Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 30

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н. Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Б.С, түүүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын  хяналтын пркоурор хууль цаазын зөвлөх Ц. Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-т холбогдох эрүүгийн 1815003340244 дугаартай, 163/2019/0029/Э индэкстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ... аймгийн ... сумын ... тоотод оршин суух, Б овогт Б.С

Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.С нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ... аймгийн ... сумын ... багийн нутагт иргэн О.У-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 32000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С-ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.                                                                          

1715001160093 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч Б.С-ын өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын эхээр байх сайн санахгүй байна хэсэг бүлэг нөхөдтэй нийлж архи уусан. Тэгээд жаахан халамцуу болоод дахиад архи уух гээд мөнгө олдохгүй болохоор нь өөрийн хүргэн ах У-ынд очсон. Тэднийд  хүн байхгүй болохоор нь урд талын баруун талын цонхоор  орж ил байсан 1 ширхэг 25 кг-ийн Улаанбаатар гурил, 2 ширхэг жижиг хэмжээний ургамлын тос зэргийг авсан. Тэгээд буцаж цонхоор гарч гурил, ургамлын тосоо У ахын гэрийн хаянд байрлах хураалгаастай эд зүйлийн хажууд тавиад, би өөрөө доошоо зах руу явж гурил авах хүн хайхаар явсан. Тэгж явах замдаа О.Ү-тай тааралдаж гурил авах хүн байна уу? гэж асуухад хүн авч магадгүй гээд өөрийнхөө дүү рүү залгах шиг болсон. Тэгээд манай дүү авья гэж байна гэж хэлэхээр нь би О.Ү-тай хамт такси бариад У ахын гадаа орхисон гурилыг аваад О.Ү-н дүүгийнд аваачиж өгсөн гэх мэдүүлэг /хх-33 тал/

Хохирогч О.У-ын өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн охин У.А-н хамтаар 15 цагийн орчим ... аймгийн ... сумын ... багийн нутаг ... тоотод оршин суух гэртээ иртэл манай байшингийн ертөнцийн зүгээр урд талын 2 цонхны баруун талд нь орших цонхны шилийг нь аваад түүгээр хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Тухайн үед манай гэрээс 1 шуудай 25 кг гурил, 1 литрийн 2 ширхэг ургамлын тос алдагдсан байсан. Тухайн үед би дэлгүүрээс хэн нэгэн хүн гурил тос зарна гэж орж ирсэн үү гэж асуутал худалдагч Ө манайд танай дүү С гурил архиар өгнө гэж орж ирсэн гэж байсан гэх мэдүүлэг /хх -12-13 тал/

Гэрч М.Ө-н өгсөн: 2018 оны 10 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Надаас 25 кг савалгаатай гурил та хямдхан авах уу өөр авах хүн байна уу гэж орж ирсэн. Тэгээд би авахгүй гээд тэгээд Б.С гараад явсан хүмүүс С-ыг нэрээр нь дууддаггүй С гэж дууддаг гэх мэдүүлэг /хх- 18 тал /

Гэрч О.Ү өгсөн: ...тухайн үед Б.С гурил авах хүн байна уу гэхээр нь би өөрийн төрсөн О.Д-с хүн гурил зарна гэж байна авах уу гэж Д-с утсаар асуутал авна гэсэн. Тэгээд доошоо уруудаад Од дэлгүүрийн гадна талаас Б.С-ын хамтаар такси бариад хөрөө рам орж айлын гаднаас Улаанбаатар гэсэн бичигтэй нэг шуудай гурил авч гарч ирсэн. Тухайн үед би хэнийхээс авсныг мэдээгүй. Тэгээд манай дүү О.Д-нд аваачиж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/

 Гэрч О.Д-н өгсөн: 2018 оны 10 дугаар сард  манай төрсөн ах О.Ү миний утасруу залгаад манай нэг найз гурил зарах гээд байна энд гурилыг авах уу гэж асуухаар нь авья гэсэн тэгээд манай ах О.Ү авч ирээд манай байшингийн үүдний хэсэгт оруулсан би яг гурил оруулж байхыг нь хараагүй тухайн үед оройн 21 цаг болж байсан байх би  мөнгийг нь өгсөн тухайн үед би унтах гээд орондоо орсон байсан манай ах хэн гэдэг хүнээс гурил авсан талаар нь мэдээгүй би тэр хүнийг нь хараагүй гэх мэдүүлэг /хх-22 тал/

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх- 3 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-04-09 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41 тал/, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа эд зүйлийн үнэлгээ болон бусад хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.  

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ... аймгийн ... сумын ... багийн нутагт иргэн О.У-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 32000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.    

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг  нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч О.У-ын мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч М.Ө, О.Ү, О.Д нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа эд зүйлийн үнэлгээ болон бусад хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.     

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэгийн хүрээнд мөрдөгч  гаргажээ.  

 Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Б.С-ыг  байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 32000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.У-т хохирлыг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.С-т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохиролыг нөхөн төлсөн болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй байна.

  Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгтэй цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.С-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2018 оны 01 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.    

                     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЦЭРЭНДУЛАМ