Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 28

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Б , түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ч.Б ад холбогдох 163/2019/0027/Э индекстэй, эрүүгийн 1815003950241 дугаартай хэргийг 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотод Барилгын политехник коллежийн 1 дүгээр курсад суралцдаг, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Ч.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б  нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн нутаг Баруун эгнээ гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даyun маркийн улсын дугааргүй хөх өнгийн мотоциклийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.А ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ө, М  гэх хүн манай хамаатны эгч бөгөөд Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд намайг төв рүү хүргээд өгчих, маргааш өглөө шуудангаар явна гээд байсан. Би төврүү хүргэж өгөөд Шинэбаяр ахынд орсон. Миний шээс хүрээд байхаар нь гадагшаа гарч шээчихээд ороод иртэл тэр хоёр нэг пиво задалчихсан ууж байсан. Надад хийгээд өгөхөөр нь би уугаагүй. Тэр хоёр юмаа ууж дуусгаад би З  эгчийг сундлаад У  гэх найзынд нь хүргэж өгөхөөр явсан. Замдаа дэлгүүрээс чихэр, боов, ундаа аваадхъя гэхээр нь дэлгүүр явсан. Ингээд явж байтал бидний ардаас нэг машин дагаад байх шиг болохоор нь цагдаа байна гэж бодоод айсан. Гэрлээ унтраачихаад явж байгаад гудамж руу ород гэрлээ асаатал гэнэт урд нэг хүн байсан. Сандарсандаа тоормозоо гишгэсэн. Тэгээд мөргөсөн. Цааш нь юу болсныг сайн санахгүй байна гэв.

1815003950241 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Д.А ийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Гурванбулаг сумын 6 дугаар баг Баруун эгнээнд...би айлд очиж 2 шил архи уусан...тэгээд согтоод юу болсныг мэдэхгүй байна...хөл явж чадахгүй болохоор нь мэдсэн...миний зүүн хөл шилбээрээ хугарсан, баруун хөл өвдөгний доогуур гэмтсэн. Зүүн эгэм гэмтсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/, 

Гэрч Д.М ын өгсөн: Хөдлөөд явж байтал араас мотоцикльтой хүмүүс элдээд байхаар нь зугтаагаад Баруун эгнээ ороод өгстөл урдаас хүн гээд гэрлээ асаатал тулаад унасан...Мотоциклийг Б  бариад, би ард нь суугаад, миний ард У  сууж явсан...Б  бид хэд нилээн хурдтай явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

Гэрч Г.С ийн өгсөн: “...Өвлийнхөө гэрт орсон байхад А  орж ирсэн ганц 1 гэрийн тавилга оруулсан...А  1 шил 0.75 литрийн Ерөөл архи гаргаж ирээд уусан...мөн манайх 0.75 литрийн Ерөөл архи гаргаад дээрээс нь жаахан уусан...А  урьд нь өөрөө халамцуу байсан...Э ийнд очиж хоол иднэ гээд Э  түрүүлж яваад хойноос нь би, тэгээд А  явж байсан. Б  бүр хойно цувраад явж байсан...Гудамжинд явж байгаад хөх хаалган дээр очоод эргээд харахад мотоцикль дуугараад, эмэгтэй хүн орилох шиг болсон. Очсон чинь мотоцикль хавтгайрчихсан, толгой  нь баруун тийшээ харсан. А  зүүн талд, баруун талд нь нилээн зайтай нэг банди...хэвтэж байсан...би А аас ойролцоогоор 100 метрийн зайтай хол явж байсан. Мөргөхийг хараагүй, гэрэлгүй явж байсан байх...мотоцикль дуугарах шиг болсон. Яваад очтол А  унасан. Хөл болохоо байлаа гээд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,      

Гэрч Ц.Б ын өгсөн: “...Э ийнд очих гээд гудамжаар явж байтал мотоцикль чахарч дуугараад эмэгтэй хүн орилох шиг болсон...Яваад очтол А  унасан. Хөл болохоо байлаа гээд сууж байсан гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 68 тоот:

1. Ч.Б ын  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 А заалт тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,

Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй биед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг хориглоно мөн 6.1б мотоцикль, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2.явган зорчигч Д.А  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

3. Ч.Б ын унаж явсан гэх цэнхэр өнгийн Супер Даюун маркийн мотоцикль нь бүрэн бүтэн байдлыг хангаж яваагүй болно.

4. Ч.Б ын унаж явсан гэх цэнхэр өнгийн Супер Даюун маркийн мотоциклийн тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй.

5. Уг осол хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч Ч.Б ын буруутай үйлдлээс болж гарсан байна гэх дүгнэлт /хх-36-37 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 68 тоот:

1. Ч.Б   нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 А заалт тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох

Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, мөн хонгил дотор жолооч тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна.

А.Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана.

Б.Замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана.

В.чиргүүлтэй яваа үед түүний оврын гэрлийг асаана.

6.1 Б мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн байна.

            2. явган зорчигч Д.А  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

            3. Ч.Б ын унаж явсан гэх цэнхэр өнгийн Супер Даюун маркийн мотоцикль нь бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүй.

            4. Ч.Б ын унаж явсан гэх цэнхэр өнгийн Супер Даюун маркийн мотоциклийн тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй.

            5. Уг осол хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч Ч.Б ын буруутай үйлдлээс болж гарсан байна гэх дүгнэлт /хх-39-40 тал/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13849 дугаартай дүгнэлт:

            1.Д.А ийн биед баруун шаант тахилзуур ясны өвдөгний үе дайрсан далд хугарал, зүүн шилбэний шаант тахилзуур ясны дунд 1/3-н ташуу далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-44 тал/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-01 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-03-06 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /07-09 тал/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10 тал/, насанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-69-73 тал/  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

        Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б  нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний  орой Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн нутаг Баруун эгнээ гэх газарт тээврйн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даyun маркийн улсын дугааргүй хөх өнгийн мотоциклийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.А ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.  

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдлын талаар хохирогч Д.А , гэрч Д.М , Г.С  нарын өгсөн мэдүүлгүүд, насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “зам тээврийн осол, хэрэг гарсан шалтгаан”-ыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Б ыг МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гаргаж, хохирогч Д.А ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон, насанд хүрээгүй шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.                            

       Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, Шүүхийн шинжилгээний болон Зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

  Насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Б ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ба авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

       Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Б ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Б ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Б ад холбогдох хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн,  Улаанбаатар хотод Барилгын политехникийн коллежийн нэгдүгээр курсэд элсэн суралцаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1-т зааснаар   хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх  нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

       Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Б  нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.                  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Д овогт Ч.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дугаар зүйлийн 3,  8.7 дугаар  1-д заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Шүүгдэгч Ч.Б ыг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн  хугацаанд хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх  үүргийг  хууль ёсны төлөөлөгч Ж.Ж д даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Б ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

5. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Б ад мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Б  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй,  хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Б ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНДУЛАМ