Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 27

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Ч.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Ч.Ж д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815003880251 дугаартай, 163/2019/0026/Э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт Булган аймгийн ... оршин суух, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №21 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлд зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна, Б овогт Ч.Ж,

Холбогдсон хэргийн талаар:  

     Яллагдагч Ч.Ж  нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг Бөхт гэх нэртэй газарт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Ч.Ж ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

1815003880251 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч Ч. Ж ы өгсөн: Би 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгий Орхон сумын 3 дугаар багийн нутаг Бөхт гэх газраас  өвлийн түлшний мод ганцаараа ууланд бэлтгэж цагаалсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цагаалсан модоо төрсөн дүү М ийн машиныг гуйгаад очиж ачаад Булган аймаг руу орж ирж яваад цагдаад баригдсан. Би мод бэлтгэхдээ ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэх мэдүүлэг /хх-38-39 тал/

Хохирогч Я.А  өгсөн: “...Ч.Ж  гэх хүн ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-20 тал/

Гэрч Ч.М ийн өгсөн: Манай төрсөн ах Ч.Ж  түлшний модонд явна гээд 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр миний өөрийн эзэмшлийн **-** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад явсан. Тэгээд байж байтал орой 22 цагийн үед цагдаад баригдчихлаа машиныг чинь саатуулчихсан гэж хэлсэн. Тэгээд би ахаас яагаад машиныг маань саатуулсан талаар асуухад би зөвшөөрөлгүй мод ачиж яваад цагдаад баригдсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-23-24 тал/

            Гэрч А.Ч ийн өгсөн: Би 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр оройны 18 цагаас шөнийн 01 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн Булган аймгийн доод 4 замын гэрлэн дохион дээр байж байхад цагаан өнгийн кабинтай Портер маркийн тээврийн хэрэгсэл хойд зүгт явсан. Тэгэхээр нь араас нь явж байгаад нэгдүгээр сургуулийн хойд хэсэгт байрлах гэрлүүгээ орох гэж байхад нь зогсоож шалгахад Ч.Ж  нь ганцаараа явж байсан. Тухайн үед модныхоо бичиг баримтыг шалгуул гэхэд надад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэсэн гэх мэдүүлэг /хх-25 тал/

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр  эзэлхүүн нь 5.94м3 түлээний хуурай модны үнэлгээ 169290 төгрөг болохыг тогтоосон №11 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-42 тал/,

 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ч.Ж ы зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн гэх 5.94м3 модонд Булган сум дахь ойн ангийн инженер, шинжээч П.Б ы тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 169290 төгрөг болсон байна. Тус үнэлгээг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 507870 төгрөг болж байна гэх хохиролын үнэлгээ тооцсон баримт  /хх-30 тал/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-01 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх05-06 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-07-09 тал/,  эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-10-13 тал/,  2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын үнэлгээний комисын дүгнэлт /хх-32 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41 ийн тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ж  нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг Бөхт гэх нэртэй газарт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн тээвэрлэсэн гэх үйл баримт тогтоогдож байна.      

Энэ үйл баримтаар түүний гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон  хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  хохирогч Я.А , гэрч Ч.М , А.Ч  нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх05-06 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-07-09 тал/,  эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-10-13 тал/,  2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын үнэлгээний комисын дүгнэлт /хх-32 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41 ийн тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 Дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. 

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.Ж ы дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 169290 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 507870 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй боловч шүүгдэгч Ч.Ж ы хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж,  Булган аймгийн Орхон сумын Тамгын газартай эвлэрлийн гэрээ байгуулсан байна. 

 2018 оны 11 дүгээр сарын 12-ны мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч Ч.Ж ы зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн 38 ширхэг шинэс мод  битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “цахилгаан хөрөө 1 ширхэгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, 2018 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт авагдсан баримтаар “pronter” маркийн **-** УНД улсын дугаартай авто машины  өмчлөгч эзэмшигч нь Ч.М эд болох нь тогтоогдож байх тул түүнд  буцаан олгохоор шийдвэрлэв.    

        Шүүгдэгч Ч.Ж ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч Ч.Ж д эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэрэг байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.

 Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлого, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 Хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.  

  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Ч.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Ж ыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450000 / дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Ж ыг 450000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 225000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Ж  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг  тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож,  38 ширхэг буюу 5.94м3  шинэс мод, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хар өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын төсөвт шилжүүлэх,  “pronter” маркийн **-** УНД улсын дугаартай авто машиныг түүний өмчлөгч эзэмшигч Ч.М эд буцаан олгосугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНДУЛАМ