Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/00146

 

 

 

 

*******, *******,

******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/05212 дугаар шийдвэртэй,

 

*******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

47,419,357 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Технологийн механизм түрээсийн гэрээ байгуулж, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс төсөл дуусах өдөр хүртэл Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын тээврийн авто зам байгуулах төсөлд барилгын ажил гүйцэтгэхэд ******* улсын дугаартай автогрейдерийг 1 сарын 35,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр,

1.2. ******* нь ******* ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр автомашины түрээсийн гэрээ байгуулж, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс төсөл дуусах өдөр хүртэл Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын тээврийн авто зам байгуулах төсөлд барилгын ажил гүйцэтгэхэд *******, *******, ******* улсын дугаартай өөрөө буулгагчийг тус бүр 1 сарын 10,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр,

1.3. ******* нь ******* ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр автомашины түрээсийн гэрээ байгуулж, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн төсөл дуусах өдөр хүртэл Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын тээврийн авто зам байгуулах төсөлд барилгын ажил гүйцэтгэхэд ******* улсын дугаартай өөрөө буулгагчийг 1 сарын 10,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тус тус харилцан тохиролцсон.

1.4. Нэхэмжлэгч нар төслийн ажилд гэрээ байгуулмагц ажлаа эхэлсэн бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан. Гэрээ байгуулсан өдрөөс хойш 7 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрөө авсан. 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 19-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг ******* ХХК нь нэхэмжлэгч нарт төлөөгүй.

1.5. Түрээсийн гэрээний 7.1.1-т заасны дагуу сар бүрийн 15-ны өдрийн дотор төлөх ёстой боловч 6 болон 7 дугаар саруудад түрээсийн төлбөрийг байнга хоцроож өгдөг байсан. Иймд 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 19-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөрт *******ад 20,322,581 төгрөг, *******т 20,322,582, *******д 6,774,194 төгрөг, нийт 47,419,357 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2022 оны 8 дугаар сарын 19-ний өглөө инженер , геодезийн инженер нар компанийн эд хөрөнгө болох геодезийн багаж, 2 долгионы GNSS хүлээн авагч, нивелир хөл, аккумлятор, 2 ширхэг нөүтбүүкийг компанид мэдэгдэлгүй авч явснаас авто замын далангийн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэх ямар ч боломжгүй болсон. Хэдийгээр өөр инженер техникийн ажилчид хөлслөөд ажиллуулах боломжтой хэдий ч гол багаж хэрэгсэл байхгүйгээс болж ажил гүйцэтгэх гэрээгээ хохирол бага дээр нь цуцлахаас өөр аргагүй байдалд хүрч, 8 дугаар сарыг дуустал сул зогссон.

2.2. Инженер, техникийн ажилчдыг эргэн ирж, төсөлт ажлаа дуусгахыг хүссэн бөгөөд багаж төхөөрөмжийг эргүүлэн өгөхийг удаа дараа шаардсан, гуйсан боловч зөвшилцөлд хүрч чадаагүй, манай компанид ихээхэн хэмжээний хохирол учирсан.

2.3. Нэхэмжлэгч *******тай 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Технологийн механизм түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн зүйлийг сарын 35,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. 2022 оны 06 сард 3,666,667 төгрөгийг, 2022 оны 07 сард 19 хоног ажилласан ч 7 сарын түрээсийн төлбөрийг бүтнээр олгож, 8 сарын төлбөрөөс хасч тооцохооор тохиролцсон бөгөөд 35,000,000 төгрөгөөс 422,000 төгрөгийг суутган 34,578,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр түүний Хаан банк ХК-ийн тоот дансанд шилжүүлсэн.

2.4. Мөн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 156 литр түлш авсан атлаа 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 184 литр нэмээд 20 литр канистр дүүргэн, нийт 1,407,000 /402 литр түлш*3,500/ төгрөгийн түлшээр ямар ч ажил хийж гүйцэтгээгүй.

2.5. *******тай 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 3 автомашины түрээсийн гэрээ байгуулж, 6 сарын түрээсийн төлбөрт улсын дугаартай өөрөө буулгагч - 5,434,000 төгрөг, 9 улсын дугаартай өөрөө буулгагч - 5,411,500 төгрөг, улсын дугаартай өөрөө буулгагч - 5,463,000 төгрөгийг, 2022 оны 7 сарын түрээсийн төлбөрт улсын дугаартай өөрөө буулгагч - 6,714,774 төгрөг, улсын дугаартай өөрөө буулгагч - 7,063,774 төгрөг, улсын дугаартай өөрөө буулгагч - 7,096,774 төгрөгийг тус тус түүний эзэмшлийн, Хаан банк ХК дахь тоот дансанд шилжүүлсэн.

