| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0475/Э |
| Дугаар | 499 |
| Огноо | 2019-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 499
2019 06 20 2019/ШЦТ/499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч У.У.Д, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокуророос мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Бэсүд овгийн Уртнасангийн У.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911012400570 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41-537 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Бэсүд овгийн Уртнасангийн У.Д, /РД: ..........
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ У.У.Д нь Б.Сэргэлэнбаатарын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.У.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Сэргэлэнбаатарын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.У.Д мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч У.У.Д мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “Тухайн өдөр манай дүү Энхтөгсийн машинд дайруулсан талаар мэдээд аав, ээж бид гурав Хүчит шонхор захаас машинтай 57 дугаар сургууль орчим явж байхад зам түгжрээд 39 дүгээр сурууулийн уулзвар орчим манай аав машинаас түрүүлж буугаад гүйгээд явсан. Би араас нь машинтайгаа яваад очиход 57 дугаар сургуулийн автобусны буудлын орчим манай дүү машинд дайруулсан байдалтай хагас бие нь машины доогуур орчихсон хэвтэж байсан. Үүний хараад би маш их сандарч уг газар нь яваад очиход Сэргэлэнбаатар гэдэг цагдаа манай дүүг мөргөсөн машины жолоочтой хамт замын хойд талд зогсож байсан. Манай аав тэр хоёр дээр явж очоод жолоочтой нь маргалдаж байтал Сэргэлэнбаатар манай аавыг бариад авахаар нь би жолооч дээр нь очоод “ миний дүү эв эрүүл сав саруул хүүхэд байсан шүү буцааж хэвэнд нь оруулж өгөөрэй” гээд толгойгоороо дохиж цочоосон чинь миний өөдөөс гараараа цохих үед миний зүүн шанаа орчим оносон. Тэгэхээр нь би жолоочийг цохих гэж оролдох үед Сэргэлэнбаатар гэх цагдаа жолоочийг тэвэрч аваад надаас холдуулах гэж оролдох үед нь би андуурч Сэргэлэнбаатарын нүүрэнд нэг удаа гараараа цохисон. Гэтэл Сэргэлэнбаатар намайг тэвэрч аваад газар унагаан дарж өчиж байгаад 3-5 минут орчмын дараа босгож цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х/,
Хохирогч Б.Сэргэлэнбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэст захицуулагч албан тушаалд ажилладаг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 07:00-15:00 цагийн хооронд Хүрэмт-13 чиглэл буюу Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн тойргоос хойш чиглэлийг хариуцан ахлах ахлагч Б.Мөнхбаясгалангийн хамт үүрэг гүйцэтгэж ажилласан. Тэр өдрийн 13-00 цаг дөхөж байх үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо 57 дугаар сургуулийн зам дээр машинд хүүхэд мөргүүллээ гэсэн дуудлага ирсний дагуу 3 минутын дараа хэргийн газарт очиход хойноос урагшаа явж байсан машинд мөргүүлээд эсрэг ороод хэвтчихсэн байдалтай байсан. Хүүхэд нь 14-15 насны орчим хүүхэд байсан бөгөөд хохирогч нь ямар ч байсан хөдлөөд ухаантай байсан. Ингээд би хэргийн газар очиж хамгаалалт хийгээд осол гаргасан жолоочийг нь манай цагдаа шалгаад зогсож байхад машин унасан 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн урдаасаа ирж зогсоод машинаас бууж ирээд эмэгтэй нь миний хүүхдийг дайраад алчихлаа гээд газар хэвтэж байсан хүүхдийг тэврээд уйлсан. Харин нөгөө хоёр эрэгтэй нь машинаас бууж ирээд шууд жолоочийг зодох гэж дайрахаар нь би хохирогчийн аав нь гэх 40 орчим насны залууг дундуур нь ороод салгатал хохирогчийн ах нь гэх 20 орчим насны залуу миний хажуунаас орж ирээд баруун гараараа миний зүүн нүд орчимд цохисон. Тэгээд би аавыг нь холдуулаад тэр залууг шууд газар дарж хэвтүүлээд чиний хийж байгаа үйлдэл болохгүй үйлдэл, чи тайвшир гэж хэлээд тайвшруулаад хэсэг хугацааны дараа босгож ирсэн. Ингээд энэ асуудал дуусаад дахин зодолдож цохилцсон асуудал байхгүй. Удалгүй түргэн ирээд мөргүүлсэн хүүхдийг ээжтэй нь хамт аваад явсан бөгөөд тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн ирж үзлэг хийсний дараа би хүүхдийг нь дагуулаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл өгсөн. Би тэр залууд ямар нэг хууль ёсны бус шаардлага тавиагүй. Аав нь гэх хүн жолоочийг зодох гээд дайраад байхаар нь би салгасан. Энэ үед тэр мөргүүлсэн хүүхдийн ах нь гэх залуу шууд намайг цохьсон. Ямар шалтгаанаар намайг цохисныг нь мэдэхгүй байна. Тэр залуу миний зүүн талаас миний зүүн нүд рүү цохисон бөгөөд жолооч нь миний зүүн талд байсан байх гэж бодож байна .... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №4812 тоот дүгнэлтэд: “Б.Сэргэлэнбаатарын биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд гарсан байх боломжтой, Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт…” /хх-ийн 26х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч У.У.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Сэргэлэнбаатарт мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч У.У.Д нь учруулсан хохиролоо төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч У.У.Дд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол, хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бэсүд овгийн Уртнасангийн У.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.У.Дд 450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД