Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2020/0108

 

С.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий,  нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, Р.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 833 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор С.Н-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 833 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 48 дугаар зүйлийн 48.2, Захиргааны өрөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн 3 дахь хэсгийн С.Н-од холбогдох хэсгийг болон уг захирамжийн хавсралтын 47-д заасан С.Н болон 48-д заасан Ө.Ц нарт холбогдох хэсэг”-ийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.О давж заалдах гомдолдоо: “...Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох, эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэх заалтын дагуу 212,8м2 талбай бүхий Хан-Уул Дүүргийн 3-р хороо Ажилчны гудамжны 12 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 000576100 дугаартай гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн Ү-2206005402 дугаарт Ө.Ц-ийн өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж буй 212,8м2 газар нь хуулийн дагуу Ө.Ц-ийн өмчлөл, эзэмшилд хамаарах тул С.Н-ын эзэмшил газраас хууль бусаар олгосон гэснийг зөвшөөрөхгүй байна.  Нэхэмжлэгч С.Н нь өөрийн нэр дээр эзэмшиж байсан 3010м2 газар болон 212,8м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө хамтран амьдрагч Р.Энхгэрэлийн нэр дээр 2006 оны 06 сарын 28-нд шилжүүлээд “Б к” ББСБ-аас 40 сая төгрөгийг зээлэхдээ тэдгээрийг барьцаанд нь тавьж үл хөдлөх эд хөрөнгөө “Б к” ББСБ-ын өмчлөлд шилжүүлэн өгсөн байдаг юм.

Дээрх зээлээ төлж чадаагүй тул “Б к” ББСБ нь шүүхэд хандан Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2007.03.09-ний өдрийн 135 дугаартай “Зохигчдын эвлэрлийг батлах тухай” захирамжаар зээлийн мөнгөө тогтоосон хугацаанд төлж чадаагүй тохиолдолд 3010 мкв эзэмшил газар, 212,8м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө төлбөрт тооцон өгөхөөр шийдвэрлэгдсэн. Үүнээс үүдэн нэхэмжлэгч нь Ө.Ц-ийн дүү Ө.Б, түүний найз С.Б нарт хандан “Б к” ББСБ-ын зээлийг төлж газар болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгвөл 3010мкв газраасаа эмнэлгийн барилга барихад зориулж Ө.Б-д 15*20 газрыг, С.Б-д орон сууцны барилга барихад зориулж 15*20 мкв газар тус бүр олгох, тэдний нэр дээр нь нийт  600 мкв газрыг шилжүүлж өгнө гэж тохиролцсон. Уг тохиролцоогоо нотлох үүднээс “Ө.Б, Ө.Б нарт баталгаа гаргах нь” гэх 2007.10.24-ны бичгийг С.Н өөрийнхөө гараар бичиж үйлдэн “45,000,000 төгрөгийн барьцаанаас чөлөөлж байгаа тул Ө.Б-ийн эмнэлгийн барилга болон иргэн Ө.Б-ийн амины орон сууц барих барилгын талбайг өөрийн эзэмшлийн газраас гаргах, эдгээр барилгын инженер техникийн нөхцөл /380-ын цахилгаан, дулаан, бохир/-ийг өөрийн нөхцөлөөр бүрэн хангах болно. Дээрх асуудлыг тухайн нөхцөл бүрээр гэрээгээр тодруулж хийж баталгаажуулж өгөх болно” гэсэн баталгааг өгсөн байдаг. С.Н нь дээрх баталгаа бичгээ нотариатаар гэрчлүүлж, эмнэлэг, орон сууцны зориулалтаар өгнө гэсэн газрынхаа кадастрын зургийг газрын албаны кадастрын албаны мэргэжилтэн С.Б-ээр хийлгэж албаны дарга Ц.С-аар батлуулсан нь 600 мкв газрын гэж тодотгон зурсан кадастрын зургаар нотлогддог. Р.Э-ийн гарын үсэг бүхий 2007.10.15 2/08 дугаартай “Иргэн Ө.Б-д хамтран ажиллах тухай” гэх албан бичигт “Хугацаа нь дуусаж байгаа 45 сая төгрөгийн зээлийн барьцаанд байгаа ХУД-ийн 3 хороо Ажилчны 12 тоотод байрлах объект, газрын бичиг баримтыг Ө.Б-ийн нэр дээр шилжүүлж авах, хамтран ажиллахыг гэрээ хэлэлцээрээр зохицуулан ажиллах санал тавьж байна ” гэж дурдсан байдаг.

Энэхүү 212.8 мкв үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 212.8мкв газар нь 2007.10.25-наас хойш одоог хүртэлх 13 жилийн хугацаанд Ө.Б, Ө.Ц нарын өмчлөлд байсан, одоо ч байгаа билээ. Гэтэл энэ хугацаанд С.Н ямар нэг байдлаар газраа авах, эрх нь зөрчигдсөн гэсэн гомдол, нэхэмжлэл хаана ч гаргаж байгаагүй нь үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг Ө.Ц эзэмших эрхтэйг хүлээн зөвшөөрч ирснийг баталдаг атал шүүх хууль бусаар олгосон байна гэж дүгнэж захирамжийг хүчингүй болгосонтой санаа нийлэхгүй байна.

Газрын албатай С.Н-ын байгуулсан “Газар эзэмших гэрээний 5.1 дэх заалтад “газар эзэмшигчийн нэр дээр байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ өөр этгээдэд шилжвэл тухайн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шинээр газар эзэмших эрхийг тогтооно” гэж зааснаар 212.8 мкв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ Ө.Ц-д шилжсэн тул 212.8 мкв газрыг эзэмших эрх С.Н-ын хувьд дуусгавар болж Ө.Ц-д шинээр газар эзэмших эрх үүссэн гэх үндэстэй. Үүнээс гадна шүүх гэрээний энэхүү заалтыг хууль бус гэж үгүйсгэж няцаагаагүйг дурдахаас аргагүй байна.

...Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг дутуу цуглуулж, хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч С.Н нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн 3 дахь хэсгийн С.Н-од холбогдох хэсгийг болон уг захирамжийн хавсралтын 47-д заасан С.Н болон 48-д заасан Ө.Ц нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болуулахаар маргаж буй үндэслэлээ “...өөрийнх нь эзэмшлийн 1210 м.кв газарт 594 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа, үүнээс 212.8 м.кв талбай бүхий үл эд хөрөнгийг гуравдагч этгээд өмчилж буй үйл баримттай маргахгүй, харин үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг шилжүүлэн эзэмшүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн маргаан бүхий захирамжаар 594 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг бүхэлд нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь хууль бус” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч С.Н нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, 12 тоот хаягт байршилтай 212.8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Р.Э-д бэлэглэсэн, улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн гуравдагч этгээд Ө.Ц өмчлөх эрхтэй болсон, уг үйл баримтын талаар талууд маргаангүй.

Иймд маргааны үйл баримттай холбогдуулах дараах нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай гэж үзнэ. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт нотлох баримтаар авагдсан фото зургуудаас тодорхой харагдах дутуу баригдсан 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө нь нийт хэдэн мкв талбайг эзэлж байгаа болох, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 1210 м.кв газрын аль хэсэгт, байрлаж байгаа болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.

2. Гуравдагч этгээд Ө.Ц-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар нь С.Н-ын эзэмшиж байсан газартай аль хэсгээрээ, ямар хэмжээгээр давхцалтай болох, эсхүл бүхэлдээ давхцалтай эсэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас давхцуулсан байдлаар кадастрын зургуудыг гаргуулж тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Учир нь Нийслэлийн Засаг даргын захирамжаас үзвэл, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газраас гуравдагч этгээдэд 363 мкв газрыг таслаад олгосон мэт ойлгогдож байх боловч хэрэгт авагдсан кадастрын зурагт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 1210 м.кв газраас илүү гарсан байдалтай байх төдийгүй гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрын кадастрын зураг хэрэгт огт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй

3. Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанчлан гуравдагч этгээдийн өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө нь 594 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэгт хамаарч байгаа эсэх, эсхүл уг үл хөдлөх эд хөрөнгө нь бүхэлдээ 212.8 мкв талбайтай эсэх, эсхүл 212.8 мкв үл хөдлөх хөрөнгө нь тусдаа бие даасан объект эсэх нь тодорхойгүй. Хэрэв энэ нь 594 мкв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэгт хамаарч байгаа болох нь тогтоогдвол аль хэсэг нь гуравдагч этгээдийн өмчлөлд хамаарахыг тогтоож, энэ талаарх баримтыг цуглуулах нь зүйтэй.

Иймд дээрх нөхцөл байдлууд тодорхойгүй, анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн байх тул хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн давж заалдах шатны шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 833 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН