Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 163

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн шүүхийн 1950 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 41 дүгээр тогтоолтой, Л.Ц-д холбогдох холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1950 оны байдлаар: Л.Ц энэ жил 55 настай, эрэгтэй, ард, ам бүл 2, урьд ял шийтгүүлээгүй, Өмнөговь аймгийн Манлай сумын 1 дүгээр багийн харьяат. Одоо баг дээр шинэ үсгийн багш.

 

Л.Ц нь ардыг шашны хуурамч суртлаар мэхэлж, ард Палангаас дээлийн хятад чисчүү 1, бие төгрөг 100, намгар гэдэг хадаг 1-ийг мэргэлсэн барьцанд авсан мөн ард Дэндэвээс мэргэлсэн барьцанд цоохор хадаг 1-ийг авах зэргээр гэмт хэргийг үйлдэж, хувьсгалт хуулийг санаатай зөрчсөн гэмт хэргийг өдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокуророос Л.Ц-ийн үйлдсэн хэрэгт 1950 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар ялын төлөвлөгөө үйлджээ.

 

Өмнөговь аймгийн шүүхийн 1950 оны 06 дугаар сарын 19-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 41 дугаар тогтоолоор Л.Ц-ийг ардыг шашны хуурамч суртлаар мэхэлж, ард Палангаас дээлийн хятад чисчүү 1, бие төгрөг 100, намтар гэдэг хадаг 1-ийг мэргэлсэн барьцанд авсан ба мөн ард Дэндэвээс мэргэлсний барьцанд цоохор хадаг 1-ийг авах гэмт хэргийг үйлдэж, хувьсгалт хуулийг санаатай зөрчсөн тул Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Л.Ц-д тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлийг баримтлан 1 жил 6 сар засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерт хорьж, Л.Ц-ийн бусдаас ашигласан хятад чисчүү 1, бие төгрөг 100, намтар хадаг 1, цоохор хадаг 1-ийг тус тус хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “ ... Өмнөговь аймгийн Ардын шүүхийн 1950 оны 6 дугаар сарын 19-ний өдөр таслан шийтгэсэн 41 дүгээр тогтоолоор Л.Ц-д тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлийг баримтлан 1 жил 6 cap засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт хорьж, Цүлтэмийн бусдаас ашигласан хятад чисчүү 1, бие төгрөг 100, намгар хадаг 1, цоохор хадаг 1-ийг тус тус хурааж, улсын орлого болгох ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хавтаст хэрэгт Л.Ц-ийн өөрийнх нь мэдүүлснээр бусдын гуйлтаар 9 зоосоор мэргэлж өгсний барьцанд тэдний өгсөн зүйлийг авсныг ардыг шашны хуурамч суртлаар мэхэлсэн гэж үзэж, өөрийнх нь мэдүүлэгт үндэслэн улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэл байна.

1934 онд батлагдсан “Төр шашныг тусгаарлах тухай” хуулийн 20 дугаар зүйлд ”Орон хийдийн хэрэглэгдэхүүн ба хурал номын хийгээд шашны баяр ёслолыг явуулахад орон хийд жас болон лам нараас аливаа зүйлийн татвар, бадар хандив зэргийг албадан гаргуулахыг цаазална. Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэснээс үзэхэд сайн дураараа өгсөн зүйлийг авахыг тухайн үед хориглоогүй байжээ.Л.Ц-ийн үйлдсэн хэргийн санаа зорилго, ашгийг хичээсэн эсэх, хэргийн улмаас тухайн нийгэм, иргэдэд ямар хор, хохирол учруулсныг болон шашнаар мунхруулан нөлөөлж заль арга хэрэглэсэн, шунахайн сэдлээр өргөл барьц авсан эсэхийг хөндлөнгийн баримтаар шалгаж тогтоолгүйгээр нам, засгаас тухайн үед шашны талаар явуулж байсан бодлогын золиос болгон зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй х/нд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Л.Ц-д хилсээр ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйл /Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор ялт мэхт явдлуудыг гаргах/-д заасан үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г/-д зааснаар түүнийг “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байна.

Л.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлийг баримтлан 1 жил 6 cap засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт хорьж, Ц-н бусдаас ашигласан хятад чисчүү 1, бие төгрөг 100, намгар хадаг 1, цоохор хадаг 1-ийг тус тус хурааж, улсын орлого болгох ялаар хилсээр шийтгэсэн Өмнөговь аймгийн Ардын шүүхийн 1950 оны 6 дугаар сарын 19-ний өдөр таслан шийтгэсэн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Л.Ц-г улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн бөгөөд дүгнэлтээ дэмжиж байна” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Өмнөговь аймгийн шүүхийн 1950 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 41 тогтоолоор Л.Ц-д 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сар засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт хорих ялаар шийтгэж, бусдаас ашигласан хятад чисчүү 1, бие төгрөг 100, намтар хадаг 1, цоохор хадаг 1-ийг тус тус хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг судалж үзэхэд Л.Ц нь бусдын хүсэлтээр 9 зоосоор мэргэлсний хариуд нь иргэдийн сайн дураар өргөл болгон барьсан эд зүйлийг авч байсан үйл баримт хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон хэдий ч түүнийг шунахай сэдэлтээр, ард олны сүсэг бишрэлийг далимдуулан, хуурч мэхлэх аргаар иргэдийг аргагүй байдалд оруулж эд зүйлийг нь завшсан буюу тухайн үеийн хууль тогтоомжоор хориглосон нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Түүнчлэн Л.Ц-ийн хилсээр ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйл дэх “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргах” үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн                             5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтын Г-д тодорхойлон зааснаар түүнийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байгаа болно.

 

Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хангаж, Өмнөговь аймгийн шүүхийн 1950 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 41 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Л.Цийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн шүүхийн 1950 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 41 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Л.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Л.Ц-д холбогдох хэргийн талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ                                                С.БАТДЭЛГЭР

                                   ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН