Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 221/2023/0087/з |
Дугаар | 001/ХТ2024/0066 |
Огноо | 2024-06-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2024/0066
Ш.Х-ын гомдолтой, Монголын
Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн
хариуцлагын хороонд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 221/ШШ2024/0007 дугаар магадлалтай хэргийг,
Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Д, Д.Б-Э, гуравдагч этгээд Н.Т нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
1.Гомдол гаргагч Ш.Х-аас Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Өмгөөлөгч Ш.Х-т холбогдох маргааны тухай” МТ/18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.
2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хэлэлцэж “... Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны маргааны материалд авагдсан баримтуудаас үзэхэд Ш.Х нь гуравдагч этгээд Н.Т-т “хэргийг түргэн, шуурхай шийдвэрлүүлж өгнө гэж амлалт өгч, итгэл үнэмшил төрүүлсэн” гэж үзэхээр байх бөгөөд энэ талаарх Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны “өмгөөллийн хөлсийг харилцан тохиролцсон боловч 4 дахин их хөлс төлж байгаа нь танил талаа ашиглаж түргэн шуурхай шийдэж өгнө гэсэн амлалт өгсөн учраас илүү хөлс төлсөн гэж үзэж болохоор байна” гэх дүгнэлт үндэслэлтэй. 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хянан шалгагч Б.Б зөрчлийн дүгнэлт үйлдэж, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр танилцуулж хүргүүлсэн байх тул Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хууль бус гэж үзэж, түүний улмаас гомдол гаргагчийн тайлбар, баримтаа гаргах эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Гомдол гаргагчийн гомдолд “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолд Өмгөөллийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасныг зөрчсөн, тухайн зөрчил нь гомдол гаргагчийн гомдолд дурдагдаагүй, уг хэрэг маргаантай хамааралгүй” гэсэн боловч энэ нь уг зөрчлийг үгүйсгэх, маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Ш.Х-ыг Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн ёс зүйн зөрчилд “сануулах” хариуцлага ногдуулсан нь Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д заасанд нийцсэн ...” гэх зэргээр дүгнэн маргаан бүхий Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн МТ/18 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Ш.Х-ын Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Өмгөөлөгч Ш.Х-т холбогдох маргааны тухай” МТ/18 дугаар тогтоолыг” хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хангахгүй орхиж” шийдвэрлэсэн байна.
3.Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
“... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
3.1.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос Ш.Х-т сануулах арга хэмжээ авсан тогтоолын гол үндэслэл нь 60,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан нь зах зээлийн ханшнаас 4 дахин илүү үнэ тогтоосон учир хэргийг түргэн, шуурхай шийдвэрлүүлж өгнө гэж амлалт өгсөн байж болзошгүй гэх хийсвэр дүгнэлтийг хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 60,000,000 төгрөгийн дүнг 4 дахин их гэдгийг хэрхэн, юуг үндэслэж гаргаж ирсэн нь тодорхойгүй, бүрхэг, ойлгомжгүй. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос дүгнэлт хийхдээ “Өмгөөллийн Э э И к” ХХК нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд дурдсан ажлуудыг хангалттай хийж гүйцэтгэсэн гэх дүгнэлтийг хийсэн атал 60,000,000 төгрөгийн ажлын хөлсийг зах зээлийн ханшаас хэт өндөр тогтоосон гэж үзсэн нь авцалдаагүй.
3.2.Гэрээний үнийн дүнгийн хувьд Н.Т-тай гэрээгээр тохиролцсон ажлуудаас гадна татварын, мэргэжлийн хяналтын газрын, зөрчлийн гээд олон хэрэг маргаан дээр өмгөөлөл, хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон тул хэргийн ээдрээ төвөгтэй байдал, цар хүрээг харгалзан талууд зөвшилцөөд гэрээний хөлсийг 60,000,000 төгрөгөөр тогтоосон. Энэ нь Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасантай нийцсэн. Гэтэл ийнхүү гэрээний хөлсийг 60,000,000 төгрөгөөр тогтоосныг хэргийг түргэн, шуурхай шийдвэрлүүлж өгнө гэж амлалт өгсөн байж болзошгүй мэтээр дүгнэлт хийсэн нь огт үндэслэлгүй. Түүнчлэн, Н.Т-аас өмгөөлөгч Ш.Х-т олгосон итгэмжлэл нь 2 жилийн хугацаатай байгаагаас үзэхэд маргааныг түргэн, шуурхай шийдэж өгнө гэсэн амлалт өгөөгүй нь илэрхий харагдаж байхад шүүх энэ нөхцөл байдалд огт дүгнэлт өгөөгүйд гомдолтой.
3.3.Мөн ... хорооноос гуравдагч этгээдийн гаргасан гомдолд дурдагдсан зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд Ш.Х-ын гаргасан гэж үзэж буй зөрчил болгоныг тодорхой тогтоон зөрчлийг хэзээ, хэрхэн үйлдсэн болохыг шалган тухайн өмгөөлөгч үнэхээр зөрчил гаргасан эсэхийг бүрэн тогтоох үүрэгтэй. Үүнээс гадна гомдолд дурдагдсан асуудлын хүрээнд бүхий л нотлох баримтыг цуглуулан, эх сурвалжийг магадлан шалгаад маргааныг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхэд дүгнэлт өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч Ш.Х-ын гаргасан хэзээний ямар үйлдэл тус бүр нь Өмгөөллийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг хэрхэн, яаж зөрчсөнийг эргэлзээгүй нотолж чадалгүйгээр зөвхөн гомдол гаргагчийн гомдолд бичигдсэн зүйлүүдийг туйлын үнэн мэтээр үзэн Ш.Х-ыг Өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй ба уг дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.
3.4.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журмын 89 дүгээр зүйлийн 89.3.3-т “хариуцагчийг буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг маргаанд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн хянан шалгагч, хариуцагчийн саналын үндэслэл болгосон баримтын талаар дүгнэлт хийж тусгах”-аар зааснаас гадна, журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “хянан шалгагч, бүрэлдэхүүн нь тухайн маргаанд хамааралтай, хууль болон энэ журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг маргааныг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж тус тус заасан байхад Ш.Х-ыг зөрчил үйлдсэн гэж үзэхдээ холбогдох нотлох баримтыг хангалттай шалган тогтоолгүйгээр миний үйлчлүүлэгчийг зөрчил гаргасан буруутай мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
3.5.Давж заалдах шатны шүүхээс “А.Б-ийн тайлбар, зөрчлийн дүгнэлт зэргээс үзэхэд гомдол гаргагч Ш.Х нь гуравдагч этгээд Н.Т-т ... хэргийг түргэн, шуурхай шийдвэрлүүлж өгнө гэж амлалт өгч, итгэл үнэмшил төрүүлсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн. Гэвч А.Б нь гуравдагч этгээд Н.Т-ын гэр бүлийн хүн тул түүнд ашигтай мэдүүлэг өгсөн гэж үзэж болохоор байна. Хянан шалгагчийн зүгээс маргааныг тал бүрээс нь шалгахын тулд хэрэгт ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, Н.Т болон өмгөөлөгч Ш.Х нарыг анх холбон танилцуулж, уулзалтад хамт байсан н.Ө гэх хүнээс мэдүүлэг авах нь маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо болон давж заалдах шатны шүүхээс Ш.Х нь Өмгөөллийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасныг зөрчсөн гэж үзсэн.
3.6.Н.Т нь гомдолдоо дээрх агуулгыг дурдаагүй байхад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос гомдлын хүрээнээс хальсан дүгнэлт хийснээс гадна хуулийн этгээдийг өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй гэх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй ба энэ нь гуравдагч этгээд болох Н.Т-ын эрх ашгийг зөрчсөн зүйлгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа хүчин төгөлдөр болоогүй, уг маргаан бүхий Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг үндэслэн шийдсэн тул дээд шатны шүүхэд гомдлоо гаргасан. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос маргаанд ач холбогдолтой баримтыг цуглуулж, тал бүрээс нь нягтлан магадлалгүй буюу Ш.Х-ын удаа дараа бичгээр гарган өгсөн тайлбар, баримтуудыг үнэлэлгүй, хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
4.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, маргааныг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
5.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны МТ/18 дугаар тогтоолд “... өмгөөлөгч Ш.Х нь хийж гүйцэтгэсэн ажлуудыг нотолсон баримтуудыг ирүүлсэн байна. Гомдол гаргагч эдгээр хийсэн ажил дээр маргааныг хэлэлцэх явцад үгүйсгэсэн тайлбар, няцаалт хийгээгүй. Гомдол гаргагч тайлбарлахдаа хийж гүйцэтгэсэн ажилдаа тохирсон хөлс болох 5 сая төгрөгөө аваад үлдсэн мөнгийг буцааж авах талаар хэлсэн тухай хэлэлцүүлгийн явцад тайлбарласан. Иймд маргааны материалд авагдсан баримтуудаас үзвэл гэрээний дагуу ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэсэн байна гэж дүгнэж болохоор байна ...” гэсэн атлаа “... гомдол гаргагч нь шүүх, прокурорт танил талаа ашиглаж богино хугацаанд шийдэж өгнө гэсэн ойлголтыг надад төрүүлсэн учраас өмнөх өмгөөлөгчид төлсөн мөнгөнөөс 4 дахин илүү мөнгө төлсөн гэж гомдол, тайлбартаа дурддаг. Үүнээс дүгнэж үзвэл хэдийгээр өмгөөллийн хөлсийг харилцан тохиролцсон боловч 4 дахин их хөлс төлж байгаа нь танил талаа ашиглаж түргэн шуурхай шийдэж өгнө гэсэн амлалт өгсөн учраас илүү хөлс төлсөн гэж дүгнэж болохоор байна ...” хэмээн зөвхөн нэг талын тайлбарт үндэслэн субьектив дүгнэлтээр өмгөөлөгчийг буруутгаж, зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь хангалтгүй. Зүй нь талуудын хооронд байгуулагдсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хийгдэх байсан ажлын цар хүрээ, үнэ цэн, зарцуулах цаг хугацаа зэргийг бодит байдалд үнэлж дүгнэсний үндсэн дээр тухайн тохирсон хөлс нь гомдол гаргагчийн тайлбарлаж байгаачлан “ердийн үнээс 4 дахин их” эсэх, мөн тухайн хөлсийг “хууль бус амлалт”-тай холбоотойгоор тохирсон эсэхийг өөр боломжит арга замаар нотлох шаардлагатай.
6.Иймд “... Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журмын 89 дүгээр зүйлийн 89.3.3-т “хариуцагчийг буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг маргаанд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн хянан шалгагч, хариуцагчийн саналын үндэслэл болгосон баримтын талаар дүгнэлт хийж тусгах”-аар зааснаас гадна, журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “хянан шалгагч, бүрэлдэхүүн нь тухайн маргаанд хамааралтай, хууль болон энэ журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг маргааныг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж тус тус заасан байхад Ш.Х-ыг зөрчил үйлдсэн гэж үзэхдээ холбогдох нотлох баримтыг хангалттай шалган тогтоолгүйгээр зөрчил гаргасан буруутай мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй ...” гэсэн гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
7.Түүнчлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын Тогтоох хэсэгт өмгөөлөгч Ш.Х-ыг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “хууль дээдлэх, шударга ёсыг сахих”, 4.1.5 “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах”, 14 дүгээр зүйлийн 14.1.2 “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах”, 15 дугаар зүйлийн 15.1.10 “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд, эсхүл хэрэг, маргааны оролцогчийг ашиглан өөрийн хууль зүйн мэргэжлийн туслалцааг бусдад тулгах, үйлчлүүлэгч олж өгсний төлөө бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах” гэснийг зөрчсөн хэмээн буруутгасан атлаа Үндэслэх хэсэгт нэр бүхий өмгөөлөгч нь эдгээр хуулийн заалтыг хэрхэн яаж зөрчсөн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй нь дээрх хууль, журамд нийцээгүй гэж үзнэ.
8.Мөн Өмгөөллийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасныг зөрчсөн гэх дүгнэлт нь Н.Т-ын гаргасан гомдлын дагуу үүссэн маргаантай хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй, хэрэв Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо тухайн зөрчлийн талаар дүгнэж, хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж үзэж байгаа бол үүнийгээ тайлбарласан үндэслэл, дүгнэлт хангалтгүй байна.
9.Ийнхүү дээр дурдсанаар маргааны үйл баримт буюу өмгөөлөгчийг буруутгаж байгаа зөрчил бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх “... маргааны материалд авагдсан баримтуудаас үзэхэд Ш.Х нь гуравдагч этгээд Н.Т-т “хэргийг түргэн, шуурхай шийдвэрлүүлж өгнө гэж амлалт өгч, итгэл үнэмшил төрүүлсэн” гэж үзэхээр байх бөгөөд энэ талаарх Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны “өмгөөллийн хөлсийг харилцан тохиролцсон боловч 4 дахин их хөлс төлж байгаа нь танил талаа ашиглаж түргэн шуурхай шийдэж өгнө гэсэн амлалт өгсөн учраас илүү хөлс төлсөн гэж үзэж болохоор байна” гэх дүгнэлт үндэслэлтэй ... Гомдол гаргагчийн гомдолд “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолд Өмгөөллийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасныг зөрчсөн, тухайн зөрчил нь гомдол гаргагчийн гомдолд дурдагдаагүй, уг хэрэг маргаантай хамааралгүй” гэсэн боловч энэ нь уг зөрчлийг үгүйсгэх, маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Ш.Х-ыг Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн ёс зүйн зөрчилд “сануулах” хариуцлага ногдуулсан нь Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д заасанд нийцсэн ...” гэж дүгнэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хэвээр үлдээсэн нь буруу байна.
10.Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн тогтоол, магадлалыг хүчингүй болгож, зөрчлийг шалган тогтоох эрх бүхий Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Өмгөөлөгч Ш.Х-т холбогдох маргааны тухай” МТ/18 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 221/ШШ2024/0007 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, маргааныг дахин хэлэлцүүлэхээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Х.БАТСҮРЭН
Г.БАНЗРАГЧ