2022 оны 8 дугаар сард 3 өөрөө буулгагч 19 хоног ажиллаж тус бүр 6,129,032 төгрөгөөр тооцож нийт 18,387,096 төгрөг төлөх ёстой байсан ч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ажлаа орхин явсан учраас түрээсийн төлбөр төлж чадаагүй.

2.6. *******тай 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр автомашины түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн зүйлийг сарын 10,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. 6 дугаар сарын түрээсийн төлбөрт 5,463,000 төгрөг, 7 дугаар сарын түрээсийн төлбөрт 6,712,694 төгрөг, 8 дугаар сарын түрээсийн төлбөрт 19 хоног ажилласан хугацааны мөнгө 6,129,032 төгрөгийг олгохоор тооцсон.

2.7. Гэтэл *******, *******, ******* нар нь 2022 оны 8 дугаар сарын 19 болон 21-ний өдөр ажлаа орхин явцгаасан.

Иймд гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т түрээслүүлэгч нь гэрээний хугацаагаа дуусгахгүй ажлын талбайгаас буцсан тохиолдолд түрээсийн төлбөрийг олгохгүй гэж зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар хариуцагч ХХК-д холбогдох нийт 47,419,357 төгрөг буюу нэхэмжлэгч *******ын 20,322,581 төгрөг, нэхэмжлэгч *******ын 20,322,582 төгрөг, нэхэмжлэгч *******гийн 6,774,194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, нотлох баримтуудыг дутуу үнэлэн, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Хариуцагч нь өөрсдийн компанийн дотоод зохион байгуулалтаасаа болж ажлаа зогсоосон нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагч талын хариу тайлбараар тогтоогддог. Шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 02858 дугаар шийдвэрийг нотлох баримтаар үнэлэхдээ тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.6, 5.7-д заасан ХХК-ийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж ажлаа зогсоож, ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан болохыг тогтоосон байдлыг анхаараагүй, үүнд дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

4.2. Мөн хариуцагч нь инженер, техникийн ажилтнууд ажил орхиж явсантай холбогдуулан ажил зогсож, санхүүжилтгүй болсны улмаас хөлсийг төлж чадаагүй талаар тайлбар гаргасныг анхаараагүй.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.1-д "Хариуцагч нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтаас шалтгаалж буюу инженер техникийн ажилчдын буруугаас ажлын гүйцэтгэлд доголдол гарч нэхэмжлэгч нарт ажлын хөлсийг төлөөгүй" гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь хариуцагчийн инженер техникийн ажилчид хариуцагчтай байгуулсан гэрээ болон үүргээ хэрхэн биелүүлсэн эсэх нь нэхэмжлэгч нарт хамааралгүй юм гэж дүгнэсэн атлаа уг дүгнэлтээ үгүйсгэсэн шийдвэр гаргасан.

4.4. 6, 7, 8 дугаар сарын машин, механизмын цагийн бүртгэлийг тухайн сарын гүйцэтгэсэн ажлын цагийн бүртгэлийн баримтаас харахад тухайн сарын ажилласан тооцоог сар бүрийн эцсээр хийж хаагаад дараа сарынх нь цагийн бүртгэл явсан. Энэ нь сарын сүүлээр тухайн сарын тооцоогоо хаагаад явсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл тооцоог сар сард нь хийгээд сар бүрийн эцсээр тооцоог тасалбар болгож үүнээс хойш 15 хоногийн дотор түрээсийн төлбөр төлөгдөнө гэдэг нь хэнд ч ойлгомжтой байтал анхан шатны шүүх үүнийг буруу дүгнэсэн.

4.5. *******ын эзэмшлийн, Хаан банк ХК дахь дансны хуулгаар 6 болон 7 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлж байсан нь тогтоогддог бөгөөд 6 дугаар сарын түрээсийн төлбөрийг 7 дугаар сарын 28-нд, 7 дугаар сарын түрээсийн төлбөрийг 8 дугаар сарын 18-нд олгож байсан нь гэрээний 7.2 заалтыг зөрчсөн.

4.6. Мөн ХХК-ийн захирал нь *******ыг дарамталж, зодсон зэрэг үйл баримтаас харахад ХХК нь түрээсийн төлбөрөө төлөхгүй гэх шалтгаан хайсан явдал юм. Мөн хариуцагч тал нэхэмжлэгч нарыг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажилласан хугацаа, мөнгөн дүн, түрээсийн машин, механизмуудын эзэмшил ашиглалт дээр маргаагүй.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

5.2.*******тай байгуулсан гэрээнд 65-68 УН улсын дугаартай автогрейдерийн хувьд ХХК-аас итгэмжлэлээр түрээслэх, төлбөрийг шаардах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай олгосон боловч итгэмжлэлээс харахад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Учир нь анх нэхэмжлэл гаргах үед уг автогрейдер нь ХХК-ийн өмчлөлд байсан ба ******* нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн өмчлөлд тухайн автогрейдерийг шилжүүлж авсан ч инженер техникийн ажилчидтай ХХК нь хамтран ажиллах гэрээ байгуулсан.

5.3. Нэхэмжлэгч нар нь ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний харилцаатай байсан бөгөөд ******* нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр инженер техникийн ажилчидтай хамт ажлаа хаяж явсан. Ажил гүйцэтгэх гэрээний 7.1.1-т зааснаар гүйцэтгэсэн ажлын талаарх акт үйлдсэнээс хойш 15 хоногийн дараа ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсон. 2022 оны 07 дугаар сарын ажлын хөлсийг мөн оны 08 дугаар сарын 19-ний өдөр төлсөн. Хариуцагчийн гаргасан тайлбарыг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үгүйсгээгүй. Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч нь ажлын хөлсийг өгөөгүй учраас талуудын хооронд маргаан үүсч ажлаа орхиж явсан гэж тайлбарладаг. Гэвч талуудын хооронд маргаан үүссэнийг нотлох баримт хэргийн материалд авагдаагүй. Нэхэмжлэгч нар инженер техникийн ажилчид ажлаа орхиж явсны дараа тухайн газарт ажлаа үргэлжлүүлэн хийж байсан атлаа гэнэт шөнийн цагаар ажлаа орхиж явсан.

Ажлын хөлсийг цаг тухайд нь өгч байсан болох нь *******ын дансны хуулгаар тогтоогддог. 2022 оны 07 дугаар сард бүх нийтээрээ 9 хоног амарсан боловч ******* нь уг хугацаанд 30 хоног ажилласан гэж маргадаг. Хариуцагчийн зүгээс *******ын ажилласан 2022 оны 07 дугаар сарын ажлын хөлсийг бүтнээр нь олгосон бөгөөд 2022 оны 08 дугаар сарын ажлын хөлснөөс амралтын өдрүүдийн мөнгийг хасахаар тохиролцсон.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.4-т зааснаар 2022 оны 08 дугаар сарын ажлын хөлсийг шаардах эрхээ алдсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий гарсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 47,419,357 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. ******* болон ******* ХХК нар 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Технологийн механизм түрээсийн гэрээ нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр түрээслүүлэгч ******* нь ******* улсын дугаартай автогрейдерийг 1 сарын түрээсийн төлбөрийг 35,000,000 төгрөгөөр тооцож 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс төсөл дуусах хүртэл хугацаагаар түрэслүүлэх, түрээслэгч ******* ХХК нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр,

3.2. ******* болон ******* ХХК нар 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр автомашины түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр түрээслүүлэгч ******* нь *******, *******, ******* улсын дугаартай өөрөө буулгагчийг тус бүр 1 сарын түрээсийг 10,000,000 төгрөгөөр тооцож, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс төсөл дуусах хүртэл хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч ******* ХХК нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр,

3.3. ******* болон ******* ХХК нар 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр автомашины түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр түрээслүүлэгч ******* нь ******* улсын дугаартай өөрөө буулгагчийг 1 сарын 10,000,000 төгрөгөөр тооцож, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч ******* ХХК нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.

4.1. ******* улсын дугаартай автогрейдерийн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ГХОХХК өмчлөгчөөр бүртгэгдсэн байжээ. ГХОХХК-ийн захирал 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр *******ад олгосон итгэмжлэлд тус компанийн эзэмшлийн ******* улсын дугаартай грейдерийг түрээслэх, төлбөр тооцоог нэхэмжлэх эрхийг олгожээ. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсаны дараа уг итгэмжлэл олгогдсон тул Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар эрх олгогдоогүй этгээд болох *******ын хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд болох ГХОХХК хожим дэмжин зөвшөөрчээ.

Улмаар 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр уг тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгч өөрчлөгдөж *******ын нэр дээр өмчлөх эрхийг бүртгэжээ.

Зохигчийн хэн аль нь ГХОХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар гаргаагүй болно.

 

4.2. *******тай байгуулсан түрээсийн гэрээний зүйл болох , , гэж тодорхойлсон улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр ХХК-ийн өмчлөлд, *******тай байгуулсан түрээсийн гэрээний зүйл болох ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Хаан банк ХХК-ийн өмчлөлд тус тус бүртгэгдсэн байна. Хариуцагч талаас *******, ******* нарыг түрээсийн зүйлүүдийг хууль бусаар эзэмшдэг, түрээсийн гэрээ байгуулах эрхгүй гэж маргаагүй.

4.3. Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ бичгээр байгуулагдсан, хүчин төгөлдөр байна.

 

5. Талууд 6 болон 7 дугаар сарын түрээсийн төлбөрийн талаар маргаагүй.

 

6. ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнд талууд гэрээний хугацааг төсөл дуусах хүртэл гэж тодорхойлжээ.

Харин ХХК болон *******, ******* нарын хооронд тус тус байгуулагдсан түрээсийн гэрээний 4.1-д гэрээг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааг байгуулж, гэрээний 4.2-т талууд гэрээний хугацааг нэмэлт гэрээ байгуулж сунгахаар тохиролцжээ. Гэвч талууд гэрээний хугацааг сунгаагүй, Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК нь түрээсийн зүйлийг үргэлжлүүлэн ашигласан, түрээслэгч *******, ******* нар татгалзаагүй байх тул гэрээний хугацааг тодорхой бус хугацаагаар сунгасан гэж дүгнэнэ.

 

7. Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын тээврийн авто зам төсөлд түрээсээр ажилласан машин механизмын 8 дугаар сарын 01-ний өдрөөс 19-ний өдөр хүртэлх хугацааны цагийн бүртгэлийн хүснэгт-ээр ******* улсын дугаартай автогрэйдер 18 өдөр, 180 цаг, ******* улсын дугаартай өөрөө буулгагч 19 өдөр 190 цаг, ******* улсын дугаартай өөрөө буулгагч 17 өдөр, 170 цаг тус тус ажилласан гэжээ.

7.1.Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т түрээсийн автомашин тус бүрийн түрээсийн үнийг 1 сараар тогтоосон байх бөгөөд өдрөөр тооцох талаар талууд тохиролцоогүй байна. Иймд хариуцагч талаас гаргасан 7 сарын түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн ба уг сард дутуу ажилласан хоногийг 8 сарын түрээсийн төлбөрөөс суутгахаар тохиролцсон гэх тайлбар үндэслэлгүй болжээ.

7.2. Хариуцагч талаас инженер, техникийн ажилтнууд компанийн эд хөрөнгүүдийг авч зугтааснаас компанийн үйл ажиллагаа доголдож, түрээсийн төлбөрийг төлж чадаагүй, *******, *******, ******* нар нь 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажлаа хаяж явсан учраас гэрээний 5.4-т зааснаар түрээсийн төлбөрийг төлөхгүй гэх тайлбар мөн үндэслэлгүй. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/02858 дугаартай шийдвэрээр , , нар ******* ХХК-ийн эд хөрөнгийг авч явсан нь тогтоогдсон ч уг эд хөрөнгө нь энэ маргааны зүйл болсон түрээсийн гэрээний харилцаанд хамааралгүй байна.

7.3. Иймд ******* ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 19-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөрт 20,322,581 төгрөгийг гаргуулж *******ад, 20,322,582 төгрөгийг гаргуулж *******т, 6,774,194 төгрөгийг гаргуулж *******д тус тус олгох нь зүйтэй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/05212 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас 20,322,581 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад, 20,322,582 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т, 6,774,194 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч талаас төлсөн 395,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 395,047 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395,047 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЗОЛЗАЯА