| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2022/03552/И |
| Дугаар | 210/МА2025/00181 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00181
******* СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/04037 дугаар шийдвэртэй,
******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
*******ад холбогдох
2,510,186 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, гудамж, ******* байрыг 2013 онд ашиглалтад оруулж, хариуцаж байгаад ашиглалтын зардал болон СӨХ-ны төлбөрөө зарим айлууд нь огт төлөхгүй байгаа тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
1.2. Ийнхүү нийт оршин суугчид бид хуралдаж, "*******" СӨХ-г байгуулж өр, төлбөрийг нь авч байраа өөд нь татахаар шийдвэрлэсэн боловч СӨХ-ны төлбөрөө төлдөггүй.
1.3. Тус ******* байрны ******* тоотод оршин суугч ******* нь дундын өмчлөлийн талбайн засвар үйлчилгээний зардал, цэвэрлэгээ, жижүүр, харуул хамгаалалт, хог, лифт, орцны болон дундын өмчлөлийн тоног, төхөөрөмж ажиллуулсан гэрэл, цахилгаан, дулаан, усны, СӨХ-ны зардлыг олон жилээр төлдөггүй цөөн айлуудын нэг нь бөгөөд оршин суугчид болон СӨХ-г хохироож байна.
1.4. Хариуцагч нь 2019 оны 10, 11, 12 сар, 2020, 2021 оны өвлийн сарууд буюу нийт 19 сарын хугацаанд өвөл 30,000 төгрөгөөр дулаан зогсоолд машин тавьсан. 2020 оны 4 сар, 2021 оны 4 сар, нийт 8 сарын дулаан зогсоолд 10,000 төгрөгөөр тооцож 80,000 төгрөг болсон.
1.5. 2019 оны 10 сараас 2024 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны дутуу төлсөн төлбөр 1,920,186 төгрөг, дулаан зогсоол ашигласны төлбөр 650,000 төгрөг, нийт 2,510,186 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгч нь Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 6 дугаартай тогтоолын хавсралт 1-д заасан СӨХ-оос авах ёстой үйлчилгээний төлбөрт хамаарахгүй зүйлсийг оролцуулан төлбөр шаардаж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухай тогтоолын нэгдүгээр хавсралтад айл өрхийн 1м2 талбайгаас авах хуримтлалын төлбөр 200-300 төгрөг, цэвэрлэгээний хөлс нэг өрхөөс 1,500-10,000 төгрөг, жижүүр, харуулын урамшуулал цалин нэг өрхөөс 5,000-100,000 төгрөг, лифтний төлбөр нэг өрхөөс 8,000-10,000 төгрөг авахаар тогтоосон ба 4 төрлийн үйлчилгээний төлбөрт хураамж авахаар заасан.
Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн эрх мэдэлд хамааралгүй олон төрлийн төлбөрийг манайхаас шаардаж байна. Мөн хаана байдаг нь тодорхойгүй авто зогсоолыг чөлөөлөхийг шаардаж байх бөгөөд өмчлөгч, эзэмшигч нь байхгүй, авто зогсоол биш нийтийн эзэмшлийн талбай тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч *******аас 1,340,906 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* СӨХ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,169,280 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,697 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 36,404 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* СӨХ-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. СӨХ нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдаж гэрчилгээ, тамга тэмдэг авч, дансаа албан ёсоор нээсэн. 2019 оны 10 дугаар сараас 2024 оны 3 дугаар сар хүртэл нийт 54 сар /1*83,281/ төгрөг, нийт 4,497,174 төгрөг төлөхөөр тооцсон.
4.2. Албан ёсоор гэрчилгээ авсан өдрөөр тооцвол 42 сарын СӨХ-ны төлбөрт 3,497,802 төгрөг төлөхөөр байна. Үүнээс 2020 оны 9 дүгээр сараас өмнөх төлбөрүүдийг ******* ХХК-ийн эзэмшлийн Хаан банк ХК дахь ******* дугаар данс руу хийдэг байсан. 2020 оны 9 дүгээр сараас өмнөх төлбөрийг ******* СӨХ нэхэмжлэх эрхгүй.
4.3. 2020 оны 9 дүгээр сараас өмнөх төлбөрийг төлсөн баримтаа олохгүй байгаа. Олон жилийн дараа санахгүй байгааг далимдуулан давхардуулж төлбөр нэхэмжилж байгаад гомдолтой байна. Бид өргүй гэж бодсоор явсан. 2021 оны 2 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд СӨХ-ны 1 сарын төлбөр 75,281 төгрөгөөр нэхэмжилж байсан бөгөөд гараашны төлбөрт 110,000 төгрөгийг 460,399 төгрөгөөс хасвал 350,399 төгрөг байна. Үүнээс 4 сарын СӨХ-ны төлбөр буюу 333,124 төгрөгийг хасаж тооцвол одоо 17,277 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас үнэлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******ад холбогдуулан 2,510,186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 6 тогтоолоор СӨХ-ны гүйцэтгэх захирлаар *******ыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатайгаар томилжээ.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны ******* ******* байрны оршин суугчдын байгуулсан ******* СӨХ-нд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр сууц өмчлөгчдийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон тул тус СӨХ-ны төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4. Хариуцагч ******* нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны ******* ******* байрны ******* тоот орон сууцны өмчлөгч талаар талууд маргаагүй, тэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******аас Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
5. ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор төлбөр авах хэмжээг айл өрхийн талбай м тутамд 300 төгрөг, лифт 8,000 төгрөг, хог 3,000 төгрөг, харуул, хамгаалалт 18,000 төгрөг, цэвэрлэгээ 10,000 төгрөг, нийтийн эзэмшлийн цахилгаан, дулаан, засвар 10,000 төгрөг, автозогсоол 10,000-20,000 төгрөг байхаар тус тус тогтоожээ.
******* ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 8 тоот албан бичигт тус компани нь ******* байрны СӨХ-ийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан, энэ хугацаанд тус байрны ******* тоот орон сууцны өмчлөгч СӨХ-ын зардалд 834,747 төгрөгийг төлбөрийг төлөөгүй, уг төлбөрийг 2020 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн ******* СӨХ-ны Төрийн банк дахь ******* тоот дансанд төлөхийг оршин суугч нарт мэдэгджээ. ******* ХХК нь ******* байрны СӨХ-ны зардал шаардах эрхийг ******* СӨХ-д Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлсэн гэж дүгнэнэ.
Иймд хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* СӨХ-г 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд хамаарах СӨХ-ны төлбөрийг шаардах эрхгүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй болжээ. Түүнээс гадна анхан шатны шүүх хариуцагч *******ад нэхэмжлэл гардуулж өгсөн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн байх бөгөөд тэрээр 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр буюу анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл 2 жилийн дотор тайлбараа нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байсан, уг үүргээ гүйцэтгээгүй байна. СӨХ-ны дансанд төлбөр төлсөн баримтыг олж авахад их хугацаа зарцуулсан болон 2022 оны 06-09 сарын баримт гаргуулах агуулгатай хариуцагч талын давж заалдах гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүх хууль буруу тайлбаран хэрэглэсэн болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй тул хүлээж авах үндэслэлгүй байна.
6. Хариуцагч ******* нь 2019 оны 10 сараас 2024 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд 54 сарын төлбөрт 4,497,174 төгрөг төлөхөөс 2,576,998 /333,130+828,091+749,529+666,248/ төгрөг төлснийг хасч тооцвол 1,920,177 төгрөг төлөөгүй байна. Анхан шатны шүүх хариуцагч *******ыг 1,070,906 төгрөг төлөөгүй гэж дүгнэсэн талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байх бөгөөд хариуцагчийн гаргасан гомдлоор түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй зарчмыг баримтлан анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэвээр үлдээв.
7. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч ******* тус орон сууцны байшингийн доор байрлах нийтийн эзэмшлийн талбайд автомашиныг зөвшөөрөлгүйгээр тавьсан гэх үндэслэлээр СӨХ-ны зардалд 2019-2021 онуудад тухайн жилийн хүйтний улирал /2019 оны 10,11,12, 2020 оны 01,02,03, 04, 09, 10,11, 12, 2021 оны 01, 02, 03, 04, 09, 10, 11, 12 сар дугаар сар/-д сар тутам 30,000 төгрөгөөр тооцож 19 сарын төлбөрт 570,000 төгрөг, дулааны улирал /2020 онд 4 сар, 2021 онд 4 сард/-д сар тутам 10,000 төгрөгөөр тооцож 8 сарын төлбөрт 80,000 төгрөг, нийт 650,000 төгрөг шаарджээ.
Хариуцагч ******* нь тус байшингийн доор байрлах автозогсоолын зориулалттай талбайд автомашиныг байршуулж эзэмшиж байснаа үгүйсгээгүйгээс гадна ******* ХХК нь тус байранд 2020 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд СӨХ-ны үйл ажиллагааг хариуцан ажиллаж байхад уг үйлдэл гаргаж байсан нь ******* ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/12 тоот албан бичигт дурдсан байдлаар тогтоогдож байна. Иймд хариуцагч ******* нь автомашины зогсоолын зориулалттай нийтийн эзэмшлийн талбайд ногдох СӨХ-ны зардал төлөх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
******* СӨХ-ны удирдах зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор тогтоосон тарифаар авто зогсоол ашигласан этгээд СӨХ-ны зардалд сард 10,000-20,000 төгрөг байхаар тогтоосон байхад хүйтний улиралд сар бүр 30,000 төгрөгөөр тогтоосон шийдвэргүй тул анхан шатны шүүх уг төлбөрийг сар бүр 10,000 төгрөгөөр тооцож 27 сарын хугацаанд нийт 270,000 төгрөгөөр тодорхойлж шийдвэрлэснийг буруутгахгүй. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно. Анхан шатны шүүхийн энэ шийдлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/04037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЗОЛЗАЯА