Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 26

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Шүүгдэгч Б.С , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11,6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Б.С д холбогдох 163/2019/0024/Э индекстэй, эрүүгийн 1815002570168 дугаартай хэргийг 2019 оны 01 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, эгч нарын хамт Булган аймгийн ... оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоосон гэх, Ж овогт Б.С,

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Б.С  нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт хохирогч Р.Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:   

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С  өгсөн: Өгнө. Анх намайг гэрт байж байхад Б  над руу утсаар залгаж дуусан. Гараад очиход Б  найз охинтойгоо хамт явж байсан. Тэгээд бид гурав дэлгүүр орсон. Б  дэлгүүрээс хоёр шил архи аваад М  гэх найзын гэрт очсон. М ий гэрт нэг шио архи уучихаад байж байтал М ий хадам ээж, аав нь ирэх гэж байна гэхээр нь тэднийхээс гараад уулан дээр гарч уусан. Тэгээд архи ууж дуусчихаад Б  амралтанд явъя гэхээр нь хаашаа явах уу? гэхэд Эрдэнэтээс цаашаа нэг амралт руу явахаар болсон. Тэгээд би ажил дээрээс очоод мөнгө аваадхая гэж хэлээд 30000 төгрөг авсан. 20000 төгрөгөөр нь бинзен хийж, үлдсэн мөнгөөрөө 1 шил архи авч өгсөн. Замдаа архи уугаад Б  нэлээн муудсан байсан. Тийм болохоор намайг машин бариад яв гэж хэлсэн. Би машин бариад явсан. Б ын найз охин урд сууж байгаад хойно суусан. Б  найз охиноо надтай хардаж бид хоёр муудалцсан. Тэгээд замдаа зогсож байгаад Б  бид хоёр зодолдсон. Машины түлхүүрийг М  авч шидсэн. Уг нь бид хоёр харилцан зодолдож бие биедээ гэмтэл учруулсан. Тухайн үед бид хоёрыг М  бид хоёрыг салгасан. Тэгээд би цусаа угаах гээд гол руу явсан. Гар нүүрээ угаачихаад буцаад очиход хаяад явчихсан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.  

1815002570168 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч Б. С гийн өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр намайг Орхон аймагт найз М ийн гэрт байхад /У / Б  утсаар залгаад бид 2-г гараад ир гэж дуудсан. Тэгээд гараад очтол найз охин нь гээд нэг охины хамт явсан ба бид нар дэлгүүр орж 2 шил архи аваад М ийд буцаж очсон. Тэнд очиж нэг шил архиа уугаад дахиад нөгөө шил архиа уулруу гарч уусан. Тэгээд ууж байгаад Б  амралтанд явья гэхээр нь би яахын гээд тэгээд Хялганат явья гээд явсан. Би өөрийнхөө захиралд хэлээд 30000 төгрөг аваад 20000-д нь бензин хийж өгөөд 10000 төгрөгөөр нь 1 шил архи аваад бид нар явсан. Тэгээд найз охин нь ард суугаад би найз охиных нь сууж байсан суудал дээр суугаад явсан Б  өөрийнхөө найз охинтой намайг хардсан. Тэгээд бид 2 буугаад хоорондоо зодолдсон. Миний үснээс зулгаахаар нь би түүнийг мөргөчихсөн. Тэгээд адилхан зодолдож байгаад би салгаад явсан. Тэрнээс хойш бид нар дахиж уулзаагүй. Б ын хамар хугарсан гэсэн ба уг нь бол цус гараагүй. Миний нүүр амыг мөн маажаад хаячихсан байсан. М  бол надтай нийлж Б ыг зодоогүй. Харин та 2 болиоч гээд салгасан. Хамт явсан М ийн найз охин болон Б ын найз охидууд тухайн үед болсон  үйл явдлыг бүгд л мэдэж байгаа гэх мэдүүлэг /хх-32-33 тал/

Хохирогч Р.Б ын өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09 цагийн үед У  над руу утсаар яриад С  ирэх гэж байна хүрээд ир гэхээр нь за гээд С г замаараа Эрдэнэ багаас аваад У гийнд очсон. У гийнхаас гараад гэрийнх нь ард талын уулын модны захад очоод тэнд С , У , У гийн эхнэр, надтай хамт явсан хүүхэн бид 4 нэг шил архи уусан. Архиа ууж суухдаа С  хэдүүлээ Хялганат руу жимсэнд явья замаараа манай ажлын газраар ороод мөнгө аваад бензин хийе гэсэн. Тэгээд бид нар Хялганат явахаар болоод замаараа С гийн ажлаар дайрч мөнгө аваад 20000 төгрөгөнд бензин хийгээд Хялганат явсан. Явах замдаа нөгөө 4 нэг шил архи ууж явсан. Тэгээд Хялганат орохын наана Цулхарт зогсоод үлдсэн архиа зогсож байгаад ууя гээд ууцгааж дуусаад цаашаа хөдлөөд явахад У  С  хоёр маргах янзтай хэрэлдээд байхаар нь болиоч гэхэд С  нь уурлаад байсан тэр үед зогсоод С г буу гээд буулгаад цаашаа 100 метр хэртэй яваад уур нь гарсан байх гэж  бодоод буцаад очиж авахад машинд суугаад чи ганцаараа машинтай нь юм уу бензин хийж өгөөд байхад гэж хэлээд араас толгой руу 2-3 цохихоор нь би зогсоод яагаад байгаа юм бэ гэхэд машинаас бууж тойрч ирээд ална чамайг гэж хэлээд учиргүй толгой нүүрэн тус газар олон удаа цохиод байхаар нь одоо больчихооч гээд цааш нь өөрөөсөө холдуулж түлхэхэд У  нь С г цохьчихлоо гэж бодоод намайг нүүрэн тус газар 2-3 удаа цохиод мөн С г нүүрэн тус газар нь 2-3 цохьсон. Тэгээд би за больё гээд машиндаа суугаад явах гэхэд машины унтраагаад түлхүүр сугалж аваад өвс рүү шидчихээд бас над руу алнаа чамайг хөгийн пиздаа бэ гээд дайраад байсан би машины түлхүүрээ өвснөөс хайж байхад С  нүүрэнд 2-3 удаа цохьчихоод цаашаа зам хөндлөн гараад айл руу гүйгээд явсан. Тэр хооронд би түлхүүрээ олоод машинаа асаагаад Цулхарын булагны хажууд машинаа орхиод явган Хялганат руу ороод эмнэлэгт үзүүлж цагдаад хэлсэн гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,

Гэрч Н.У ийн өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр У , С , Ү  Б  нарын хамт Хялганат явсан. Замдаа С  Домогийн хажуугаас ажлын газраасаа орж мөнгө аваад Вокзалын дэлгүүрээс ундаа, тамхи, 2 шил архи аваад явсан. Зам зуураа У  архинаас жоохон уугаад С  бид хоёрт огт архи уугаагүй амсаад, Б  жаахан уусан. Намайг харахад Б  архи уусан байсан. Явах замдаа 2-3 удаа зогссон. Б  согтуугаар машинаа бариад хоёр тийш замын эсрэг урсгал руу орж гараад яваад байсан. Тэгэхэд С  би хялганат ортол унаад явья гэхэд тэг гээд Б  жолоогоо шилжүүлж өгсөн. Тэгтэл жоохон газар яваад өөрийнхөө машиныг авмаар байна гэхэд зогсоод С  Б д машиныг өгөөд цаашаа Б  унаад явах замдаа бид дөрөвийг ойрхон 2 удаа зогсоод бид нарыг машинаасаа хөөж буулгаад өөрөө Хялганатын чигтээ хурдтай явсан. Бид 4 алхаад Хялганат орсон. Эхлээд Б  машин дотор сууж байхдаа С  нүүр лүү нь гараараа 2 удаа цохьсон. Тэгэхэд С  буугаад ир гээд тэр хоёр бие биенийгээ цохисон. Тэгэхэд бид 3 буугаад У тэр 2-ыг Б ыг машин руу нь түлхэхэд машиндаа суугаад машинаа асаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-16-17 тал/,

Гэрч Э.Ү гийн өгсөн: “...С  нь Б г нүүр рүү нь мөргөж гараараа цохиж, хамар луу нь гарын хуруугаа хийсэн. Мөн хөлөөрөө Б г машиндаа сууж байхад хажуу тал руу нь өшиглөж байсан...” гэх мэдүүлэг

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 204 дугаартай

1. Р.Б ын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо..

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 23-24 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37 тал/, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоол /хх-38-50 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С  нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт хохирогч Р.Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.       

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Р.Б , гэрч Н.У , Э.Ү  нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 204 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.    

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.С  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.   

Иймд шүүгдэгч Б.С  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч Б.С гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч 510000 төгрөг нэхэмжилжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нотлох баримтын шаардлага хангасан “Э” кассын зарлагын ордер 220000 төгрөг, Ник ХХК-ын 20000 төгрөг, Рентген зураг 10000 төгрөг нийт 250000 төгрөгийг шүүгдэгч Б.С гаас гаргуулж хохирогч Р.Б д олгох , байцаан шийтгэх ажиллагаанд хамааралгүй Ник ХХК 40000 төгрөг, шунхлай 10000 төгрөг, Шунхлай ХХК төлбөр 9000 төгрөг нийт 59000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, сул зогсолтын төлбөр гэх  201000 төгрөгийн баримт хэрэгт ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч Б.С д ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгч Б.С д холбогдох хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна. 

 Харин шүүгдэгч Б.С  нь шүүхээс тогтоосон хяналтын хугацаанд буюу Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоосон хугацаанд дээрхи гэмт хэргийг  үйлджээ.        

Иймд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нь  цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Ж овогт Б.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С г 240 / хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.С г Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 /нэг / хоногоор тооцож 30 /гуч / хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр / жил, 1 / нэг/ сарын хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С д оногдуулсан 2 жил, 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С гийн 16 /арван зургаан/ хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.   

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.С гаас 250000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Б д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 59000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сул зогсолтын мөнгөн төлбөр 201000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй гэснийг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.С д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНДУЛАМ