Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 129/2016/00836/И |
Дугаар | 001/ХТ2017/01263 |
Огноо | 2017-10-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2017/01263
Н.Т-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 85 дугаар шийдвэр,
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Н.Т-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Ж.Н-д холбогдох,
Хохирол 450 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ж.Н- зохиогчийн бүтээл 1019783 регистр бүхий өрхөд хөтлөх угийн бичгийн дэвтэр бүтээлийг зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь хуулбарлан Архангай аймгийн өрхийн тоогоор хэвлүүлэн 1 ширхэг нь 1000 төгрөгийн үнэтэйг айл өрхөд 2000-2500 төгрөгөөр дамлан Архангай аймгийн ЗДТГ-ын нэр барьж бусадтай хуйвалдан худалдсан байх ба худалдсан үнэ нь тус аймгийн ЗДТГ-ын дансанд ороогүй байгаа нь иргэн Ж.Н-гээс гэм хорын хохирлоо шууд нэхэмжпэх үндэс болж байна.
Иргэн Ж.Н- зөвхөн зохиогчийн бүтээлд зөвшөөрөлгүйгээр халдахдаа Архангай аймгийн засаг захиргааны нэр барьж зогсохгүй Монгол Улсын төр засгийн тогтоол шийдвэр хэрэгжилтийг санаатайгаар саатуулж хуулийн хүрээнд ажиллаж буй ТББ, МУБХолбоог татан буугдсан тус угийн бичгийн холбооноос аймгаас айл өрхөд өгсөн дэвтэр нь хүчингүй болсон тул аймгийн ЗДТГ-аас шинэ дэвтэр гаргаж өгөхөөр тоот бичиг сумуудад явуулж залилан хийсэн байсан.
Ж.Н-гээс нэхэмжлэх нь Хөндлөнгийн халдлагад өртөн нэг бүр нь 1000 төгрөгийн үнэтэй өрхөд хөтлөх угийн бичгийн дэвтрийн хөрвөх чадавхийг харгалзан оюуны өмчийн газрын үнэлгээний комиссын 2016 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн хурлын шийдвэрээр өрхөд хөтлөх угийн бичиг дэвтрийг 51 сая 460 мянган төгрөгөөр үнэлсэн байна. Зохиогч Оюуны өмчийн газрын үнийг баримталж халдлагад өртсөн зохиогчийн 1615 тоот гэрчилгээ бүхий өрхөд хөтлөх угийн бичгийн дэвтрийн хөрвөх үнэ 1 ширхэг нь 51 сая 460 мянган төгрөгийг 24 000 ширхэгийн үнэ /24 сая/ төгрөгөөр үржүүлбэл бүгд 1 тэрбум 235 сая 400 мянган төгрөгийг нэхэмжлэх үндэс үүсч байгаа нь 2003 оноос 2016 он хүртэл хүүг нь харьцуулж үзвэл харин бага гарч байна. Гэвч Оюуны өмчийн газрын үнэлсэн дэвтрийн хөрвөх үнэ 51 сая 460 мянган төгрөгийн 50 хувиар бодож, иргэн Ж.Н-гээс зөвхөн нэг суманд нэг ширхэг дэвтэр өгсөн гэж бодоод 18 сум буюу дэвтэр гэвэл 453 240 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Өрхөд хөтлөх угийн бичгийн дэвтэр нь унших улс төр уран зохиолын ном роман биш. Энэ бол зарлиг хууль тогтоолоор баталгаажсан иргэний эрүүл мэндийг хамгаалах нэг ёсны эрхийн акт. Дэлхийн олон үндэстний өмнөх үе болон үр хойчийнхоо үе удмын эрүүл мэнд ахуйн амьдралыг түүхчлэн бичиж үлдээснээр ойр холын садан төрөл хүмүүсээ эцэг талдаа 9, эх талдаа 7 үед нь генийн сангаа цэвэр ариун байлгаж нийгмийн эрүүл мэндийг нь хувь хүн айл өрхөөс нь эхлэн хамгаалж Монгол Улсын хүн амын аюулгүй байдлыг хангах тусгаар тогтнолын баталгаа нь байх юм. Угийн бичиг нь орчин үед Нанобиотехнологи Инновацийн шинжлэн ухааны судалгааны суурь нь судлагдахууны төрөл зүйлд нь баримт нотолгоо болгож амьд бие организмийн орон зайд хөрвөх чадавхи чадварыг тодорхойлдог гол хэрэглүүр юм.
Иймд угийн бичгийн дэвтрийг хэн дуртай нь хулгайлан хэвлүүлээд айл өрхөд тулгаж дамладаг эд агуурс биш юм гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие 2000 оны 10 сараас 2004 оны 11 сар хүртэл Архангай аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан. 2003 оны 06 сард Монгол улсын олон ястны интернейшнл өрх гэр бүлийн холбооны тэргүүн Н.Т- Архангай аймгийн Засаг даргын тамгын газар ажиллаж байсан Жаргалсайханы хамт Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж Монгол Улсын Соёлын тухай хууль, Засгийн газрын 1997 оны 17-р тогтоолыг хэрэгжүүлэхээр угийн дэвтэр хөтлүүлэх талаар хамтран ажиллах болсон. Хамтран ажиллахдаа аймгийн Засаг даргын хувьд ургийн бичиг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн тамгын газрын дарга Л.Чадраабалаар ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Н.Т-тэй хамтран ажиллах аймгийн угийн бичгийн холбоог байгуулж гэрээ байгуулахаар болсон.
...Миний бие аймгийн Засаг даргын хувьд ажлын хэсэг захирамж гаргаж зохион байгуулалт хийж байсан учир гарын үсэг зурж захирамжийн хүрээнд хариуцлага хүлээх ёстой. Захирамжинд Н.Т-гийн төрийн бус байгууллагын тухай үг үсэг байхгүй. Н.Т- аймгийн ургийн бичгийн холбоотой гэрээ байгуулж ажиллах ёстой байсан. Би иргэн хүний хувьд аймгийн Засаг даргын хувьд ямар нэгэн ургийн бичиг хэвлүүлээгүй зарж худалдаагүй мөнгө төгрөг цуглуулаагүй. Бусадтай хуйвалдаж өрхөд хөтлөх угийн бичгийг 1 ширхэгийг нь 1000, 2000-2500 төгрөгөөр борлуулаагүй, ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Ургийн бичиг хэвлүүлэн тараах ажлыг нь аймгийн Засаг даргын тамгын газрын ажил биш, аймгийн ургийн бичгийн холбоо төрийн бус байгууллагын ажил байсан. Н.Т-г аймгийн ургийн бичгийн холбоотой ажиллах явцдаа алдаа гарган мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр таслан зогсоогдсон. Иргэн Ж.Н- миний бие Н.Т-гийн нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй болохыг илэрхийлж байна гэжээ.
Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 85 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Сарангуагаас 8 640 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Даваасүрэнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 10 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 153 190 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар магадлалаар Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Т-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галцацрах нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч Н.Т- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг зөрчиж зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ХЗДХЯам, Оюуны өмчийн газраас олгосон 1019783 регистр бүхий угийн бичгийн дэвтрийн зураг чимэглэл болон зарим үг үсгийг нь өөрчлөн Архангай аймгийн газрын зургийг өмнөх нүүр дээр нь тавьж хуулбарлан хэвлүүлсэн хуурамч угийн бичгийн дэвтэр Архангай аймгийн ЗДТГ-ын нэрээр МУБХолбооноос өмнө нь хэвлүүлж Архангай аймгийн айл өрхөд нэг бүр нь 1000 төгрөгөөр өгсөн угийн бичгийн дэвтрийг дур мэдэн хүчингүйд тооцож хуулбарлан төв аймгийн 2003 оны өрхийн тоогоор хэвлүүлж худалдаж миний оюуны бүтээлд кибер халдлага үйлдэж 463 140 000 төгрөгийн хохирол учруулсныг хариуцагч Ж.Н-гээс нэхэмжилж 2003-2017 оныг хүртэл тус аймгийн анхан шатны сум дундын нэр бүхий шүүгчид бодлогоор зохиогчийн нэхэмжлэлийг хангаж өгөхгүй байна.
...Хариуцагч Ж.Н- шунахай зорилгоор албан тушаалаа ашиглаж хууль бусаар зохиогчийн бүтээлд халдлага үйлдэж Чадраабал иргэн Баатар нартай хуйвалдсан байхад гэрчээр оролцуулж хэрэг бүдэгрүүлэх мэдүүлэг эсрэгээр нь авсан нь нотолгоогүй зүйлийг зориуд оруулж хэргийн материал болгож толгой эргүүлсэн нь хуулийг гуйвуулж буй үйлдэл биш гэж үү. Хэргийн материалаас эргэж харж энэ хууль бус үйлдэлдээ дүгнэлт хийх нь зүйтэй. Мөн магадлалд тогтоохдоо “Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 02-р шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж 2017 оны 05 дугаар сарын 04-ний 07 тоот магадлалд дурдсан нь магадлал гаргасан шүүгчид бодлогоор зориуд Ж.Н-г хамгаалж бас л анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны 02 тоот шийдвэрийг зөвтгөсөн нь хууль буруу тайлбарлах хэлбэр мөн бөгөөд Ж.Н-н хууль бус үйлдлийг хамгаалсан шудрага бус шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна.
...Ж.Н-н хийсэн хэрэг 2003 оноос эхэлж эдүгээ 2017 оны дунд үед хүрлээ. Энэ хүн бүтээлийг минь ашиглаж дамлан олсон мөнгө энэ хугацаанд хөрвөж хэд дахин өссөн. Тэгэх тусмаа миний бүтээлийн үнэлэмж энэнээс ч илүү гарна. Иймд Ж.Н-гээс 463 140 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч Ж.Н-д холбогдуулан бусдын бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан 453 240 000 төгрөгийн хохирлыг арилгуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч Ж.Н- нь 2000 оноос 2004 оны хугацаанд аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед албан үүргийнхээ хувьд угийн бичгийг айл өрхүүдээр хөтлүүлэх талаар эрхийн акт гаргаж байсан ба хууль бус ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шийдвэр, магадлалдаа тусгажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна.
Хариуцагч Ж.Н- нэхэмжлэгч Н.Т-д гэм хор учруулсан, хууль бус гэм буруутай үйлдэл гаргасан гэх байдал баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Аливаа этгээдэд учирсан гэм хорыг арилгах үүрэг гэм хор, хууль бус үйлдэл, гэм буруу, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо гэх үндсэн дөрвөн нөхцөл бүрдсэн тохиолдолд үүсдэг болно. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн хууль бус үйлдэл, түүний гэм буруу тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгчид учирсан гэх гэм хорын хэмжээ нотлогдоогүй байна.
Зохиогчийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1., 12.2.-т зааснаар зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдлэх бөгөөд бүтээлийг хуулбарлах, нийтлэх, нийтэд түгээх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх, түрээсээр ашиглуулахыг зохиогч зөвшөөрөх, эсхүл хориглох онцгой эрхтэй байна.
Нэхэмжлэгч Н.Т- нь “Өрхөд хөтлөх угийн бичиг” дэвтэр нэртэй бүтээлийн зохиогч болох нь зохиогчийн эрхийн 1615 дугаартай гэрчилгээгээр, уг бүтээлийн үнэлгээ нь 51 460 000 төгрөг болох нь Оюуны өмчийн газраас олгосон 05 тоот батламжаар тус тус тогтоогджээ. Харин нэхэмжлэгчийн дээрх бүтээлийг хариуцагч хууль бусаар ашигласан гэх байдал нэхэмжлэгчийн тайлбараас өөр баримтаар тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн тухайн маргаанд хамааралтай зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 85 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН