| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0015/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 109
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Д.О , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О ад холбогдох эрүүгийн 1815000000242 дугаартай, 163/2019/0065/э индэкстэй хэргийг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, малчин, ам бүл 8, эхнэр, хүүхэд, зээ нарын хамт Булган аймгийн ... оршин суух, Т овогт Д.О ,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.О нь 2018 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Ц” гэх газраас Б.Г ын 11 тооны адууг хулгайлан авч 8850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.
1815000000242 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Яллагдагч Д.О ын өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хишиг-Өндөр сумын малчид болох У , Г , Б гэсэн 3 айлаас 5 адуу худалдан авч эмээлт зах дээр аваачиж С нэртэй мал мах авдаг газарт зарсан. тухайн үед өөрийнхөө хөх өнгийн **-** БУА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр ганцаараа тээвэрлэсэн. Тэгээд Улаанбаатар хотод 08-ны өдөр орж хоноод 09-ний өдөр Улаанбаатар хотоос Хишиг-Өндөр сум руу гарах замдаа Сутай техникийн зах дээр машиныхаа маслыг солиод зогсож байтал Н гэдэг манай нутгийн залуу тааралдсан Н ын гэр нь Улаанбаатар хотод түр амьдарч байгаа юм байна лээ Нарантуул захаас унаа олоод Хишиг-Өндөр сум руу гарна Хишиг-Өндөр сумаас гэрийнхээ дулаалгыг авах гэж байна гэхээр нь ах нь Хишиг-Өндөр сум руу гарах гэж байна надтай хамт явчих гээд машиндаа суулгаад хотоос Хишиг-Өндөр сум руу өдөрхөн тийш гарсан. Тэгээд явсаар байгаад Хишиг-Өндөр сум орох гээд Бүрэгхангай сумын нутагт явж байтал орой харанхуй болж 22 цаг болж байсан байх замын хажууд адуу таарсан тэгэхээр нь манай адуу байна гэж хэлээд тухайн адууг туугаад ойролцоох хашаанд аваачиж хашсан. Тухайн адуу нь 20 гаран тооны адуу байсан яг тоолоогүй. Тэгээд тухайн адуунаас 5 тооны адуу барьж машин дээрээ ачаад Г гэдэг Дашинчилэн суманд мал мах авдаг залуу руу ярьсан чинь дүү нь Улаанбаатараас Атар өнгөрөөд явж байна одоохон орлоо гэж ярьсан тэгэхээр нь би ахдаа адуу ачаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд байгаа газраа заагаад ойролцоогоор 2 цаг гарангийн дараа Г машинтайгаа ирсэн би гэрлээрээ дохиж тосч авсан. Тэгээд Г т 5 адуу ачиж өгөөд бид 3 хоёр машинтай Улаанбаатар хот руу гарсан, шууд Эмээлт зах дээр аваачиж С мах нядалгааны газар оруулж зарсан. Тухайн 10 тооны адуунаас миний машин дээр бараан голдуу зүсмийн 4 адуу нэг хул зүсмийн адуу нийлээд 5 тооны адуу ачигдсан. Г ын машин дээр бас бараан голдуу адуу нэг хул хонгор зүсмийн цайвар адуу нийт 5 тооны адуу ачигдсан өглөө 09 цаг болж байхад очсон. А гэдэг хүүхэнтэй ярьсан танайх ажиллаж байгаа юм уу гэж асуухад манайх ажиллаж байгаа би ажил дээрээ ирээгүй байна манай малын эмчид хүлээлгээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд очоод малын эмчид нь хүлээлгэж өгөөд адуунуудаа буулгасан. Адуугаа буулгаад зогсож байхад нэг настай хүн ирээд идэшний адуу хайж байна нэг адуу ахдаа зарчих гэхээр нь нэг цайвар зүстэй шүдлэн адууг тэр ахад зарахаар болоод Г ачиж ойрхон айлын хашаанд хүргэж өгсөн. Тэгээд бид 3 тэндээ хүлээж байгаад 9 адуу нь нядалгаанд ороод мах нь жинлэгдээд нийт 7226000 төгрөг болсон мөнгөө бодуулж өөрийнхөө данс руу хийлгэсэн. Тэгээд Дашинчилэн сум руу очиж Г гэртээ үлдсэн, Н бид хоёр Хишиг-Өндөр сум руу явсан Н Хишиг-Өндөр сумын төв дээр буусан би сумын төвд хоноод өглөө нь гэрлүүгээ харьсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-94-95 тал/
Хохирогч Б.Г ын өгсөн: “...өглөө нь 11-н цагийн үед мөн адуу байсан газраа очиж хархад урд оройн нь байсан газраа байхгүй байсан ба тэр газраас баруун тийш нь айлын хаваржааны зүг явсан мөр нь байсан тэгээд би мөрийг нь дагаад явж байтал адуу очсон гэх газар нь айлын хаваржаа байсан. Уг хаваржаан дээр яваад очиход манай адууг уг хаваржаалуу тууж оруулсан мөр байсан. Мөн түүний хажууд 2 портер машины мөр байсан. Тэр үед манайх нийт 31 тооны адуунаас 20 тооны адуу байсан. Үлдсэн 11 тооны адууг нөгөө 2 машин дээр ачсан бололтой мөр гарсан байсан. Тэгээд би хулгай манай 11 тооны адууг авсан байна гэж бодоод шууд цагдааруу ярьсан...” гэх мэдүүлэг /хх-34 тал/
