| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00339/И |
| Дугаар | 00304 |
| Огноо | 2016-06-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 00304
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн хөдөө оршин суух, Боржигон овогтой Шаравын Пүрэвсүрэнд /РД:ГК48051075/, холбогдох зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 5256116 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00339/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Пүрэвсүрэн ньХаан банкны Булган салбарын харъяа Хялганат тооцооны төвөөс 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр малчны зээлийн гэрээ байгуулан 8000000 төгрөгийг 12 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэй, эргэнтөлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээл нь 123 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Ш.Пүрэвсүрэнтэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 3988300 төгрөг, зээлийн хүү1222923 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43903 төгрөг, бусад зардал 990 төгрөг, нийт 5256116 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Ш.Пүрэвсүрэнд холбогдох 5256116 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагч нар харилцан тохиролцож, тус нэхэмжлэлийн 5256116 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар харилцан тохиролцож. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Ш.Пүрэвсүрэн нар эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсгээ зуржээ.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган аймаг дахь салбар нь Ш.Пүрэвсүрэнгээс зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 5256116 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Ш.Пүрэвсүрэн нар харилцан тохиролцож зээл болох 5256116 /таван сая хоёр зуун тавин зургаан мянга нэг зуун арван зургаан/ төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Ш.Пүрэвсүрэнд холбогдох 5256116 /таван сая хоёр зуун тавин зургаан мянга нэг зуун арван зургаан/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож хариуцагч Ш.Пүрэвсүрэн нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн 5256116 /таван сая хоёр зуун тавин зургаан мянга нэг зуун арван зургаан/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгөнийг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 99048 /ерэн есөн мянга дөчин найман/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Пүрэвсүрэнгээс 49524 /дөчин есөн мянга таван зуун хорин дөрвөн/ төгрөг, Төрийн сангаас 49524 /дөчин есөн мянга таван зуун хорин дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН