуралдаж томилсон мэтээр хуулийг тайлбарлаж С.Б-Э-ийг Б....... ..... дугаар багийн Засаг даргаар эгүүлэн томилох боломжгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасныг анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүтэй хэрэглэсэн. Учир нь анхан шатны шүүх дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д зааснаар дахин нэр дэвшүүлээгүй тул нэхэмжлэгч С.Б-Э-ийн бүрэн эрх хэвээр хадгалагдаж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжилж байгаа агуулгаар шийдсэн бол давж заалдах шатны шүүх ажилласан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн ...” гэжээ.
9.Хариуцагч болон гуравдагч этгээдээс “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбар өгөв.
10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
11.Давж заалдах шатны шүүх маргаан бүхий актуудын эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүй, өмнө нь шийдвэрлэгдсэн хэргийн үйл баримтад үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.
12.Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс “... анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр болсон Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 65 дугаар тогтоолыг анхаараагүй байна, ... уг тогтоолоор С.Б-Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож маргааныг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Д.Б-ыг тус багийн Засаг даргаар томилсон шийдвэр хүчинтэй байна ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, Засаг даргаар дахин нэр дэвшүүлээгүй, Д.Б-ыг томилсон шийдвэр хүчинтэй байхад маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Б..... ..... дугаар багийн Засаг даргаар эгүүлэн томилох боломжгүй ...” гэж дүгнэхдээ маргаан бүхий актуудын агуулга, үр дагаврыг анхаараагүйгээс гадна хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүгнээгүй байна.
13.Хариуцагч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Б-Э-ийг “албан үүргээ хангалттай биелүүлээгүй, удаа дараа ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Б.... ..... дугаар багийн Засаг даргын албан тушаалаас нь огцруулж, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Д.Б-ыг багийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх “өмнө нь Д.Б-ыг багийн Засаг даргаар томилсон 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаар захирамж хүчин төгөлдөр байна” гэсэн дүгнэлт хийсэн нь дээрх актуудын агуулга болон бодит байдал, хариуцагчийн тайлбараас зөрүүтэй буюу алдаатай дүгнэлт хийжээ.
14.Мөн хавтаст хэргийн 69 дэх талд авагдсан хариуцагчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/09 дүгээр захирамжаар “Д.Б-ыг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, дээрх 2022 оны Б/38 дугаар захирамжийг хүчингүй болгосон нотлох баримтыг үнэлээгүйгээс хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол (Тодорхойлох хэсгийн 8-д) үндэслэлтэй.
15.Хариуцагч маргаан бүхий актуудын эрх зүйн үйлчлэлийг үгүйсгээгүй энэ тохиолдолд шүүх тэдгээрийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэх учиртай, өөрөөр хэлбэл албан тушаалаа эрхэлж буй Засаг даргыг (нэхэмжлэгчийг) ажлаас нь чөлөөлөх буюу огцруулахад хуульд заасан үндэслэл шаардана.
16.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна:” 64.2.5-д “энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр” гэж, 65 дугаар зүйлийн 65.1.3-т “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн” бол гэж зааснаас гадна мөн зүйлийн 65.3-т “Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад энэ хуулийн 65.1-д заасныг үндэслэн тухайн шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:” 65.3.1-д “сануулах”, 65.3.2-т “үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар хасах” гэж тус тус заажээ.
17.Маргаан бүхий 2023 оны Б/18 дугаар захирамжийн тухайд, нэхэмжлэгч нь “дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн” гэх нөхцөл тогтоогдож байх боловч өмнө нь (1 сар, 2 хоногийн өмнө) уг зөрчилд дээрх хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т зааснаар сахилгын шийтгэл хүлээсэн, гэтэл хариуцагч маргаан бүхий актад дахин уг үндэслэлийг заан нэхэмжлэгчийг албан тушаалаас нь огцруулж буй нь хууль бус, учир нь нэг зөрчилд давхар хариуцлага оногдуулахгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
18.Мөн шүүхийн дүгнэсэнчлэн, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “9 өдрийн ажил тасалсан” гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул маргаан бүхий актад заасан “удаа дараа ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэл үгүйсгэгдэнэ. Иймд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/18 дугаар захирамж хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.
19.Ийнхүү шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг хууль бусаар огцруулсан хариуцагчийн 2023 оны Б/18 дугаар захирамж хүчингүй болсноор тэрбээр эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн хийх эрх зүйн үр дагавар үүсэх тул мөн маргаан бүхий акт болох гуравдагч этгээд Д.Б-ыг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Б..... ..... дугаар багийн Засаг даргаар түр томилсон 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/19 дүгээр захирамж хууль бус тул хүчингүй болгох үндэслэлтэй юм.
20.Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2024/0204 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
Г.БАНЗРАГЧ