Гэрч Э.Л гийн өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 07 цагаас 08-н цагийн үед Төв аймгийн нутаг Цанын баазын орчимд засмал зам дээр адуу ачсан цагаан өнгийн, цэнхэр өнгийн хоёр портер харсан...тэгж гарах үед би нөгөө хоёр машин руу харсан чинь адуу ачсан шинжтэй адууны сүүл унжиж харагдан...Би нэгнийх нь дугаарыг харсан цагаан өнгийн машины дугаар нь **-** БУА гэсэн номертой Портер-2 гэсэн машин байсан.... Уг хоёр машины цэнхэр нь бүхээггүй задгай байсан задгай ачсан түүн дээр 5-6 адуу ачсан байсан, цагаан нь бүхэгтэй болохоор сайн харагдаагүй харин араас нь харахад адууны сүүл унжиж харагдсан...” гэх мэдүүлэг /хх-38 тал /
Гэрч М.А ын өгсөн: “...О манайд 12 дугаар сарын 10-ны өдөр өглөөгүүр над руу ярьсан, адуу өгөх гэсэн юм гэхээр нь би хотод байна наана чинь манай малын эмч байгаа гэж хэлээд би ажил дээр ирэхэд О 10 адуу буулгаад байж байсан... тухайн үед хоёр машинтай ирсэн байсан. Цагаан цэнхэр өнгийн хоёр машинтай ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-46-47 тал/
Гэрч М.Ч ын өгсөн: “...О гэх 2018 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 09 цаг өнгөрч байхад **-** БУА гэсэн Бонго жи 3 цэнхэр өнгөтэй, **-** БУА гэсэн дугаартай цагаан Бонго Жи3 гэсэн 2 машинтай 10 тооны адуу ачиж ирсэн. О гэх хүн нэг тооны гарал үүсэл өгсөн” гэх мэдүүлэг /хх-44-45 тал/
Гэрч Ц.Н ын өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ....О ахын Бонго маркийн машинд суугаад хотоос өдөрхөн тийш 13 цагийн үед гарсан...Замд явж байхад О ах ...хүнтэй утсаар яриад байх шиг байсан адуу ачихаар болчихлоо Дашинчилэнгээс хойш гараад адуу ачина гээд явсан...Дашинчилэн сумаас хойшоо гараад 30-40 км яваад энэ хавьд манай адуу байх ёстой гээд манай өвөлжөөний тэнд байгаа гээд яваад байсан. Тэгээд явж байсан чинь замын хажууд адуу харагдсан тэгтэл энэ манай адуу байна гээд тэр адууг туугаад ойрхон байсан малын хашаа руу аваачаад хашсан. О ахын машины тэвшин дээр ногт уяа байсан. Тэгээд шууд эндээс ачина гээд гар чийдэн тусгаж байгаад өөрөө нөгөө адуунаас 5 тооны адуу барьж аваад шууд машин дээрээ ачсан. Адуугаа ачаад дуусах гэж байтал О ахын утас нь дуугараад хүнтэй яриад байсан хүрээд ир гээд нөгөө газраа зааж өгөөд байсан. Тэгээд удаагүй 30 орчим минутын дараа цагаан өнгийн портертой танихгүй залуу хүрээд ирсэн. Тэгээд тэр залуугийн машин дээр 5 тооны адуу барьж ачиж өгсөн. Тэгэхээр нь би ах наадах чинь хулгайн адуу биш биздээ гэсэн чинь үгүй ахын дүү наадах чинь манай адуу байгаа юм хүнд мөнгө өгөх ёстой гээд ачаад байсан...О ах ачиж байгаа адууг шууд зүслээд ачаад байсан бага голдуу насны адуунууд ачаад байсан болохоор би О ахад итгэсэн...тухайн үед 20-30 орчим тооны адуу харагдсан унага бас байгаа харагдсан. Тэгээд хоёр машин дээрээ 5, 5 адуу ачаад хот руу хөдөлсөн... Тэгээд эмээлт оруулаад нядалгааны газар өгсөн өөрөө энд өгдөг юм гээд өгсөн” гэх мэдүүлэг /хх-54-55 тал/
Гэрч Ө.Г ын өгсөн: “....02 цагийн үед О ах миний гар утасруу залгахаар нь би утсаа авсан чинь...намайг Ц Өндөр толгой гэх газар хүрээд ир гэсэн...их гэрэл дохиод байхаар би тэр гэрлийг чиглээд очтол айл байхгүй нэг хаваржаанд адуу хашчихсан байсан. Би очоод машинаасаа буугаад хартал О ах өөрийн машин дээрээ 6 тоооны адуу аччихсан байхаар нь би О ахаас энэ хэний адуу юм бэ гэж асуусан чинь миний өөрийн адуу байгаа юм гэж хэлсэн.... тэгээд хашааруу ачааны хэсгээр шахаад зогсчих гэхээр нь би хашааруу шахаад зогссон чинь О ах нэг танихгүй залуутай миний машин руу 4 адуу ачсан. Тэгээд би О ахаас та малынхаа гарал үүслийн гэрчилгээг авсан юмуу гэж асуутал ах нь авчихсан байгаа гэж хэлсэн... эмээлт зах дээр очоод нэг нэрийг нь мэдэхгүй малын бойны газар луу миний урд талд О ах дагуулан явсаар ороод тэнд ачсан адуунуудаа буулгаад....байж байтал О ах намайг энэ хүнд энэ адууг ачаад хүргээд өг гэж хэлэхээр нь би тэр хүний хамтаар нэг адуу ачаад эмээлтийн ойролцоо нэг айлд аваачиж өгсөн нийт 10 тооны багавтар биетэй адуу ачсан бараан зүсмийн адуунууд байсан миний өөрийн адуу гэж ачуулсан гэх мэдүүлэг /хх-59-60 тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-01-02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-08-17 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-19 тал/ камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20 тал/ бүртгэлийн дэвтэр, Мөнгөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21-22 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23 тал/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-157 тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 518/36 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-68-74 тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 518-38 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-78-81 тал/, Тольдох Оюуны Өгөөж ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19/08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-86-90 тал/, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Бүрэгхангай сумын малын үнэлгээ /хх-62-64 тал/, Бод малын зүсын бүртгэл /хх-98-122 тал/ 2018 оны 12 дугаар сарын 09-ноос 2018 оны 12 дугаар сарын 10-ны шөнө гарсан малын хулгайн хэрэгт ашигласан гарал үүслийн гэрчилгээ /хх-135-147 тал/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-159-165 тал/, хохирол төлсөн баримт /хх-169-170 тал/ бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О нь 2018 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Ц” гэх газраас Б.Г ын 11 тооны адууг хулгайлан авч 8850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар өгсөн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.Г ын өгсөн мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Э.Л , М.А , М.Ч , Ц.Н , Ө.Г Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 518/36 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-68-74 тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 518-38 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-78-81 тал/, Тольдох Оюуны Өгөөж ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19/08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-86-90 тал/, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Бүрэгхангай сумын малын үнэлгээ /хх-62-64 тал/, Бод малын зүсын бүртгэл /хх-98-122 тал/ болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байх тул нотолгооны ач холбогдолтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд хэргийн талаар нотолвол зохих байдлууд бүрэн нотлогдсон, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Д.О ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.О ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г од алдагдсан малаа 12000000 төгрөгөөр үнэлж нэхэмжилжээ.
Тольдох оюуны өгөөж ХХК-нь малын үнэлгээг 8850000 тогтоосон боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрч 11 тооны адуу буюу 12000000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн тайлбар, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирол төлсөн баримтаар тогтоогдож байх хохирол хор уршиг арилсан бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.О ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сд-ийг хэрэгт хавсаргаж, мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн **-** улсын дугаартай “Hyundai Porter2” маркийн тээврийн хэрэгсэл Ө.Г ынх болох нь тогтоогдож байх тул өмчлөгч, эзэмшигчид олгох, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, **-** БУА улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгсэлийг улсын орлого болгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч **-** БУА улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгсэлийг эзэмшигч Ч.Э т буцаан олгуулах хүсэлт гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.О ын эхнэр Ч.Э ийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй хэдий ч тэдний дундын өмч болох нь тогтоогдож байх тул улсын орлого болгуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Д.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.О ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.О ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн **-** улсын дугаартай “Hyundai Porter2” маркийн тээврийн хэрэгсэлийг Ө.Г т олгож, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, **-** БУА улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгсэлийг улсын орлого болгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