| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2023/03761/И |
| Дугаар | 210/МА2025/00147 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00147
ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/04766 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд ******* ХХК-ийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/01456 дугаар захирамжаар *******, ******* нараас 459,387,644 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгож, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, хойд талд *******-ийн төв байрны баруун талд байрлалтай улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн барилга барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 1,835 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэгж талбарын ******* дугаартай 1 га хүнд үйлвэрийн зориулалттай газар эзэмших эрх бүхий барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.
Газрын төлбөр, газар ашигласан байгаль орчны төлбөр гэж 20,000,000 төгрөг нэмж гарсан.
1.2. Барьцааны зүйлийг 2020 онд 400,000,000 төгрөгөөр үнэлж байсан ба 2 удаа албадан дуудлага худалдаагаар худалдах гэсэн боловч хэн ч худалдаж аваагүй. Төлбөртөө тооцож авахыг санал болгосон боловч нэмж 20,0 сая төгрөгийн зардал гарсан тул татгалзсан, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан.
1.3. Төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж, шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг 1,167,226,416 төгрөгөөр үнэлсэн.
1.4. Уг обьект нь Улаанбаатар хотоос алслагдмал зайд байрладаг бөгөөд сүүлийн 3 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, элэгдэл хорогдол дээд цэгтээ хүрсэн байхад шинжээч Улаанбаатар хотын барилгын үнэ ханшаар үнэлгээг тогтоож, зах зээлийн үнэ ханшаас хэт өндрөөр үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01456 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 459,387,644 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсын дагуу төлбөр төлөгч *******, ******* нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ******* ХХК-ийн өмчлөлийн, Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* баг Ацетлины үйлдвэрийн хойд талд *******-ийн төв байрны баруун талд байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй барилга, барилгын материалын үйлдвэрийн зориулалттай, 1835 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын ******* дугаартай 1 га талбайтай, хүнд үйлдвэрийн зориулалттай, эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 1,167,026,416 төгрөгөөр үнэлснийг талуудад мэдэгдсэн.
2.2. Шинжээч нь тухайн барьцааны зүйлийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоосон гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. 2015 онд ******* ХХК-иас 800,000,000 төгрөгийн зээл өгсөн. Манайх Монгол улсдаа олон улсын шаардлагад нийцсэн өндөр хүчин чадалтай үйлдвэрлэлийг оруулж ирсэн. Гүйцэтгэх удирдлагыг банкны зүгээс сольсноос хойш үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон. Бидэнд одоогийн үнэлгээ дээр ямар нэгэн гомдол саналгүй. Бид үйлдвэрийнхээ түлхүүрийг нэхэмжлэгч компанид өгчихсөн байгаа. Монголдоо ганц, олон жил ашигтай ажиллах боломжтой үйлдвэр байсан гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг ацетилины үйлдвэрийн хойд талд *******-ийн төв байрны баруун талд байрлах, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөд хийсэн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцааны зүйлийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээч томиолоход хөрөнгийн үнэлгээний "Сэлэнгэ Эстимэйт" ХХК нь хөрөнгийг 1,167,026,416 төгрөгөөр үнэлсэн.
Төлбөр авагч ******* нэхэмжлэлээ нотлохоор "Капитал зууч" ХХК-ийн 364,435,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг баримтаар гаргаж өгсөн.
5.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс "Сэлэнгэ эстимэйт" ХХК, "Капитал зууч" ХХК-ийн үнэлгээ хоорондоо хэт зөрүүтэй үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.
"Сэлэнгэ эстимэйт" ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасны дагуу эд хөрөнгөд үнэлгээ хийсэн бол "Капитал зууч" ХХК нь хэний хүсэлтээр, ямар гэрээг үндэслэн хөрөнгөнд үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүй, энэ тухай нотлох баримт байхгүй байгаа нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасныг зөрчжээ. .
Мөн хөрөнгийн үнэлгээ хийсэн "Капитал зууч" ХХК эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн "Капитал зууч" ХХК нь маргаан бүхий эд хөрөнгөнд үнэлгээ тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримталж ажилласан эсэх нь тогтоогдоогүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож "Сэлэнгэ эстимэйт" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хэвээр үлдээнэ үү гэжээ.
6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
6.1. Талуудын хэн аль нэхэмжлэлийн үндэслэл, татгалзал, тайлбараа нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс Сэлэнгэ эстимейт ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан бодитой гараагүй талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Капитал зууч ХХК-ийн зүгээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 364,000,000 төгрөгөөр үнэлсэн. Дархан-Уул аймгийн ******* ХХК-ийн салбарын захиалгаар хөрөнгийн үнэлгээний тайланг хийлгэсэн.
Хариуцагчийн зүгээс Улаанбаатар хотод байрлах үнэлгээний компанийг томилсон учраас Улаанбаатар хотын барилгын үнэ ханшаар Дархан-Уулл аймагт байдаг хөрөнгийн үнэлгээг тогтоож зах зээлийн үнэ ханшаас хэт өндрөөр буюу 1,2 тэмбум гаруй төгрөгөөр үнэлсэн.
Капитал зууч ХХК-ийн үнэлгээч нь хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээтэй, энэ талаар нотлох баримтаар өгсөн гэжээ.
7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гуравдагч этгээдээс гаргасан тайлбарын агуулга:
7.1. Миний бие Капитал зууч ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлантай санал нийлэхгүй байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг анх 780,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Гэтэл зах зээлийн мөнгөний ханш 2,5 дахин буурсан байгаа гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан Сэлэнгэ эстимейт ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01456 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 459,387,644 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг ацетилины үйлдвэрийн хойд талд *******-ийн төв байрны баруун талд байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн барилга барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 1,835 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын ******* дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх бүхий барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
4. Дээрх шүүхийн шүүгчийн захирамжийг *******, ******* нар сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 016121 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШЗ2017/1559******* шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 04 дүгээр сарын сарын 04-ний өдөр үүсгэж, ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг ацетилины үйлдвэрийн хойд талд *******-ийн төв байрны баруун талд байрлалтай барилга барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 1,835 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын ******* дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх бүхий барьцаа хөрөнгийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17262009/17 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17262009/20 дугаартай тогтоолоор хураасан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.
5. Төлбөр төлөгч *******, ******* нар нь шүүгчийн захирамжид заасан төлбөрийг төлөөгүй үндэслэлээр хариуцагч байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авах ажиллагаа явуулахад талууд харилцан тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллага нь Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон зэрэг ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
6. Анхан шатны шүүх Сэлэнгэ эстимейт ХХК, Капитал зууч ХХК-иудын хийсэн үнэлгээний тайлан хэт зөрүүтэй гэж дүгнэн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
6.1. Учир нь нэхэмжлэгч ******* ХХК барьцааны зүйлийн зах зээлийн үнэ ханшийг нотлохоор Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргажээ.
6.2. 2024 оны 0******* сарын 09-ний өдрийн Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайланд Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 380 дугаар байранд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг ******* ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын захирал Б.Баттулгын ирүүлсэн 24а/17 тоот албан хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн тоот дугаартай, тоот регистртэй ******* ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг Ацетлины үйлдвэрийн хойд талд байрлах /бодит хэмжилтээр/ 544.8м.кв талбай бүхий Үйлдвэрлэлийн зориулалттай барилга (УБД Ү-*******, УБГ № ), 137.4 м.кв талбай бүхий Хатаах зуухны зориулалттай байгууламж, 120.0 м.кв талбай бүхий Ажилчдын ахуйн байрны зориулалттай барилга, 10001.0м.кв талбай бүхий Үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшлийн газарт (НТД *******, Г № ) тус тус эд хөрөнгүүдэд үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээний олон улсын стандарт, Монгол улсын хууль зүй, нормативын актууд, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 20******* тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм, 208 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал-ын дагуу тооцож үнэлгээ хийж, зах зээлийн өнөөгийн бодит үнэ цэнийг 364,435,000 төгрөгөөр тогтоожээ.
6.3. Капитал зууч ХХК-иас үнэлэгдэж буй эд хөрөнгийн одоогийн байдлын талаар Үйлдвэрлэлийн зориулалттай барилга нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр 1835.0м.кв талбайтай гэж бүртгэгдсэн байгаа ч газар дээрх бодит хэмжилтээр үйлдвэрийн зориулалттай барилга 544.8 м.кв, блокоор барьсан хатаах зуухны зориулалттай байгууламж 137.4м.кв, ажилчдын ахуйн байрны зориулалттай барилга 120.0 м.кв талбайтай гэж тодорхойлжээ. Иймд гэрчилгээнд тусгасан үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ нь бодит байдлаас зөрүүтэй байна.
7. Харин хариуцагч байгууллагаас томилсон шинжээч Сэлэнгэ эстимейт ХХК нь зах зээлийн, орлогын болон өртгийн хандлагын аргаар барьцааны хөрөнгийг үнэлсэн гэх боловч барьцааны зүйлийн бодит хэмжилтийг хийсэн талаар тайланд тусгаагүй, гэрчилгээнд заасан үл хөдлөх эд хөрөнгө нь хэд хэдэн хэсгээс бүрдсэн байхад тухай бүрийн хэмжээ үнэлгээ хийх үед өөрчлөгдсөн эсэх талаар тодорхойгүй байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д бодитой байх, 8 дугаар зүйлийн 8.1-д ...үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна., 8.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцсэн байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэнэ.
8. Иймд хариуцагч байгууллага нь шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь Хөрөнгийн үнэлгээний үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар хөрөнгийн үнэлгээ бодитой эсэхийг шалгах буюу 2013 онд барьцаалагдсан хөрөнгийн зах зээлийн үнийг 2024 онд тодорхойлон тогтооход уг хөрөнгөд өөрчлөлт орсон эсэхийг тодруулах учиртай. Барьцааны хөрөнгийн одоогийн хэмжээ, нөхцөл байдлыг тодруулснаар зах зээлийн үнэлгээ бодитой гарахад нөлөөлөх юм.
9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/04766 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Э.ЗОЛЗАЯА