| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2023/07624/И |
| Дугаар | 210/МА2025/00101 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/00101
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2024/05667 дугаар шийдвэртэй
******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ 128,790,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ******* ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр 1 хоногт 10 м.куб бохир усыг дахин цэвэршүүлэх Скат гэх тоног төхөөрөмжийг 128,790,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Худалдагчийн зүгээс биет байдлын доголдолгүй 5 жилийн баталгаат хугацаатай суурилуулалт болон угсралтын бүх ажлыг хийж өгөхөөр харилцан тохиролцсон.
Тоног төхөөрөмж нь ус сувгийн удирдах газрын стандарт шаардлагыг хангасан байх, хүний оролцоо багатайгаар цэвэршүүлж, 24 цагт 14 м.куб бохир усыг цэвэршүүлэх, компанийн үйл ажиллагаанд саад учруулахааргүй байх, бохир ус цэвэршүүлэхэд орох бодисын хэмжээ болон үнэ хямд гэх зэрэг гэрээний гол нөхцөлүүдийг тусгаж, 2 сарын хугацаанд тоног төхөөрөмжийг бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон.
1.2. Гэтэл талуудын анх тохиролцсон тоног төхөөрөмжөөс өөр тоног төхөөрөмж ирсэн учраас тоног төхөөрөмжийг хүлээн авах боломжгүй, гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 34 дугаартай албан бичгээр өгсөн.
Хариуцагч ******* ХХК нь ОХУ-аас дахин нэмэлт тоног төхөөрөмж захиална гэсээр дахин 2 сар орчим хүлээлгэсэн. 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 38, 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 40, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 45, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 46 дугаартай албан мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн.
1.3.Хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор угсралт, тохируулга эхлүүлж өгнө гэсэн боловч мөн худлаа хэлсээр компанийн үйл ажиллагааг доголдуулж, эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэсэн учраас БНХАУ-аас тоног төхөөрөмж авсан. Хариуцагч талын тоног төхөөрөмжийг ашиглахгүй байгаа. Тоног төхөөрөмж нь ажиллах үгүйг сайн мэдэхгүй байна. Үзлэг хийлгэх үед л нэг асаасан.
Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ 128,790,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Худалдах, худалдан авах гэрээнд нэхэмжлэгчийн дурдсан 5 зүйлийн талаар тохиролцоогүй.
2.2. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өгсөн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан. Гэрч ******* тоног төхөөрөмжийг суурилуулах газрыг тохиролцоогүй, 2 давхарт суурилуулах гэхээр хуучин барилгын стандартын дүгнэлт гаргуулах ёстой мөн сав хэрэгтэй талаар мэдүүлсэн.
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Нэхэмжлэгч тоног төхөөрөмжийг суурилуулахад барилга байгууламжийн дүгнэлт гаргуулах ёстой байсан. 2, 3 сав авах ёстой байсан.
2.3.Тоног төхөөрөмжийг бид үйлдвэрлээгүй, худалдаж байгаа. Гэрээнд хүний оролцоо болон тоног төхөөрөмж ус сувгийн удирдах газрын шаардлага хангасан байх гэх нөхцөл байхгүй.
Тухайн тоног төхөөрөмжийг банкны зээлээр авсан бөгөөд гэрээ байгуулагдсаны дараа ОХУ-д код очдог. Энэ тоног төхөөрөмжийг анх удаа захиалсан бөгөөд овор хэмжээ ихтэй, Монгол улсад ирэхдээ хил гааль зэрэг асуудлаас болоод хугацаа алддаг. Гэрээ байгуулснаар шууд ирэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ 128,790,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802,000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.5-т суурилуулах зардал ороогүй бол суулгалт, хүргэлт хийгдэхгүй, суурилуулалтын зардал орсон бол инженертэй зөвшилцсөн бүх ажлуудыг хийж гүйцэтгэхээр, 7.6, 7.7-д зааснаар Монгол Улсын цэвэрлэгдсэн стандартын MNS:4943:2011-ийг хангасан тоног төхөөрөмж нийлүүлэх, уг тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд ортол гүйцэтгэгч буюу ******* ХХК хариуцахаар тохирсон, уг үйл баримттай талууд маргаагүй.
Талуудын тохиролцсон гэрээний гол нөхцөл нь нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 34, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 38, 2023 оны 09 дүгээр 24-ний өдрийн 40, хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын албан бичгүүдээр нотлогдоно. Хариуцагч албан бичигт заасан угсралт, тохируулга зэрэг ажлыг хийж гүйцэтгээгүй тул нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 45, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны 46 тоот албан бичгүүдээр хариуцагчид шаардлага хүргүүлсэн үйл баримтыг шүүх буруу дүгнэсэн.
4.2. Худалдагчийг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн мэтээр шүүх дүгнэсэн. Скат-1 тоног төхөөрөмжид хийсэн үзлэгээр огт ажиллуулж байгаагүй тоног төхөөрөмжийг хэвийн ажиллаж байсан мэтээр үзлэгийн тэмдэглэлд тусгасан. Шинжээч дүгнэлт гаргахад уг тоног төхөөрөмж нь ажиллаагүй, дүгнэлт гаргах боломжгүй тухай албан бичгийг шүүхэд ирүүлсэн байхад шүүх доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн мэтээр дүгнэсэн нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.
Уг тоног төхөөрөмжийг бид ажиллуулж мэдэхгүй, хариуцагч хэвийн ажиллах тохиргоог хангаагүй тул бид шинэ байгаа дээр нь буцаахаар шүүхэд мэдүүлсээр байтал шүүх 1 цаг хүрэхгүй хугацаанд тоног төхөөрөмжийг ажиллуулсан болоод эвдээд явсан. Дараа нь шинжээч тоног төхөөрөмжийг ажиллуулах гэсэн боловч ажиллаагүй байхад шүүх тоног төхөөрөмжийг хэвийн, доголдолгүй гэж дүгнэсэн нь илтэд нэг талыг барьсан, хэргийн үйл баримтаас зөрсөн дүгнэлт хийсэн.
Мөн шүүхээс хариуцагчийг гэрээний гол 5 нөхцөлийг зөрчөөгүй гэжээ. Уг 5 нөхцөлд Монгол Улсын MNS:4943:2011 стандарт багтсан бөгөөд уг стандартыг хангасан гэх баримт хэрэгт байхгүй, хангаж байгаа эсэхийг шинжээч томилж дүнгэлт гаргуулах гэсэн боловч, үзлэг хийгээд эвдэлчихсэн. Гэтэл нэхэмжлэгчийг доголдлыг нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь Монгол Улсын MNS:4943:2011 стандартаар анх удаа саарал усыг ашиглах, цэвэр усыг хэмнэх, аривлах үйл хэрэгт өөрийн хөрөнгө хүч, хөдөлмөрөө шингээж, шинэ шийдлийг нэвтрүүлэх гэсэн боловч шүүх илтэд нэг талыг барьж, шудрага ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргалаа.
4.3. Хариуцагч гэрээнд 5 гол нөхцөлийн талаар тусгаагүй, уг нөхцөлтэй холбоотой маргаагүй, харин амлалт өгсөн байна гэх дүгнэлтийг хууль зүйн дүгнэлт гэж ойлгохгүй байна. Учир нь уг амлалт гээд байгаа зүйлийг талууд тохиролцож гэрээ байгуулах үндсэн шалтгаан нөхцөл болсон ба шүүх уг үйл баримтыг хариуцагч маргаагүй гэж дүгнэсэн атлаа амлалт гэж хуульд баймаар үгүй дүгнэлтийг хийж байгаад харамсаж байна. Амлалт нь хууль зүйн үр дагавар үүсгэж, уг үйл баримттай холбоотой талууд маргасаар байтал шүүх үүнийг хууль зүйн үр дагавар биш мэтээр дүгнэж байгаад гомдолтой байна.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Шүүх талуудын гаргасан үзлэг хийлгэх хүсэлтийн дагуу тоног төхөөрөмжид үзлэг хийхээр 2-3 удаа очсон бөгөөд тухайн тоног төхөөрөмжийг ажиллуулж, хэдэнд литр ус цэвэршүүлж байгааг үзлэгийн тэмдэглэл заасан нь хуульд нийцсэн.
Гэрээний 1.5-д заасны дагуу тоног төхөөрөмж суурилуулах, бусад ажлыг тусдаа гэрээгээр тохиролцох ёстой. Гэтэл тоног төхөөрөмж суурилуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 5 нөхцөлийг талууд гэрээ байгуулахдаа тохиролцоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан гомдлоор хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 128,790,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргажээ. Үүнд:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ХХК-д нийлүүлсэн СКАТ-1,1 тоног төхөөрөмжид нэхэмжлэгчийн байранд бүрэн суурилуулагдаад тавигдсан, одоо шугам хоолойд холбогдсоноор тоног төхөөрөмж ажиллах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн шаардлага нь суурилуулаагүй гэж байгаа тул газар дээр үзлэг хийлгэх хүсэлт гаргаж байна гэжээ.
Шүүх уг хүсэлтийг хангаж, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШЗ2024/05178 дугаар захирамж гаргажээ.
Анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, ******* тоот хаягт байрлах ус цэвэршүүлэх СКАТ-1 тоног төхөөрөмжид үзлэг хийсэн гэх тэмдэглэлд СКАТ-1(2).1 дахин боловсруулсан усан хангамжийн систем нь хөлдсөн, залгах боломжгүй, ажиллахгүй байна гэжээ.
Мөн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөн газарт байх тоног төхөөрөмжид үзлэг хийсэн гэх тэмдэглэлд төхөөрөмж хэвийн ажиллаж байна гэж тусгаад, уг үзлэгийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулжээ. Мөн тэмдэглэлд тусгаснаар хойшлуулсан өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үзлэгийг дахин үргэлжлүүлсэн бөгөөд илэрсэн нөхцөл байдлыг 1 минутад 16 литр ус цэвэршүүлж байна, 37 секундэд 15 литр ус гарч байна, ОТБ-ДСБ-төхөөрөмж-блокуудад хүний оролцоо шаардлагагүй байна гэж тодорхойлжээ.
Дээрхээс дүгнэвэл шүүх хариуцагч талаас гаргасан хүсэлт болох тоног төхөөрөмж суурилуулсан эсэхэд үзлэг хийх байтал тоног төхөөрөмжийг ажиллуулж дүгнэлт гаргасан нь алдаатай болжээ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан үзлэг хийх, туршилт явуулах ялгаатай ажиллагааг хооронд нь андуурч зохигчоос хүсэлт гаргаагүй байхад тоног төхөөрөмжийг ажиллуулж туршилт хийсэн гэж дүгнэхээр байна.
Иймд тоног төхөөрөмж суурилуулагдсан эсэх үзлэг хийгдээгүй, уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй болно.
3.2. Түүнчлэн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШЗ2024/07786 дугаартай шүүгчийн захирамжаар маргаан бүхий Скат-1 ус цэвэршүүлэгч төхөөрөмж нь 24 цагт хэдэн куба метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай, бодит байдал дээр бохир усыг 24 цагт болон 1 цагт хэдэн куба метр ус цэвэршүүлж байгаа эсэх, уг цэвэршүүлсэн ус нь Монгол улсын MN:43:2011 стандартад нийцэж байгаа эсэх, 24 цагийн үйл ажиллагаатай авто угаалгын газрын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх, тохирох эсэхийг тодруулахаар Ус сувгийн удирдах газрыг шинжээчээр томилсон.
2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ийн 7/745 тоот албан бичгээр шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх боломжгүй гэх үндэслэлийг тухайн байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй гэж заасан байна. Үүнийг шинжээч томилсон ажиллагааг явуулах боломжгүй гэж дүгнэхгүй юм. Өөрөөр хэлбэл, Ус сувгийн удирдах газар нь өөрийнх нь үйл ажиллагааны хүрээнд шинжээчийн үүрэг гүйцэтгэх боломжгүй гэснээс шинжээчээр ажиллах эрх бүхий этгээдийг томилоход саад болохгүй болно.
Иймд шинжээч томилсон шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарч байна.
4. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2024/05667 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Э.ЗОЛЗАЯА