Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00180

 

 

 

 

 

******* СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/04915 дугаар шийдвэртэй,

 

******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт

 

Байрнаас албадан гаргуулж, ашиглалтын зардал, түрээсийн төлбөрт 400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* СӨХ-д *******, *******, ******* байрууд харъяалагддаг бөгөөд ******* дугаар байрны 01 тоотод тус байрнуудын цахилгааны төв щит байрладаг.

1.2. ******* нь 2017 оноос хойш ******* байрны 01 тоотод сар бүр 100,000 төгрөг төлж өнөөдрийг хүртэл амьдарч байна.

1.3. 2024 оны 02 сарын 08-ны өдрийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв 9 төвийн мэдэгдэл, 2024 оны 03 сарын 18-ны өдрийн Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн шаардлагын дагуу ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийн хамтарсан хурлаар ******* байрны ******* техникийн өрөөг СӨХ-ны ажлын байр болгох шийдвэрийг гаргасан бөгөөд *******, ******* нарыг 2024 оны 02 сарын 15-ны өдрийн дотор тус тоотыг чөлөөлж өгөх талаар мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл амьдарч байна. Мөн түрээсийн төлбөрт 400,000 төгрөгийг өгөөгүй.

Иймд *******, ******* нарыг Баянгол дүүрэг, ******* хороо, 2 дугаар хороолол, ******* байрны ******* техникийн өрөөнөөс албадан гаргуулж, түрээсийн төлбөр 400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Тус тоотыг 1996 онд худалдаж авсан. 2017 оноос хойш СӨХ-д сар бүр 100,000 төгрөг төлж амьдарч байгаа. Хуулинд щитний өрөөнд хүн амьдарч болохгүй гэсэн заалт байхгүй. Щитний өрөө СӨХ-ны мэдлийх боловч оршин суугчид нэг номерт байна.

2.2. Нэхэмжлэгчийг шүүхэд хандсаны дараа Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан орон сууц баригдаагүй, хэзээ баригдах нь тодорхойгүй. Орон сууц баригдсан тохиолдолд зорилтот бүлгийн 200,000 гаруй хүмүүсийг дарааллаар оруулах талаар хариу өгсөн.

2.3. Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн шаардлагад намайг байрнаас гаргах талаар дурдаагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар дугаар зүйлийн 106.2, 287 дугаар зүйлийн 287.1 дэх заалтыг баримтлан хариуцагч *******, ******* нараас түрээсийн төлбөрт 400,000 төгрөг гаргуулж, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн ******* хороо ******* дугаар байрны *******ыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч ******* СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1 Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна:

15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, Дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны хонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхан хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө байхаар хуульчилсны дагуу орон сууцны бус зориулалттай техникийн болон 1 давхрын үйлчилгээний өрөө болох ******* байрны "00" тоот 380 вольтын цахилгааны ерөнхий щит байрладаг өрөөг хариуцагч нараас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

4.2. Хариуцагч нар мөн хуулийн 15.6-д заасан сууц өмчлөгчид нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх, орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхдээ инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, үйлчилгээ эрхэлж буй мэргэжлийн байгууллагад саад учруулахыг хориглоно гэж заасныг удаа дараа зөрчсөн.

4.3. 2024 оны 02 сарын 08-ны өдрийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв 9 төвийн 3/2023 дугаар албан мэдэгдэлд: Баянгол дүүргийн ******* хороо ******* дугаар байрны ******* Цахилгааны ерөнхий самбар байрлах техникийн өрөөнд: Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.8, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтын дагуу цахилгааны ерөнхий щитны өрөөнд хураасан эд юмсыг бүрэн гаргаж галын аюулгүй байдлыг хангах,

2024 оны 03 сарын 18-ны өдрийн Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн шаардлагад ******* СӨХ шинээр байгуулагдаж байгаа учир *******, *******, ******* байранд техникийн тодруулга авахад техникийн нөхцөл авах шаардлагатай гэх шаардлага ирүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл ******* дугаар байрны ******* щитны өрөөнд орох боломжгүй байдлаас үйл ажиллагаанд саад учруулсаар байгаа.

4.4. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан хуулийн зохицуулалтаар эзэмшигчид тухайн эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшсэн тохиолдолд Иргэний хуулийн 270-273 дугаар зүйл дэх худалдан авах давуу эрхийг олгохоор хуульчилсан байна.

4.5. ******* дугаар байрны ******* ерөнхий щитны өрөө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө тул хариуцагч нар өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд худалдан авах эрхгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэл гаргаагүй.

4.6. Баянгол дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах *******, *******, COT-3, ны Сууц өмчлөгчдийн хурлын өргөдөл, холбогдох материалыг хянан үзээд ******* Сууц өмчлөгчдийн холбоог Улаанбаатар хот, бүртгэлд бүртгэж 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 421 дүгээр гэрчилгээ олгосон. Баянгол дүүрэг ******* хороо 2 хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж ******* дугаар байр нь "*******" СӨХ-д харьяалагддаг.

Уг байрны ******* ерөнхий щитны өрөө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө тул ******* СӨХ-д харьяалагдаж үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй. Энэхүү эрхийнхээ дагуу "*******" СӨХ нь хариуцагч нарыг ******* байрны ******* ерөнхий щитны өрөөг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* дугаар байр 4 орцтой бөгөөд орц тус бүрт 380ВТ щитны өрөө байдаг. Тухайн цахилгааны щитийг оролдохгүйгээр 28 жилийн турш уг өрөөнд амьдарсан бөгөөд өөр эд хөрөнгө байхгүй. Байрны оршин суугчдаас зөвшөөрөл авахад нийт оршин суугчдын 60 хувь нь намайг тус тоотод байхыг зөвшөөрч, гарын үсэг зурсан.

5.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон байрыг төрөөс хангах ёстой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оршин сууж буй хороо, харьяа дүүргээс орон байраар хангах үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль ёсны дагуу эзэмшиж буй орон байрнаас хууль бусаар хөөх эрхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан ******* техникийн өрөөг хууль бус эзэмшлээс тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс үйл баримтыг буруу тогтоосныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

4. ******* СӨХ нь Баянгол дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах *******, *******, *******, ыг хариуцан ажиллахаар 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлж, гэрчилгээ олгогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Маргааны зүйл болох Баянгол дүүргийн ******* хорооны ******* дугаар байрны ******* өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар ... сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, ... байх бөгөөд уг өрөөнд цахилгааны ерөнхий щит байрладаг талаар талууд маргаагүй.

 

6. Монгол Улсын Цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн БД 43-101-03 тоот дүрмийн 6.2.4.-д ... ҮХС(үндсэн хуваарилах /щит/ самбар)-ыг байрлуулах зөвхөн мэргэжлийн хүн орон зориулалттай түгжээтэй байрыг цахилгааны щитний өрөө гэнэ гэж заажээ.

Харин Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг тус тус тодорхойлсон байх бөгөөд маргааны зүйл болох техникийн зориулалттай цахилгааны щитны өрөөг хүн суурьшин амьдрах зориулалтаар тодорхойлоогүй байна.

7. Хариуцагч *******, ******* нар нь уг өрөөг 1996 оноос хойш эзэмшиж байгаа талаар маргаагүй байна. Харин тэдгээр нь уг өрөөг худалдан авч өмчилж байгаа гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг зааснаар баримтаар нотлоогүй.

Түүнээс гадна Нийслэлийн Баянгол дүүргийн ******* хорооны засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 110 тоот албан бичигт тус хорооны дугаар байрны *******од оршин суугч иргэн ******* нь 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Хүн амын өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 114 тоот албан бичигт дугаар байрны *******од оршин суугч *******ыг 1996 оноос хойш одоог хүртэл оршин сууж байгааг тус тус тодорхойлсон байдал нь хүн суурьшин амьдрах зориулалтаар зөвшөөрөгдөөгүй техникийн өрөөнд хариуцагч нарыг оршин суух зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон гэж дүгнэхгүй.

Мөн хариуцагч ******* нь хөгжлийн бэрхшээлтэй гэх тайлбарыг гаргасан боловч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр *******ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, хугацааг 12 сараар тогтоосон баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4******* зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувиар байх, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй. Хэргийн 1 дүгээр хавтас 217-250, 2 дугаар хавтас 1-24 дэх талд тус тус авагдсан хариуцагч *******ын эмнэлгийн карт гэх бичмэл баримт нь дээр дурдсан хуулийн шаардлагыг хангаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагч *******ын тайлбарт дурдснаар түүний хөгжлийн бэрхшээлтэй гэх үндэслэлээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 25.1 дэх хэсэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүн хоол хүнс, хувцас, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй бөгөөд энэхүү эрхийг хангах зорилгоор төрөөс дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ, 25.2 дахь хэсэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг халамжийн, түрээсийн, ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний болон аймаг, нийслэлийн Засаг даргын жил бүрийн төсөвт тусгана.. гэж тус тус заасан нь хүн амьдрах зориулалтгүй техникийн өрөөнд түүнийг оршин суухыг зөвтгөх үндэслэл болохгүй болно. Түүнээс гадна хүн амьдрах зориулалтгүй өрөөнд оршин суух нь хүний амь нас, эрүүл мэндэд аюултай гэж дүгнэхээр байна.

 

8. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.2-т орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлсийг зориулалтын дагуу ашиглах эрхтэй гэж заасны дагуу нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өмчлөгч нар тус байшингийн ******* технникийн өрөөний зориулалтыг өөрчлөх эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* СӨХ-ны нэхэмжлэлээс хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс дээр дурдсан ******* техникийн өрөөг гаргуулах шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

10. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******, ******* нараас ******* техникийн өрөөг хөлсөлсөн гэх үндэслэлээр төлбөрт 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. ******* техникийн өрөө нь орон сууцны дундын өмчлөлийн зүйл боловч түүнийг хөлслөх эрхийг тус СӨХ-д олгосон болон хариуцагч нартай хэлцэл хийсэн гэх талаар баримтгүйгээс гадна уг өрөө хүн амьдрах зориулалтгүй болно. Иймд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ хөлс шаардах эрхгүй байна.

 

11. Давж заалдах шатны шүүх дээр дурсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/04915 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *******, *******ын нарын хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн ******* хороо, ******* байрны ******* өрөөг чөлөөлж, нэхэмжлэлээс 400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,944 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА