Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/00163

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 104/ШШ2024/00614 дүгээр шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр *******д ******* улсын дугаартай ачааны чиргүүлийг 35,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 30,000,000 төгрөгийг төлсөн.

1.2. Үлдэх 5,000,000 төгрөгийг Ханги мандлын тээвэрт 3 рэйс хийгээд өгнө гэж тохиролцон чиргүүлийг *******гийн нэр дээр шилжүүлсэн.

Гэтэл мөнгөө шаардахад би өрөө дараагүй байна, тэгээд ч муу чиргүүл байна, хийх юм ихтэй байна гээд мөнгөө өгөхгүй байгаа. Иймд *******гээс 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Гагнуур хийлгэх гээд очиход маш асуудалтай чиргүүл байсныг мэдсэн. Маш их зэв идсэн байсан. Би олон жил машин зассан болохоор одоог хүртэл чиргүүлийг засаад, янзлаад явж байгаа. 5,000,000 төгрөг байтугай завсар хийсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 94.950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр фейсбүүкээр чиргүүл зарна гэсэн зарын дагуу холбогдож чиргүүлийг нь авъя, чиргүүл нь чанартай юу гэхэд Тавантолгойд байхгүй сайн чиргүүл, хийх юмгүй төмөр сайтай гээд ам уралдан яриад чиргүүлээ магтаад бид нар хүнд худал ярьдаг хүмүүс биш гэсэн учраас би итгээд чиргүүлийг худалдан авч, 30,000,000 төгрөгийг нь дансаар шилжүүлж үлдэгдэл мөнгийг нь чиргүүлээ үзээд үнэхээр сайн чиргүүл бол ах нь 3 рейс хийгээд мөнгийг нь өгье гэж тохиролцоод 2024 оны 2 дугаар сарын 10-ны өдөр очоод чиргүүлээ үзэхэд дугуй муутай 4 галуу хүзүүтэй гэсэн ч 2 галуу хүзүүтэй запаас дугуй байхгүй байсан.

4.2. Запаас дугуй өгсөн ч хүний хаягдал муу дугуй өгсөн. 500 км явах замд 3 дугуй нь хагарч би өөрөө дугуйгаа сольж шинэчлээд явсан. Явуулын хүнээр гагнуур хийлгэхэд муу төмөртэй, муу чиргүүл байна, үнэтэй авсан талаар хэлсэн. Чиргүүлийг нь буцаах талаар хэлэхэд анх хаанаас авсан тэр газарт нь тавь, хэзээ зарагдана тэр цагт нь мөнгийг чинь өгнө гэх зэргээр дээрэнгүй ханддаг байсан.

4.3. Би банкны өртэй учраас тэр хүмүүсийн хүссэнээр чиргүүлийг нь тавиад ажилгүй байх боломжгүй байсан учраас чиргүүлийг нь тордоод ажилд явахаас өөр аргагүй болсон. Гэтэл хүнд муу эд зүйлтэй чиргүүл үнэтэй өгчхөөд байхад, эвдрэл гэмтлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүсийн талд шүүхийн шийдвэр гарсанд гомдолтой байна гэжээ.

 

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчид тухайн үед шинэ чиргүүл худалдаагүй, хуучин чиргүүл худалдаж байгааг удаа дараа асуусан. Гэвч чиргүүлийг худалдаж авснаас хойш 1 сарын дагаа над руу залгаад ах нь мөнгөний боломжгүй, их хэмжээний өртэй, банкны зээлээ төлсний дараа мөнгөө өгье гэж хэлсэн. Тухайн үед би таныг бүх төлбөрийг өг гэж хэлээгүй учраас 1,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгөөр боломжоороо өгөөрэй, дүүд нь бас мөнгө хэрэг болж байгаа гэж хэлсэн.

Хариуцагчийн зүгээс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл муу чиргүүл гэж хэлээгүй атлаа намайг утсаар холбогдоход би үнэтэй чиргүүл авсан гэж хэлсэн учраас би та үнэтэй аваагүй, тухайн үеийн дундаж зах зээлийн үнээр авсан гэж тайлбарласан.

2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчтай холбогдоход уг чиргүүлийг буцааж өгөх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тухайн үед чиргүүлийг буцааж болно, та чиргүүлээ анх авсан хашаандаа буцаагаад тавьчих, таны өгсөн мөнгөөр чиргүүл авсан учраас уг чиргүүлийг зарагдсаны дараа мөнгийг буцаан төлнө гэж тайлбарласан боловч тэгвэл чадахгүй гэх хариуг хэлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 35,000,000 төгрөгөөр ******* улсын дугаартай чиргүүлийг худалдахаар тохиролцож, уг өдрөө ******* чиргүүлийн үнэд 30,000,000 төгрөгийг *******д шилжүүлсэн талаар талууд маргаагүйг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

4. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох ******* улсын дугаартай чиргүүлийн эзэмшил нь ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байх боловч 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ******* ХХК, ******* нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээгээр ******* нь өөрийн өмчлөлийн чиргүүлээ түрээслэгч /******* ХХК/-ийн нэр дээр шилжүүлж нүүрс тээвэрлэлт хийхээр тохиролцсон тул нэхэмжлэгч *******ыг уг чиргүүлийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах, үнийг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

5. Худалдан авагч ******* нь гэрээний зүйлийг чанарын доголдолтой гэж маргаж байгаа бол тэрээр эд хөрөнгийн доголдолтой холбоотой Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2 дахь хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах боломжтой байсан боловч гаргаагүйгээс гадна мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаагүй байна.

 

6. Түүнчлэн ******* нь тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

7. Иймд хариуцагч нь гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг төлөхөөс 30,000,000 төгрөгийг төлсөн, 5,000,000 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас уг мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 104/ШШ2024/00614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЗОЛЗАЯА