Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00179

 

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/04773 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,100,000 төгрөг байхаар тохиролцсон. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 08/28/17 тоот гэрээгээр орон сууц ашиглалтад орох хугацааг хойшлуулж, алданги төлөхгүй байхаар өөрчлөлт оруулахдаа м.кв үнийг 1,000,000 төгрөг байхаар тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулсан.

1.2. ******* ХХК-д нийт 72,630,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

1.3. Гэтэл хариуцагч нь гэрээний 3.1-д заасан 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүргээ гүйцэтгээгүй өнөөдрийг хүрсэн ба 2024 оны 3 дугаар сард барилгыг ашиглалтад оруулж, улсын комисс ажиллаж эхэлсэнтэй зэрэгцээд 1 м.кв талбайн үнийг 2,*******,000 төгрөгөөр тооцохоор албан бичиг, шаардлага ирүүлсэн.

1.4. Гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөр, зөвшөөрөхгүй бол гэрээг цуцална гэж дарамт шахалт үзүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Архивын Ерөнхий газрын барилгын баруун талын ******* айлын орон сууцны барилгын 1 дүгээр байрны 8 давхрын ******* тоот, 71 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бүхий л салбарын бизнесийн үйл ажиллагаа доголдож, бараа материалын үнэ эрс өссөн бөгөөд барилгын салбар ч энэ зарчмаар барилгын материалын үнэ ханш огцом өсөж, үүнийг дагаад орон сууцны м.кв босох өртөг эрс өссөн.

2.2. Манай компанийн хувьд санхүүгийн байдал барилгын салбарын орон сууцны босох өртгийн өсөлтийн улмаас орон сууцны м.кв-ийн үнэд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Ингэснээр манай компани зах зээлийн хямралыг даван гарч төслийг амжилттай хурдан дуусгах боломжтой болох ба энэ нь ашиг харсан үйлдэл биш болно.

Орон сууцны үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ гаргуулахад орон сууцны м.кв-ийн босох өртөг 2,*******,000 төгрөг болж нэмэгдсэнийг захиалагч нарт албан бичгээр мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ыг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Архивын Ерөнхий газрын барилгын баруун талын ******* айлын орон сууцны барилгын 1 дүгээр байрны 8 давхрын ******* тоот, 71 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 512,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Тус шүүхийн 04773 дугаар шийдвэр болон мөн өдрийн 183/ТМ2024/07060 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй байна гэжээ. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 23 минутанд ******* дугаарын утаснаас миний ******* дугаарын утас руу залгаж шүүхийн шийдвэр гарсан талаар мэдэгдсэн.

2024 оны 12 дугаар сарын 12-ны шүүгчийн туслах *******тай уулзахад "танд хурлын товыг ******* дугаараас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр таны ******* дугаар руу залгаж мэдэгдсэн байна" гээд хэрэгт хурлын тов мэдэгдсэн баримтад дээрх утсаар миний ******* дугаарын утас руу залгаж мэдэгдсэн тухай тэмдэглэл гараар бичсэн байсан.

Миний утсанд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* гэсэн дугаараас ямар ч дуудлага ирээгүй талаар *******д үзүүлэхэд "өө тийм байна, ямар сонин юм бэ, би ******* дугаараас залгасан юмсан гэсэн. Ингээд миний утас руу ******* дугаараас залгахад ******* гэсэн дугаар гарч ирсэн бөгөөд мөн миний утаснаас ******* руу залгаж үзсэн болно. Үүнээс үзэхэд ******* дугаарын утаснаас огт дуудлага ирээгүй.

Иймд хариуцагчийн төлөөлөгч намайг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэснээр өмгөөлөгч авах, хэргийн материал танилцах, нотлох баримт гаргаж өгөх эрхийг эрхийг ноцтой зөрчиж, улмаар талуудын тэгш эрхийн зарчмыг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэхэд за ойлголоо гэж хэлсэн. Уг тайлбараас харахад шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн гэж үзэж байна. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ..., 77.2 дахь хэсэгт Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заасны дагуу хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч талд шүүх хуралдааны товыг ******* дугаарын утсанд мэдэгдсэн гэх тэмдэглэлд хариуцагч тал за, ойлголоо гэсэн тэмдэглэгээ үйлдэгдсэн боловч мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт утсаар мэдэгдэх болсон шаардлага буюу шалтгааныг тайлбарлаагүй байгаагаас гадна хариуцагч талд шүүх хуралдааны тов хүрсэн гэх байдал эргэлзээтэй байна.

 

3.2. Түүнчлэн анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2024/24448 дугаартай захирамжаар тус хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11:00 цагт товлон зарласан боловч уг захирамж гарахаас өмнө 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

 

4. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/04773 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЗОЛЗАЯА