Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 00306

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны ойчдын гудамжны 04-05 тоотод оршин суух, Баавгайт овогт Мягмардоржийн Бадарч /РД:ФЖ42010411/, тус хаягт оршин суух Боржигон овогт Наваанзэвэгийн Отгонцэцэг /РД:ФЖ50070100/ нарт холбогдох зээлийн гэрээг цуцлаж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 8846376төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00310/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Бадарч, Н.Отгонцэцэг нар нь Хаан банкны Булган салбарын харъяа Хялганат тооцооны төвөөс 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бизнесийн зээлийн гэрээ байгуулан 12000000 төгрөгийг 24 сарын хугацаатайжилийн 19.2 хувийн хүүтэй, сар бүр төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээл нь2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 48 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд М.Бадарч, Н.Отгонцэцэг нартай байгуулласан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 8007646 төгрөг, зээлийн хүү609211 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3108 төгрөг, бусад зардал 13500 төгрөг, нийт 8846376 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй М.Бадарч, Н.Отгонцэцэг нарт холбогдох 8846376 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 8846376 төгрөгөөс 3000000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, үлдэгдэл 5846376 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор Хаан банкинд төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, хариуцагч М.Бадарч, Н.Отгонцэцэг нар гэж гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Булган аймаг дахь салбар нь М.Бадарч, Н.Отгонцэцэг нараас зээлийн гэрээг цуцлаж,үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 8846376 төгрөг гаргуулахаар шүүхэднэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, хариуцагч М.Бадарч, Н.Отгонцэцэг нар нь харилцан тохиролцож зээлийн гэрээг цуцлаж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт8846376 /найман сая найман зуун дөчин зургаан мянга гурван зуун далан зургаан/ төгрөгөөс 3000000 /гурван сая/ төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, үлдэгдэл 5846376 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, М.Бадарч, Н.Отгонцэцэг нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 8846376 /найман сая найман зуун дөчин зургаан мянга гурван зуун далан зургаан/ төгрөгөөс 3000000 /гурван сая/ төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, үлдэгдэл 5846376 /таван сая найман зуун дөчин зургаан мянга гурван зуун далан зургаан/ төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаан дээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 156492 /нэг зуун тавин зургаан мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Бадарч, Н.Отгонцэцэг нараас 78246 /далан найман мянга хоёр зуун дөчин зургаан/ төгрөг, Төрийн сангаас 78246 /далан найман мянга хоёр зуун дөчин зургаан/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН